Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   10 сарын 05, 2015

Онцлох бизнес: Rock Sugar - Тохилог газар тухал

Rock Sugar-т ороход яагаад ч юм нэг л таатай мэдрэмж төрдөг. Тек-нд дээр хүмүүс бужигнаад л, энд ч залуус шаагилдаад, тэнд ч настайвар хүмүүс суучихсан хөхрөлдөж байдаг. Захирал залуу нь өөрөө коктейлио найруулаад л, орж очсон нэгнийг хэдийнэ таньчихсан “Сайн уу” л гэж байх. Дийлэнх газрууд шиг амьд хөгжим нүргэлээд байхгүй нь нэг талаараа зүгээр ч юм шиг. Яг нэг тийм газар гээд хэлчихье гэхээр ер нь л ямар нэг хайрцганд орохгүй шинжтэй. Лоунж гэж нэрлэх хэцүү, хүмүүс их захиалж уудаг ч пивоны газар гэж нэрлэмгүй, зүгээр л ресторан гэхэд арай даруудмаар. Ийм л болохоор олон төрлийн хүмүүс цуглах дуртай юм болов уу? Unread үүний хариултыг авах гэж хичээв.

Бизнесийн нэр: Rock Sugar
Хаяг: Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд, Зиг Загийн хойно
Үйл ажиллагааны чиглэл: Ресторан
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2012 оны 12-р сар
Үүсгэн байгуулагч: Б.Бадрал
Ажилтны тоо: 40
Facebook page: Rock Sugar

Зүүн гараас: ерөнхий менежер Ш.Ундрахбаяр, үүсгэн байгуулагч, захирал Б.Бадрал


Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Б.Бадрал: Багаасаа хоол хийх дуртай байсан минь энэ бизнесийг эхлүүлэхэд хөтөлсөн. Би гэрийнхээ хоолыг 10 жил төгстөлөө л хийсэн дээ. Мөн Бээжинд сурч байхдаа гадаад оюутнуудын соёлын өдөрлөгийн үеэр болдог хоол хийх тэмцээнд 2 ч удаа орж, хоёуланд нь дэд байр эзэлж байлаа. 600-гаад оюутан, тэр дундаа дандаа хоолны ангийн оюутнууд оролцдог тийм тэмцээн юм. Би аялал жуулчлалын анги хэрнээ л сайн “үздэг” байлаа. Дээр нь сайн л эрхэлж чадвал хоолны бизнес хэзээ ч моодноос гарахгүй гэдэг нь мэдээж нөлөөлсөн.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Гэр бүлийн хуримтлал, тэгээд банкны зээл. Тухайн үед эдийн засгийн байдал боломжийн сайн байсан болохоор бизнес эхлүүлэхэд дөхөм болсон. Анх энэ том заалтай барилга нь л ашиглалтад орж байлаа. Хажуугийн вип өрөөтэй 2 давхар нь сүүлд баригдсан юм.

Танай бусдаас ялгарах онцлог, давуу талууд?

Бид нээгдсэн цагаасаа коктейлийг ямар стандартаар хийдэг вэ, яг л тэрийг барьсан. Олон орцны нэг нь дутахад л бид энэ коктейл гарахгүй гэж хэлдэг. Товчоор хэлбэл бид коктейлийг монголчилдоггүй. Коктейлд маань дуртай хүмүүс 3 жил манайхаар тасралтгүй үйлчлүүлж байна. Ер нь тэгээд ганц коктейл гэлтгүй бүх л бүтээгдэхүүнийхээ орц, чанар дээр их анхаардаг даа. Түүхий эдээ бэлдэх, шинэхнээр нь хүргэх тал дээр хяналт сайн тавьдаг.

Үнийн тал дээр зэрэглэл ойролцоо газруудтай харьцуулахад арай хямд үнэ санал болгодог гэж боддог. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нэг л үнээрээ явж байгаад сая л жаахан өөрчлөлт орлоо.

Түүнчлэн манай нэг давуу тал бол хүлээн авалт, элдэв ёслолын арга хэмжээ зохион байгуулах гэж, бас баярын үеэр хаалгаа барьдаггүй. Уг нь хүлээн авалт авах ашигтай ч үйлчлүүлэгчдийн маань өмнө Rock Sugar-ийн хаалга үргэлж нээлттэй байгаасай гэж хүсдэг.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Одоогийн зорилго бол дахин нэг салбар нээх. Тэгээд 2 салбараа сайн ажиллуулах. Бид энэ бизнест ороод тийм ч их удаагүй байна. Одоо л юм юмыг ойлгож байна. Тийм болохоор учиргүй олон салбар нээнэ, дагавар бизнесүүд эхлүүлнэ гэж зорихгүй. Урдах ажлаа чанартай сайн хийж байвал аяндаа сайхан боломжууд бий болох нь ойлгомжтой. Ер нь ажиллагсдадаа өмнөхөө сайн хий, сэтгэлээсээ хий л гэж зөвлөдөг дөө.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Ш.Ундрахбаяр: Үйлчилгээний чанар бол ойлгомжтой. За тэгээд нэг маш чухалчилдаг зүйл бол үйлчлүүлэгчдэдээ халуун дулаан сэтгэгдэл төрүүлэх, амьд харилцаа үүсгэх. Тиймдээ ч бид хоёр үе үе өөрсдөө тек-нийхээ ард байж, бармен хийдэг. Үйлчлүүлэгчдэд маань манайд орж ирээд бидэнтэй мэндэлж, бас хэдийнэ танил болсон зөөгч нараа нэрээр нь дуудахад таатай байдаг. Ажилтнууд маань ч хурдан хурдан солигдоод байдаггүй нь үйлчлүүлэгчдэд танил дотно газраа ирсэн мэт мэдрэмж төрүүлэхэд чухал үүрэгтэй байдаг байх. Ер нь анх бүрдүүлсэн баг маань хэвээрээ шахам, 25-26 хүн 3 дахь жилдээ ажиллаж байгаа нь Rock Sugar гэдэг газрыг их аятайхан орчин байлгахад их нөлөөлдөг гэж боддог шүү.

