Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   12 сарын 22, 2015

Апп тойм: Flipboard - Танд зориулсан цахим сэтгүүл

Эцэс төгсгөлгүй үргэлжлэх мэдээллийн урсгалаас хэрхэн өөрт хэрэгтэй, өөрийн сонирхсон хийгээд хүртээмжтэй мэдээ, мэдээллийг олж авах вэ? Твиттер, фэйсбүүкийн нүүр хуудсаар дүүрэн үнэн зөв нь мэдэгдэхгүй олон янзын мэдээнд шүүлтүүр хэрхэн хийх вэ? Энэ асуултанд хариулт өгч, түүнийг дизайны гайхалтай шийдэлтэй холбож чадсан Flipboard-ийг Unread онцолж байна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Дээр дурдсанчлан энэ апп таны сонирхол дээр тулгуурлан, таны уншвал зохих мэдээллүүдийг СЭТГҮҮЛ хэлбэртэйгээр санал болгох болно. Өглөө бүр танд ирэх "Daily" буюу өдөр тутмын, мөн "Cover Story" буюу сонгосон мэдээний багц мэдээллээс эргэн тойронд болж буй онцлох үйл явдлуудыг дэлхийн мэдээллийн хамгийн шилдэг эх сурвалжуудад бичсэнээр унших боломжтой. Flipboard өөрөө дэлхийн ихэнх том медиа компаниудтай гэрээтэй байдаг учир хамгийн түрүүнд танд эдгээр мэдээлэл ирнэ гэсэн үг. Хэт их мэдээлэл дундаас шүүлтүүр хийж, хамгийн сайныг нь олж өгөх учраас та ашиглах хэрэгтэй.

Ямар онцлог давуу талуудтай вэ?

Хамгийн эхэнд онцлох ёстой зүйл бол дизайн. Дизайны төрлөөр хүртэж болох бүх л шагналыг хүртсэн Flipboard цэгцтэй, энгийн бөгөөд минималист дизайнаараа үргэлж олон хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр ирсэн юм. Нэг ёсондоо таны нүдийг хэзээ ч ядраахгүй ба бөөн мэдээллээр бөмбөгдөж зовоохгүй. Нөгөөх нь flip буюу эргүүлэх товч. Та хуруугаараа маш амархан дараа, дараагийн мэдээлэл рүүгээ шилжиж, өөр сонирхолтой контент үзэж, унших боломжтой болно. Түүнийгээ өөрийн сошиал хуудсууд руу share хийх шиг амархан зүйл бас байхгүй. iPad дээр хэрэглэвэл хамгийн тохиромжтой.

Өөр онцлох ёстой зүйл бол таны сонирхол дээр тулгуурлан мэдээлэл санал болгох зарчим. Хамгийн эхэнд та эдийн засаг, улс төр, спорт зэрэг ерөнхий сэдвүүдээс эхлээд биотехнологи, Өмнөд Азиар аялах, эрүүл хооллолт гэх мэт нарийн сэдвүүд гээд нийт 32000 гаруй сэдвээс 5 хүртэлхийг сонгох ёстой. Үүн дээр тулгуурлан ердөө хэдхэн flip хийсний дараа Flipboard өөрөө таны зан төлөвийг тааж, тохирох мэдээг санал болгоно. Спорт гэсэн ангиллыг сонгоод гуравхан мэдээ уншсаны дараа тэд надад хөлбөмбөг, тэр дотроо дэмждэг баг Байернтай маань холбоотой мэдээллийг санал болгож байсан юм шүү. Сэтгэл хөдөлгөм!

Ямар сул талтай вэ?

Мэдээ хадгалах цэс өөрт нь байхгүй учир өөр төрлийн апп-уудтай хавсаргаж хэрэглэхээс өөр арга байхгүй. Бас заримдаа "Cover Story" нь хэт нэг талыг барьсан буюу сурталчилгааны мэдээ байх хандлага ажиглагддаг. Мөн цоо шинэ, сонирхолтой зүйлсийг санал болгохгүй. Яг л таны сонирхлын хүрээнд л мэдээ өгнө. Энэ оны эхнээс вэб хувилбар луу бас шилжсэн, тийшээ нь орж сонирхож үзээрэй.

Unread-ийн үнэлгээ

Time сэтгүүлийн оны онцлох 50 инновацийн бүтээгдэхүүнд багтаж, Apple-ийн оны шилдэг апп болж байсан Flipboard-ийн гайхалтай дизайн, ухаалаг системийг Unread 8 оноогоор үнэллээ.

Та Flipboard-ийг хэрэглэдэг үү? Ижил төрлийн ямар апп ашиглаж унших мэдээгээ сонгодог вэ? Бидэнтэй саналаа хуваалцаж, бусад хэрэглэгчидтэйгээ бүтээлч хэлэлцүүлгийг өрнүүлээрэй.

Татаж авах

19964   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.