Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   12 сарын 12, 2015

Zappos-ийн CEO Тони Шиэгийн "Аз жаргалыг түгээх нь" номын хэсгээс

Хувцасны онлайн худалдааны тэргүүлэгч Заппос бол үйлчилгээний чанар, компанийн соёлоороо алдартай компани. Тэд Fortune сэтгүүлийн "Ажилтнууддаа ээлтэй 100 компани"-ийн жагсаалтад 7 дахь жилдээ багтаад байгаа бөгөөд зарим жил эхний 10-т ч орж байв. Тус компанийн гүйцэтгэх захирал Тони Шиэ 2011 онд "АЗ ЖАРГАЛЫГ ТҮГЭЭХ НЬ" хэмээх номыг бичсэн нь Нью Йорк Таймс ба Уолл Стрийт Журналын номер 1 бестселлерээр тодорч, түүнээс хойш заавал унших ёстой бизнесийн номуудын жагсаалтад байнга багтах болсон юм. Хөгжилтэй, уншихад хялбар энэ ном танд бизнес эхлүүлэх, өргөжүүлэхэд хэрэг болох шинэ содон санаануудыг өгөхийн зэрэгцээ бизнесийн англи хэлийг тань дээшлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

ОРШИЛ: ӨӨРИЙН ЗАМЫГ ОЛОХУЙ

Би дотроо -Хөөх гэж бодлоо.

Танхим дүүрэн хүнтэй байв. Би бүх ажилтнуудын уулзалтын индэр дээр байлаа. Босож зогсоод алгаа ташиж байгаа 700 орчим Заппосын ажилтныг би харж байлаа. Тэдэн дунд баярын нулимс унагаж байгаа хүн олон байв.

Үүнээс 48 цагийн өмнө бид дэлхий нийтэд Амазон манай компанийг өөртөө нэгтгэж байгааг зарлаад байсан юм. Дэлхий нийтэд бол энэ үйлдэл ерөөсөө мөнгөний төлөө мэт л харагдаж байв. “Амазон Заппосыг 1 тэрбум орчим доллараар худалдан авав”, “Амазоны түүхэн дэх хамгийн том худалдан авалт”, “Заппосын арилжаанаас хэн юу хожив?” гэх мэт гарчгууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байв.

1998 оны 11-р сард миний үүсгэн байгуулалцсан LinkExchange хэмээх компанийг үйл ажиллагаагаа явуулаад 2 жил хагас болоод байхад нь Майкрософт 265 сая доллараар худалдан авсан юм. Харин өдгөө 2009 оны 7-р сард би Заппосын гүйцэтгэх захирлын хувиар, компанийн маань 10 жилийн ой дөнгөж өнгөрч байх үед, Амазон манайхыг өөртөө нэгж байгааг зарласан нь энэ юм. (Худалдан авах процесс хэдэн сарын дараа 1.2 тэрбум долларын үнэ бүхий хувьцаа ба бэлэн мөнгөний арилжаа хэлбэрээр хийгдэж дууссан юм.) Энэ хоёр арилжаа хоёул төстэй харагдаж байв. Аль аль нь нэг жилийн 100 орчим сая долларын ашгийг өгсөн хэрэг байв. Өөрөөр хэлбэл, түүх давтагдахдаа илүү том тавцанд давтагдсан хэрэг байв.

Үнэн мөнийг давах зүйл гэж үгүй.
Танхимд байсан хүн бүр энэ арилжаа зөвхөн мөнгөний төлөө бус гэдгийг мэдэж байв. Бид хамтдаа ашиг, хүсэл эрмэлзэл, зорилгыг нэгтгэсэн тийм нэгэн бизнесийг бүтээж чадсан юм. Бид бас энэ бүхэн зөвхөн нэг бизнесийг босгохын төлөө байгаагүйг ч мэдэж байлаа. Хүн бүрт аз жаргалыг түгээх амьдралын хэв маягийг бий болгох нь бидний зорилго байсан юм.

Тэр мөчид цаг хугацаа зогссон юм шиг л байлаа. Танхимд буй хүн бүрийн эрч хүч, сэтгэл хөдлөлийн нэгдэл нь 10 жилийн өмнө анх электро хөгжмийн шоунд (rave) оролцож байсан үеийг минь санагдуулж байлаа. Тэгэхэд мянга мянган хүн нэгэн бие мэт, бие биеийнхээ эрч хүчийг өөрсдөдөө шингээн бүжиглэж байж билээ. Тэр үед электро хөгжмийн хорхойтнууд энх тайван, хайр, нэгдэл, хүндлэл гэсэн дөрвөн үндсэн үнэт зүйлийн дор цугладаг байсан юм.

Харин Заппосын хувьд бид 10 үндсэн үнэт зүйлийг боловсруулсан байв. Эдгээр үнэт зүйлс биднийг ах дүүс мэт нэгтгэж, энэхэн мөч хүртэл туулсан замын маань чухал хэсэг байсан билээ.

Хуран цугласан бүх хүмүүсийг хараад би хүн бүр энэ хүртэл өөр өөрийн замаар явж ирснийг, гэхдээ хүн бүрийн зам хаа нэгтээ бусдынхтайгаа огтлолцож ирснийг ойлгосон юм. Миний хувьд тэрхүү зам Заппосоос аль эрт, LinkExchange-ээс ч аль эрт эхэлсэн байлаа. Би хийж үзсэн, оролдсон, хамтарсан бүх л бизнесийнхээ тухай, амьдралдаа уулзсан, нөхөрлөсөн бүх л хүмүүсийн тухай, амьдралынхаа бүх л адал явдлуудын тухай бодож байлаа. Би өнөөг хүртэлх гаргасан алдаанууд, олж авсан сургамжуудынхаа тухай бодож байлаа. Би коллеж, ахлах сургууль, дунд сургууль, бүр бага сургуульд байсан үеийнхээ талаар бодож байлаа.

Танхим буй бүх хүн над руу харж байх тэр үед би миний зам хаанаас эхэлснийг мөшгин бодож байв. Оюун санаандаа тэрхүү асуултын хариуг олохоор цаг хугацааны аялал хийж байв. Би үхэх гээгүй нь тодорхой байсан ч бүх л амьдрал минь нүдний өмнүүр жирэлзэн өнгөрч байв. Би асуултын хариуг олохыг машид хичээж, танхимд буй бүх энерги уусан алга болохоос өмнө, цагийн зүү дахин хөдлөхөөс өмнө тэрхэн мөчид л хариуг олох ёстойг мэдэж байлаа. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Гагцхүү асуултын хариуг олох ёстойгоо л мэдэж байв.

Чингээд бодит байдал эргэн ирж, цаг хугацаа явж эхлэхээс өмнөхөн би эрж хайсан зүйлээ олов.
Миний зам өтний фермээс (worm farm) эхэлсэн байлаа.

Номын 1-3 дугаар тал

18248   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.