Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   11 сарын 22, 2015

7 хоногийн тойм: Хамгийн том алмааз + 156 жилийн настай бодлого + Square & Tinder

Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч, нийтлэлч Лунтангийн Болормаа зуурдаар нас барж, Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо. Эрэн сурвалжлах, мэргэжлийн сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тэрбээр салбартаа манлайлагч, тод оддын нэг нь гарцаагүй мөн байв. Баримттай хийгээд эх сурвалжтай, "шүгэл үлээсэн", хурц, зоригтой нийтлэлүүдээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөн, мэргэжил нэгтнүүддээ үлгэр дууриал болсон, сэтгүүл зүйн салбарын томоохон төлөөлөгч байсан түүний гэр бүл, хамтран зүтгэгчдэд Unread гүн эмгэнэл илэрхийлж байна. Ум сайн амгалан болтугай.

MMJ: Лунтангийн Болормаа
MNB: Л.Болормаа: Монгол улс ангал руу унаж байна

Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр олон нийтийн анхаарлын төвд байсан технологийн хоёр ч компани IPO буюу анхдагч хувьцаагаа олон нийтэд санал болголоо. Твиттерийг үүсгэн байгуулагч, CEO Жэк Дорсигийн өөр нэг стартап болох Square нийт 2.9 тэрбум доллараар үнэлэгдэн 243 сая долларыг босгож, нэгж хувьцаагаа 9 доллараар үнэлж зах зээлд гаргасан юм. Гар утасны төлбөр тооцооны шинэ үеийн хэрэгсэл Square-ийн хувьцаа тооцоолж байснаас багаар тодорхойлогдсон ч, зах зээлд гарсан даруйдаа үнэ нь 60 гаруй хувиар өсөж, энэ жилийн хамгийн амжилттай IPO-үүдийн нэгт зүй ёсоор тооцогдох боллоо. Тэгвэл онлайн болзооны зан төлөвийг тэр чигт нь өөрчилж, 59 сая хэрэглэгчтэй болоод амжсан Tinder-ийн толгой компани Match мөн 2.9 тэрбумын үнэлгээтэйгээр, нэгж хувьцаагаа 12 доллараар үнэлэн, 400 сая долларыг NYSE-ээс босголоо. IPO ч мэргэжилтнүүдийн тооцоолж байсанчлан амжилттай болж, эхний өдрөө 22 хувиар өсжээ. Энэ жил Etsy, Box зэрэг технологийн компаниудын хийсэн IPO тийм ч амжилттай болоогүй нь #SQ, #MTCH-д эргэлзэх хандлагыг төрүүлээд байсан юм.

Marketwatch: Match-ийн талаар мэдвэл зохих 5 зүйл
Forbes: Square-ийн IPO: Ялагч, ялагдагчид

Adele-ийн 25 нэртэй шинэ цомог энэ долоо хоногт худалдаанд гарч, хөгжмийн зах зээлд шинэ найдвар, шинэ итгэлийг авчирч байна. Spotify, Deezer зэрэг онлайн хөгжмийн платформуудад шахагдан, зах зээлээ алдаад байсан биет CD-ний борлуулалтанд 25 цомог маш том түлхэц өгч байна. Эхний сингл Hello нь эхний долоо хоногтоо л 1 сая ширхэг борлогдож, 400 сая youtube-ийн хандалт авч, 28 улсын чартыг тэргүүлсэн бөгөөд Adele энэ цомгоо онлайн стрим цацдаг сайтуудад тавихгүй, зөвхөн биет борлуулалт, онлайн захиалга хийнэ хэмээн мэдэгдсэн нь борлуулалтын тоог нэмэх стратегитэй нь салшгүй холбоотой байв. Үүний үр дүн ч эерэг гарч, түүний цомог аль хэдийнэ бүх цаг үеийн дээд амжилтыг эвдэх нь тодорхой болоод байна. Хэдийгээр албан ёсны дүн ирэх долоо хоногт гарах ч зөвхөн ITunes-ээр дамжуулан эхний өдөр 900 мянган захиалга орж ирж, нийт 2.5 сая хувь борлогдох төлөвтэй байна. Энэ нь 2000 онд NSYNC-ийн No Strings Attached-ийн тогтоож байсан 2.4 сая ширхэг CD-г борлуулсан дээд амжилтыг эвдэх юм. Adele-ийн өмнөх цомог 21 нь 4 жилийн турш 30 сая ширхэг борлогдсон бөгөөд Billboard чартын жагсаалтыг 24 долоо хоногийн турш тасралтгүй тэргүүлсэн билээ.

