Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   10 сарын 01, 2015

Мэдүүштэй вэб: WeTransfer.com – Хэмжээ хамаагүй имэйлд

Саяхан, саяхан ч гэж бараг өчигдөр нэг "нүгэлтэй" явдал тохиолдсон нь энэхүү нийтлэлийг бичих сэдлийг өгсөн гэхэд болно. Ажлыг гялалзуулаад л ийш тийш нь баруун солгойгүй имэйл чулуудаад л, нүүрэндээ баясал, чухал царай хоёрыг хослууланхан сууж байгаад 300MB файл солилцох гэсэн биш муухай бүдэрч, эгц урагшаагаа харуулдаж унаад өглөө хүртэл байрандаа хөдлөлгүй хэвтэв. Бөх хүн бүдүүнд өвсөнд гэдэг чинь л боллоо. Бараг шөнөжин арга чарга хайж бөөнөөрөө түнтэгнээд амжилт ололгүй маргааш өглөө нь биечлэн очиж хуулж авсан гэж байгаа. За үг олдож үхэр холдох нь, гол юмандаа оръё.

Том хэмжээтэй файлыг имэйлээр солилцох гэдэг хаа сайгүй, хэн хүнгүй тулгардаг бэрхшээл. Ихэнх имэйл үйлчилгээнд файл хавсаргах хэмжээ нь 10-15 MB-аар хязгаарлагддаг. Тэрнээс дээшлээд ирэхээр л бөөн асуудал үүсэх нь бий. Гэтэл өчигдөр элдэв юманд бүртгүүлж, болох болохгүй файл хуваалцах үйлчилгээ (file-share) дамжихгүй, хатуу эсвэл флаш диск барьж гүйлгүйгээр энийг хялбархан шийдчих нэгэн вэб байдгийг мэдэх мөртлөө огт санасангүй.

WeTransfer.com хэмээх 2009 онд байгуулагдсан Недерланд улсын Амстердам хотод байрлах старт-ап нь дээрх асуудлыг компанийхаа гол моделийг болгосон нь ихээхэн амжилт олж, саяхан буюу энэ оны 2 сард 25 сая Америк долларын А-Серийн хөрөнгө оруулалтыг Highland Capital Partners Europe-с авчээ. Уг үйлчилгээг ашигласнаар та 2GB хүртэлх файлыг имэйлээр үнэгүй илгээх буюу хуваалцах боломжтой болох юм. 2013 оноос хойш тогтмол ашигтай ажиллаж буй WeTransfer-ийг сар тутам 25 сая хүн идэвхтэй хэрэглэдэг бөгөөд 70 сая орчим файл дамжуулдаг байна.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Ойлгомжтой. Хэн нэгэн рүү томоохон хэмжээний файлыг имэйлдмээр байгаа бол хэрэглээрэй. Үнэгүйгээр 2GB хүртэлх файлыг илгээх боломжтой бөгөөд сар тутам 10$ төлснөөр уг хэмжээг 20GB хүртэл өсгөх, улмаар файлаа Dropbox-ийн адил онлайнд хадгалж, нууц үгээр хамгаалах боломжийг авах юм. Уг үйлчилгээ нь асар энгийн дизайн, бүтэцтэй бөгөөд олон төрлийн хэрэгтэй хэрэггүй боломжоор бөмбөгдөхийн оронд зөвхөн имэйл явуулах дээр голлон анхаарсан нь хэрэглэгчдийг татах гол шалтгаан болсон гэж хөрөнгө оруулагчид үнэлсэн байна.

ЮУГААРАА ОНЦЛОГ ВЭ?

Ямар нэгэн бүртгэл шаардлагагүйгээр файлаа илгээдэг нь маш том давуу тал юм. Бүртгүүлээрэй, ийшээ ороорой, энд дараарай гэсэн элдэв уриа лоозонгоор огт зовоодоггүй. Уг вэб руу ороод явуулах хүнийхээ имэйлийг бичээд, файлаа сонгоод л үндсэндээ боллоо. Мөн файлыг татаж авангуут "Татаж авлаа" гэсэн имэйл ирдэг нь тун тааламжтай. Хэрвээ имэйл явуулахгүй гэвэл татаж авах холбоос үүсгэх боломжтой бөгөөд уг холбоос 7 хоногийн хугацаанд хүчинтэй байдаг. Мөн гар утасны апп нь iOS, Android аль алин дээр нь байдаг ба утаснаасаа том хэмжээтэй видео, зураг хэн нэгэн рүү явуулах боломжийг бий болгож өгчээ.

ЯМАР СУЛ ТАЛТАЙ ВЭ?

Хэт энгийн байх нь хэрэглэхэд хялбар байх боломжийг үүсгэдэг ч эргээд шүүмжлүүлэх гол шалтгаан болох нь бий. Хэрэглэгчид гол бизнес моделийг нь сайтар ойлгохгүйгээр WeTransfer-ийг Dropbox, Box, Google Drive-тай харьцуулан үзэж, онлайнд файлаа байрлуулах боломж нь учир дутагдалтай, ийм үйлчилгээнд 10$ төлнө гэдэг хэтэрхий үнэтэй хэмээн байнга гомдоллодог. 25 сая долларын хөрөнгө оруулалт авснаасаа хойш шинэ хувилбараа тун удахгүй гаргана хэмээн удаа дараа мэдэгдсэн WeTransfer дээрх гомдлуудад даацтай хариулт бэлдэж буй гэдэгт итгэлтэй байна.

UNREAD-ИЙН ҮНЭЛГЭЭ

Хялбархан, хурдан, энгийн хэрнээ оновчтой дизайн шийдэлтэй, өдөр тутам тулгардаг асуудлыг тун эвтэйхнээр шийдсэн уг вэбэд Unread 8 оноо өгч байна.

ВЭБЭД ЗОЧЛОХ

Та www.wetransfer.com хаяг руу орон уг үйлчилгээг сонирхоод үзээрэй. Харин гар утсандаа татаж авах бол доорх холбоосуудаар зочилно уу.


Хэрвээ WeTransfer таалагдвал хамтран ажиллагсдадаа санал болгохоо мартуузай. Мөн ашиглаж үзээд төрсөн сэтгэгдэл, бүр цаашлаад том хэмжээний файл имэйлдэх асуудлаа хэрхэн шийддэг арга барилаасаа бидэнтэй хуваалцаарай.

Татаж авах

33752   11


НИЙТЭЛСЭН:

Zack Batzaya




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.