Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   12 сарын 17, 2015

Мэдүүштэй вэб: One.mn - Нээлттэй мэдлэгийг түгээнэ

Сүүлийн үед нээлттэй мэдлэг, боловсрол гэж их яригдах болсон. Harvard Open Courses, Coursera, Udemy, Khan Academy гээд л түгээмэл хэрэглэгдэх болсон жишээнүүдийг тоочоод байвал дуусахгүй. Гадаад, дотоодын олон олон их сургууль, компани, хувь хүмүүс энэ жишгийг даган мэдлэгийг үнэгүй, нээлттэйгээр түгээж эхлээд байгаа билээ. Иймд өнөөдөр тэдгээрийн төлөөлөл болгож Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн One.mn вэбийг танилцуулж байна.

ЯАГААД ЗОЧЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Нээлттэй, үнэгүй сургалтуудад сууж оюунаа тэлэхийг хүсвэл уг вэбэд зочлоорой. Англи хэл, монгол бичиг, компьютерийн хэрэглээ гэх мэт хэн хүнд хэрэгтэй байдаг сургалтууд энд үнэгүй байгаа. Мөн та өөрийн мэдлэг чадвараас бусадтай хуваалцаж, өөрийн сургалтыг үүсгэхийг хүсвэл энэхүү вэб таны нээлттэй суваг болох юм.

ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Бүх хичээлүүд нь үнэгүй гэдгээрээ, багш нар өөрсдөө хичээл нэмэх боломжтойгоороо маш давуу талтай. Сургалтын түвшингүүдийг сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, дээд боловсрол, насан туршийн боловсрол хэмээн дөрөв хуваасан бөгөөд хичээл, сургалтууд нь ойлгомжтой, энгийн хийгдсэн, вэб нь бүхий л насны хүн үзэх, ашиглахад тохиромжтой санагдлаа. Мөн боловсрол, сургалттай холбоотой хууль тогтоомжууд, сургалтын арга зүйн зөвлөмж, сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй зэрэг мэдээллийг авах боломжтой нь багш, сурган хүмүүжүүлэгч нарт тун хэрэгцээтэй юм.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Вэб цааш хөгжсөөр байх болно. Одоохондоо тухайн хичээлүүдийг үзэж байгаа сурагчид цөөн байгаа ч, мөн голдуу "Ерөнхий боловсрол"-д хамаарах хичээлүүд тавигдсан байгаа ч цаашид хичээл сургалтын хийгээд суралцагчдын тоо улам нэмэгдэх биз ээ. Мөн гар утас, таблетанд зориулсан хувилбар нэмж хөгжүүлвэл суралцагчид заавал компьютерийн өмнө уягдахгүйгээр хичээлээ хаанаас ч үзээд байх боломжийг олгож магадгүй юм.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Нээлттэй мэдлэг, боловсролын төсөл, санаачилгуудыг түгээж буй уг вэбэд Unread 7 оноо өгч байна.

Та уг вэбийг http://www.one.mn/ хаягаар орон сонирхоод үзээрэй. Мөн нээлттэй мэдлэгийг өөр ямар сувгуудаас олж авдаг, бусадтай ямар хэлбэрээр хуваалцвал зүгээр вэ гэдэг дээр санал бодлоо үлдээгээрэй.

40009   3


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.