Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   11 сарын 14, 2015

Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн "Цас" номын хэсгээс

Энэ долоо хоногийн "Онцлох бизнес" буландаа бид "Тагтаа паблишинг"-ийг урьсан билээ. Тэгвэл тус компаниас эрхлэн гаргаж буй, Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн “Цас” романы нээлт өнөөдөр буюу 11-р сарын 14-ний 17 цагт Сөүлийн гудамжин дахь Piano Lounge-д болох юм. Та бүхнийг уг номын нээлтэнд урихын ялдамд номын нэгээхэн хэсгээс толилуулж байна.

ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ


“Ази” зочид буудалд болсон нууц уулзалт

(... тэмдэглэгээ бол өмнөх зарим хэсгийг орхисон гэсэн үг болно)

...Өнөөх сайхан сэтгэлт зүүний үзэлт дайчин-мэдээлэгч тэмдэглэлийн дэвтэр дээр түрүүнээс хойш ноороглож суусан захидлынхаа эхний хувилбарыг унших болов. Уншихдаа тэр их л нууцлаг хүн болох гэж байдгаараа хичээнэ.

“Карсад болсон явдлын талаар Европын хүн ардад мэдэгдэх нь” гэсэн гарчиг нь бараг л бүх хүнд таашаагдав. Тэр үед өөрт нь ямар сэтгэгдэл төрж асныг хэзээ хойно нь санаад Фазил инээмсэглэн байж Кад “Бидний жижигхэн хот нэг л өдөр дэлхийн үйл амьдралын төвд орж ирэх нь дээ гэсэн бодол надад анх удаа төрж билээ” хэмээн ярьсан юм. (Ка энэ үгийг нь дараа нь “Хүн төрөлхтөн хийгээд одод” хэмээх шүлэгтээ оруулна.)

Мөнхүү гарчгийг Хөх л ганцаараа тууштай эсэргүүцэж “Бид Европт хандаж ярихгүй. Хүн төрөлхтөнд хандаж үгээ хэлнэ. Бидний мэдэгдэл Карсаар зогсохгүй Истанбул, бүр Франкфуртад хэвлэгдэхгүй байсан ч та нөхөд гайхсаны хэрэггүй шүү. Европын ард түмэн бидний нөхөд биш, харин ч дайснууд. Гэхдээ хэргийн учир бид тэдэнд дайсагнадагтаа бус, харин тэд биднийг хар зөнгөөрөө л дорд үзэж байдагт буй юм” хэмээн өчлөө.

Мэдэгдлийг ноороглож суусан зүүнтэн өөрсдийг нь Европын баячуул л дорд үздэгээс хүн төрөлхтөн бүхэлдээ бус хэмээн Хөхийн яриаг залруулав. Ажилгүйчүүд, ядуус бол тэдний ахан дүүс гэдгийг мань эр давхар сануулаад авсан ч журмын нөхөр социалист эрээс бусад нь ер итгэсэнгүй.

“Европт бидэн шиг ядуу хүн байхгүй шүү дээ” гэж гурван курд залуугийн нэг нь хэллээ.
Тэгэхэд нь Түргүт Бэй “Хүү минь, чи Европт очиж үзсэн юм уу?” гэж асуув.
- Надад тийм боломж хараахан олдоогүй байна. Гэхдээ ээжийн маань дүү Германд ажилладаг юм.
Залуугийн энэ үг нэлээд хэдэн хүнийг инээлгээд авлаа. Түргүт Бэй сандлаа засаж суугаад “Хэдийгээр Европ гэх үг надад их утга учиртай ч ялгаагүй би ч бас Европт очиж үзээгүй хүн. Инээх хэрэг биш шүү. Энэ өрөөнд Европт байж үзсэн хүн байвал гараад өргөөд аль даа” гэлээ.

Германд олон жил амьдарсан Хөхөөс өөр гараа өргөх хүн гарсангүй.
Тэгэхэд нь Түргүт Бэй “Гэхдээ бид Европ гэдэг бидэнд ямархан утга учиртай үг болохыг мэднэ шүү дээ. Европ бол бидний ирээдүй. Манай хүн төрөлхтний ирээдүй. Тиймээс энэ эрхэм (Хөхийг заав) мэдэгдлээ Европт бус бүхий л хүн төрөлхтөнд хаяглана гэж буй бол мэдэгдлийнхээ агуулгыг ч түүний дагуу өөрчлөх ёстой” гэлээ.
“Европ миний ирээдүй биш ээ” гэснээ Хөх хүйтнээр инээмсэглээд “Амьд байгаа цагтаа би тэднийг яасан ч дагалдан баясахгүй, бас тэдэнтэй адилгүй байлаа гээд өөрийгөө ч үзэн ядахгүй” хэмээв.

