Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   01 сарын 04, 2016

Онцлох бизнес: Бамбарууш кафе - Гэр бүлээрээ тухлан саат

Нийслэл хот маань Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнтэй болоод удаагүй. Улаанбаатарчуудын амарч зугаалах, салхилах дуртай энэ газар жилээс жилд өнгө нэмж, шинэ тохижилтууд хийгдсээр буй. Тэгвэл Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн "үүдэнд" буюу захиргааных нь байрны нэг давхарт "Бамбарууш кафе" нээгдээд нэг жилийн нүүр үзэж байна. Гэр бүлээрээ амарч зугаалангаа дулаахан газар тавтай гэгч нь хооллох, цайлах боломжийг олгож буй энэ кафег бид шинэ оны анхны "онцлох бизнес"-ээрээ сонголоо.

Бизнесийн нэр: Бамбарууш кафе
Хаяг: Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, авто зогсоолын баруун талд
Үйл ажиллагааны чиглэл: Гэр бүлийн ресторан
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2014 оны 12-р сар
Үүсгэн байгуулагч: Х.Одбаяр, Д.Наранмандах нарын гэр бүл
Фэйсбүүк хуудас: Bambaruush Cafe
Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-20:00 (өвлийн хуваарь)

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Манайх гурван хүүхэдтэй айл. Хүүхдүүдтэйгээ зугаалчихаад гадуур хооллоё гэхээр бага насны хүүхдэд тохирохоор хоолтой газар олдохгүй, нэг газар ороод суухад эргэн тойронд хүмүүс архидаж согтуурхаад сууж байх нь их онцгүй байдаг байсан. Эцэг эхчүүд маань энэ зовлонг мэднэ дээ. Хотоор дүүрэн ресторан байвч хүүхдэд зориулагдсан газар тун цөөхөн. Биднийг жаахан байхад хаалгаар нь ороход л гоё үнэр үнэртдэг “Бамбарууш кафе” гээд хүүхэд болгон аав ээжтэйгээ хамт үйлчлүүлдэг кафе байдаг байж билээ. Хожим зах зээлд шилжээд байрыг нь хувьчилж уушийн газар болсонд нь хүмүүс их л харамсаж ярьдаг юм. Бид ярилцаад хуучны “Бамбарууш кафе”-ны үйл ажиллагааг сэргээхийг зорьж ресторандаа алкахолоор үйлчлэхгүй байхаар шийдэж, дээр үеийн “Бамбарууш кафе”-д байсан каш, үзэмтэй брэсс, бантан, зутан, сүүтэй будаа, цөцгийтэй будаа зэрэг хүүхдийн хоол гаргадаг болсон.

Эхнэр маань хүнсний технологич мэргэжилтэй, янз бүрийн амттай хоол хийх дуртай, өөрийн гэсэн ресторантай болохыг үргэлж мөрөөддөг байсан. Жижигхэн ч гэлээ энэ газар маань мөрөөдлийнх нь биелэл юм.

Ингэж л бид буфет болон монгол, европ хоолтой гэр бүлийн зоогийн газар болох орчин үеийн “Бамбарууш кафе”–г нээсэн юм.

Үүсгэн байгуулагч: Х.Одбаяр

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Бусад залуу бизнес эрхлэгчдийн жишгээр банкны зээлээр санхүүжиж, хоосон байр түрээслэн бүх тохижилт, тоноглолоо өөрсдөө хийсэн дээ.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

