Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   10 сарын 12, 2015

Онцлох бизнес: AIM4R Dance Studio - Сэтгэлгээний хувьсгалд тэмүүл

Энэ 7 хоногийн онцлох бизнес бол Aim4r бүжгийн студи. Энэ үг нь Aim for Revolution үгийн товчлол бөгөөд залуусын сэтгэлгээнд хувьсгал хийхийг бэлгэдэж ийн нэрийдсэн гэдэг. Үүсгэн байгуулагч Саруултөгс буюу Төөгөөг өдгөө танихгүй залуус цөөн. Залуусыг үргэлж сайн сайханд, хүссэн зорьсон зүйлдээ тууштай байхыг уриалдаг тэрбээр бүжгийн студийнхээ тухай олон сонирхолтой зүйл ярьсныг таалан сонирхоно уу.

Бизнесийн нэр: AIM4R DANCE STUDIO
Хаяг: 13-р хорооллын автобусны буудлын Голомт банктай байр, урд талын хаалга
Үйл ажиллагааны чиглэл: Орчин үеийн гудамжны бүжгийн сургалт, бүжгийн ивэнтүүд, үйл ажиллагаанууд, энтертэйнмент бизнес
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2011 оны 9-р сар
Үүсгэн байгуулагч: Т.Саруултөгс
Томоохон харилцагчид: Юнител групп, Punch брэнд, Mint Club, B Production, Л.Балхжав, Цэлмүүн, Sweety motion, 3 охин
Ажилтны тоо: 18
Facebook page: Aim4r Dance Studio

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Анх 11-р ангид сургуулийнхаа урлагийн үзлэгт ороод, сайн бүжиглэж чадсандаа их урамшиж байлаа. Дараа нь 1 сар бүжгийн сургалтанд явж, NTV-ийн “Би бүжиглэж чадна” шоунд хүч сорьж, 250 хүнээс 7-д орсноор өөрийнхөө багагүй авьяас чадвартайг мэдсэн гэхэд болно. Тэгээд Солонгос, Япон явж сурахдаа бүжгээ орхиогүй.

Ингээд 2011 онд Монголдоо эргэж ирээд чаддаг зүйлээ бусдад заахыг зорьсон доо. Ирээд нэг анзаарсан зүйл бол олон залуус хүсэл сонирхолтой зүйлээ үргэлжлүүлж чадахгүй байсан. Тэдэнд орчин тойрон нь нөлөөлж, хүсээгүй сонголтуудыг хийлгэж байсан. Энэ байдлыг өөрчлөхийг зорьж, өнөөг хүртэл 4000-5000 залуучуудад бүжиг заажээ. Ер нь залууст зөвхөн бүжиг заах биш, бүх л зүйлээр олон улсын түвшинд өрсөлдөх сэтгэхүйг суулгаж өгөхийг зорилгоо болгодог.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Анх ээжээсээ мөнгө гуйж, 180 мянгаар 3 толь авч байлаа. Одоогийн энэ байрны нэлээд хэсэг нь гарааш байсан.

Танайх бусдаасаа юугаараа өөр, давуу талуудтай вэ?

Би өөрөө олон улсын сургалтад явдаг гарын 5 хуруунд багтах бүжигчдийн нэг. Манайх 5 шатлал бүхий сургалтын системтэй. 1-р шат нь гэхэд өглөө, өдөр, орой гэсэн 3 ангитай, дээшлэх тусмаа шалгуур өндөрсдөг. Зүгээр савсганадаг биш олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц чадварлаг бүжигчдийг гаргаж ирэхийн төлөө, шалгарсан залуустаа бүжгээр амьдрах боломжийг бүрдүүлж өгөхийн төлөө зүтгэдэг. Сүүлийн нэг жилийн хугацаанд багагүй тооны залуус гудамжны бүжгээр амьдаръя гэсэн маш том шийдвэрийг гаргаад хамтдаа хичээгээд явж байна.

Эхэн үед гудамжны бүжиг гэхээр хүмүүс үл тоомсорлодог байсан тул энэ байрандаа олон сая төгрөгийн засвар хийж, хэмжээг нь томруулсан. Хүүхдүүд аав ээжээсээ нууж явдаг байсан бол одоо 100 хувь тэднийхээ зөвшөөрлийг авдаг. Сургалтын байраа аав ээжид нь үзүүлэхэд бардам болсон. Одоо бол би хүүхэдтэй гэхээс илүү аав ээжүүдтэй нь харилцдаг. Бүжиг бол зүгээр л хөдөлгөөн биш боловсрол, орчин үеийн урлаг. Үүнтэй хөл нийлүүлэхийг хүсэж буй бүх хүүхэд залууст манай хаалга нээлттэй.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Aim4r гэдэг нэрийг зөвхөн бүжгийн студи бус, залуучуудын төлөөлөл болсон том брэнд болгохоор ажиллаж байна. Тэгэхээр олон салбар луу өргөжинө гэсэн үг.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ? 

Олон улсын түвшинд, бүтээлч сэтгэлгээгээр. Монгол бүжигчдийг Ази, Америк, Европын бүжигчидтэй харьцуулахад сэтгэлгээний хувьд хоцорсон байдаг. Манай залуучууд дотогшоо, би чадна гэсэн итгэлтэй байдаггүй. Тийм ч учраас загнуулж байж юмыг сайн хийдэг талтай. Тэгэхээр тэднийг өөртөө итгэлтэй болгож, сэтгэлгээнд нь хувьсгал хийх нь чухал.

