Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   09 сарын 26, 2015

"Би сэтгэдэг учраас тоглодог" номын хэсгээс: Пирло Челсид ирэх дөхсөн нь

АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ

"Андреа, бид нар Хюнтелаар гэж залуутай гэрээ байгуулчихлаа. Чи үлдэлгүй горьгүй"

Силвио Берлускони ийн хэлээд дүүрэн статистик өрсөн хуудас цаас цүнхнээсээ гарган сарвайлаа. Шаргал үстэй, зүс таних залуугийн зургийг буланд нь хавсаргасан байх аж. Намайг түүнтэй танилцаж байх хооронд "Ноён үзэг" хажуунаас горьдлогын харцаар төөнөж байв. Бид хоёроос өөр хүнгүй Миланеллогийн уулзалтын төв танхимд түгшүүртэй гэмээр анир чимээгүй ноёлно. Хюнтелаарын тухай бодлууд миний толгойд эргэлдэж байлаа. Энэ залуу гоолдож чадна. Бүр машинддаг. Гэхдээ Баллон д"Орт түрүүлэх хэмжээний тоглогч биш. Нэг хэсэг Нидерландад бужигнуулж байгаад Реал Мадридад очоод сураг нь алдарсан санагдаж байна.

“Тэгээд яах вэ? Андреа?”

Намайг үлдээж чадахгүй гэдгээ ерөнхийлөгч гадарлаж байсан байх. Асуудал аль хэдийнэ шийдэгдсэн. Боож баглаад машины арын тээш рүү хийчихсэн чемоданыг тэр дахин онгойлгохыг хүсэж байв. Харамсалтай нь надад тэгэх хүсэл, тэнхэл алга.

2009 оны зун Челсигийн менежер болсон даруйдаа Анчелотти намайг Лондонд урьсан юм. Эцэг хүү, багш шавийн барилдлагатай болохоор би түүний саналыг зөвшөөрч найман сар гэхэд Английн багтай бараг тохиролцоонд хүрчихсэн юм.

Миний карьерийн хамгийн мартагдашгүй он жилүүд Карлотой хамт өнгөрсөн болохоор тэдгээр мөчүүдийг дахин мэдэрнэ гэж найдсан хэрэг. Өсөн дэвжиж, урагшлахыг хүсдэг тамирчдыг тэр хааш нь чиглүүлэхээ маш сайн мэддэг юм. Тэгээд үүнийгээ нэг их дарамт болгохгүй хийж чаддаг нь гайхалтай.

А.Пирло дасгалжуулагч К.Анчелоттитой баяраа тэмдэглээд буцаж буй нь. Зургийг: Getty Images

Карьерт чинь хамгийн чухал нөлөө үзүүлсэн нэг эрхмийг онцол хэмээвээс би түүнийг Брешиагийн Карло Маццонегийн өмнө оруулах байлаа. Учир нь Карло зарим менежерүүд шиг даваа гарагийн өглөө дуртай дургүй ажилдаа ирдэг нэгэн биш. Намайг хувцас солих өрөөний хаалга татах бүрийд тэр аль хэдийнэ ирчихсэн тэмдэглэлийн дэвтрээ ширтээд сууж байдаг байлаа. Хийж байгаа бүхэндээ чин сэтгэлээсээ ханддаг энэ чанарыг нь түүнээс өвлөж авсандаа би хязгааргүй талархдаг. Лондонд дахин гар нийлнэ гэдэгт ч эргэлзэх өчүүхэн сүүдэр байсангүй. Ийнхүү эргэцүүлж байтал Берлускони цүнхнээсээ хоёр дахь цаасаа гаргаж ирлээ. Энэ удаа тоглогчдын урт жагсаалт байх агаад нэг нэрийг сондгойлон дугуйлсан аж.

"Хюнтелаар манайх болсон. Чи үлдвэл дээр сэн"

Хюнтелаар ....

"Уг нь бид нар Клаудио Писарро ч юм уу өөр залууг сонгож болох байлаа. Гэхдээ тэр илүү дээр санагдсан юм"

Хюнтелаар....

