Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   12 сарын 20, 2015

7 хоногийн тойм: Монгол бизнест буцан ирлээ + Дэлхийн Мисс + Оддын дайн 7

Өнгөрч буй долоо хоногт Монголын эдийн засаг, улс төрийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлэхүйц үйл явдал болсон нь Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтанд шаардлагатай 4.4 тэрбум америк долларын санхүүжилтийн гэрээ хийгдсэн нь байлаа. Дэлхийд нэр хүндтэй HSBC, ING, BNP Paribas тэргүүтэй нийт 15 банк, санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн уг зээл орж ирснээр далд уурхайн бүтээн байгуулалт ирэх оны эхний улирлаас эхэлж, 5-7 жилийн хугацаанд дуусах төлөвтэй байна. Уг зээлийн баталгааг Монгол улсын засгийн газраас гадна Рио Тинто, Туркойз Хилл компаниуд мөн гаргасан юм. Энэхүү санхүүжилтийн гэрээ зурагдснаар Монгол улсад жил бүр нэг тэрбум америк долларын урсгал бий болох боломжтой. Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэнчлэн "Монголчууд бизнестээ буцан ирлээ".

The Economist: Монголчууд бизнест эргэн ирлээ
Gogo: Монгол шиг улс 4.4 тэрбум долларын зээл авсан тохиолдол дэлхийн уул уурхайн түүхэнд байхгүй

Дэлхийн хамгийн идэвхтэй сошиал медиа ашиглагч улсад зүй ёсоор тооцогддог Бразилын дээд шүүхээс тус улсад хамгийн их буюу 93 сая хэрэглэгчтэй, Фэйсбүүкийн эзэмшдэг чат апп WhatsApp-ийг 48 цагийн турш ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан нь энэ долоо хоногийн технологийн ертөнцийн онцлох үйл явдал байлаа. Бразилын үүрэн телефоны операторууд сүүлийн хэдэн сарын турш "Whatsapp-ийн дуут мессеж нь ямар нэг зохицуулалт, хяналтгүй бөгөөд хууль бус үйлчилгээ" хэмээн гомдоллож, олон сая хэрэглэгч гар утасны дэлхийд хамгийн үнэтэйд тооцогдох багцын саналуудаас татгалзаж, зөвхөн дата багц руу шилжиж байгаад Whatsapp-ийг буруутган, шийдвэр гаргагчдыг уг үйлчилгээг хориглохыг ятган, лобби хийсээр байсан юм. Улмаар бодлого боловсруулагчдын хэрэглэгчдийн дата руу нэвтрэх хүсэлтэд татгалзсан хариу өгсөн нь дээд шүүхийг ийм шийдвэр гаргахад хүргэжээ. Хэдийгээр уг бан 12 цагийн дараа цуцлагдсан ч энэ үйлдэл нь интернетийн эрх чөлөө, хувийн мэдээллийн нууцлалын талаарх дэлхий нийтийн түгээмэл асуудалд хүчтэй цохилт өгсөн явдал болсон юм. Үүнтэй зэрэгцэн өөр нэг чат апп Telegram-ийн хэрэглэгч зөвхөн Бразилаас 5 саяар нэмэгдэж, Твиттерийн онцлох тренд тэр чигтээ энэ сэдэв болон хувирсан байлаа.

TheVerge: Бразил WhatsApp-ийг хориглолоо

Нэр хүнд цар хүрээгээрээ дэлхийд топд тооцогдох "Miss World" наадмын 2015 оны ялагч тодорлоо. 65 дахь удаагийн наадам БНХАУ-ын Хайнан хотноо явагдсан бөгөөд 112 орны миссүүд өрсөлдсөн юм. 2015 оны дэлхийн миссээр Испани улсын мисс Мирейя Лалагуна тодорч, миссийн титмийн эзэн боллоо. Барселонагаас гаралтай 23 настай мисс эм судлалын чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалсан бөгөөд хоол тэжээл, уургийн чиглэлээр мэргэшиж, мастер хамгаалах төлөвлөгөөтэй гэнэ. Лалагуна финалын шатанд "Гаднаасаа үзэсгэлэнтэй харагддаг маань дотроо үзэсгэлэнтэй биш, үзлийн муухай гэсэн үг биш шүү дээ" гэсэн үгийг хэлсэн нь олны талархлыг ихээхэн хүлээсэн юм. Топ 3-т ОХУ болон Индонезийн миссүүд оржээ. Канадын мисс, Хятад гаралтай Анастасиа Линийг Хятадад нэвтрэхийг хориглосон шийдвэрээс болон энэ тэмцээн олны анхаарлын төвд орж эхлэсэн. Тэрээр хүний эрхийн талаар яриа хийж, улс төрийн боломжийг сурталчлах гол төлөвлөгөөтэй байсан нь Хятадын шийдвэр гаргагчдын анхааралд өртсөн гэнэ. Энэ тэмцээнд Монгол улсыг төлөөлөн Н.Ану оролцсон билээ.

