Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   10 сарын 20, 2015

Апп тойм: Spending 2 - Мөнгөө хэмнэ ээ хө

Энэ 7 хоног Блүүмбергийн Анугийн санал болгосон Spending 2 хэмээх апп-ийг тоймлон хүргэж байна. Цаадах чинь Блүүмбергийн тек репортер гэсэндээ өөр юм аа. Орлого зарлагаа хянах, мөнгөө хэмнэх зорилготой энэ апп-ийг баруун солгойгүй хэрэглэдэг бололтой. Үнэхээр ч татаж аваад үзтэл их таалагдав. Ер нь төсөв санхүүгээ хянаж, амьдралдаа хэмнэлт гаргах нь хүн бүхний хүсэл байдаг ч ихэнх хүмүүс тэр болгон тэмдэглээд байж чаддаггүй. Тэгэхээр энэ мэт апп-ийг туршиж үзэх нь зүйтэй байна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Spending 2-ийн тусламжтайгаар та өчигдөр, өнөөдөр, тухайн 7 хоног, тухайн сар, тухайн жилийнхээ орлого зарлагын дүнг хараад хянаад явах боломжтой. Тухайн сарынхаа төсвийг зааж өгөх бөгөөд төсөв дуусахад хэдэн төгрөг үлдсэнийг хамгийн дээд талд нь байнга харуулна. Жилийн эцэст сарын дундаж орлого, зарлагыг чинь гаргаад ирнэ. Тэр тусмаа над шиг хэдэн цаас олдохоор юу юугүй “найрлачих” гээд байдаг хүнд бол их л хэрэгтэй эд юм. Тууштай хэрэглээд байвал дата цугларч, өөрийгөө хэр үрэлгэн, хэр хямгач болохыг, хэр их хөдөлмөрлөх ёстойгоо танин мэдэхэд мөн ч тустай даг шүү.

Юугаараа онцлог, давуу талуудтай вэ?

Валютаа төгрөг болгочихдог нь их догь. Анугийн шүүж үзсэнээр бол мөнгөний менежер аппууд дотроос монгол төгрөг хэрэглэж болдог ганц нь гэсэн.

Хэрэглэхэд хялбар, ойлгоход хэцүү зүйл ер байхгүй. Орлого, зарлагаа нэмэхдээ зураг хавсаргаж болно. Юмыг яаж мэдэхэв гээд худалдан авалтын баримт цуглуулна гэж нэг ярвигтай ажил байдаг, зургийг нь аваад апп-даа хадгалчихвал тийм зовлонгүй болно. Санхүүгээ хөдөлмөр гаргаж хөтөлж хөтөлчихөөд ямар нэг байдлаар алга хийх, устгачих эрсдэлтэй тул Dropbox-оор backup хийж, датагаа хадгалаад байх боломжтой.

Олон project үүсгэх буюу санхүүгээ хэд хэд ангилж болдог. Хувийн юм уу өрхийн хэрэглээний төсвөө хөтлөх гээд байдаг, гэтэл бизнесийн орлого, өр шир орж гараад байвал хэцүүеэ. Би лав тэгэхээр нь хэрэглээний төсөв, ажил хэрэг гэсэн 2 категори үүсгэлээ. Ажил хэргийн шугамаар орлого орж ирэх нь тодорхой боловч өндөр дүнтэй юм уу удахгүй зардал, хөрөнгө оруулалт болох орлогыг ойр зуурын хэрэглээтэйгээ холиод байвал зовлонтой. Тэгээд эдгээр категори тус бүр дээр өөр өөр валют ашиглах, бас тус тусынх нь сарын төсвийг зааж өгч болно. Бас Debt гэсэн хэсэгт нь хүнд мөнгө зээлсэн бол инээд алдан бүртгэх, өөрөө зээлж авсан бол дургүйхэн шиг тэмдэглээд явах боломжтой.

Ямар сул талтай вэ?

Зөвхөн iphone-той хүмүүс л ашиглаж болно. Мөн Анугийн хувьд UI буюу харагдах байдал нь хэт энгийн, хуучны юм шиг санагддаг гэсэн. Би бол хэдэн бор цаасыг минь бүртгэж л байвал нэг их тоохгүй ээ. За тэгээд иймэрхүү апп-д монгол дансаа шууд холбоод, дансны орлого зарлага автоматаар нэмэгддэг бол бүр л тасрахгүй юу. Утсаа улам л ухаажуулж, гар хөлөө аль болох л хөдөлгөхгүй байхыг санаархдаг болсон энэ сэтгэлгээг үү!

Unread-ийн үнэлгээ

7 оноо. Таанууд татаж аваад сайн ухаж төнхөөрэй.

Та уг апп-ийн талаарх санал сэтгэгдлээ бидэнд чөлөөтэй ирүүлээрэй. Мөн энэхүү буланд өөрийн дуртай апп-ийг санал болгох боломжтойг дуулгая.

Татаж авах

33190   14


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.