Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   12 сарын 04, 2015

MIT Technology Review: 2015 оны шилдэг 10 технологи

Өнгөрөгч хагас сайн өдөр ШУТИС-ийн OIL / Open Innovation Lab-ийн урилгаар дэлхийд алдартай MIT Technology Review сэтгүүлийн ерөнхийлөгч хатагтай Катлин Кенниди "2015 оны дэлхийн шилдэг 10 технологи" сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм. Энэхүү жагсаалт нь тус сэтгүүлээс гаргадаг гол гурван жагсаалтын нэг бөгөөд "Дэлхийн хамгийн ухаалаг 50 компани", "35 нас хүртэлх 35 шинийг санаачлагч" гэсэн жагсаалтуудыг мөн гаргадаг юм. Ингээд та бүхэнд технологийн салбарын хамгийн шилдэг сэтгүүлийн шүлтүүрээр өөр өөрсдийн салбарт эрс шинэчлэлт, далайцтай өөрчлөлтийг авчирч буй, өөрчлөх төлөвтэй байгаа технолиудыг танилцуулж байна. Та бүхэн ирэх жилүүдэд эдгээр технологиуд бодит биелэл болохыг ажиглаарай.

Magic Leap

Виртуал бодит байдал (VR) нь ирээдүйн хамгийн онцгой технологи гэгдэж буй бөгөөд сүүлийн үед энэ салбарт томоохон дэвшлүүд гарч байгаа билээ. 2014 онд Facebook компани 199 долларын виртуал орчинд бодит мэтээр тоглоом тоглох боломжийг олгодог Oculus VR компанийг 2 тэрбум доллараар худалдан авсныг дуулсан байх. Тэгвэл Google компани мөн энэ салбарт хүч үзэхээр шийдэж, 2014 оны 10-рд Magic Leap хэмээх компанид 542 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Уг компанийн Oculus-аас ялгарах онцлог нь, хүнийг бодит ертөнцөөс виртуал орчинд орсон мэт санагдуулах бус, эсрэгээрээ виртуал орчноос аливаа биетийг бодит ертөнцөд авчирдаг байдал юм.

Зах зээлд нэвтрэх хугацаа
: 1-3 жилийн дараа
Онцлох шалтгаан: Виртуал ертөнцийг яг л бодит мэт мэдрэх боломжийг олгох төхөөрөмж
Үр ашиг: Энэхүү технологи нь кино, тоглоом, аялал жуулалчлал, харилцааны холбооны салбаруудад шинэ шинэ боломжуудыг авчирч чадна.
Салбарын бусад гол тоглогчид: Microsoft, Facebook

Nano-Architecture

Аливаа бат бөх материалууд нь хүнд хэрнээ бяцрах, бутрах эрсдэлтэй байдаг. Тэгвэл Caltech их сургуулийн эрдэмтэн Жулиа Грийр гайхалтай хүчин чадал бүхий, сараалжин бүтэцтэй нано материалыг гарган авчээ. Энэ нь маш бат бөх боловч туйлын уян хатан, хөнгөн материал юм. Одоогоор тэрбээр энэхүү материалаа гарын алгыг дүүргэх хэмжээнд өсгөн томруулж чадаагүй ч цааш цаашдаа том хэмжээгээр гарган авч чадвал металь, керамик материалуудын оронд олон салбарт хэрэглэх бололцоотой болно.

Зах зээлд нэвтрэх хугацаа: 3-5 жилийн дараа
Онцлох шалтгаан: Эд материалуудын бүтцийг хүчтэй хэрнээ уян хатан, туйлын хөнгөн болгон өөрчлөх боломж
Үр ашиг: Илүү хөнгөн материалууд нь эрчим хүч хэмнэж, олон талт байх боломжийг олгоно.
Салбарын бусад гол тоглогчид: HRL Laboratories-ийн Уиллиам Картер, MIT-ийн Николас Фанг, Lawrence Livermore National Laboratory-ийн Кристофер Спадачини

Car-to-Car Communication


Сүүлийн автын салбарт жолоочгүй машин зэрэг дэвшилтэт технологиуд нэвтэрч байгаа хэдий ч аюулгүй байдал талаасаа car-to-car (vehicle-to-vehicle) буюу машинууд хоорондоо мэдээлэл солилцох энэхүү систем нь хамгийн найдвартай гэгдэж байна. Жишээ нь, энэ системийг суулгасан 2 машин зам дээр явж байлаа гэхэд, урд талын машин гэнэт зогсоход, арын машин зам энэ мэдээллийг авч автоматаар жолоо мушгин дэргэдүүр нь бололцоо бүрдэнэ. GМ компани 2017 онд зах зээлд гаргах Cadillac машиндаа энэхүү системийг суулгахаа зарласан бөгөөд яваа яваандаа ийм системтэй машинууд нэмэгдэх тусам авто замын аюулгүй байдалд асар их хувь нэмэр оруулах нь тодорхой.