Telegraph: Испаний мисс дэлхийн миссээр тодорлоо
Gogo: Испаний гоо бүсгүй 2015 оны дэлхийн мисс боллоо

10 жилийн турш шүтэн бишрэгчдээ хүлээлгэсэн "Оддын Дайн" эргэн ирлээ. Алдарт найруулагч Жэй Жэй Абрамсын найруулсан уг алдарт цувралын 7-р ангийн нээлт энэ долоо хоногт болж, бөөн бөөн дээд амжилтыг араасаа дагуулж байна. Хамгийн сүүлд 2005 онд гарснаас хойш хүлээлт үүсгээд байсан уг кино нээлтээ хийсэн зөвхөн эхний өдрөө л 120 сая долларын орлогыг дэлхий даяар цуглуулж, эхний өдрөө 100 сая доллараас дээш орлого олсон анхны кино боллоо. Өмнөх дээд амжилтыг эзэмшигч Харри Поттер цувралын сүүлийн анги 91,1 сая долларын орлогыг олоод байсан юм. "Хүч сэргэсэн нь" нэртэйгээр цацагдаж буй уг кино амралтын өдрүүдээр 250 сая долларын орлого олон мөн л дээд амжилт олох төлөвтэй байгаа талаар мэргэжилтнүүд бичиж байна. Алдарт Жорж Лукасын 1977 онд хамгийн анх үзэгчдийн хүртээл болгож байсан уг цувралын өмнөх 6 анги нийт 4,38 тэрбумын орлогыг олоод байгаа бөгөөд 2012 онд Уалт Дисней компани уг цувралын эрхийг 4 тэрбум доллараар худалдан авч, ахин 3 кино хийхээр төлөвлөөд байгаагаа зарласан билээ. Дисней үүнээс гадна Оддын дайнд зориулсан паркийг байгуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм.


WSJ: Шүүмжлэгчид "Оддын дайн"-ы шинэ ангийн талаар юу гэж үзэж байна вэ?
EW: Оддын дайн дээд амжилтуудыг эвдсээр байна

Дэлхийн хайлтын системийн хамгийн том тоглогч Google уламжлал ёсоор 2015 онд хамгийн их хайгдсан сэдэв, түлхүүр үгсийн жагсаалтаа зарлалаа. Өнгөрч буй онд хамгийн их хайгдсан үйл явдал нь 11-р сард болсон Парисын алан хядах ажиллагаатай холбоотой хайлт байжээ. Нийт 897 сая удаа хийгдсэн хайлтын хамгийн түгээмэл асуулт нь "Парист юу болсон бэ?", "Хэдэн хүн Парист үхсэн бэ?", "ISIS яагаад Парисыг сонгов?" гэсэн асуултууд байсан гэнэ. Мөн крикетийн ДАШТ 323 сая удаа, Оскарын наадам 406 сая удаа хайгджээ. Тэрчлэн Непалд болсон газар хөдлөлт, ISIS, Оддын дайны шинэ цуврал ч олны анхаарлын төвд байсаар байв. Хувь хүмүүсийн хувьд хамгийн их хайлт хийгдсэн нэрнүүд нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алдах дөхсөн NBA-ийн сагсчин асан Ламар Одом, UFC-ийн хамгийн цуутай тулаанчдын нэг Ронда Роуси болон хүйсээ солиулснаа зарлаж, шуугиан тарьж, улмаар Time сэтгүүлийн оны хүмүүсийн жагсаалтанд багтсан Кэтлин Женнер нар байлаа. Дэлхий нийт гэхдээ ангараг гараг дээр ус олдсон эсэх, хатан хаан Элизабет хэр удаан төр барьж байгааг, мөн ямар даашинз тренд болж байгаа талаар 100, 100 сая удаа хайхаа мартсангүй.

Google: 2015 он хайлтанд

16634   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.