Рестораны бизнес эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талуудаас хуваалцаач?

Хүмүүсийн сэтгэлд хүрсэн, сайн чанарын бүтээгдэхүүнээр үйлчилж, сайшаал магтаал сонсох нь их сайхан байдаг. Дурлалт хосууд, ангийн найзууд, ажлын хамт олон манайд цугларч, нарийн наднин үгсээ хэлэлцэж, цагийг хөгжилтэй зугаатай өнгөрөөнө гэдэг сайхан хэрэг. Тэр хэрээр бид олон найз нөхөдтэй болж, амьдрал маань улам баялаг болдог.

Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл, рестораны бизнес өөрөө тун амаргүй. Хүмүүс бол амархан гэж боддог шиг байгаа юм. Нэг сайн тогооч аваад л, архи дарс нугалж зараад л, ихээхэн ашиг олно гэж боддог. Гадаадад ресторанд ажиллаж байсан хүмүүс Монголд ирээд их зардлаар ресторан нээж, тэнд идэж ууж байсан зүйлсээ яг хэвээр нь үйлдвэрлэх юм шиг санадаг. Гэвч манайх одоохондоо юм юмаараа тэр жишигт хүрэх арай л болоогүй байгаа.

Манайх жишээ нь 9 тогоочтой, 3 нь ахлах. Олон зөөгч, бармен бий. Бүгд л мэргэжлийн ур чадвар шаарддаг ажлын байрууд. Тэгэхээр хүний нөөцийн хувьд гэхэд л овоо том компанитай дүйнэ. Дэлгүүр, супермаркет зэргийг бодвол бүтээгдэхүүнүүд нь бүгд л олон орцоос бүтдэг болохоор санхүүгийн бүтэц бол хавьгүй данхар, ярвигтай байх жишээтэй. Коктейл гэхэд л 7-8 бараанаас бүтнэ шүү дээ. Их л ажиллагаатай бизнес дээ.

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамжаасаа бидэнтэй хуваалцана уу?

Ш.Ундрахбаяр: Ресторанаа шинээр нээчихээд эхний 2-3 сар хэцүү байсан шүү, хүн орж ирэхгүй. Бид ширээ сандал, хана туургаа арчаад л (инээв).

Б.Бадрал: Хамт олон бүрдэх хүртэлх үе амаргүй байсан. Бие биеэ ойлгож харилцан найрсаж ажиллах үе иртэл гэсэн үг. Рестораны бизнест багийн тоглолт маш чухал. Нэг орой 120-130 хүнд хүрч үйлчлэх хэрэг гарна. 170, 180 хүрэх нь ч бий. Ер нь жинхэнэ утгаараа баг болж ажиллана гэдэг ямар ч бизнест чухал гэж боддог.

Хамгийн амжилттай бүтээгдэхүүнээ нэрлээч?

Хүн хүүхдүүдээ алаг үздэггүй шиг тэрийг нь гэж онцгойлоход хэцүү юм (инээв). Хамгийн их захиалга авдаг нь гэвэл, коктейлуудаас Long Island, хоолноос бол бургер, пизза л болов уу.

Rock Sugar нээгдээд удаагүй л хүмүүсийн дунд, ялангуяа залуусын дунд их нэртэй болсон. Одоо ч тэр байдлаа алдаагүй гэж боддог. Амжилтын нууц нь юундаа байв?

Нууц ч юу байхав. Анх нээлтээ хийчихээд өдөр бүр ширээгээ арчиж, шилэн эдлэлээ дахин дахин угаагаад л үйлчлүүлэгчдээ хүлээдэг байлаа. Гэтэл нээгдээд 3 сар болсны дараа нэг баасан гарагт гэнэт бүх ширээ дүүрсэн. Бид тийм юм болно гэж санаа ч үгүй байсан учраас бэлтгэл муу, цөөхүүлхнээ байлаа. Тэр өдөр ёстой л бараг уйлж билээ. Түүнээс хойш бид ч олуулаа болж, үйлчлүүлэгчид ч олноор ирэх болсон доо.

Одоо эргээд бодоход, хүмүүст хурдан танил болоход Rock Sugar гэсэн нэр маань нэлээн нөлөөлсөн байх гэж санадаг. “Рок юу билээ?”, “Танайхыг чинь рокуудын газар юм байх гэсэн, үгүй юм байна ш дээ” гэж ярьдаг хүмүүс олон байсан. Рок Сугар, Рок Шовгор гээд л хүссэнээрээ дуудна (инээв). Уул нь мөсөн чихэр гэх хөөрхөн утгатай юм шүү дээ.

За тэгээд манай дотоод засал, бас бид залуу хүмүүс болохоор уян хатан цагаар, махруу ажилладаг байсан нь үйлчлүүлэгчдийн тоо өсөхөд нөлөөлсөн байх. Гэхдээ хамгийн гол нь коктейлийн чанар, хоолны амтанд байсан гэдэгт итгэдэг.

Эцэст нь, Rock Sugar-той холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл?

Саяхан менюгээ шинэчилж, хүмүүсийн хүсэн хүлээдэг нэр төрлүүдийг нэмсэн. Мэдээж захиалдаггүй зүйлсийг хассан. Танай уншигчдыг манай шинэ менютэй танилцаарай гэж урих байна.

Гэрэл зургийг Д.Ганзул

34518   13


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.