Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   01 сарын 03, 2016

2016 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлууд

Шинэ оны "урт удаан" амралт дуусах дөхөж буй энэ цаг мөчид Unread "7 хоногийн тойм" булангийнхаа 2016 оны эхний дугаарыг хүргэж байна. Хот, улсууд шинэ оноо угтаж байх үед Дубай гал алдан, 31-ний орой Whatsapp гацаж, оргилуун дарс борлуулалтаараа дээд амжилт тогтоосон ч бид энэ удаа 2016 онд биднийг хүлээж буй онцлох үйл явдлуудыг нэрлэхээр шийдлээ.

УЛС ТӨР: БӨӨН БӨӨН СОНГУУЛЬТАЙ ЖИЛ

Ирэх 4 жилд төр барих эрхмүүдийг сонгох УИХ-ын ээлжит сонгууль энэ жилийн 6-р сарын сүүлийн 7 хоногт явагдана. Өмнөх сонгууль шиг мажоритар болон пропорционал хосолсон дүрмээр явагдах энэ удаагийн сонгууль ач холбогдлын хувьд өмнөх жилүүдийнхээс дутахааргүй болох ёстой. Одоогийн парламентад олонх байгаа АН-д сонгогчид ямар дүн тавих, МАН алдсан байр сууриа эргүүлэн авч чадах эсэх, МАХН өмнөх амжилтаа давтаж чадах эсэх, ХҮН нам орон зайгаа эзэлж чадах эсэх гээд олон асуултын хариу 6-р сард тодорхой болох болно. УИХ-ын сонгуультай цуг явагдах аймаг, нийслэлийн сонгуулийг ч мөн мартаж болохгүй.


Gogo: Бүчлэхгүй, жижиглэхгүй

Үүнээс гадна ирэх оны 11-р сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг онцлох хэрэгтэй. Америк улс анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонгох уу, эсвэл бүгд найрамдах нам "санаанд оромгүй" эргэлт хийж ялалт байгуулах уу? Арай Трамп ерөнхийлөгч болчих юм биш биз? Трамп биш бол хэн Клинтонтой өрсөлдөх бол? Олон олон асуултын хариу энэ жил тодорхой болох болно.

The Economist: Сонгууль 2016

Үүнээс гадна ирэх оны сүүлээр НҮБ-ийн шинэ ерөнхий нарийн бичгийн даргын нэр тодорхой болно. 9 дэх ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүн тодрох магадлал өндөр байгаа бөгөөд хэдий цаасан дээр бичигдсэн дүрэм үгүй ч газарзүйн байрлалын дагуу зүүн Европын орнуудаас тодрох бололтой. Одоогийн байдлаар Болгарын иргэн, UNESCO-ийн гүйцэтгэх захирал Ирина Бокова, Хорватын гадаад хэргийн сайд Весна Пушич, Словений ерөнхийлөгч асан Данило Турк нар нэр дэвших магадлалтайд тооцогдож байна. Одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Муны сонгуульт хугацаа 12-р сарын 31-ээр дуусгавар болж буй учир Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн 5 орны зөвшилцлийн дараагаар дэлхийн "ахлах дипломатч"-ийн нэр тодрох ёстой. Гэхдээ хэд хэдэн улс, хүчтэй ТББ-ууд нэр дэвших процесс болон сонгуулийн үйл ажиллагааг илүү нээлттэй, олонхын санал дээр үндэслэх ёстой хэмээн үзэж, лобби хийж байгааг мартаж болохгүй. Сонгууль яаж ч явагдсан НҮБ-ийн хувьд энэ жил чухал жил байх болно.

QUORA: Хэрхэн НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга болох вэ?

СПОРТ: РИО 2016 + ЕВРО 2016

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпийн наадам энэ жил Бразилын Рио Де Жанейро хотноо явагдана. 31 дэх удаагийн зуны олимпийн наадам 8-р сарын 6-21-ний өдрүүдэд явагдах бөгөөд дэлхийн 206 улсын 10500 орчим тамирчин спортын 28 төрөл, 306 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Одоогийн байдлаар манай улсаас 11 тамирчин олимпийн эрхээ аваад байгаа бөгөөд манай тамирчид илүү олон эрх цуглуулж, алтан медалийн төлөөх дайралт хийх нь гарцаагүй биз ээ. Визгүй зорчих боломжтой болсон учир олон үзэгч Рио руу мордох нь дамжиггүй.

Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн энэ зун Франц улсад явагдах гэж байна. 6-р сарын 10-наас 7-р сарын 10-ны хооронд явагдах энэ тэмцээн түүхэндээ анх удаа 24 багтайгаар зохион байгуулагдана. Сүүлийн 2 тэмцээнд түрүүлсэн Испани аваргаа хамгаалж чадах болов уу? Дэлхийн аварга Герман Европт байр сууриа бататгаж чадах уу? Талбайн эзэд талбайдаа хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадах уу? Итали, Англи, Португал зэрэг томчууд хэр үзэх бол? Бельгийн залуус туршлага сууж, "том" болж чадсан уу? Өөр нэг баг цахиур хагалж, сюрприз барих юм биш биз? Харж л сууя.

Eurosport: Францад хэн түрүүлэх магадлалтай вэ?

