Онцлох Бизнес

Онцлох бизнес: Хөсөг брэнд - Нүүдэлчдийн дундрашгүй ур

11 сарын 02, 2015


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


35033   7




"Endless Inspiration of Nomad" хэмээх уриатай нэгэн монгол брэнд саяхан мэндлэв. Сошиал медиад бүтээгдэхүүнийхээ зургийг байршуулчихаад нэг их юм бодоогүй, бэлтгэлгүй байсан тэднийг хүмүүс урмын үгээр зогсолтгүй мялааж, зургуудыг нь share-лж гарчээ. Хүмүүсийн энэ хандлага магадгүй часхийсэн монгол брэнд дэндүү цөөхөн байдгийн илрэл биз ээ. Unread ч бас талархсан сэтгэлээр тэднийг энэ 7 хоногийн "Онцлох бизнес" буландаа урилаа.

Бизнесийн нэр: Хөсөг брэнд
Хаяг: Орос 3-р сургуулийн урд Саруул төв, B2 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Үндэсний бүтээгдэхүүний дизайн, үйлдвэрлэл
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2013 оны 10-р сар
Үүсгэн байгуулагчид: А.Сарнай, А. Намуун
Ажилтны тоо: 15
Вэб: www.husug.mn, Husug brand (фэйсбүүк хуудас)

Зүүн гараас: А.Сарнай, А.Намуун

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

А.Намуун: Анх бид өрхийн хөдөлмөрийг дэмжих, бүтээгдэхүүний дизайн дээр зөвлөгөө, сургалт өгөх зорилгоор ТББ-аа байгуулж байлаа. Удалгүй уран эмэгтэйчүүдтэй нийлээд бүтээгдэхүүн гаргая гэж шийдсэн. Монголд албан байгууллагууд тэмдэглэлт ой, баярын үеэр харилцагч нартаа голдуу Хятадад үйлдвэрлэгдсэн бараа өгч байгаа харагддаг болохоор яагаад тэр бэлэг нь монгол бүтээгдэхүүн байж болдоггүй юм бэ гэсэн сэдэл төрж, Хөсөг брэндийн эхний бүтээгдэхүүнүүд тийнхүү бий болсон юм.

Энэ зун би гадаадын туршлага судлах зорилгоор Итали улсад “Сошиал энтерпрайз” сэдэвтэй олон улсын сургалтад суусан. Сошиал энтерпрайз гэдэг нь бизнесийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ нийгмийн аль нэг асуудлыг шийдэж, хүрээлэн буй нийгэмдээ эерэг нөлөөлөх үйл ажиллагаа юм. Энэ чиглэлийн гаднын улсуудтай ярилцахад сайхан сайхан жишээнүүд их байдаг юм билээ. Жишээ нь Итали, Европын хэд хэдэн залуучууд бидний хийж байгаа ажилтай танилцаад шууд л танайх Progetto Quid гэх Италийн сүлжээ дэлгүүрийн нэг жишээ болон гарч ирж байгаа юм байна гэж хэлж байсан. Тэр байгууллагын түүхийг нь судлаад үзэхэд нийгэмд эмзэг бүлэгт тооцогдох эмэгтэйчүүдээ туслахыг хүсэж явдаг фашион дизайнд их сонирхолтой 2 итали эмэгтэй нэгдэн байгуулсан юм билээ. Тэд эхлээд нэрийн дэлгүүрээ Верона хотод, дараа нь Итали болон Европт хэд хэдэн сүлжээ дэлгүүрийг нээж, хүмүүс ч хэдийнэ энэ дэлгүүрийн цаана эмзэг бүлгийн эмэгтэйчүүд байгаа гэдгийг таньдаг болсон байдаг.