Зах зээлд нэвтрэх хугацаа
: 1-2 жилийн дараа
Онцлох шалтгаан:
Автомашинууд бие биетэйгээ "ярилцан", осол аваараас сэргийлэх боломж.
Үр ашиг: Дэлхийн хэмжээнд жил бүр нэг сая гаруй хүн автын ослоор амь үрэгддэгийг бууруулна.
Салбарын бусад гол тоглогчид: University of Michigan, National Highway Traffic Safety Administration

Project Loon 

Технологийн аваргуудын нэг Google нэг их удахгүй 15 метр тойрог бүхий гелийн бөмбөлгүүдийг агаарт хөөргөн, интернэтэд холбогдож чаддаггүй бүс нутгууд рүү залах гэж байна. Project Loon гэх энэхүү төслийн эхний "туршилтын" бөмбөлгүүдийг аль хэдийнэ хөөргөсөн бөгөөд тэдгээр нь дэлхийн өмнөд хагаст 20 орчим км-ийн өндөрт хөвж яваа юм. Харин Google-ийн гол өрсөлдөгч Facebook ижил санаачилгыг арай өөр аргаар буюу drone нисгэн хэрэгжүүлж байгаа билээ.

Зах зээлд нэвтрэх хугацаа: 1-2 жилийн дараа
Онцлох шалтгаан: Интернэтэд холбогдож чадахгүй байгаа газар нутгуудад агаараас илүү бага зардлаар, найдвартай аргаар интернэт цацна.
Үр ашиг: Дэлхийн 4.3 тэрбум хүнийг интернэттэй танилцуулж, мэдлэг боловсролтой иргэдийг нэмэгдүүлэн, эдийн засгийн өсөлтийг тэтгэх боломжтой.
Салбарын бусад гол тоглогчид: Facebook

The Liquid Biopsy

Хятад 14 хүн тутмын нэг нь В гепатут вирусыг тээдэг нь уушигны хорт хавдрыг ихээр өвчлөх нөхцөл болдог бөгөөд энэ өвчнөөр нас бардаг дэлхийн нийт хүмүүийн 27 хувь нь хятадууд байдаг аж. Хонгконг дахь Хятадын их сургуулийн эрдэмтэн Дэннис Ло энэхүү технологи дээр 20 жил ажилласан бөгөөд цусны хэдхэн дуслаар уушигны болон бусад хавдруудыг маш эрт буюу тухайн өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө оношилдог байна.

Зах зээлд нэвтрэх хугацаа
: Хэдийнэ нэвтэрсэн
Онцлох шалтгаан: Хавдрыг эрт үед нь илрүүлж оношлох цусны шинжилгээ
Үр ашиг: Дэлхийн хэмжээнд жил бүр 8 сая орчим хүний амийг авч оддог хавдрын өвчлөлтийг бууруулна.
Салбарын бусад гол тоглогчид: Johns Hopkins-ийн их сургуулийн Берт Вогелштэйн, Illumnia

Megascale Desalination

Тел Авиваас 10 милийн зайд Газар дундын тэнгисийн эрэг дээр тэнгисийн усыг цэвэршүүлдэг дэлхийн хамгийн том үйлдвэр баригдаад байна. IDE Technologies-аас Израйлийн засгийн газарт зориулан 500 сая долларын өртгөөр барьсан энэ үйлдвэр өдөрт 627,000 м.куб ус цэвэршүүлж, тус улсын цэвэр усны хэрэгцээний 20 хувийг хангадаг. Хэдийгээр ус цэвэршүүлэх технологи өмнө нь байсан боловч IDE Technologies-ийн арга хавьгүй бага зардалтай юм. 10 жилийн дараа дэлхийн 1.8 тэрбум хүний цэвэр усны хэрэгцээ хангагдахгүй болох тооцоо гарсан өнөө үед энэ технологи цааш олон газар түгвэл асар их эерэг нөлөөг авчрах юм.

Зах зээлд нэвтрэх хугацаа
: Хэдийнэ нэвтэрсэн
Онцлох шалтгаан: Далайн усыг бага зардлаар цэвэршүүлэн, цэвэр усны байнга өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах технологи.
Үр ашиг: Дэлхийн хүн амын өсөлтөөс үүдэн энд тэндгүй цэвэр ус хүрэлцэхгүй болж байгааг шийдэх боломжтой.
Салбарын бусад гол тоглогчид: Poseidon Water, Desalitech, Evoqua

Apple Pay

Мобайл төлбөрийн салбарт том, жижиг олон компани өрсөлдөж байгаа боловч Apple Pay маш сайн нууцлалын системийг Touch ID технологитойгоо хослуулснаараа энэхүү өрсөлдөөнд хүч түрэн орж ирлээ. Тодруулбал, Apple Pay үйлчилгээнд хүн бүртгүүлэхдээ кредит картынхаа зургийг авч оруулахад цаанаас картыг нь баталгаажуулах боловч картын дугаарыг нь сандаа хадгалдаггүй. Энэ нь картын луйвар хийх боломжийг олгодоггүйгээрээ давуу талтай. Мөн хэрэглэгчид тооцоо хийхдээ тусгай төхөөрөмжид утсаа ойртуулж, хуруугаа чирэхэд л төлбөр маш амархан хийгддэг.

