7 Хоногийн Тойм   11 сарын 01, 2015

7 хоногийн тойм: Улаанбаатар хотын "төрсөн өдөр" + NBA-ийн шинэ улирал + Онгоцны осол

10-р сар шувтарч, шинэ сар эхэлж буй энэ цаг мөчид Unread ээлжит "7 хоногийн тойм"-оо толилуулж байна. Энэ долоо хоногт бид Улаанбаатар хотын 376 жилийн ой, Хятад улс нэг хүүхдийн бодлогоо халсан тухай, NBA-ийн шинэ улирал эхэлсэн зэрэг мэдээллийг онцоллоо.

Улаанбаатар хот байгуулагдсаны 376 жилийн ой энэ долоо хоногт тохиолоо. 1639 онд Өргөө нэртэй байгуулагдаж байсан нийслэл хот маань өдгөө сая илүү иргэнтэй болж, улсынхаа эдийн засаг, нийгэм, соёлын төв болон цэцэглэн хөгжиж байна. Баярын хүрээнд нийслэлийн тугийг мандуулах ёслол, иргэдийн баярын парад зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тэрчлэн Монгол улс НҮБ-ийн Ерөнхий ассемблэйн 70 дахь чуулганы үеэр явагдсан Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд өрсөлдөн, нийт 172 саналаар буюу хамгийн олон улсын дэмжлэгтэйгээр сонгогдсон нь манай орны олон улсын тавцан дахь нэр хүнд өндөр түвшинд байгааг илтгэсэн үйл явдал боллоо. Манай улс 2016-2018 онд нэр хүнд, цар хүрээгээрээ НҮБ-ийн хамгийн чухал зөвлөлүүдийн нэгт тооцогддог Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажиллана.

24tsag: Нийслэлийн 376 жилийн ой тохиож байна
Gogo: Монгол улс НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Гэрэл зургийг: Ikon.mn

4 өдрийн турш чуулсан Хятадын Коммунист нам 13 дахь удаагийн “5 жилийн төлөвлөгөө”-гөө баталлаа. 2020 он гэхэд 2010 оны ДНБ болон хүн амын орлогыг 2 дахин нугалах “том” зорилт дэвшүүлсэн тэд үүндээ хүрэхийн тулд жил бүрийн эдийн засгийн өсөлтөө 6.5 хувь байлгах шаардлагатай. Интернэтийн хүрэлцээг нэмэгдүүлэх, инновацийг гол зарчим болгох зэрэг хэд хэдэн онцлог зорилтуудаас хамгийн анхаарал татсан нь алдарт “1 хүүхдийн бодлого”-ыг халж, гэр бүлүүдийг 2 хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн явдал байлаа. 1980 онд хүн амын хэт өсөлт болон өрхийн амьдралын түвшинг нэмэгдүүлэх үүднээс нэвтрүүлсэн энэ бодлого анхны зорилгодоо бүрэн хүрсэн ч өдгөө бий болгоод байгаа нөхцөл байдал нь бүр ч аюултай тухай мэргэжилтнүүд анхааруулж байна. Дэлхийн хамгийн их хүн амтай улс хүн амын өсөлтөө сул тавьсан нь 2030 он гэхэд хөдөлмөрийн насны хүн ам 67 саяар буурах, ахмад настнуудын тоо 200 саяар өсөх статистиктай шууд холбоотой билээ. Хятадын гэр бүл төлөвлөлтийн хорооноос мэдээлж байгаагаар дараагийн 12 сард шинээр 1.45 сая төрөлт бүртгэгдэх ажээ.

Ikon: Хятадуудын дийлэнх нь 2 дахь хүүхдийг хүсэхгүй байна
Vox: Яагаад Хятад "нэг хүүхдийн бодлого"-оосоо татгалзав?

