Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 09, 2015

Startup Istanbul: Онцлох 10 стартап

Евроазийн бүс нутгийн стартапуудын хамгийн том цугларалт хэмээх тодотголтой Startup Istanbul энэ долоо хоногт болж өнгөрлөө. Дэлхийн 78 орны шилдэг стартапуудаас тодорхой шалгууруудаар шигшигдэж үлдсэн 100 стартап компани, технологийн салбарт ажиллаж буй хөрөнгө оруулагчид, компаниудын төлөөлөл болсон нийт 1500 гаруй оролцогч бүхий энэхүү арга хэмжээнд Unread албан ёсоор оролцоод ирлээ. Бид та бүхэнд цувралаар хүрэх нийтлэлүүдийнхээ эхэнд Startup Istanbul-ийн онцлох 10 гарааны бизнесийг танилцуулж байна.

Security Wall (Пакистан)

Бабар Хан хэмээх 16 настай хүүгийн жилийн өмнө үүсгэн байгуулсан интернетийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч Security Wall танай компанийн системийн бүх цоорхойг илрүүлж, нэг ч хакерын довтолгоонд өртүүлэхгүй хамгаалж чадна хэмээн амлаж байна. Аль хэдийнэ Microsoft, Adobe, Ebay, Oracle зэрэг том харилцагчидтай болсон уг стартапыг үүсгэн байгуулагчид бүгд мэргэжлийн хакерууд гэнэ. 1000 гаруй компанийн системийн алдааг илрүүлж, ихэнхийг нь хэрхэн засах талаар захиалга өгсөн гэх Security Wall Истанбулаас 150 мянган долларын хөрөнгө оруулалттай буцжээ.

Expensya (Тунис)

Зардал тооцоолол, түүний хяналтын асуудлыг шийдэх зорилго бүхий Expensya хэрэглэхэд маш хялбар байдлаараа анхаарал татаж байв. Та ямар нэгэн зардлын баримтынхаа зургийг тусгай нэмэлтийн тусламжтайгаар скандаж, апп руу илгээхэд тэд таны өмнөөс уг зардлыг тохирох данс руу бүртгэн, зардлын тайланд тусгачихна. Та өдөр тутмын, долоо хоногийн, сарын гэх мэтээр тайлан статистикийн мэдээллийг авах боломжтой бөгөөд нягтлан бодох бүртгэгчтэй тань шууд холбогдож, ажлын ачааллыг шууд хөнгөвчлөх боломжтой юм. Зүгээр л баримтаа илгээ, бусдыг нь бид хариуцна гэх уг стартапыг Microsoft-д ажиллаж байсан инженер үүсгэн байгуулжээ.

iGrow (Индонез)

Үүлэн фермийн аж ахуй хэмээн өөрсдийгөө тодорхойлсон iGrow-ийн залуус танд газар, мэдлэг, цаг зав байхгүй байсан ч газар тариалан эрхлэх боломжийг олгох болно. Нэг талаас туршлагатай фермерүүд, нөгөө талаас хөрөнгө оруулагч-ивээн тэтгэгчид. Та мөнгөө фермерүүдэд өгч, тэд танд олсон ашгаасаа хуваалцах болно. Зөвхөн мод тарих, ногоон байгалийг цогцлоох зорилготой эхэлсэн энэ бизнес өдгөө өргөжиж, газар тариалангийн бүхий л салбар луу орсон бөгөөд зүүн өмнөд Азийн хэд хэдэн оронд салбараа нээхээр ажиллаж байгаа гэнэ. “Startup Istanbul”-д тэд 2-р байрт орсон нь санамсаргүй хэрэг биш байлаа. Ташрамд дурдахад тэд өнгөрсөн жилийн сүүлээр болсон Tech in Asia-ийн Startup Asia-д түрүүлээд байсан юм.

Seyhata (Казахстан)

Аяллаар явахаар бэлтгэж буй хүмүүст зориулсан олон төрлийн апп, үйлчилгээнүүд байдаг. Гэхдээ Алматыгийн залуус тэднээс эсрэгээр буюу өөрийн төсөвтөө тааруулж аяллаа төлөвлөх боломжийг олгосноороо ялгарч чаджээ. Та хаашаа явахаа, мөн хэр их хэмжээний мөнгө үрэхээ оруулахад Seyhata таны зардалд тааруулан байр, хоол, унаа, үзвэрүүдийг санал болгох болно. Hotels.com, Booking.com, Expedia.com-оос мэдээллээ татаж буй учир найдвартай байдалд нь ч эргэлзэх хэрэггүй. Аялахад бүр амар болсон байгаа биз?

Welcome (Грек)

Seyhata танд аяллаа урьдчилан төлөвлөх боломжийг олгосон бол Welcome таны жинхэнэ аяллын хөтөч байх болно хэмээн амлаж байна. Онгоцны буудал дээрээс угтан авах үйлчилгээнээс эхлээд дотоодод хэрэглэх автобус, музейн тасалбар, хямдралын карт авч өгөх, зөвхөн нутгийнхны мэдэх онцгой газруудыг санал болгох гээд “нандин” үйлчилгээнүүдийг та “аяллын найз” гэж нэрлэсэн жолоочийнхоо тусламжтайгаар авах боломжтой. Байнга хамт явахаас залхаад байвал утасны апп-аараа чатлаад ч явж болно гэнэ. Welcome зөвхөн өнгөрсөн долоо хоногт 32 улсын 400 гаруй аялагчийг угтан авчээ.

