Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   11 сарын 30, 2015

Онцлох бизнес: Hime - Эрхэмсэг гоёлыг эндээс

Энэ долоо хоногт бид Монголын анхны сувдан үнэт дэлгүүр болох Hime-г онцолж байна. Уг дэлгүүрийг Монгол, Япон хүмүүс хамтран байгуулсан бөгөөд үүсгэн байгуулагчдын нэг, үнэт эдлэлийн дизайныг гаргадаг ноён Сумида Миноруг Монголд ирээд байхад нь бид уулзаж ярилцсан юм. Эд баялаг, эрүүл мэнд, урт нас, аз жаргалыг хүмүүст бэлэглэдэг гэгддэг жинхэнэ, чанартай сувдыг болоод жинхэнэ япон чанарыг та эндээс олж авах боломжтой.

Бизнесийн нэр: Hime
Хаяг: Улаанбаатар зочид буудлын 5 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Сувдан үнэт эдлэлийн худалдаа, зөвлөгөө
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2011 оны 7-р сар
Үүсгэн байгуулагчид: Б.Энэрэлт, Сумида Минору
Ажилтны тоо: 5
Вэб: Hime Pearl (фэйсбүүк)

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Би ер нь шинэ юм хийх дуртай хүн. Янз бүрийн зүйл хийж яваад үнэт эдлэлийн дизайныг сонирхож, энэ салбар луу татагдан орсон. Үнэт эдлэлийн ертөнц ер нь бүхэлдээ эмэгтэй хүмүүст зориулсан мэт байдаг боловч хийдэг урладаг хүмүүс нь эрчүүд түлхүү байдаг юм. Эрэгтэй хүмүүс загвараа гаргахдаа хайртай эмэгтэйд маань ийм юм зохино доо, ийм юм зүүгээсэй гэж бодоод гаргадаг болов уу. Би лав хувьдаа 40 жил ийм л бодол сэтгэлээр бүтээгдэхүүнийхээ загвар дизайныг гаргаж ирсэн дээ. Япондоо бол манайх бүтээгдэхүүнээ дэлгүүрүүд, үзэсгэлэнгээр тавьдаг. Хүмүүс өөрсдөө зорьж ирээд авах нь бас их.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Монголд орж ирэхдээ Японд эхлээд байгуулсан байсан компанийнхаа хөрөнгийг Монголын хамтрагч талтайгаа нийлүүлэн шинэ компани байгуулсан. Аль аль талаасаа хамтран гаргасан гэсэн үг л дээ.

Монгол улстай анх хэрхэн холбогдсон бэ?

Таньдаг япон хүн маань Монголд нэг танилтай байсан. Тэр монгол хүн намайг Монголд бизнес хийвэл ямар вэ гэж анх санал болгосон юм. Эндээс бидний хамтын ажиллагаа эхэлсэн гэж болно. Тэгээд хамтрагчийнхаа урилгаар 2-р сард Монголд хөл тавьж байлаа. Онгоц маань шөнө газардсан болохоор гадаа пад харанхуй, онгоцны буудлаас хотын төв орох зам донсолгоо ихтэй байлаа. Тухайн үед “Ийм газар байдаг л юм бх даа, зүгээр л байдаг байгаа даа” гэж бодогдож байсан шүү.

Энд тэнд яваад тухайн газрыг харахад, агаар салхийг нь мэдрэхэд нэг мэдрэмж төрдөг юм. Өглөө зочид буудлынхаа цонхоор гадагш харахад энэ надад таарах орон байна даа гэсэн мэдрэмж төрсөн. Романтик санагдаж магадгүй. Гэхдээ л тийм мэдрэмж төрөөд, бизнесээ яаж хийвэл зохилтой вэ гэсэн асуултын хариу дорхноо толгойд боловсорсон. Зах зээлээ ч судлаагүй. Тэгээд л түрээслэх газар хайж эхэлсэн дээ.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ?

40 жил энэ салбарт ажилласан дизайнер хүн өөрийнхөө бүтээгдэхүүнүүдийг өөрийнхөө дэлгүүрт зарж байгаагаараа онцлог. Манай үйлчлүүлэгчид намайг сардаа нэг ирэхэд уулзаж зөвлөгөө авдаг. Бусад дэлгүүрийн захирлууд тэр болгон үйлчлүүлэгчдэдээ тэгж ханддагийг мэдэхгүй.

Мэдээж чанарыг эрхэмлэж, маш сайн чанарын бүтээгдэхүүнүүд борлуулдаг. Тэр хэрээр хямд үнэтэй биш. Ерөнхийдөө Японд үнэлэгддэг, борлуулалт сайтай байдаг бүтээгдэхүүнийг авчирдаг гэж болно. Өндөр үнэтэй бүтээгдэхүүний хувьд олон хувь байдаггүй, ер нь давтагдахгүй зүйлс байдаг.

