Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   09 сарын 28, 2015

Онцлох бизнес: Be One дугуйн студи - Зорилгынхоо төлөө жий

Бид энэ удаа монголчуудын хувьд ихээхэн шинэлэг бизнесийг эхлүүлээд удаагүй байгаа санаа нийлсэн хэдэн охидтой хөөрөлдөв. Анх интернэтэд дасгал хийж байгаа видеогоо тавьсныг нь хараад тэднийг урих санаа төрсөн бөгөөд ярилцлага авахаар очсон биднийг хичээлдээ суухыг санал болгоход дуртайяа хүлээн авч, дугуйтай аэробекийг туршиж үзлээ. Ёстой л нэг дасгал хийсэн шиг хийдэг юм билээ. “Зүтгэл үгүй бол шагнал үгүй” хэмээн хичээллэгсдээ зоригжуулдаг тэд өөрсдөө энэ үгийн утга учрыг сайн мэддэг гэдэгт эргэлзэхгүй байна.

Бизнесийн нэр: Be One
Хаяг: СУИС-ийн баруун хойно
Үйл ажиллагааны чиглэл: дугуйтай аэробек, фитнесс
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2015 оны 4-р сар
Үүсгэн байгуулагчийн нэр: Ц.Долгорсүрэн, Г. Шинэсувд, Н.Наранзул, Э. Мандухай
Вэбсайт: Be One – Cycling Studio

Зүүн гараас: Ц. Долгорсүрэн, Г. Шинэсувд, Н. Наранзул

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Ц.Долгорсүрэн: Анх би Америкийн Keeping Up With The Kardashians гэдэг реалиту шоуг үзэж байгаад ийм зүйл байдгийг олж мэдсэн. Гол дүрийн хүүхнүүд нэг өдөр Soul Cycle хэмээх энэ чиглэлийн сүлжээ клубт нэг өдрийг өнгөрөөдөг юм. Хэсэг хугацааны дараа Bloomberg сувгаар энэ бизнесийн тухай гарахад, тэр үед жаахан жингийн илүүдэлтэй байсныг ч хэлэх үү, улам их сонирхож эхэлсэн. Ингээд сурагласаар Монголд нэг газар нээгдсэн байхаар нь бүртгүүлээд хичээллэж үзсэн, үнэхээр таалагдсан. Улмаар нэг орой бид дөрөв вино уун охидын яриа өрнүүлж суухдаа үүнийг бизнес болгох санааг гаргаж, сэтгэл шулуудан эхлүүлсэн түүхтэй (инээв).

Дугуйтай аэробэк Монголд харьцангуй шинэ зүйл учраас энэ талаар сайн тайлбарлаж өгөөч?

Тийм ээ. Англи хэлээр Spinning гэх энэ спорт үүсээд тийм ч удаагүй. Дугуй жийнгээ бүх биеийн дасгал хийдэг. Өөрөөр хэлбэл өөх шатаах болон хүчний дасгалууд. Ердийн фитнесс, аэробекийг бодвол их эрчимтэй, богино хугацаанд их ачаалал авдаг. Нэг удаагийн хичээл 45-60 минут үргэлжилдэг бөгөөд энэ нь гүйлтийн зам дээр 2-3 цаг гүйснээс ч илүү үр дүнтэй. Үүгээр хичээллэвэл бие чангарна, турна. Стрессээ тайлж, сэтгэл санаа өөдрөг болдог.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Тэр өдрөөс хойш бид 2 сарын турш төслөө бичиж, тал талаасаа зээл хөөцөлдөж, хуримтлалаа нийлүүлэн студидээ засвар хийх, тоног төхөөрөмж авах хөрөнгөө шийдсэн.

Хэрхэн хамтрагчдаа сонгосон бэ?

Бид дөрөв МУИС-ийн хуучнаар Эдийн засгийн сургуулийн бизнес менежмент - олон улсын худалдааны ангид цуг суралцаж, 2013 онд төгссөн. Сайн найзууд учраас бие биедээ итгэсэн нь тодорхой. Бас бүгд урьд нь фитнес, йогоор хичээллэж байсан нь энэ бизнесийг эхлүүлэхэд дөхөм байв. Бидний хэн нэг нь захирал биш, бүгдээрээ эн тэнцүү эрхтэйгээр ажлаа явуулдаг.