ТЕХНОЛОГИ: VR, VR бас дахин VR

Virtual Reality буюу тусгай төхөөрөмж ашиглан бодит мэт мэдрэмжийг танд өгч, огт өөр орчинд аваачих технологи энэ жил жинхэнэ утгаараа тэсрэлт хийх болно. Энэ жил HTC-ийн VIVE, Sony-ийн Playstation VR, Facebook-ийн удаан хүлээлгэж буй Oculus Rift хэрэглэгчдийн гарт хүрэх бөгөөд эдгээр төхөөрөмж хэрэглэгчдийн контент хэрэглэх зан төлөвийг тэр чигт нь өөрчлөх боломжтой юм. Энэхүү технологийн ачаар хүмүүсийн тоглоом тоглох, кино үзэх, шоу тоглолт үзэх, бүр мэдээ унших хэрэглээ ч өөрчлөгдөх боломжтой юм. Гэвч энэ бүхэн зөвхөн хүлээлт буюу таамаглал. Гэхдээ нэг зүйл тодорхой, бусад олон олон шинэ технологийн адилаар VR бидэнд илүү их боломжуудыг нээж өгөх биз ээ.

Wired: VR дэлхийг өөрчилж чадах уу?

Технологийн салбарыг урьдчилан таамаглах маш хэцүү. Тиймдээ ч энэ салбарт таамаглалууд жагсаахаас өөр арга алга. Гэхдээ мэргэжилтнүүдийн бичиж байгаачлан илүү ухаалаг хиймэл оюун ухаан, илүү хялбар IoT төхөөрөмжүүд, ар утасны илүү найдвартай төлбөр тооцооны систем, Google, Tesla-ийн аль хэдийнэ туршаад эхэлсэн жолоочгүй машин зэрэг нь энэ жилийн технологийн гол тренд болох гэнэ.

DigitalTrends: Ирэх жил дэлхийг өөрчлөх 7 технологи

ЭНТЕРТЭЙНМЭНТ: Киноны цаг

Холливуд шинэ санаа, шинэ зохиолын гачигдалд орсон гэдэг яриаг та хаа нэгтээгээс сонссон л байж таараа. Гэвч энэ байдал киноны хорхойтнуудад яагаад эергээр нөлөөлж болохгүй гэж? Энэ жил бид маш удаан хүлээлгэсэн "Немогийн эрэлд"-ийн 2-р анги "Доригийн эрэлд"-ийг хүлээн авч, "Сүнсний ангуучид"-ийн шинэ хувилбарыг үзэх болно. Бас Күнфү Пандагийн 3-р анги 1-р сарын сүүлд нээлтээ хийнэ. Хэдий Уилл Смит байхгүй ч "Тусгаар тогтнолын өдөр" (Independence Day: Resurgence)-ийн үргэлжлэл анги (мэдээж) тусгаар тогтнолын өдрөөр үзэгчдэд хүрэх бол Брижит Жонс бүсгүй өөрийн шинэ дурдатгал болох "Bridget Jones's Baby"-гоороо 10 жилийн дараа эргэж ирэх гэж байна. Энэ бүгдээс яаж дутах вэ гэсэн шиг Харри Поттерийн шидэт ертөнцийн тухай өгүүлэх "Fantastic Beasts and Where To Find Them" мөн энэ зун гарах болно. Marvel-ийн цувралууд, Captain America, Superman vs Batman, X-Men, Suicide Squad, Star Trek, Star Wars гээд үргэлжлүүлээд байвал энэ жагсаалт дуусахгүй. "Ядаж байхад" Angry Bird, Assassin's Creed, Warcraft-ийн кино бас гарна. Нэг ёсондоо 2016 он киноны хорхойтнуудын хувьд уйдах завгүй жил байх нь ээ.

Time: 2016 оны гол кинонууд

Өнөөх л Аделе аялан тоглолтоо хийхээс өөр олон онцлох үйл явдал хөгжмийн зах зээлд өрнөх болно. Ертөнц цомгийн үргэлжлэл "Байгаль" хулалдаанд гарч, Radiohead-ийн удаан хүлээлгэж буй шинэ цомгийн сураг дуулдаж, Kanye West ч сюрпризээ задлахад бэлэн болсон бололтой. Домогт Дэвид Бовигийн 25 дахь цомог Blackstar 1-р сарын 9-нд худалдаанд гарах бол 7-р сард Spice Girls 20 жилийн ойгоороо эргэн нэгдэх төлөвтэй байна.

Billboard: 2016 оны хамгийн их хүлээгдэж буй цомгууд

Улаанбаатарт болох АСЕМ-ийн уулзалт, Британийн хатан хаан 2-р Элизабетийн 90 насны төрсөн өдөр, Стар Трекийн 50 жилийн ой, X-Files-ийн шинэ цуврал, Brexit буюу Британи Европын холбооноос гарах эсэх, Game Of Thrones-ийн шинэ ном гээд олон онцлох үйл явдал энэ жил тохиох болно. Аа бас, 4 жилд нэг удаа л тохиодог өндөр жилийн онцгой өдөр буюу 2-р сарын 29-нийг тэмдэглэхээ битгий мартаарай. :)

32682   4


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.