Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Тогтвортой хөгжлийн зорилгууд   09 сарын 25, 2015

GLOBAL GOALS: Тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа!

Өнөөдөр онцгой өдөр. Бидний амьдарч буй дэлхийн ирээдүйг тодорхойлоход чухал ач холбогдолтой түүхэн өдөр эхэлж байна. Энэ өдрөөс эхлэн ирэх гурав хоногийн турш дэлхийн 193 орны төрийн тэргүүд НҮБ-ийн төв байрнаа чуулж, ирэх 15 жилийн хугацаанд дэлхий нийтийн чиглэн баримтлах хөгжлийн тулгуур асуудлуудыг тодорхойлох болно. Өнөөдөр “Тогтвортой хөгжлийн зорилго” (Sustainable Development Goals – SDG)-ыг батлах тэмдэглүүштэй үйл явдал болох билээ.

Шинэ мянганы эхэнд дэлхий нийт анх удаа ирээдүйн төлөө хамтдаа нэгдэж, 8 үндсэн зорилго бүхий “Мянганы хөгжлийн зорилго” (Millennium Development Goals – MDG)-ыг баталж байсан цаг саяхан. Ядуурал өлсгөлөнтэй тэмцэж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэн, жендерийн тэгш эрхийг хангах зэрэг энэхүү зорилго хөтөлбөр нь олон талаараа маш том ахицыг авчирсан нь гарцаагүй үнэн. 700 сая хүн нэн ядуурлаас гарч, хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн 91 хувь нь анхан шатны боловсрол эзэмшин, 2,6 тэрбум хүний усны хэрэглээ сайжирсан гээд бодит фактууд ч бий. Гэхдээ хөгжиж буй орнууд руу илүү чиглэж, хөгжингүй орнуудын санхүүжилтээр хэрэгжиж байсан MDG-тэй харьцуулахад бүх улс орнуудын хамтын ажиллагааг шаардаж, илүү зарчмын болон бодлогын асуудлууд руу чиглэсэн SDG бүр илүү дэвшлийг бий болгох учиртай.


The Guardian: Мянганы хөгжлийн зорилго ямар амжилтанд хүрсэн бэ?
Jeffrey D.Sachs: Яагаад тогтвортой хөгжлийн зорилго чухал гэж?

Сүүлийн 2 жилийн турш явагдсан хэдэн зуун уулзалт, хурал, түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй онлайн хэлэлцүүлгийн үр дүнд 17 зорилго 161 зорилт өдгөө тунаж үлдээд байна. Энд тэгш бус байдал, эрүүл мэнд, боловсролын түгээмэл асуудлуудаас гадна хүний эрх, сайн засаглал, инноваци зэрэг нэмэлт бодлогын асуудлуудыг ч хамруулж чадсан юм. SDG-г илүү олон нийтэд таниулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, анхаарал татах үүднээс НҮБ болон бусад хамтрагч байгууллагууд төрөл бүрийн сонирхолтой идэвхжүүлэлтийн аян, кампанит арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй. Хэдий манай оронд ийм төрлийн арга хэмжээнүүд хангалттай хүрээг хамарч чадахгүй байгаа ч залуучуудын санаачлагатайгаар явагддаг SOCIAL GOOD SUMMIT 2015 Улаанбаатар хотноо 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгааг дуулгахад таатай байна.



Нэг ёсондоо хүн төрөлхтөн ирэх 2030 он хүртэлх хийх ажлын жагсаалтаа тодорхой болгож байна гэсэн үг.

SDG батлагдаж буйтай холбоотой дэлхий даяар олон хөдөлгөөнүүд өрнөж байгаагаас бид та бүхэнд сонирхуулж байна. 7 тэрбум хүнд 7 хоногийн дотор SDG-ийн талаар мэдээлэл өгч, дэмжлэг авах зорилго бүхий Global Goals Campaign, 100 гаруй оронд зэрэг явагдах Action/2015 коммюнити уулзалтууд, Coldplay, Beyonce зэрэг оддын оролцох Global Citizen Festival зэрэг арга хэмжээнүүд энэ долоо хоногийн турш үргэлжилж байгаа юм.

Эдгээрээс хамгийн олон хүнд хүрч, олны анхаарлыг татсан нь хөлбөмбөгийн шилдэг клубүүд, супер оддыг оролцуулсан #DizzyGoals кампанит ажил байлаа. Хөлбөмбөгийн одод тогтвортой хөгжлийн зорилгын төлөө 17 удаа газарт тавьсан бөмбөг тойрон эргэж, улмаар торгуулийн цохилт цохих ёстой. Шүтдэг багийн тань тоглогчид хэрхэн бүтэлгүйтэж, хөгжилдөж байгааг доороос үзээрэй. Яагаад та ч гэсэн өөрийн бичлэгээ хийж, бусдад хуваалцаж болохгүй гэж?

Өнөөдөр дэлхий нийт тогтвортой хөгжлийн зорилгуудаар амьсгалах болно. Кино, радио, мээсэж, онлайн хөдөлгөөнүүд гээд л. Та ч гэсэн хувь нэмрээ оруулаарай. Энэ нийтлэлийг твиттер, фэйсбүүкээрээ хуваалцах, найз нөхдөдөө дуулгах, санал сэтгэгдлээ хэлэлцүүлэх гээд аль нь ч байж болно шүү дээ. Бид хэнийг ч ардаа үлдээхгүйн төлөө хамтдаа зүтгэх ёстой!

31893   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.