Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   09 сарын 27, 2015

7 хоногийн тойм: Төрсөн өдрийн мэнд, Google! + Авьяаслаг Монголчууд + #2030NOW

Долоо хоног бүрийн ням гарагт та бүхэнд хүрэх ТОЙМ булангийн 2 дахь дугаараа толилуулж байна. Бид энэ булангаараа гадаад дотоодод болж өрнөсөн хамгийн сонирхолтой бөгөөд онцлууштай мэдээллүүдийг товч тодорхойгоор  шилдэг эх сурвалжуудын хамт хүргэх болно. 

Зүүн хойд азийн хотын дарга нарын чуулган, Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо өрнөж, манай хот онцлох зочид, хэлэлцэх чухал асуудлуудаар дүүрэн долоо хоногийг өнгөрөөлөө. Монголын жүдогийн спортын төдийгүй спортын амьд домог дэлхийн аварга, олимпийн наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, МУГТ Х.Цагаанбаатар их спортоо орхих шийдвэр гаргасан нь ч онцлох шийдвэр байв. Гэхдээ Unread эдгээр үйл явдлуудаас өнгөрсөн амралтын өдөр нээлтээ хийсэн Mongolia’s Got Talent буюу "Авьяаслаг монголчууд" шоу нэвтрүүлгийг онцолж байна. Монгол ТВ тайз засалт, эвлүүлэг, зураг авалт, найруулгаараа хүрэхэд тун хэцүү стандартыг тогтоож, өмнө нь дотоодод хийгдэж байсан ижил төрлийн шоунуудыг бут цохисон нь олон нийтийн сэтгэгдлээс анзаарагдаж байв. Бүгдийг хөгжөөсөн XD группийн захирал Чойсүрэн, бүхнийг алмайруулсан 37-той цоглог ээж, бултыг догдлуулсан эгч дүү дуучид гээд олон авьяастан аль хэдийнэ олны танил болоод амжжээ. Монголд олон ангит киноноос өөр гэр бүлээрээ бөөнөөрөө цуглаад, халуун дулаан уур амьсгалд шимтэн үздэг бараг анхны контент нь энэ болсон ч байж магадгүй.

Монгол ТВ: Mongolia's Got Talent - Авьяаслаг Монголчууд

Зургийг: Mонгол ТВ

Америкийн телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал Эмми гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэ жилийн хөтлөгч Энди Самберг HBO Now-ийн ажилладаг нууц үгийг зарласнаас эхлээд үзэгчдийг уйдаахааргүй өрнөсөн 67 дахь удаагийн наадмын гол ялагч нь HBO байлаа. Тэдний Veep цуврал инээдмийн киноны төрөлд сүүлийн 5 жилд давамгайлсан Modern Family-г ялж, магадгүй одоогийн хамгийн ээдрээтэй хийгээд үзүүштэй цуврал Game of Thrones драма төрөлд (мэдээж) илт илүүрхэн тус бүр 4 шагналын эзэн болсноос гадна богино хэмжээний цувралын төрөлд Olive Kitteridge бүр 6 төрөлд тэргүүлсэн юм. How to Get Away with Murder киноны “аймшиггүй” хуульч-багшийн дүрээрээ Вайола Дэвис шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй боллоо. Энэ жил албан ёсоор дууссан, ТВ-ийн түүхэн дэх хамгийн шилдэг цувралуудын нэгт зүй ёсоор тооцогдох MAD MAN-ий гол дүр Жон Хээм 8 жил дараалан эрэгтэй шилдэг жүжигчинд нэр дэвшсэний эцэст ялагч болов. Жил ирэх тусам улам бүр хүрээгээ тэлж, том одод, мундаг найруулагчдыг татсаар буй телевизийн салбар ийн шилдгүүдээ тодрууллаа.

Guardian: Emmy 2015-ийн ялагчид
Daily Mail: Ж.Хээм 8 жилийн эцэст ялж, Game Of Thrones цуврал Mad Man-ийг буулган авав

Зургийг: Hollywood Reporters

Тогтвортой хөгжлийн талаар мэдээлэлгүй бол ирээдүйн талаар төсөөлөлгүй байна гэсэн үг.

Энэ бол өчигдөр явагдсан Social Good Summit 2015-ийн хамгийн гол мессежүүдийн нэг байлаа. Хүн төрөлхтний ирэх 15 жилийн гол зорилт болон хэрэгжих учиртай тогтвортой хөгжлийн зорилгыг (SDG) дэлхийн удирдагчид баталсантай холбоотойгоор энэ хурлын ач холбогдол ч тэр хэрээр нэмэгдсэн юм. Ромын пап тэргүүтэй улс төр, бизнес, оюун санааны лидерүүд НҮБ-ийн төв байранд цугларан хүний эрх, тэгш бус байдал, цаг уурын өөрчлөлт зэрэг өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох, түүнтэй холбогдох зорилтуудын талаар хэлэлцсэн чухал долоо хоног өнгөрч байна. Энэ хуралд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, байгаль орчны сэдэвт хэлэлцүүлэгт асуудал дэвшүүлсэн юм.