Энэ долоо хоногт технологийн салбарын тэргүүлэгчид улирлын санхүүгийн тайлангаа олон нийтэд зарлалаа. Apple Хятадын зах зээлд давамгайлагч хэвээр байж, нийт 48 сая ширхэг iPhone 6 болон 6s борлуулан дээд амжилтаа тогтоосон бол Твиттер хэрэглэгчдийн өсөлт олны таамаглаж байсан хэмжээнд хүрэхгүй байгаа нь тоо баримтаар батлагдсан юм. Google-ийн толгой компани Alphabet 18.68 тэрбумын орлоготой ажилласнаа зарласны дараа нэгж хувьцааны үнэ нь 9 хувиар нэмэгдсэн бол аль хэдийнэ 110 сая төхөөрөмж ашиглаж буй Windows 10-ийн үйлдвэрлэгч Microsoft-ийн нэгж хувьцаанд ноогдох орлого 0.65 доллар болж, шинжээчдийн таамгаас давсан байна.

Bloomberg: Apple-ийн орлого өсөж, 51.5 тэрбумд хүрлээ
Bloomberg: Твиттер 569 сая долларын орлоготой ажиллажээ

Шарм Эл Сэйхээс Санкт Петербургийн чиглэлд нисэж байсан ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоц өчигдөр орон нутгийн цагаар өглөөний 6 цагийн орчимд Синайн хойгт осолджээ. Уг онгоцонд 217 зорчигч (үүний 17 нь бага насны хүүхэд), онгоцны багийн 7 гишүүн, нийт 224 хүн байсан бөгөөд бүгд амь насаа алдсан гэдгийг Египтийн тал баталж байна. Орос иргэдийн хувьд аяллын алдартай бүсүүдийн нэгээс хөөрсөн уг онгоц ердөө 23 минутын дараа удирдлагатай холбоо тасарсан бөгөөд Орос орон ням гарагийг олон нийтийн гашуудлын өдөр болгон зарлажээ. Онгоцны осол нь Оросын Сирид явуулж буй цэргийн ажиллагаа болон ISIS-тэй холбоотой гэх мэдээллийг эх сурвалжууд үгүйсгэж байгаа юм. Одоогийн байдлаар 150 гаруй хүний цогцсыг олж мооргт шилжүүлээд байгаа бөгөөд хар хайрцгийн тусламжтайгаар ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Gogo: Онгоцонд байсан бүх хүн амиа алджээ
Mirror: Оросын онгоц осолдов: Шууд блог

Сагсан бөмбөг сонирхогчдын удтал хүлээсэн NBA-ийн шинэ улирал энэ долоо хоногт нээлтээ хийлээ. Дэлхийн хамгийн их үзэгчтэй, хамгийн өрсөлдөөнтэй лигт зүй ёсоор тооцогдох NBA-ийн 70 дахь улирал Чикаго Буллз болон Кливленд Кавальерс багуудын тоглолтоор эхэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн зочлон сонирхсон уг тоглолтонд талбайн эзэд Леброн Жэймсийн тэргүүлсэн өнгөрсөн улирлын дэд аваргуудыг буулгаж авсан юм. Голден Стэйт аваргаа хамгаалж чадах уу? Леброн аваргын цомоо эргүүлэн авч чадах болов уу? Бүрэлдэхүүнээ илт хүчирхэгжүүлсэн Сан Антонио хэр тоглох бол? Клипперс, Буллз азгүйтлээ цайруулж чадах болов уу? Улирлын MVP, шилдэг рүүки хэн болох бол? Коби болон Лэйкэрс хэр хол явах бол? зэрэг сонирхол татсан олон асуултын хариу 8 сарын дараа тодрох болно. Өө тийм, энэ улирлаас эхлэн Virtual Reality-тэй хэрэглэгчид NextVR-ийн тусламжтайгаар NBA-ийн тоглолтыг шууд үзэж болохоор болсон гэнэ шүү.

Mongolcom: NBA-ийн нээлтэнд АНУ-ын ерөнхийлөгч оролцов
NBA: 70 дахь улирлаас хүлээж буй 70 асуулт

16873   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.