Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   01 сарын 06, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - СГЗ, шог зураач С.Цогтбаяр

"Би хэрхэн ажилладаг вэ?" булангийнхаа шинэ оны эхний дугаарт бид шог зураач, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, "Монгол тулгатны 100 эрхэм"-ийн нэг С.Цогтбаяр гуайг урин оролцууллаа. Сошиал медиад ойр байж, цаг үеийнхээ хандлагыг гярхай ажигладаг тэрбээр манай сайтыг хэдийнэ олоод үзчихсэн "Танайхаар зочлох дуртай" гэсээр биднийг угтсан юм. С.Цогтбаяр ах оны өмнөхөн найзуудынхаа хамтаар санаачилсан "Арт аялал" төслийнхөө шугамаар Япон улсыг зорьж, олз омог ихтэй буцан иржээ.

Байршил: Улаанбаатар, Монгол
Таны ажиллах арга барилыг ганц хоёр үгээр тодорхойлбол: Бүтээлч, чөлөөт
Хэрэглэдэг гар утас: iPhone 4S (хэмжээ жижиг, барихад амар учир утсаар ярихад ашигладаг), Samsung Note 4 (зураг авах, сошиал аккаунтуудаа удирдахад хэрэглэдэг)
Хэрэглэдэг компьютер: Dell (хоёр дэлгэц зэрэгцүүлэн тавьдаг)
Сошиал хаягууд: Samandar Tsogtbayar (Твиттер), Samandariin Tsogtbayar (Фэйсбүүк)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Элдэв зүйлсэд баригдахгүй өөрийн дуртай юмаа тааваараа жаргаж хийх. Хүмүүс хүсэхгүй байгаа юмаа ял болгож хийдэг тохиолдол олон. Ажлынхаа цаг руу хяламхийж хараад л, хийж байгаа юмандаа зовоод л, ядарч суухыг гаднаас нь харахад их хэцүү байдаг. Ялангуяа уран бүтээлч хүмүүст энэ их хамаатай. Тиймдээ ч би өнөөдрөөрөө амьдарч, өнөөдрөөрөө ажиллах дуртай. Мөрөөдлөөрөө биш, дурсамжаараа биш. Харьцангуй бодитой зарчим гэж боддог шүү. Чаддаг зүйлээ олж, түүнийгээ хийж байгаа нь ч үүнд нөлөөлж байгаа байх.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Сүүлийн үед фэйсбүүк, твиттерийг ихэд идэвхтэй ашиглаж байна. "Хөгшин азарга жороо сурна" гэдэг шиг залуустай хөл нийлүүлж, цаг үеэ мэдэрч, цаг үедээ амьдарч байж л би сайн уран бүтээл туурвина. Түүнд минь сошиал ертөнц их тус болж байна. Зүгээр л цаг нөхцөөх гэж биш, хэрэгтэй зүйлсдээ буюу уран бүтээлээ хүмүүст хүргэх, санаа сэдэл авах гэж, гэрэлтэй эерэг мэдээ түгээх гэж ашиглаж байна гэж ойлгодог.

Шог зурагт бол нэмэлт програмууд нэг их хэрэг болдоггүй. Гэхдээ Photoshop, Corel зэрэг зургийн програмуудыг түгээмэл ашиглана. Одоогийн залуустай харьцуулахад энэ тал дээр "хоцрогдсон" гэдгээ нуухгүй ч цөөн ч гэсэн ашиглаж буй хэрэгслүүдээ төгс хэрэглэж сурахыг эрмэлзэж байгаа. Pinterest-ээс эхлээд сонирхож буй апп-ууд мэр сэр бий.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Ажлаа төлөвлөх. Олон ажил амжуулж, үр дүнтэй ажиллахад цаг хуваарилалт их чухал. Гэвч би одоог хүртэл 7 хоногоос цаадахыг төлөвлөж чадахгүй л байна. Монголчууд бид нүүдэлчин хүмүүс учир анхнаасаа төлөвлөгөөнд дадаагүй нь нөлөөлж байгаа байх. Социализмын үед хүмүүжсэн бидэнд бол ийм дадал бүр ч бага.

