Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   10 сарын 13, 2015

Апп тойм: 60 секунд - Хамтдаа сайхан хөгжилд

60 секунд бол үндсэндээ “Та та тунгаа” юм. Миний болон дээш үеийнхэн эрхбиш мэдэх байх аа. Харин одооны хүүхдүүд сайн мэдэхгүй байж болох юм. 90-ээд оны ТВ-ийн хийт нэвтрүүлэг байлаа шүү дээ. Өгөгдсөн үгийг үйл хөдлөлөөр юм уу үг хэлээр таалгадаг цэнгээнт нэвтрүүлэг. Таахгүй хадуурч давхиад байвал Өлзийхүү шиг "Көкөөтэй мэдрэл юм бэ” гээд сууж байдаг тийм тоглоом. Хэрэглээнд нэвтрээд нэлээд удаж буй энэ тоглоомыг Ulaangil.com and Muzzy нэртэй хөгжүүлэгч зохиожээ.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Найз нөхөд, хамт олноороо цугласан хүмүүс цагийг хөгжилтэй өнгөрөөе гэвэл “60 секунд”-ийг тоглууштай. 60 секундэд багтаж хэдэн үг таалгах буюу таахаа, хэн нь илүү овсгоо самбаатайгаа сорих боломжтой. 2 хүн ч гэсэн “нэгийгээ үзэж” болох юм шүү. Одоогоор амьтан, спорт, 90 он, дэлхийн брэнд, багачууд, монгол кино, монгол дуу, хөдөлцгөөе гэсэн 8 сэдэв, нийт 1600 гаруй үгийн нөөцтэй байна.

Юугаараа онцлог, давуу талтай вэ?

Хэрэглэхэд их хялбар. Гарч ирсэн үгийг таавал утсаа урагш нь тонгойлгож босгоод дараагийн үгийг гаргана. Алгасъя гэвэл утсаа арагш нь тонгойлгоод босгоно. Зарим сэдвийг зөвхөн үйл хөдлөлөөр, монгол дуу сэдвийг аяаар нь, монгол киног хэсгээс нь жүжигчлэх байдлаар гэх мэтчилэн сэдэв бүрийг янз янзаар таалгаж болох нь их сонирхолтой. Үйл хөдлөлөөр таалгана гэж байгааг нь ч үг хэлээр тайлбарлан таалгахад болохгүй зүйлгүй. Тэгээд мэдээж хамгийн гол нь маш хөгжилтэй, маш зугаатай эд дээ.

Ямар сул талтай вэ?

Хэд хэд тоглоод ирэхээр үг давтагдаж гарч ирээд байдаг талтай. Үгийн нөөцөө арвитгах хэрэгтэй ч шинэчлэл хийгээгүй удаж байгаа юм билээ. Уг нь сонирхолтой сэдвүүдийг нэмээд нэмээд явчихвал ч… Дуу хөгжим тавьдаг болчихвол чихэвчээ зүүгээд, нөгөө аль телевизийн билээ, уруулын хөдөлгөөн уншиж таадаг цэнгээнт нэвтрүүлгийг хийчих ч боломжтой мэт.

За бас тэр “90-ээд он” гэсэн аминчхан сэдэв байгаа. Үгнүүд нь хөгжилтэй ч юм шиг, хүнд ч юм шиг. “Охидын левчигийг араас нь татах”, "подвальд кино үзэх” гэх мэтээр явж байснаа "люкс гутлын тос” гээд гараад ирнэ шүү дээ, хаха. Өөрийн үеэрээ ингэж сүрхий түрүү барьж байгаа юм бол 2000-аад он, 2010-аад он гээд оруулчихвал бүр сонирхолтой мэт. 2000-аад онд ид тэнэж байсан маниус бол “контор страйк” гээд таавал их зугаатай байна даа.

Unread-ийн үнэлгээ

6 оноо. 60 секундийг гэхдээ илүү гоё болгож сайжруулах боломж их бий.

Та энэхүү апп-ийн талаарх санал сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай. Өөр сонирхолтой апп-уудыг мөн editor@unread.today хаягаар санал болгох боломжтойг дуулгая.

Татаж авах

41420   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.