Хийж буй ажлынхаа эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талуудаас дурдана уу?

Надаас болон манай багш нараас сертификат, диплом нэхэх үзэгдэл их байдаг. Хүүхдүүдээс багшийг чинь харъя гэнэ. Гэвч гудамжны бүжгийн урлагт диплом байтугай их сургууль гэдэг зүйл байдаггүй, миний ертөнцийг болон авьяас чадварыг сайн муу гэж цаасаар үнэлэх боломжгүй.

Эерэг сайн тал нь гэвэл, орчин үеийн бүжгээр дамжуулан залуусыг их хотын соёлд хэлбэр бус агуулга талаас нь түрүүлж сургаж байна гэж итгэдэг.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамжаасаа бидэнтэй хуваалцана уу?

Эргэж байгаа хүрдний дотор оролгүй цоо шинэ хүрдийг шинээр эргүүлэх нь хэцүү байсан. Өөр юунд ч цаг зарцуулж чадахааргүй их цаг зарцуулдаг, сэтгэлийн хат их шаарддаг. Эхэн үедээ сэтгэлээр нэлээн унадаг байлаа. Монголд үнэлэгдэхгүй байгаа бүжигчдийг гадаадад очихоор үнэхээр мундаг байна гэцгээдэг. Тэгэхээр асуудал бидний эргэн тойронд байж таардаг. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх нь үнэхээр хүч шавхдаг юм билээ. Харин нэг юм руу орохоороо 100 хувь төвлөрч чаддаг нь миний давуу тал юм шиг байгаа юм.

Мөн траншейны тагийг 25 мянгаар зарж, золбин нохойг вьетнамчуудад 35 мянгаар зараад олсон мөнгөөрөө сургалтанд суух гэж ирж байгаа залууг харах, хүсээгүй зүйлээ хүний үгээр мэргэжил болгон сонгож байгааг хүүхдүүдийг харах нь надад хамгийн хэцүү байсан.

Хамгийн амжилттай болсон уран бүтээлийнхээ талаар ярина уу? 

Дуучин Цэлмүүний “Хайрласан болохоор” гэдэг клипийг нэрлэнэ. 50 орчим бүжигчний бүжиглэж байгааг клипний бүхий л хугацаанд харуулдаг. Youtube дэх видеонуудынх нь үзэлтийг нэмбэл 1 сая гарсан байна лээ.

Танай сургалтанд хэдэн насны хүүхэд залуучууд явдаг вэ? Жилд ойролцоогоор хэдэн хүүхэд залуусыг сургаж байна?

Дийлэнх нь 13-24 насныхан. Гадаад залуучууд ч бас цөөнгүй явдаг. Жилдээ давтагдсан тоогоор 1000 орчим залуусыг сургаж байна. Хамгийн сонирхолтой нь энэ тоо жил ирэх тутам өсөж байгаа. Зарим шилдэг сурагч маань багш болдог. Багш нараа бид чадвар, төлөвшил, итгэл үнэмшлээр нь сонгож авдаг даа. Гэрээт багш нар бас бий.

Aim4r-ийнхангүй шоу, реклам сүүлийн үед цөөхөн болсон. Үүний нууц нь юу вэ?

Бид найдвартай, итгэлтэй түнш болж чаддагийнх байх. Бас хамгийн гол нь бид ширээн дээр үргэлж шинэ зүйлийг тавьж чаддаг. Давтагддаггүй. Энэ нь биднийг өөр түвшинд харагдуулдаг болов уу. Тэрнээс биш тусдаа маркетингийн алба гээд байх юм байдаггүй.

Aim4r-аар сүүлийн үеийн сонин сайхан юу байна?

Бид Aim4r сан гэж байгуулсан. Туслалцаа хэрэгтэй хэн бүхэнд сангаараа дамжуулан туслах зорилготой. Одоогоор Сарнайцэцэг хэмээх 3 сартай, зүрхний өвчтэй охины хагалгаанд шаардлагатай 80 сая төгрөгийг босгохын төлөө Aim4r Dance Challenge-ийг санаачлаад байна.

Мөн бид асрамжийн газрын хүүхдүүдэд зориулан тусгай анги гарган хичээллүүлж байгаа. Дани улсад явж байхдаа ийм зүйл байж болохыг харсан юм. Тэнд асрамжийн газрын болон нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд бүжгээр дамжуулан ерөнхий боловсрол олгох хичээлүүдийг нь илүү сонирхолтой байдлаар оруулдаг эерэг үр дүн бүхий сургалтын систем байж болохыг олж харсан. Монголд энэ маань хэрэгжиж эхэлснээр тэдгээр хүүхдүүдийн асрамжийн төвөөсөө оргох, хичээл таслах нь багасаж, хүүхдүүдэд маань асрамжын газруудын хооронд болдог бүжгийн тэмцээнд түрүүлнэ гэсэн зорилго хүртэл гарч ирж байна.

Уран бүтээлийн хувьд гэвэл B production-той хамтраад “Туйлаас дээгүүр” нэртэй, эмэгтэй шилдэг бүжигчдийг шалгарах реалити шоуг зохион байгуулахаар ажиллаж байна.

Гэрэл зургийг Д.Ганзул

42091   16


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.