Хүүхдийн энергитэй газар. Манайх Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд байрладаг тул зам зуурын хүмүүсээс илүү гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ зорьж ирэх нь олон байдаг. Хүүхдийн бантан, каш, зутан, үзэмтэй брэсс, сүүтэй будаа гэх мэт хоолоор үйлчилдэг газар манайхаас өөр байхгүй болов уу. Үнийн хувьд ч боломжийн. Эдгээр хоол ердөө 2900 төгрөгийн үнэтэй. Нэг настай ч бай, таван настай ч бай хүүхдэд идэх амттай хоолтой, нялх биетэй, жирэмсэн, хөхүүл ээжүүдэд тохирох хоолтой, мөн монгол, европ хоол, цагаан хоол гээд гэр бүлийн бүх гишүүдэд зориулагдсан хоолтой. Мөн хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэх, даахь үргээх баяр гээд хүүхэд цуглах нь их. Хооллох зуураа айлын хүүхдүүд нийлж тоглож шуугилдаад, манайх үйлчилгээний газар гэхээсээ илүү зочин ихтэй айл шиг, заримдаа цэцэрлэг шиг л санагддаг шүү. Хүүхдүүд өвөл ч, зун ч манайд ирэх дуртай. Хоол идэнгээ гадаа гарч цасаар тоглоно. Гадаа тоглох боломжтой нь сайхан байдаг.

Хоёрдугаарт бид ямар ч хоолыг, ширхэг хуушуурыг ч шинээр хийж үйлчилдэг. Эрүүл, чанартай, амттай хоолоор үйлчлэх нь бидний зорилго. Урьдчилж бэлтгэсэн материал ашиглан хийсэн хоол, ногоогоо цэвэрлэж хэрчихээс эхлээд бүгдийг нь шинээр хийн халуун тогооноос гарч буй хоол хоёр хоорондоо амт шимтийн хувьд, ашиг шимийн хувьд ч их ялгаатай. Хоол нэг бүрийг шинээр хийхэд бидэнд багадаа 10-15 минутын хугацаа шаардагддаг. Үйлчлүүлэгчид маань ч үүнийг ойлгодог тул хоол хүлээх зуураа бидний байгуулсан бяцхан номын сангаас хүссэн номоо сонгож унших боломжтой. Бид алдартай зохиолчдын алдартай, хуучны ховор номнуудыг цуглуулахыг зорьсон.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Ямартай ч хэдэн жилийн дараа гэхэд Улаанбаатар хотын маань дийлэнх нь мэддэг, өвөл зуны алинд ч гэр бүлээрээ ирж хооллодог, хүмүүсийн очих хамгийн дуртай газруудын нэг болохыг зорьж байна. Насанд хүрсэн хүмүүст уулзаж суух, ууж идэх газар багадахааргүй олон байна. Бүр ихдээд байна гэж хэлэхэд ч буруудахгүй байх. Тэгвэл бид үүнээс өөр байя. Хүүхэд багачуудынхаа төлөө, эрүүл нийгмийг бүтээхийн төлөө гар бие оролцъё, чадвал бусдадаа бага боловч үлгэр дууриал болъё гэсэн зорилготой байна.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Бид хоолоо амттай болгохын тулд олон төрлийн амтлагч бус сэтгэл нэмдэг. Тогооч, туслагчаас эхлээд бүгд ажилдаа сэтгэл гарган ажилладаг тул хоол маань амттай байх. Хоол бол хүний бие организмд шууд нөлөө үзүүлдэг зүйл. Монголчуудын маань хоолны талаарх мэдлэг, соёл өндөр болж, элдэв төрлийн хоолыг бус өөх тос багатай, өөрт хэрэгтэй, чухал гэсэн хоолыг түлхүү сонгодог болсон нь анзаарагдаж байгаа. Бага насны хүүхдүүдээ байнга авчирч хооллодог эцэг эхчүүд олон бий. Хүүхдээ бор хоолонд орлоо, бантан, зутан өгье гээд ирж байгаа нь бидэнд маш их итгэж байгаа хэрэг. Олон олон бяцхан үрсийг хооллож байгаагийн хувьд бид маш хариуцлагатай байж, хамгийн сайн, хамгийн эрүүл хоолоор үйлчлэх ёстой. Үйлчлүүлэгчдийн маань итгэл бидний үнэт зүйл юм даа.