Нүүдэлчин араншин, эрх чөлөөт байдал руу тэмүүлэх бидний оршихуй өөрөө бүх юмыг зохицуулж, нарийн төлөвлөх тэр байдалтай зөрчилдөөд байх шиг санагддаг юм. Гадны оронд олон жил амьдарч, тэндхийн соёлдоо уусчихсан олон монгол залуустай таарч байлаа. Яг монгол шинжээ алдчихсан, гэхдээ түүндээ бас түүртэж, хэцүү байгаа нь мэдрэгдээд байдаг. Тийм ч учраас шууд гадны жишгийг махчилж хуулах биш, монгол хүнд тохирсон зөв, шинэ амьдралын хэв маягийг гаргаж ирэх ёстой гэж боддог.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Анхнаасаа сурснаараа бол ихэнх тэмдэглэлээ цаасан дээр (мемо) хөтөлдөг. Сүүлийн үед ухаалаг утсынхаа шидийг гаргаж, календарь дээр хөтөлж сурах гэж үзэж байгаа шүү. Товлосон уулзалт, ажлыг сэрүүлэг дуугаргах гэх мэтээр сануулдаг нь их зүгээр санагдаад байгаа.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Өөрийн чаддаг юмсаа хийхдээ л гаргууд. Бүтээлч, өвөрмөц, сонин шийдэлтэй зүйлсийг олохдоо сайн. Ажлын онцлогоос хамаарч хүний хараагүй, анзаараагүй өнцгийг олж, түүнийгээ харуулж чаддаг. Хэрвээ шог зураачаас өөр ажил хийсэн бол маркетингийн чиглэлээр ажиллах байсан байх. Тиймдээ ч энэ сонирхлынхоо дагуу хэсэг нөхдийн хамт Creative Club гэж байгуулаад хааяа уулзаж, ярилцдаг юм.

Сүүлийн үед анзаараад байхад залуу уран бүтээлч, хүмүүст зөвлөгөө өгөх, чиглүүлэх ажлыг овоо хийгээд байх шиг байна. Шавь нараа, залуу сайн уран бүтээлчдийг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд нь хүргэхийн тулд сайн тордох хэрэгтэй. Залуустайгаа хэд хэдэн төсөл санаачлаад ажиллаж байна. Үүний нэг нь "Арт инкубатор" нэртэй төсөл. Урлагийн сод авьяастнуудыг илрүүлж, тэднийг санхүүгээр дэмжиж, хөлөө олон, жинхэнэ уран бүтээл туурвихад нь туслах сан бий болгох зорилготой байгаа. Үнэндээ гайхалтай авьяастай, олон мундаг залуус гарч ирж байгаа ч зах зээлдээ нэвтэрч чадалгүй наана нь унаж, хөл алдчих гээд байна. Халтуурны уран бүтээлч, хөлсний зураачид л болчих гээд байна гэсэн үг. Тэднийг ивээн тэтгэж, дэмжиж хамтрах боломжтой албан байгууллагуудыг нэгтгэх санаа юм л даа. Спорт дээр энэ жишиг их сайн тогтсон. Харин урлагт бол зах зээл харьцангуй жижиг учир дэмжлэггүй бол авьяас нь унтарчих гээд их эмзэг байна. Үүнд л бага ч гэсэн хувь нэмэр оруулах санаатай.

Хийж буй ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Шог зураг өөрөө их ховор, хэцүүд тооцогддог, өвөрмөц онцлогтой төрөл. Амьдралд өрнөж буй, нийгэмд тохиож буй олон үйл явдлыг хүний олж хардаггүй, өвөрмөц өнцгөөс нь харж, түүнийгээ зургаараа дамжуулан илүү хурдан, бас илүү гүн ойлгуулах чадвартай дүрслэх урлагийн болон сэтгүүл зүйн төрөл. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж олон нийтэд хүрдэг учир сэтгүүл зүйн төрөл гэж хэлж байна л даа.