Зах зээлд нэвтрэх хугацаа
: Хэдийнэ нэвтэрсэн
Онцлох шалтгаан: Өдөр тутамдаа гар утсаа "түрийвч" болгон ашиглах үйлчилгээ
Үр ашиг: Кредитийн картын луйвар нь энэ салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэн, улмаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг явдлыг бууруулна.
Салбарын бусад гол тоглогчид: Visa, MasterCard, Google

Brain Organoids

Institute of Molecular Biotechnology-ийн Мэйдлин Ланкастер, Юрген Кноблих нарын эрдэмтэд мэдрэлийн эсүүдийг ургуулан, хүний тархины онцлог шинжүүдийг хөгжүүлэх боломжийг нээжээ. Ингэснээр нууцлаг хэвээрээ буй сэтгэц мэдрэлийн эмгэг, өвчнүүдийн нууцыг тайлах, улмаар анагаах шинэ аргуудыг нээн илрүүлэх, бүр цаашлаад хүний тархийг улам сайн судлах нөхцөл бүрдэх юм.

Зах зээлд нэвтрэх хугацаа
: Хэдийнэ нэвтэрсэн
Онцлох шалтгаан: Хүний үүдэл эсээс лабориторийн аргаар амьд мэдрэлийн эсүүдийг 3D хэлбэрээр ургуулах боломж.
Үр ашиг: Судлаачид тархины эмгэг, сэтгэц мэдрэлийн өвчнүүдийг ойлгох, боломжит эмчилгээнүүдийг турших шинэ арга замуудыг нээхэд тустай.
Салбарын бусад гол тоглогчид: Massachusetts General Hospital-ийн Рудолф Танзи, Дү Ион Ким

Supercharged Photosynthesis

2014 оны 12-р сард International Rice Research Institute-ийн Пол Күйк, University of Cambridge-ийн Жулиан Хибберд нарын эрдэмтдийг багтаасан Филиппин, Их Британийн генетикчдийн баг будааны суулгацыг инженерчилж, фотосинтезийг илүү сайн ялгаруулах аргыг нээснээ зарласан юм. Ингэснээр будаа болон улаан буудайн ургацыг илүү хурдан, их хэмжээгээр хураан авах боломж бүрджээ. Энэхүү технологийг үргэлжлүүлэн хөгжүүлбэл төмс, улаан лооль, алим, шар буурцаг зэрэг хүнсний бүтээгдэхүүний гарцыг улам нэмэгдүүлэх боломжтой юм.

Зах зээлд нэвтрэх хугацаа
: 10-15 жилийн дараа
Онцлох шалтгаан: Будааны суулгацыг инженерчлэн, нарны гэрлээс илүү их энерги авдаг болгох боломж.
Үр ашиг: Дэлхийн өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээг хангахын тулд ургацыг илүү хурдан болгох.
Салбарын бусад гол тоглогчид: University of Minnesota-ийн Даниел Войтас, Australian National University-ийн Сюзан вон Каммерер

Internet of DNA

Орчин үед хүний генийн мэдээллүүдийг ихээр цуглуулж байгаа боловч, энэ тэнд буй өгөгдлийн сангууд хоорондоо мэдээлэл солилцохгүй байгаа нь өвчин эмгэгүүдийг хурдан анагаах боломжийг сааруулж буй юм. Global Alliance for Genomics and Health байгууллага эдгээр өгөгдлийн сангуудыг хоорондоо нэвтрэлцдэг болгосноор дэлхийн хэмжээний асар том нөөц сан бүрдэж, ангаах ухааны салбарт асар том дэвшлийг авчирна.

Зах зээлд нэвтрэх хугацаа
: 1-2 жилийн дараа
Онцлох шалтгаан: ДНК-ийн өгөгдлийн сангуудын хооронд мэдээлэл солилцох боломжийн олгох техникийн шийдэл.
Үр ашиг: Аливаа хүний эмчилгээнд бусад олон сая хүний ДНК-ийн мэдээллийг ашиглах боломж бүрдэнэ.
Салбарын бусад гол тоглогчид: Google, Personal Genome Project

Эх сурвалж: MIT Technology Review

29883   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.