Bloomberg Business-ийн сэтгүүлч Ашлий Вансын бичсэн "Элон Маск" 2015 оны шилдэг номуудын нэгээр шалгарсан билээ. Сансар, авто машин, эрчим хүч гэсэн гурван том салбарт хувьсгал хийж буй тэргүүлэгч Tesla Motors, SpaceX, SolarCity зэрэг компаниудыг удирдан, өнөө цагийн бизнес эрхлэгчид, энтрепренерүүдийн дунд Стив Жобсын дайтай үнэлэгдэн хүндлэгдэж байгаа Элон Маск гэгч чухам хэн бэ? Үүнд хариулт өгсөн энэ ном 2016 онд монгол хэлээр орчуулагдан гарна. Тэр болтол, хоол болтол шийр зугаа гэдэгчлэн, номын онцлох эшлэлүүдийг бид цувралаар хүргэхээр шийдлээ.


1. "Би түүнийг терминатор л гэж боддог. Тэр ямар нэг юм руу цоо ширтээд "Энэ минийх болно" гэдэг юм. Тиймдээ ч тэр бага багаар намайг өөртөө татаж эхэлсэн." Элоны анхны эхнэр Жастин Маск

Элоны 5 хүүг төрүүлж өгсөн Жастин зохиолч бүсгүй бөгөөд www.justinemusk.com хэмээх олон уншигчтай блогийг хөтөлдөг юм.

2. "Тэр гэр оронгүй юм шиг л байдаг юм. Хөгжилтэй байгаа биз. Элон имэйл бичээд "Өнөөдөр би хаана хонохоо мэдэхгүй байна. Танайд очиж болох уу?" гэдэг." Гүүглийн гүйцэтгэх захирал Ларри Пайж.

Элон Маск Лос Анжелест байшинтай боловч Цахиурын хөндийд өөрийн гэсэн байргүй. Теслагийн ажлаар тэр байнга Цахиурын хөндийд ирэхдээ найз нөхдийндөө хоноглодог аж.

3. "Энэ бол уучлах шалтгаан биш ээ. Миний урам үнэхээр хугарлаа. Чи юу нь чухал вэ гэдгийг мэдэж байх ёстой. Бид дэлхийд өөрчилж, түүхийг бүтээж байхад чи нэг бол бие сэтгэлээ бүрэн зориулах ёстой. Үгүй бол үгүй." Элон Маск

Теслад ажиллаж байсан нэгэн ажилтан эхнэрээ амаржих үед дэргэд нь байх гээд компанийн нэгэн арга хэмжээнд оролцоогүйгээс болж Элоноос ийм үгтэй имэйл авч, халагдах болсноо мэджээ.

4. "Амралт аваад ойлгосон зүйл минь гэвэл, амралт чамайг алах болно." Элон Маск

Тэрээр 2000 онд амралтаараа Бразил, Өмнөд Африк яваад хумхаа өвчний халдвар авч, бараг л үхэхээ шахаж байжээ.

5. "Тэр өөрийн оюун санаан дотор бүрэн ороод явчихдаг байсан. Тэр үедээ Элон тэс өөр ертөнцөд очсон байдаг. Тэр нь одоо ч хэвээрээ. Би түүнийг шинэ пуужин ч юм уу өөр ямар нэг зохион бүтээж байгаа болохоор тайван орхидог юм." Элоны ээж

Цагтаа загвар өмсөгч явсан Элоны ээж түүний бага насыг ийн дурсаж байна. Тэр заримдаа юм ярихад, юм асуухад огт дуугардаггүй, нүдийг нь харахад шал өөр газар байгаа нь харагддаг байжээ. Эцэг эх нь болоод эмч нар түүнийг дүлий байж магадгүй гэж бодоод эмчилгээ хийсэн ч ялгаа гараагүй гэдэг.

6. "Тэд намайг сайн найзаар минь урхидан, нуугдаж буй газраас гарган зодож байв. Яагаад ч юм тэд намайг л сонгож, миний араас зогсолтгүй хөөн зовоодог байсан. Олон жилийн турш тайван байх боломжийг тэд надад олгоогүй. Сургууль дээр хэдэн танхай нөхөд намайг зодохыг хичээж, гэртээ харих үед бас л там шиг байдаг байлаа." Элон Маск

Элон нэг удаа зодуулчихаад эмнэлэгт хэвтэж, нэг долоо хоног сургуульдаа явж чадаагүй гэдэг. Аав ээж хоёр нь салсны дараа тэр аавтайгаа амьдрахаар шийдсэн бөгөөд аав нь хөвгүүддээ хатуу байх дуртай хүн байсан гэдэг.

7. "Бид дэндүү сулхан байна." Элон Маск

Тэрээр хагас сайн өдөр Теслагийн төв байранд зуу зуун хүн ажилласаар байхад ийм үг хэлж байжээ.

8. "Элон имэйл уншихдаа үг үсгийн алдааг "үздэггүй". Их алдаатай имэйл байвал утга санааг нь ч уншилгүй алдааг нь засаад суучихдаг. Олон нийтийн арга хэмжээн дээр ч гэсэн Элон хоолны ширээнээс ч нэг ч үг хэлэлгүй босож яваад, гадаа гарч од харах нь бий. Яагаад гэвэл тэр шалихгүй нөхөдтэй ярилцах, жижиг сажиг яриа өрнүүлэх хүсэлгүй нэгэн." Ашлий Ванс

9. "Тэр юу хүссэнээ хийдэг. Үнэхээр зогсолтгүй хийдэг. Энэ бол Элоны ертөнц. Түүний хувьд бусад хүмүүс өөрийнх нь энэ ертөнцөд амьдардаг." Жастин Маск

10. “Манай үеийн хамгийн гоц ухаантнууд хүмүүсийг хэрхэн товч (click) даруулах вэ гэдэг талаар л бодож байна. Үнэхээр өрөвдөлтэй.” Фэйсбүүкийн эхэн үед ажиллаж байсан инженер Жефф Хаммербакер

Номын зохиогч Цахиурын хөндийд хийгдэж буй асар далайцтай, томоохон инноваци тун чамлалттай цөөн байгаа талаар бичиж байхдаа Жефф Хаммербакераас сонссон үгээ ийн бичжээ. Сүүлийн үед технологийн компаниуд хэрэглэгчдэд зориулсан хөнгөхөн апп, стартап үүсгэж, хурдхан шиг IPO хийн, хялбараар мөнгө олохыг чухалчлах болсон билээ. Ийм үед Элон Маск сансар, автомашин, эрчим хүчний салбаруудад хувьсгал хийхүйц инновацийг хийж байгаа юм.