Хэцүү бэрхшээлтэй зүйл нь бусад уран бүтээлчдийн адилаар шинэ санаа, шинэ өнцөг олох явдал. Онгод гэж ярьдаг даа, түүнийгээ зөв үед нь шүүрч олж авна гэдэг тийм амар биш. Эерэг сайн тал гэвэл ажлынхаа ачаар би цаг үетэйгээ үргэлж хөл нийлүүлэн алхаж чадаж байна. Өнөөдөр юу хит болж байна, залуус юу сонирхож, ярьж хэлэлцэж байна гэдгийг мэдэрч, тэдгээрийг ашиглан уран бүтээлээ хүмүүст илүү ойр хүргэх боломжтой. Тиймдээ ч хүмүүстэй холбогдох гүүр гэдэг утгаар нь сошиал аккаунтууддаа их ач холбогдол өгч, надад их үнэ цэнтэй зүйл гэж нандигнадаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Ер нь улс төрийн шог зургийн төрөл дээр илүү төвлөрөн ажиллаж байгаа. 2011 онд Соёлын Гавъяат Зүтгэлтэн цол авах үедээ нэг уран бүтээлийн эмхэтгэл гаргасан. Ойрын хугацаанд шинэ, хуучин бүтээлүүдээ нэгтгэсэн эмхэтгэл гаргах санаатай. Гэвч ажил амжихгүй л байна.

Хэсэг нөхдийн хамт үе үе "Арт аялал"-д явдаг болоод овоо уджээ. Гол зорилго нь бол дэлхий даяар тархсан Монголтой холбоотой урлаг, соёлын биет болон биет бус баялгуудыг эрж олох, нэг ёсондоо "урлагийн тагнуул" хийх юм л даа. Одоогоор Орос, Хятад, Японоор нэлээн явж, урьд өмнө олон нийтийн үзэж харж байгаагүй олон гэрэл зураг, баримтуудыг цуглуулж, олж авчирч чадсан. Ганц жишээ гэхэд Сайн ноён хаан Намнансүрэнгийн Ерөнхий сайд байхдаа Орост хийж байсан айлчлалын бичлэг, гэрэл зургуудыг оллоо. 100 жилийн өмнөх айлчлал гэсэн үг шүү дээ. Улаан талбайгаар алхаж, хүмүүстэй уулзаж, ажил хэргээ явуулж байгаа энэ зургуудыг урьд өмнө бид үзэж байгаагүй.

Оны өмнөхөн энэ төслийн хүрээнд, манай С.Чулуун "Мон Судар" компанитай хамтраад "Монголчууд" номынхоо шинэ хувилбарыг гаргалаа. 1800 оны сүүл үеийн монголчуудын аж амьдрал, ахуй байдлыг харуулсан маш олон шинэ зураг тэнд орсон. Магадгүй өвөг дээдсийн минь анхны гэрэл зургууд ч байж мэднэ. Маш олон зургаас түүвэрлэж л оруулсан, цаашдаа цувралаар гарна. Энэ бүхнийг ердөө 3 нөхөр л сонирхлоороо цуглуулж авчирч байна. Төр засгаас бодлогоор дэмжээд, хамтран ажиллаасай гэж бас боддог л юм. Дор хаяж л Монголын тухай хэвлэгдсэн бүх номнуудыг цуглуулах юм сан, орчуулах юм сан гэж боддог. Тэр үеийн амьдралыг, тэр үеийн нийгмийг бодитоор нь төсөөлөх боломж шүү дээ.

Мөн би "Mongolian Observer" гэж сэтгүүлийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Монголтой холбоотой гэрэл гэгээтэй мэдээллийг англи хэл дээр нийтэлдэг сэтгүүл байгаа юм. Биднийг сонирхсон гадныханд шууд эх сурвалж болох юм. Удахгүй электрон хувилбараа гаргахаар ажиллаж байгаа.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

Би өөрөө хөгжимд их сонирхолтой, нэлээн сайн цуглуулгатай. Зарим найзууд маань монголын хамгийн том цуглуулга гэж магтдаг л юм. Бүр пянзнаас эхлээд л цуглуулсан, одоо бол хэдэн мянган пянз, хэдэн мянган CD-тэй. Хөгжмөөс сайн сайхан зүйлийг нь олж сонсож чадвал заавал төрөл харгалзаж, туйлшрах шаардлагагүй гэж боддог. Миний хувьд 60, 70-аад оны рок хөгжимд илүү дуртай. Ойрын үед нас дагаад ч юм уу сонгодог хөгжим сонсох болсон. Нэг сонин юм гэвэл, юм бодон санаан дээр ажиллаж байх үедээ дуу сонсож болдоггүй, үг нь саад болоод байдаг юм. Тийм учир зөвхөн ая л сонсдог. Харин санаагаа гаргачихаад гүйцэтгэлээ хийж байхад бол дуу сонсож болдог.