WePress (Турк)

Нутгийнхаа стартапуудаас цор ганцаараа Startup Istanbul-ийн финалд шалгарсан WePress хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хэн бүхэнд дэлхийн өнцөг булан бүрээс мэдээллийг ухаалгаар, маш хурдтайгаар авах боломжийг олгосон юм. Нэг талд редактор, продюсерууд, нөгөө талд сэтгүүлчид, freelancer-ууд. Та өөрийн бүс нутагт болсон онцлох мэдээ болон өөрийн бэлтгэсэн нийтлэл, сурвалжилгуудыг BBC, Al Jazeera-д борлуулах боломжтой боллоо гэсэн үг. Зурагчид, орчуулагчид, операторууд гээд хэн ч байсан нээлттэй. Тэд аль хэдийнэ Дубайгаас эхний шатны хөрөнгө оруулалтаа авч, 530 мянган долларын борлуулалтыг 3 сарын дотор хийгээд амжжээ.

GamingBattleGround (Хорват)

Интернетийн хамгийн хурдтай хөгжиж буй салбар (бас хэзээ ч саарахгүй) болох видео тоглоомын зах зээл дээрх онлайн тоглоомчдод зориулсан GamingBattleGround албан ёсоор нээгдээгүй байгаа ч Истанбулд олон хүний анхаарлыг татаж байлаа. Дота, CS, LOL зэрэг өргөн тархсан аль ч тоглоомын тоглогч байлаа гэсэн, тэд танд өөрийн гэсэн тэмцээнийг зохиох, мөн тэмцээнд оролцон түүнээсээ ашиг хүртэх боломжийг олгож байна. Урьдчилан бэлтгэсэн тэмцээн зохиох платформ, түүнийг олон нийтэд хүргэх суваг, мөн ашиг хуваах зарчим. Зөвхөн сонирхогчид руу чиглэснээрээ бусдаас ялгарч бус тус стартыг үүсгэн байгуулагчид нь нийлээд онлайн тоглоомын 70 жилийн туршлагатай бөгөөд аль хэдийнэ 30 гаруй тэмцээн зохиох захиалга аван, 4000 гаруй тамирчдыг нэгтгээд байгаа гэнэ.

SocialDice (Палестин)

Хамгийн чадвартай бөгөөд тохиромжтой хүнийг ажилд авах ухаалаг шийдлийг Палестин залуус танилцуулж байна. SocialDice дээр урьдчилан бэлтгэсэн ажлын байрны тодорхойлолтууд болоод зарын темплэйтийг сонгоход тэд таны өмнөөс бүх томоохон платформууд дээр таны зарыг цацаж, нэр дэвшигчдийн мэдээллийг цуглуулах болно. Үүгээр ч зогсохгүй нэр дэвшигчдийг тусгай алгоритмын тусламжтайгаар чансаалан, уулзалтанд урих, гэрээ байгуулах үйл явцад тань хүртэл тусална. Истанбулд эхний шатны хөрөнгө оруулалтаа амжилттай татсан тэд 11-р сард Дубайд салбараа нээж, одоогоорх хамгийн их хэрэглэгчтэй байгаа Арабын хойгийн орнууд руу анхаарлаа бүрэн чиглүүлэхээр төлөвлөж байна.

Taskulu (Иран)

Slack + Trello = Taskulu! Startup Istanbul-д 3-р байрт шалгарсан төслийн менежментийн энэхүү апп танд өөрийн багийн гишүүдийг хариуцаж авсан үүрэг, хийх ажлын жагсаалт дээр үндэслэн ажлаа төлөвлөх боломжийг олгоно. Илүү хялбар удирдлага, илүү хялбар харилцааг амлаж буй тэд аль хэдийнэ 13 мянган хэрэглэгчтэй болоод байгаагийн 60 хувь нь гадаадын орноос бүртгүүлсэн ажээ. Истанбулд тэд Туркийн хамгийн том инкубатор Etohum-д орох эрхтэй болж, тэднээс эхний шатны хөрөнгө оруулалтаа татах болсон юм.

Nims (Кени)

Startup Istanbul-ийн хамгийн шилдэг гарааны бизнесээр шалгарсан Nims мобайл төлбөр тооцоог тэр чигт нь өөрчилж, хамгийн хялбараар хийгээд хамгийн найдвартайгаар шилжүүлэг хийх боломжийг олгох төлөвлөгөөтэй. Албан байгууллагуудад ажилчдынхаа цалинг хамгийн хурднаар шилжүүлэх боломжийг олгох үндсэн зорилготой энэ апп нээгдээд ганцхан сар болж буй ч 10 компанийн 550 орчим ажилчдыг үйлчилгээндээ хамруулаад байгаа ажээ. Кенийн нийт хөдөлмөрийн зах зээлд ажиллагсдын 55 хувь нь ямар нэгэн банкны дансгүй байдаг тул цалин авах процесс ихэд удаан, хүнд сурталтай байдгийг арилгаж чадна хэмээн тэд амлаж байна. Тэдний дараагийн зорилго Африкийг эзлэх!

Та Startup Istanbul арга хэмжээний талаар эндээс дэлгэрэнгүй уншиж үзээрэй. Шилдэг 100 стартапын талаар нэгдсэн мэдээллийг эндээс үзэх боломжтой.

34526   8


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.