Мөн зарим хүмүүс үнэт эдлэлийнхээ загвараас уйдах буюу өөрчлүүлмээр санагдвал авчирч өгөөд хүссэн загвараараа шинэчлүүлдэг. Үнэт эдлэлийг тань засварлана, өнгөлж цэвэрлэнэ.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Монголд дөрвөн жил ажиллах явцад жинхэнэ, чанартай сайн үнэт эдлэл эдэлж хэрэглэж байгаа хүн тун ховор харагддаг. Манай дээр ирж шинжлүүлээд, хуурамч юм худалдаж авснаа мэддэг тохиолдол цөөнгүй гардаг. Монгол хүмүүс гоёх дуртай ч энэ талын мэдлэг мэдээлэл тааруу учраас хуурамч юм авчихаад байдаг байх. Тэгэхээр манай хэтийн зорилго бол жинхэнэ сувд гэж ямар зүйл байдгийг монголчуудад сайн таниулах явдал юм. Ажилтнууддаа 1-2 жилийн турш зааж сурган, үнэт эдлэлийг ялган таних, шинжилж мэдэх мэдлэг чадвартай болгосон.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Хүмүүс хоорондын харилцааг дээдлэх. Үйлчлүүлэгчидтэйгээ ч тэр, ажилтнуудтайгаа ч тэр сайхан харилцаа тогтоохыг эрмэлздэг. Сурталчилгаа нэг их хийдэггүй болохоор манайхаас сэтгэл хангалуун буцсан үйлчлүүлэгч ам дамжин ярьсаар манай дэлгүүрийг хүмүүс мэдэж авдаг.

Хийж буй ажлын тань эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Манайхаар үйлчлүүлснээр эмэгтэй хүмүүс үргэлж гоё сайхан харагдана.

Харин бэршээлтэй тал гэвэл, монгол эмэгтэйчүүд жаахан зөрүүд. Хэвшмэл, хуучинсаг сэтгэлгээтэй нь цөөнгүй. Хоёр бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэн тайлбарлаж, нэг нь бүх талаараа илүү гэхээр нөгөөхийг нь авчихдаг. Хүнээс сонссон зүйл, аль дээр үеийн мэдээлэлд суурилан тийм сонголт хийдэг байх. Үүнийг өөрчлөх амаргүй. Манай бараа бүтээгдэхүүн хямд биш болохоор худалдаж авах чадамжтай хүмүүс нь интернэтэд ороод байнга мэдээлэл аваад байх насны хүмүүс биш байдаг. Гэтэл мэдээлэл сайтай, сүүлийн үеийн тренд чиг хандлагыг мэддэг хэсэг нь залуу хүмүүс байгаад байдаг. Энэ дилеммаг яаж зохицуулах вэ гэсэн бодол толгойд байнга л эргэлдэж байдаг юм. Залуучуудад зориулсан бүтээгдэхүүн бүхий дэлгүүр нээхийг бодсоор л яваа.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамжаасаа хуваалцана уу?

Яг өөрийн дэлгүүр гэхээс илүү Монголын дэлгүүр, үйлчилгээний газруудтай холбоотойгоор хэлэхэд, үйлчилгээ болоод ажилтнуудын харилцаа маш тааруу. Хамгийн наад захын жишээ гэвэл зочид буудлын үйлчилгээ байна. Япон хүний байр сууринаас харахад бүр итгэмээргүй үйлдлүүд хийдэг. Тэрэндээ монголчууд дасчихсан байдаг. Миний хувьд сэтгэл маш их эмзэглэдэг. Манай ажилтнуудын хувьд Японы түвшинд очтол, стандартад нийцтэл 3 жил шаардагдсан.

Одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Манай дэлгүүр өнөөг хүртэл сурталчилгаа хийж байгаагүй. Сүүлийн үед дэлгүүрээ хүмүүст хүргэх, өргөн хүрээнд таниулах тал дээр анхаарч байна. Бүтээгдэхүүнд бол сар сардаа байнга шинээр ирж байдаг.

Хамгийн амжилттай бүтээгдүүнүүдээсээ нэрлэнэ үү? 

Хамгийн борлуулалт сайтай бүтээгдэхүүн гэвэл, ганц ширхэг сувдтай гинж байдаг. Үнэ нь нэлээд боломжийн учраас хүмүүс их авдаг байх. Япондоо бол тухайн үедээ бас л тэсрэлт болсон бүтээгдэхүүн л дээ.

Сувдан үнэт эдлэлтэй холбоотой ямар зөвлөгөөг манай уншигчдад хандан өгөх вэ?

Жинхэнэ, дээд зэргийн сувдыг хамгийн хялбархнаар таних нэг аргыг хуваалцахад та сувдыг цайвар буюу цагаан дэвсгэр дээр байрлуулаад үзээрэй. Дээд зэргийн чанартай сувд цайвар дэвсгэр дээр хамгийн тодоор ялгарч харагддаг бол чанар муухан сувднуудыг голдуу хар өнгийн дэвсгэр болон суурин дээр байрлуулж өнгөлөг харагдуулах нь элбэг байдаг.

27503   11


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.