Манай үеийнхний хувьд 90-ээд оноос өмнөх зөвхөн хөгжмийн ч гэлтгүй маш том нэг үеийг алгасчихсан учир түүнийгээ нөхөж сонсох гэж, эгээтэй л археологич, палентологич шиг ажиллаж байна. Хүн төрөлхтний аль хэдийнэ бүтээчихсэн тэр үнэт зүйлс, баялгийг аль болох сайн мэдэрч, мэдэж, хамгийн чухал нь БҮТЭН болох гэж хичээж байна. Бүтэн болж байж урагшаа итгэл дүүрэн, бусадтай хөл нийлүүлэн алхах боломжтой болно. Тийм ч учраас одоо 30, 40-оод оны хит дуунуудыг сонсоод сууж байх жишээтэй.

Та нарыг дуртай дуунуудаасаа хэдийг нэрлээч гээд "шалаад" байгаа болохоор Лэд Зеппелинийн "Stairway to Heaven", The Doors-ийн "Riders on the Storm", Pink Floyd-ийн "Shine On You Crazy Diamond", Dire Straits.-ийн "Money for Nothing", Electric Light Orchestra (ELO)-ийн "Ticket to the Moon" зэргийг онцолъё.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Манай гэрт орж ирсэн ямар ч мэргэжлийн, ямар ч төрлийн хүн өөрийн хайсан, дуртай номоо олоод унших боломжтой гэж би боддог юм. Тийм л арвин цуглуулгатай. Манай үеийнхний хамгийн том хобби нь ном байлаа. Бүгд номын санд сууж, ном уншиж, хэлэлцдэг байсан. Түүнийхээ ачаар олон талын мэдлэг олж авч, хэнтэй ч ямар ч сэдвээр тодорхой хэмжээнд ярилцах боломжтой болсон байх гэж боддог.

Хамгийн сүүлд уншсан ном гэвэл, ЭМОС клубийн залуусын эрхлэн гаргасан "Ном унших ном"-ыг онцолмоор байна. Энэ номон дээр би хамтарч ажилласан юм. Ерөөсөө л номыг яаж унших вэ гэсэн гарын авлага. Эртхэн уншсан бол маш их цаг хэмнэж, маш их зүйлийг хожих байж дээ л гэж бодогдсон. Одоогийн залууст бол хүссэн номоо хялбархан олж аваад, унших асар өргөн боломж байна. Гэхдээ тэр их мэдээлэл дундаас өөрт хэрэгтэйг олж авахын тулд өөрсдөө сайн боловсрох хэрэгтэй байх.