Түргүт Бэй “Энэ улсад төрснөөрөө бахархаж явдаг нь ганц исламистууд биш. Бүгд найрамдахчууд ч бас эх орноороо бахархдаг юм шүү. Мэдэгдлээ Европт бус хүн төрөлхтөнд хаяглана гэвэл бидэнд хэлж ярьчихмаар юу байдаг билээ?” гэлээ. Захидал ноороглож суусан эр “Карсад болсон явдлын талаар хүн төрөлхтөнд мэдэгдэх нь” хэмээн уншсанаа “Хэтэрхий сүржин юм биш үү?” гэж асуулаа.
Ингээд хүн төрөлхтөн гэдэг үгийг барууныхан болгож өөрчлөх тухай баахан мэтгэлцсэнийг Хөхийн хажууд сууж байсан цоохор царайт эр ч бас эсэргүүцлээ. Эцэст нь гонгиносон хоолойтой курд залуу зүгээр л “Мэдэгдэл” гэчихье хэмээн хосгүй даруухан санаачилга гаргасан нь хүн бүрийн дэмжлэгийг олов.


…Хөгшин эр “Надад та нарыг сөрж хэлэх юм алга аа” гэж тэвдүүхэн хэлээд “Гэхдээ энэ мэдэгдэлд чинь гарын үсэг зурахаасаа өмнө тэр хүүгээс асуух зүйл байна” хэмээн хаалга манаж зогссон улаан царайт хүүг заав.
- Яг ч ганц түүнээс биш л дээ, энэ өрөөнд буй бүх хүнээс. Гэхдээ жаалхүү эхэлж хариулж бусад нь араас нь ярина биз. Хэрэв та нарыг миний асуултад хариулахгүй бол би энэ мэдэгдэлд чинь гарын үсэг зурахгүй.

...Улаан царайт хүү өчигдөрхөн л мэдэж байсан шалгалтын асуултаа таг мартчихсан ээрч зогсоо янзтай ийш тийш харлаа.

Тэгээд юу ч эс дуугарсанд нь Хөх “Зүгээр дээ, би эхлээд хариулчихъя. Таны тэр европ эзэд миний сонирхлыг ер татдаггүй юм. Би зүгээр л тэдний сүүдэр дороос гарахыг хүсэж байна. Гэвч үнэндээ бид цөмөөрөө тэдний сүүдэр дор амьдарсаар байна шүү дээ” гэв.

Түргүт Бэй “Түүнд туслах гэж оролдсоны хэрэггүй. Жаалхүү өөрийнхөөрөө хариулаг. Харин чи дараа нь хариул” гэж хэлээд ичиж тавгүйрхсэн улаан царайт руу харж инээмсэглэснээ “Хэцүү сонголт л доо. Толгой эргүүлсэн асуудал. Чиний гудамжинд гараад шийдчихдэг асуудлуудаас тэс өөр зүйл” хэмээв.

...Тэгтэл нэг нь “Санаснаас тэр Ханс Хансен гэж хэн юм бэ?” гэж асуув.
Кадиф ихэд мэгдсэн ч хачирхалтай нь Хөх ярианд оролцож, түүнийг Түрэгийн асуудлыг ихэд сонирхдог сайхан сэтгэлт герман сэтгүүлч гэж эелдэг нь аргагүй тайлбарлалаа.
Сайхан сэтгэл гаргаад байгаа германчуудаас л болгоомжлох хэрэгтэй шүү!” гэж өрөөний цаад булангаас нэг нь хашгирна.
Тэгтэл бас нэг нь “Нөхөд минь, энэ жаалыг үг дуугарахыг хүлээж айдаст автсан, сургуулийн жулдрайнууд шиг бэргэж зогсохоо больцгооё л доо!” гэж байна.
“Би лицейд сурдаг” гэж Курдийн нийгэмлэгийн залуусын нэгнийх нь дуу хадаад “Би л лав юу хэлэхээ энд ирэхээсээ ч өмнө мэдэж байсан” хэмээн өчлөө.
Дуу хоолойд нь тэвдүү янз сонсогдовч царайд нь овоо цолгиун хүсэл тэмүүллийн оч гялалзан байх аж.
- Үзэл бодлоо дэлхий ертөнцтэй хуваалцах өдөр ирээсэй гэж үргэлж хүсэж байлаа, би. Энэ өрөөнд байгаа улс ч тэгж хүсдэг биз. Миний хэлэх зүйл их амархан. Франкфуртын сонинд би “Бид ядуу болохоос тэнэг биш! Ингэж ялгаварладгийн чинь эсрэг үг хэлэх эрх бидэнд ч бий!” гэсэн үг л хэвлүүлэхийг хүсэж байна.
- Юутай даруухан үг вэ!

...Курд залуу яриагаа үргэлжлүүлж “Хүн төрөлхтний гол завхрал, өнгөрөгч мянган жилийн хамгийн том ташаарал энэ дээ. Ядуу тарчгийг тэнэг мунхагтай андуурдаг явдал” гэв...

24218   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.