"Андреа сонсооч. Чи энэ клубийн бэлгэ тэмдэг, нүүр царай болсон тоглогч. Бид нар Какагийн араас чамайг алдах юм бол бөөн үймээн дэгдэнэ. Намайг биш юмаа гэхэд Миланыг бодоод шийдвэрээ эргэж хараач. Чи бидэнд хэрэгтэй. Гуйж байна."

Силвиогоор ингэж гуйлгах эвгүй байлаа. Хэр баргийн хүний хөлд суугаад байдаг эр биш шүү дээ. Нөгөө талд Карлотой тохирсон үгнээсээ буцах бас хэцүү байдаг.

Тэр зуны “Холбоодын цом” (Confederations Cup)-ын үеэр Анчелотти надтай утсаар тогтмол холбоотой байсан юм. Өмнөд Африк, Английн хооронд ганцхан цагийн зөрүүтэй болохоор шөнө дунд утас хангинуулж, нойр хулжаагаагүй юмдаг. Ямар ч үнээр хамаагүй намайг Лондоны иргэн болгох хүсэлтэй байгаагаа Карло тэр үед шулуухан хэлж байсан. Гэхдээ сүүлийн ганц давааны өмнө тэр бүдэрсэн юм. Эсвэл хөл тавих зайгүй шигүү явган ширэнгэтэй уул гэвээс зохино.

Милан тэнгэрт тулсан өндөр үнэ нэхсэнээс гадна Бранислав Ивановичийг миний наймаанд хавчуулахыг эрмэлзэж байлаа. Харин Серби хамгаалагчаа явуулах сонирхол Челсид хумсын чинээ ч байсангүй.

"Ноён ерөнхийлөгч өө, надад ингэж онцгой хандаж байгаад тань баярлалаа. Гэхдээ миний Милантай байгуулсан гэрээ ирэх жил дуусна. Харин тэд нар надад таван сая еврогийн цалинтай дөрвөн жилийн гэрээ санал болгож байна. Мөнгө яахав. Гол нь хэдэн жил гэдэг нь надад сонин байна. Энэ л хамгийн чухал шүү дээ"

“Наадахыг чинь шийдэж болно. Андреа! Галлиани зохицуулчихна. Маргааш гэхэд жин тан!
“Нээрээ юу?”
“Мэдээж. 100 хувь”

Ингэж хэлснээсээ хэдхэн хормын дараа мань эр сэтгүүлчдээр хүрээлүүлчихсэн “Андреа Пирлог бид зарахгүй. Тэр Миланд үлдэж, карьераа энд дуусгана” хэмээн дэлхий даяар зарлаж байлаа. Берлускони ийм л хүн. Уянгын халилтай, юу хүсэж, зорьж байгаагаа толины тусгал мэт тодорхой хардаг нэгэн. Дан ганц хожил түүнд хангалтгүй. Цэвэр тунгалаг, өө сэвгүй, үзүүштэй хөлбөмбөг түүнийг сэтгэлийг хөглөж, зүрхийг нь татдаг юм. Энэ бүх чанар нь түүнийг гайхалтай ерөнхийлөгч болгодог...


Тун удахгүй худалдаанд гарах Италийн алдарт хөлбөмбөгчин Андреа Пирлогийн намтар "Би сэтгэдэг учраас тоглодог ном"-ын 56-р талаас...
Энэхүү ном нь Монголын спортын тэргүүлэх вэбсайт СиСпортс.мн үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд хэвлэгдэн гарч байгаа бөгөөд сэтгүүлч Г.Баярсайхан орчуулжээ.


А.Пирло 2009 онд Челсид ирсэн бол яах байсан бол? Бидний мэдэх түүх хэрхэн өөрчлөгдөх байсан бол? Тэр Челсид илүү их амжилтыг авчирч чадах байсан болов уу? Бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцан, хэлэлцүүлэг үүсгээрэй.

27324   5


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.