Юугаараа онцлог, бусдаас өөр вэ?

Хэд хэдэн зүйлийг хэлж болно. Нэгдүгээрт, сургалтын хөтөлбөр. Үүнийгээ бид байнга шинэчилж сайжруулждаг. Ямар дасгалуудыг ямар дарааллаар хийлгэх вэ, тэр болгонд ямар ая тавих вэ гэдэг чухал. Дасгал хөдөлгөөнүүдийн хажуугаар бүжгийн дэглэлтүүд давхар явж байдаг. Хичээллэгсдийнхээ гаргаж буй ахиц дэвшлийг хянаж, тулж ажилладаг. Хоёрдугаарт, манай тоног төхөөрөмж, эд хэрэгслүүд чанар сайтай. Хамгийн гол зүйл болох дугуйн сонголт, мөн хөгжмийн дуугаралт, гэрэлтүүлэг зэрэгт бид сайн анхаарсан. Гуравдугаарт, бид мэргэжлийн сургуулийг нь төгссөн учраас маркетинг, урамшууллын бодлогоо муугүй гаргачихдаг гэж боддог. З найз хамт явбал тус бүр 10 хувийн хямдралтай, мөн хугацаагаа сунгаж үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нартаа Be One студийн логотой гарын бэлэгнүүд өгөх мэт. Эцэст нь, манай хамт олон бол бусдаас ялгарах нэг том давуу тал. Бид 4 үлгэр жишээ бизнес эрхлэх чин хүсэлтэй. Бид одоогоор нэг багш сурган, ажиллуулж байгаа бөгөөд хоёр дахь багшаа ид сургаж байна.

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?

Хүн бүрийн мэддэг брэнд болох. Мэдээж үүний тулд олон олон салбартай болно. Гэхдээ өргөжих гэж тийм их яарахгүй.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Үйлчилгээний чанар. Мөн ганц ашгийн төлөө бус энэ спортыг олон хүнд таниулж, олон хүнийг эрүүл, зөв бие галбиртай болгож, стрессээ тайлж, өөрийгөө ялан дийлж, өөрийнхөө төсөөлж байгаа хамгийн гоё “би”-г бүтээгээсэй гэж хүсэж сургалтаа явуулдаг.

Be One студийг үүсгэн байгуулагчдын дугуйтай аэробекийг сурталчлан таниулж буй видео

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамжаасаа хуваалцвал?

Жижиг сажиг бэрхшээл олон гарна. Бүгд үндсэн ажлынхаа хажуугаар оройн цагаар сургалтуудаа явуулдаг болохоор ажил албаны цагаа зохицуулах хэрэг гарна. Гэхдээ тэр болгоныг бэрхшээл гэж харвал амжилтанд хүрэхгүй шүү дээ.

Яг одоо ямар зүйлс дээр төвлөрөн ажиллаж байгаа вэ?

Манайд явж байгаа хэд хэдэн хүний жинг бууруулах тал дээр төвлөрч ажиллаж байна гэчихдэг юм уу (инээв).

Танайд хичээллэсэн хүмүүсээс хамгийн ихдээ хэдэн кг жин хасаж байсан бэ?

Жин хаяна гэдэг тухайн хүний нас, өөхлөлтийн хэмжээ, биеийн онцлог зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг. Манайд үйлчлүүлж байсан хүмүүсээс 103 кг жинтэй байж байгаад 3 сар яваад 87 кг-тай болсон тохиолдол бий. Ер нь жин хаяхаас илүүтэйгээр тойргийн хэмжээгээрээ их сайн хасдаг. Бэлхүүсний тойргоо 10 см хассан хүн байгаа. Гэхдээ дандаа жингийн илүүдэлтэй хүмүүс явдаг гэж ойлгож болохгүй. Залуучууд, тэр дундаа дажгүй биетэй охид зүгээр л биедээ анхаарч, галбираа хадгалахын тулд олноороо явдаг шүү.

Гэрэл зургийг Д.Ганзул

32781   7


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.