Энэ номоос гадна дөнгөж саяхан Непкогоос эрхлэн гаргасан Бямбын Ринчен гуайн утга зохиолын 10 боть номыг залуустаа санал болгоё.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Нээлттэй хүн. Бусад зураачидтайгаа харьцуулахад бол би нээлттэй хүн. Зураач нарын хувьд урландаа ганцаараа ажилласаар байгаад өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй болчихсон байх нь олон. Би нэгэн цагт "Хийморь", "Интерпресс" хэвлэлийн газруудыг удирдан ажиллаж, бизнесийн орчинд ороод үзчихсэн учир өөрийгөө дүрслэх урлагийн сургуульд заагаагүй мэдлэгийг амьдрал дээрээс олж авсан азтай хүн гэж боддог. Тэр үед, хамт олноосоо олж авсан бизнесийн ухаан, маркетингийн ойлголтууд, хэлний чадвар, техникийн мэдлэгүүд надад их хэрэг болдог. Үүндээ их талархаж явдаг даа.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Уран бүтээлч хүмүүс шөнөөр голдуу суудаг учир нойр солигдох нь их байдаг. Ажлын цагаар хүмүүстэй уулзаж, бужигнасаар байгаад таардаг. Харин орой шөнө гэрийнхнийгээ унтсан хойно хөгжмөө тавиад суух дуртай. Шөнө бол яаж ч байсан 2 цаг хүртэл сууна. Нойргүй хонох тохиолдол ч их. Эрүүл бус хэвшил л дээ. Дээрээ даргагүй, дэргэдээ цэрэггүй болохоор өглөө тааваараа унтчих гээд байдаг. Хэнээс ч айхгүй, хэнд ч баригдалгүй өнөөдрөөрөө амьдарч, өөрийнхөөрөө бүтээлээ туурвиж байгаа минь надад кайф өгдөг.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Уран бүтээлч хүмүүсийн хувьд зүгээр л юм бодон сууж байгаа нь хүртэл ажлаа хийж байгаа гэсэн үг гэж ойлгож болно. Харьцангуй цаг наргүй ажиллаж байна гэсэн үг л дээ. Тийм учир ажиллаагүй үеийг маань олоход хэцүү. Олох хэрэгтэй гэвэл хаана ч, юу ч хийж явж мэднэ.

Залуу байхдаа сагс тоглодог байлаа. Холимог оддын тоглолтонд хүртэл оролцож явсан удаа бий. Сүүлийн үед харин фитнесст явах санаатай. Найзуудаасаа уруу татах гээд л үзээд байна.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Юм хийж бүтээж байгаа залуус, тэдний бүтээлээс эрч хүч авдаг. Нэг сайхан үзэсгэлэн гарахад л, нэг сайхан цомог сонсоод л урам зориг авч чаддаг. Тэр бүхнээс таашаал авдаг дадлыг бий болгох нь их чухал юм шиг санагддаг. Жижигхэн ч гэсэн энэ мэдрэмжийг өөртөө байнга оршоож чадвал тэрийг аз жаргал гэж ойлгодог. Сайн ном уншаад, сайхан дуу сонсоод баярлан догдолж, хөөрч чадаж байвал учиртай гэж боддог. Тэгвэл амьдрал илүү амттай байна. Бөөн баялаг, бөөн эд хөрөнгөтэй мөртлөө ханаж цадахаа мэдэхгүй, сэтгэл ханамж, таашаалаа гээсэн хүмүүсийн хажууд өөрийгөө их аз жаргалтайд тооцдог шүү.

Би лав хайж байсан ном, пянзаа олж харахаар нүүр улайгаад л, хамаг бие халуун оргиод, зүрх түг түг цохилоод догдлоод эхэлдэг юм. Ном авахдаа хүртэл үнийг нь харж зовоод л, хальт уншиж догдлоод л, бөөн юм болно шүү дээ. Энэ мэт таашаалаас урам зориг, эрч хүч олж авдаг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Яг 90 он гараад бид дөнгөж чөлөөт нийгэмд шилжиж байх үед би "Тоншуул" сэтгүүлдээ ажиллаж байсан юм. Энэ үед "Зөвхөн албан хэрэгцээнд" гэсэн нэртэй, Дэйл Карнегийн харилцааны урлагийн тухай нэгэн номыг олж авсан минь надад их нөлөөлсөн. Байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байж сурах ухааныг би тэр номноос л анх сурсан. Хүмүүстэй хэрхэн харилцах, тэр харилцаа хэрхэн бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдгийг тэндээс л мэдсэн. Тэр бүгдийгээ туршаад, үр дүнд нь баясаад, хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ч тэр үед ойлгосон. Надад хувь хүн талаас минь их нөлөөлсөн зөвлөгөөнүүд юм даа.

Энэ буланд дараа дараагийн удаа хэнийг зочноор оруулж, ажлын арга барилтай нь танилцмаар байна?

"Арт аялал"-ыг хамтран санаачилж, хамтран зүтгэж яваа найзуудаа санал болгоё. Монголын №1 гэрэл зурагчин гэж үнэлэгддэг, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Гамма агентлагийн захирал С.Цацралт, Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун нар их сонирхолтой зүйлсийг ярих байх.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

58419   22


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.