MNB: Тогтвортой хөгжлийн зорилгыг баталлаа
Unread: GLOBAL GOALS: Тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа
Medium: @Anu - Social Good Summit дээр өнгөрүүлсэн нэг өглөө

Зургийг: Social Good Summit 2015

Германы хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэг Volkswagen-тай холбоотой дуулиан өнгөрсөн долоо хоногт эрчээ авлаа. АНУ-ын Байгаль хамгааллын агентлагийн мэдэгдсэнээр VW нь санаатайгаар байршуулсан төхөөрөмжийн тусламжтайгаар хий ялгаруулалтын тестийг “хуурамчаар” давж байсан нь илэрсэн бөгөөд зөвшөөрөгдсөн хэмжээнээс 40 дахин их хэмжээний хорт хий ялгаруулдаг 500 мянга гаруй машиныг худалдаанд гаргасан ажээ. Тус улсын хуулийн дагуу VW энэ хэргийнхээ төлөө нэг машин бүрт 37500 америк доллар буюу нийт 18 тэрбум долларын торгууль хүлээх учиртай. Гэвч асуудал үүгээр намжсангүй. VW-ийн хөрөнгө оруулагчид дотоод шалгалт хийхийг шаардсанаар тус компани зөвхөн АНУ-д биш бүх Европ даяар яг нэг аргаар машинуудаа (ойролцоогоор 11 сая гаруй) борлуулж байсан нь илэрч бөөн хэрэг мандах нь тэр. Улмаар 68 настай гүйцэтгэх захирал Мартин Винтеркорн 28 сая фунтын тэтгэмжтэйгээр ажлаа хүлээлгэн өгч, хувьцаа нь 30 гаруй хувиар унан, нэг өдрийн дотор 15 тэрбум евро хийсгэх нь тэр. Энэ хэрэг бусад автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханшид ч нөлөөлж, Германы эдийн засагт Грекийн өрийн хямралаас илүү их хохирол учруулах төлөвтэй болоод байна. Шинэ гүйцэтгэх захирлаа томилсон Volkswagen хэрхэн асуудлаа шийдэхийг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.

Ikon: Волксваген - Герман чанарт эргэлзээ төрүүллээ
VOX: Волксвагений скандалыг тайлбарлах нь

Зургийг: Business Insider

Шинэ санаа-шилдэг шийдлийг эрэлхийлж, ирээдүйн суут ухаантнуудыг тодруулах зорилготой Google Science Fair өнгөрсөн долоо хоногт 13-18 насны хүүхдүүдийн дунд уламжлал ёсоор зохион байгуулагдав. Үр дүнд нь 16 настай ахлах сургуулийн сурагч охин шилдгээр шалгарч, 50 мянган долларын эзэн болжээ. Тэрээр нэг хэсэг дэлхий нийтийг айдаст автуулсан Эбола өвчний маш хямд бөгөөд хялбар тестийг боловсруулснаараа энэхүү шагналыг хүртсэн байна. Одоогийн технологиор Эбола өвчин туссан эсэхийг 1000 долларын өртөгтэй аргаар шинжилж, 12 цагийн дараа хариуг нь гаргадаг. Тэгвэл Оливиа Халлиси ердөө 25 доллар, 30 минутын хугацаа шаардлагатай аргачлалыг боловсруулсан аж. Бүр шинж тэмдэг илэрсэн байх ч шаардлагагүй гэнэ. Суут санаа биш гэж үү?
CNBC: 16 настай охин Google Science Fair-т түрүүллээ

Зургийг: Google Science Fair

Төгсгөлд нь сонирхуулахад, өнөөдөр та бидний сайн найз, дотны анд Google 17 нас хүрч байна. Зөвхөн хайлтын системээс эхлээд бидний алхам тутамдаа хэрэглэж буй, хэрэглэх гэж буй олон олон технологийг бодит болгож буй тэдэнд талархахаас өөр аргагүй. Илүү нялуун үгс, бөөн тоон баримт ч илүүц биз. Зүгээр л Google-гүй цаг үеэ эргэн санахад л тэдэнд талархахгүй байх шалтаг үгүй гэдгийг ойлгоно. Төрсөн өдрийн мэнд, Google!

23567   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.