Wired: Аdele дээд амжилтуудыг эвдэх төлөвтэй байна
Ikon: Adele-ийн 25 цомог худалдаанд гарлаа

Сүүлийн 100 жилд олдоогүй хамгийн том хэмжээтэй алмааз Ботсван улсаас олдлоо. Нийслэл Габоронегээс 500 орчим км-ийн зайд орших Каворегийн уурхайд олборлолт хийдэг Канадын Лукара Фирм энэхүү алмаазыг олсон байна. Одоогийн байдлаар уг алмаазыг Амстердам руу тээвэрлэж, нарийн шинжилгээ хийн, үнэлгээ хийх ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд хэдэн зуун жижиг хэсэг болгон хуваан, зах зээлд нийлүүлнэ хэмээн таамаглаж байна. Хэмжээгээрээ теннисний бөмбөгтэй дүйцэхүйц, 1111 каратын энэхүү алмааз нь дэлхийн түүхэнд хэмжээгээрээ хоёрт орох алмааз аж. Одоогоор олдоод буй хамгийн том алмааз хэмээн тэмдэглэгдсэн, 1905 онд Өмнөд Африкаас олдсон 3106 каратын Кулиннан нэртэй алмаазын хэсэг нь Английн хатан хааны титэмд байрласан байдаг билээ. Ташрамд дурдахад дэлхийн хамгийн том 10 алмаазын 8 нь Африкаас олджээ.

Bloomberg: Ботсванаас сүүлийн 100 жилд олдоогүй том алмааз олдов
Fox: Канадын компани хамгийн том алзаамыг олжээ.

Нигерийн Холбооны их сургуулийн багш Опэеэми Энок 150 жилийн настай математикийн бодлогын хариуг гаргаж, 1 сая долларын шагналыг хүртэх эрхтэй болсон талаарх мэдээлэл энэ долоо хоногт Британийн томоохон хэвлэлүүд болох BBC, Daily Telegraph-аар цацагдлаа. Америкт төвтэй Клэйн Математикийн Институц одоог хүртэл шийдэгдээгүй байгаа хамгийн алдартай 7 бодлогыг "Мянганы бодлого" хэмээн нэрлэж, хариуг нь гаргасан тохиолдолд 1 сая доллар өгөхөөр амлаад байсан юм. Эдгээрийн нэг болох 1859 онд Германы математикч Бернхард Риеманы дэвшүүлсэн анхны тоо, түүний дараалалтай холбоотой "Риеманы таамаглал"-ыг Нигери эрхэм баталсан хэмээн түүний харьяалагддаг их сургуулиас зарласан билээ. Гэвч Клэйн Математикийн Институт одоог хүртэл үүнийг батлаагүй буюу хүлээн зөвшөөрөөгүй байгаа бөгөөд өөрийн цахим хуудсанд уг бодлогыг "шийдэгдээгүй" гэсэн статустай хэвээр байлгасаар байгаа нь олны анхаарлыг татаад байна. Quora дээр ч хүмүүс энэ асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, бодлогын хариу "буруу", "хуулбарласан" байж болзошгүй талаар асуудлыг дэвшүүлж эхэлжээ. "Мянганы долоон бодлого"-оос одоогоор ганцхан нь л шийдэгдээд байгаа бөгөөд Оросын алдарт математикч Г.Перельман 2003 онд "Пуанкарийн таамаглал"-ыг баталж байжээ.

CNN: Нигери математикч 150 жилийн түүхтэй бодлогыг боджээ
Томьёо Бодъё блог: Анхны тоо


23509   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.