Мөн “Сошиал энтерпрайз” эрхлэгчдэд дизайн тал дээр сургалт зөвлөгөө өгдөг нэг итали багш баяр хүргээд Энэтхэгийн “Mother Earth” шиг том байгууллага болон хөгжихийг ерөөж байлаа. Тэр байгууллага нь чанартай, этник, эко брэндийг бий болгон хувцас, гэр ахуй, бэлэг дурсгал, гар урлал, нэхмэл сүлжмэл, хүнс зэрэг салбарт их амжилттай ажилладаг, аль хэдийнэ дэлхийд танигдсан байгууллага юм билээ. Тухайн байгууллагын бүтэц нь Industree Crafts хязгаарлагдмал компани буюу Mother Earth нэрийн дор үйлдвэрлэл болон худалдаа явуулдаг ашгийн байгуулага, Industree Foundation буюу шинийг санаачлах, дизайн загварыг бий болгох, ур чадварын сургалт зөвлөгөөг хариуцдаг, чадавхаа бэхжүүлэх зорилготой ашгийн бус байгууллага гэсэн хоёр том байгууллагаас бүтдэг.

Хөсөг брэндийн хувьд 2 дахь байгууллага болох Industree Foundation-ийн жишгээр ажиллаж байгаа юм болов уу. Цаашид бизнес тал руугаа буюу үйлдвэрлэл, худалдаа тал дээр багагүй туршлага, мэдлэг чадвар шаардагдах байх. Ямартай ч Монголдоо бид сошиал энтерпрайзын нэгэн жишээ болж яваадаа баяртай байдаг.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Гэр бүлийн хуримтлалдаа тулгуурлан үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

А.Намуун: Бид төрсөн эгч дүүс. Эгч маань ноос ноолуурын сүлжмэл эдлэлийн дизайнер мэргэжилтэй, Гоёо компанид ерөнхий дизайнераар ажиллаж байсан. Харин би эдийн засгаар мэргэшсэн хүн болохоор хоршиж ажилладаг.

Бүтээгдэхүүнийг маань урладаг эмэгтэйчүүдтэйгээ өөрсдийн сургалтаар дамжуулан танилцсан. Нэгэнтэй нь холбогдоход л цаашаа таньдаг мэддэг хүмүүстээ дуулгаад, өдгөө бид 15-уулаа болоод байгаа. Сонсголын бэрхшээлтэй уран бүсгүй, ээж нь хэвтэрт байдаг эмэгтэй, хүүхдээ гэртээ хардаг оёдлын мастер гээд төрөл бүрийн эмэгтэйчүүд бий. Тэд маань орлогоо нэмэгдүүлэх сонирхолтой, тун идэвхтэй хүмүүс байдаг.

Танай онцлог, давуу талууд?

Мэргэжлийн дизайнер хүн ажиллаж байгаагийн хувьд бүтээгдэхүүний консепт дээр их анхаарч ажилладаг. Бас бид бүтээгдэхүүнээ зөвхөн жуулчид авдаг, бэлгэнд өгдөг бус өргөн хэрэглээнийх байлгахыг эрмэлздэг юм. Тиймдээ ч гар утас, таблет, нөүтбүүкний гэр, түрийвч, нэрийн хуудасны сав гэх мэт 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаад байна.

Мөн бүтээгдэхүүнүүд маань гар хийц ихтэй ч тийм үнэтэй биш гэж хэлнэ. iPad-ны хавтас 35-42 мянга, түрийвч 38-45 мянга, тэмдэглэлийн дэвтрийн хавтас 25-35 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Эхний коллекцоо эсгийн дээр тулгуурлан бүтээсэн бол цаашдаа арьс, шир, ноос, ноолуур гээд бүх л түүхий эдээр коллекц гаргах зорилготой байгаа. Бид загварыг нь гарган, үйлдвэрлэл дээрээ бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, экспортод гаргахыг зорино. Ер нь дизайны агентлаг гэсэн чиглэлээ алдалгүй барьж явахыг хичээнэ.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Бүх зүйлсийг нэг бүрчлэн, нарийн детальчилж, чанартай хийхийг л зорьдог доо. Бас бүтээгдэхүүнээ зөвхөн гоё ганган байлгах бус, хамгийн гол нь хүн хэрэглэхэд эвтэй, тохиромжтой байх талаас нь их боддог юм.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Хүмүүс их урам өгч байна. Манайхыг фэйсбүүкээс хараад урлан дээр маань ирж, хэрэгтэй зөвлөгөөнүүдийг өгчихөөд явж байгаа хүн хүртэл байгаа нь маш сайхан санагдсан шүү.

