Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   10 сарын 15, 2015

Мэдүүштэй вэб: CANVA.COM - Та өөрөө дизайнер

Ямар ч мэргэжлийн, ямар ч насны хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог компьютертэй холбоотой асуудал бол дизайн. Хичээл дээрээ танилцуулах цөөн хэдэн слайд ч бай, дарга нартаа үзүүлэх тайлан танилцуулга ч бай, эсвэл зүгээр л фэйсбүүк хуудасдаа оруулах зураг ч байсан график дизайны тодорхой чадварыг шаардах нь бий. Тиймдээ ч сошиал хуудсаараа фотошоп дээр ажиллаж чаддаг хүн сураглаж, чаддаг гэдгийг нь мэддэг найзыгаа гуйсаар хамаг цагаа барах нь энүүхэнд. Тэгвэл та дахиж хэн нэгнийг царайчилж, цаг заваа үрэх шаардлагагүй боллоо. Австралийн Canva хэмээх стартап танд өөрөө өөртөө дизайнер болж, энэ төрлийн асуудлуудаа хялбар байдлаар шийдэх боломжийг олгожээ.

Ийм асуудал надад байнга тулгардаг байлаа. Үнэндээ дизайны мэдрэмжтэй байна гэдэг, чадвартай байна гэдэг над шиг хүнд ахадсан хэрэг байсан нь нууц биш. Гэвч Canva-ийн олгож буй боломж, сонголт, санаанууд миний нүдийг ахин нээх шиг болж, гэнэтхэн их л "бүтээлч", мундаг "мэдрэмжтэй" болгож орхив. (Хэдэн презентэйшнээ Canva дээр хийсний дараа цөөнгүй хүнээс ийм үг сонссон юм шүү :)) ) Тиймдээ ч таны график дизайнтай холбоотой асуудлыг багахан ч гэсэн шийдэж чадна гэж найдан, энэ сайтыг санал болгож байна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

График дизайны хэрэгцээ ямар нэг байдлаар гардаг л бол энэ танд хэрэгтэй сайт. Ердийн хувилбар нь үнэгүй ч саяхан нэвтэрсэн Canva for Work-ийн тусламжтайгаар та сар бүр 9.95 доллар төлөөд багийнхантайгаа ажиллах боломжтой болсон. Мөн хэрхэн сайн дизайнтай загварууд гаргах, хэрхэн Canva дээр бүтээмжтэй ажиллах вэ гэдгийг заах дизайн сургууль гэсэн хэсэг ч бий. 5 сая хэрэглэгч 35 сая загварыг бүтээж, сар бүр энэ тоо тогтмол өсөж байгаад ч гайхах зүйл үгүй. Маркетерууд, оюутнууд, бизнесийнхэн, бүр дизайнерууд өөрсдөө ч ашиглаж байгаа гэх.

Юугаараа онцлог вэ?

Дэндүү хялбар. Ямар ч мэргэжлийн хүн байсан хэрхэн ажилладаг зарчмыг нь богинохон хугацаанд ойлгочихно. Юу хийх гэж байгаагаа л сонгочихвол (танилцуулга, нэрийн хуудас, зурагт хуудас, сошиал медиа контент, фэйсбүүк ковер, урилга гэх мэт олон сонголттой) хэмжээ болон загварт санаа зовох шаардлагагүй. Урьдчилан бэлтгэсэн хэдэн зуун бэлэн загвар, зураг, дүрсээс сонголт хийх, эсвэл түүн дээр үндэслэн өөрөө өөрийнхөө загварыг бэлтгэх боломжтой. Бэлтгэх процесс ч хялбархан, өөрийнхөө нэмэхийг хүсэж буй текст, зураг, лого гэх мэт нэмэгдлүүдийг өрж байрлуулахад л хангалттай.

Ямар сул талтай вэ? 

Хайлтаар илэрсэн зарим зураг, тэмплэйтүүд нь төлбөртэй. Зохиогчийн эрхтэй зурагнууд нь 1 долларын үнэтэй бөгөөд гол асуудал нь таныг дизайнаа гаргаж байхад тэр нь мэдэгдэхгүй ч яг хадгалаад татаж авах гэтэл мөнгө нэхэх нь бий. Үүнээс гадна дизайнуудаа хэтэрхий хайрцагласан нь заримдаа асуудал үүсгэнэ. Хэт бүтээлчээр хандаад, хэт гоёыг сэтгээд хийх гэтэл тэр боломжийг урьдчилан бэлтгэсэн боломжуудаараа хязгаарлачихсан. Бас кириллээр бичиж, монгол фонт ашиглахад төдийлэн тохиромжтой биш.

Unread-ийн үнэлгээ

Өнгөрсөн долоо хоногт 165 сая долларын үнэлгээтэйгээр 15 саяын хөрөнгө оруулалт татсан тэдэнд Unread 8 гэсэн үнэлгээг өгч байна. Мэргэжлийн мэт "харагдах" дизайнтай бүтээл туурвих боломжийг сонирхогчдод олгосон нь талархахгүй байхын аргагүй.

Вэбэд зочлох

Та www.canva.com сайтаар зочлон, дизайны авьяасаа нээгээрэй. Та энэ сайтыг ашиглаж байсан бол өөрийн туршлагаасаа хуваалцаж, мөн ижил төстэй бусад үйлчилгээнүүдийг санал болгоорой.

37035   10


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.