Энэ бизнесийн эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Рестораны бизнес эрхлэх ажил ихэвчлэн үйл ажиллагаа нь жигдэрсэн, тодорхой хугацаанд ажиллаж байсан газрыг түрээслэх замаар явагддаг. Тодорхой хугацаанд ажиллаж үзээд ашиг орлогогүй бол түрээсийн гэрээг цуцлах замаар алдагдалгүй байх буюу бага алдагдал хүлээж болно. Бидний хувьд үүнээс ялгаатай нь хотын төвд бус байрлалтай цоо шинэ газар сонгож, ирээдүйд ашиг орлого нь ямар байх нь тодорхойгүй, баримжаалах боломжгүй байсан ч банкны зээлээр гал тогооны тоноглол, заалны тохижилт гээд бүхнийг шинээр хийсэн нь эрсдэлтэй, зоригтой алхам болсон. Ажил маань шинэ байгаа тул одоог хүртэл нэмж олон зүйл худалдан авах шаардлага гарч ирсээр л байна. Зарим төрлийн бизнесийг бодвол хоол үйлдвэрлэх нь тоног төхөөрөмж, хэрэгсэл материал, ур чадвар, хүн хүч гээд олон зүйл шаарддаг, хөдөлмөр их шаарддаг. Гэсэн ч одоо ажил маань урагштай байж, олон янзын сайхан хоолыг үйлдвэрлэж, үйлчилж, түүнийхээ хариуд олон үйлчлүүлэгчээс талархал хүлээж авч байгаа нь хамгийн сайхан байдаг.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамжаасаа хуваалцана уу?

Бид хоёр сарын хугацаанд ресторанаа тохижуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн үйлчлүүлэгч байхгүй бүтэн сарын хугацаа өнгөрсөн. Үйлчлүүлэгч татна гэдэг хамгийн хэцүү асуудал байлаа. Тэр үед гэнэт фэйсбүүк ашигладгийнхаа хэргийг гарган өөрийн найзуудаас бизнесийг маань дэмжиж өгөөч гэсэн хүсэлт нийтэлсэн юм. Гэтэл санаснаас илүү үр дүнд хүрч маш олон найз маань гэр бүл, найз нөхөдтэйгээ ирж үйлчлүүлсэн. Олон хүн нийтлэлийг маань цааш түгээж, дэмжиж, танайхыг дэмжихээр ирлээ гээд таних танихгүй олон хүмүүс ирдэг болсон. Шинэхэн байсан болохоор бид гэнэтийн ачаалалд сандарч будилах, хоолоо удаах зэрэг асуудал гаргаж байсан ч тэр бүрийг маань ойлгож тайвнаар хүлээж авч байсан. Энэ далимд бидний ажлын эхлэлийг тавьж өгсөн тэр бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье.

Одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Анхны жилдээ бид өвөл, зуны цагт хэрхэн ажиллах, үйлчлүүлэгчдэд маань юу илүү хэрэгтэй байна вэ зэрэг олон зүйлд туршлагатай боллоо. Тиймээс үйлчилгээний чанар, шинэлэг байдал зэрэгтээ анхааран ажиллаж, мөн үйл ажиллагаагаа нийтэд таниулах, сурталчлах тал дээр ажиллаж байна.

Танай ямар бүтээгдэхүүнийг хүмүүс их авдаг вэ?

Алтан медальтай хоол гэдэгчлэн манайд ч бас хамгийн их борлогддог хоол бол “Хэнз хурга” нэртэй хүүхдийн бантан байдаг. Дараа нь монгол аргаар хийсэн, гараар татсан махтай хуушуур, хуушууртай шөл зэрэг хоолнууд байна. Европ хоолноос гэвэл паста карбонара, зутан шөл, яргай загас зэрэг хоолнуудад хүмүүс их дуртай байдаг.

44675   12


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.