Хамт ажилладаг эмэгтэйчүүдээ амьдралын төлөө яаж зүтгэж байгааг нь хараад их урам зориг авдаг. 3 сартай хүүхэдтэй бүсгүй урлан дээрээ ирж юмаа оёход нөхөр нь хүүгээ тэврээд дэргэд нь суух жишээтэй. Үүнээс үүдэн их хариуцлагатай ажил хийж байгаагаа ухамсарладаг.

Хэцүү бэрхшээлтэй тал гээд гомдоллоод байх зүйл харьцангуй гайгүй. Гэхдээ Монголчууд маань хаана ч тэр, хийж байгаа ажлаа сэтгэлээсээ хийгээсэй гэж хүсдэг. Ингэж сурахгүйгээр экспорт гэж ярих хэцүү.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамжаасаа хуваалцана уу?

Саяхан л ил гарч, бүтээгдэхүүнүүдээ зарласан болохоор олон тоогоор захиалга авч амжаагүй байна. Тэгэхээр айхавтар бэрхшээл учраагүй гэхэд болно.

Одоо юун дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

MR брэндтэй хамтран шинэ коллекц дээр ажиллаж байна. Арьс, эсгий хосолсон бүтээгдэхүүнүүдийн дизайныг бид гаргасан. Эхнээсээ эмэгтэй цүнхнүүд үйлдвэрлэгдээд явж байна.

Хамгийн амжилттай бүтээгдүүнээсээ нэрлэнэ үү? Нууц нь юундаа байв?

Хүннү коллекц маань хүмүүст илүү сайн хүрч байх шиг байна. Дизайныг нь монгол дээлийн энгэрээс санаа авч бүтээсэн юм. Гар ажиллагаатай ихтэй бүтээгдэхүүнүүд болохоод энэ коллекцийг бүтээхэд монгол эмэгтэйчүүдийн ур үнэхээр харагддаг юм.

Монгол хүн бэлгэдэл их боддог. Мөнгөн аяга, чонын шагай зэргийг бэлгэдэн оруулж өгсөн нь хүмүүст их таалагдсан болов уу. Нэг бүтээгдэхүүн дээр олон хүний хөдөлмөр шингэдэг нь ч бас нөлөөлдөг байх. Жишээ нь эхний коллекцийн ард манай уран эмэгтэйчүүдээс гадна “Өүлэн минж” үйлдвэр болон гар урлал, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэгч, Монголын томоохон чадварлаг хамт олон ажилласан. Энэ далимд тэд нартаа баярлалаа, ажлын амжилт хүсье гэж хэлье.

Ингэхэд "Хөсөг" хэмээх нэрийг яагаад өгсөн бэ?

Монголчууд бид эртнээсээ хөсөг тэргээр нүүдэллэж ирсэн. Улсынхаа хөгжлийн нэг хөсөг тэрэг нь байхыг бэлгэдэж бид ийм нэр өгсөн юм. Манай логог анзаарвал хөсөг тэрэгний дээрээс нь харсан зураг байдаг. Хадны энэхүү сүг зураг эртний хүмүүсийн оюун санааны хөгжлийг харуулсан гэж судлаачид үздэг юм билээ. Бас гадаад хүмүүс дуудахад амар хялбарыг бодолцсон.

Гэрэл зургийг Д.Ганзул

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.