Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 08, 2019

Baby Boomers: 10 ертөнц, 10 өнцөг

Дайны дараах үсрэнгүй хөгжлийн үед төрсөн хүмүүсийг их төрөлтийн үеийнхэн гэж нэрлэдэг. Мэндэлсэн хугацаагаараа 1946-1964 онд харьяалагдах тэднийг "Baby Boomers" гэх нь ч бий. Тэд бол олуулаа бужигнасан өнөр өтгөн гэр бүлд хүмүүжиж, хоёр төгрөгийн молоко, талх хуваан идэн, хоорондоо хувцсаа сэлгэж өссөн үеийнхэн. Хэдий тийм ч нийгмийн бүтээн байгуулалт, улс орны эдийн засгийн хөгжлийн хамаг ачааг нуруун дээрээ үүрч, урагш чирсэн үлэмж хөдөлмөрийн эзэд билээ. 

Бид тэдний төлөөлөл болсон арван эрхмийг урин, орчин үеийн залуусын тухай болон нийгмийн бүхий л хүрээний асуудлын талаар үзэл бодлоо хуваалцахыг хүссэн юм. Ингээд тэдний дотоод ертөнцөөр аялацгаая. 

I. С.Нарангэрэл

Хүн бүр, ялангуяа нэг язгуурт монголчууд бид байгалиас заяасан ёс суртахууны унаган өгөгдөлтэй төрдөг. Энэ нь шударга үнэнч, нинжин нигүүлсэнгүй, тэсвэр тэвчээртэй, нэр төрөө хичээдэг, дэндүү их шунахайрч хомхойрдоггүй, өш хонзон, атгаг санаа агуулдаггүй, өгөөмөр, жудагтай байх хүний дотоод төрх юм. Гэтэл сүүлийн үед манайхан эл уугуул зан чанараа алдаж, хэмжээ хязгааргүй шунадаг болсон мэт. Өөрөөр хэлбэл, ихэнх хүн хэрэглээгээ хангадаг мөнгийг амьдралынхаа зорилго болгочихжээ. Улмаар тэдний ёс суртахуун эвдэрч, ялзарч байх шиг. Цаашлаад энэ нь улс орны хөгжил дэвшил удаашрах нэг шалтгаан болж байгаа юм.

Миний хувьд өвөг эцэг, эмэг эхийнхээ сургаалийг үл тоомсорлож, өөрийнхөө ой санамжид мартахын аргагүй үлдээж чадаагүйдээ харамсдаг. Харин залуу үеийнхэн минь өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн ухааныг сайтар тогтоож, түүгээр амьдралынхаа зүг чигийг хийн, алхам тутамдаа санаж явах учиртай. Эцсийн дүндээ энэ бүхэн амьдралын их боловсрол юм шүү. Хүн гэдэг амьтан хормын төдийд хорвоо ертөнцөд ирээд буцдаг. Энэ богинохон хугацаандаа сэтгэл тэнүүн, аз жаргалтай амьдрах хэрэгтэй шүү.

Хүн гэдэг амьтан хормын төдийд хорвоо ертөнцөд ирээд буцдаг учраас энэ богинохон хугацаандаа сэтгэл тэнүүн, аз жаргалтай амьдрах хэрэгтэй.

II. З.Наранчимэг

Ардчилсан нийгэмд амьдарч буй бид эрх чөлөөний тухай хамгийн түрүүнд ярьдаг. Харин үүргийнхээ талаар дурсах нь ховор. Гадаа гараад таарсан эхний хүнээс “Та ямар үүрэгтэй вэ” гээд асуувал эрхэлдэг ажлаа хэлж магадгүй. Гэвч өдөр бүр хэн нэгэн бидэнд хэлдэггүй ч гэсэн хүн бүрийн байнга санаж, биелүүлэхийн төлөө хичээх ёстой иргэний үүрэг хариуцлага олон бий. Наад зах нь, хорооны хуралдаа оролцож, дуу хоолойгоо хүргэх, хүүхдийнхээ эцэг эхийн хуралд суух, сонгуульд саналаа өгөх, үзэл бодлоо илэрхийлэх гэх мэт. Яг одоо ч гэсэн би энэ яриаг өгч байгаа нь иргэнийхээ үүргийг биелүүлж буй нэг хэлбэр юм шүү дээ. Үүнийг ихэнх хүмүүс мэддэггүй. Ялангуяа залуучууд сүүлийн үед хийх ёстой ажлаа хийсэн л бол болно гэсэн хандлагатай болсон нь анзаарагддаг. Миний бодлоор, залуу хүмүүс байна даа, аливаа зүйлд идэвх санаачлагатай, дайчин, чин сэтгэлээсээ хандаж, хийсэн ажлынхаа ард нь гарч, үр шимийг хүртдэг байвал зохих юм шиг санагддаг.

Ер нь хөгжил дэвшил гэдэг чинь хүний оролцоотойгоор л явагддаг. Хүмүүс дор бүрнээ үүргээ биелүүлж, хариуцлагаа хүлээж, эрхээ эдэлбэл нийгэм эрүүлжиж, ард иргэд тайван амьдарна.

Залуу хүмүүс байна даа, аливаа зүйлд идэвх санаачлагатай, дайчин, чин сэтгэлээсээ хандаж, хийсэн ажлынхаа ард нь гарч, үр шимийг хүртдэг байх хэрэгтэй.

III. Ц.Шийрэв

Хэдхэн жилийн өмнө бид сонин хэвлэл, телевиз радио, ном, сурах бичиг зэрэг цөөн хэдэн сувгаар л нийгэмд болж буй үйл явдлын талаарх мэдээллийг хүлээж авдаг байлаа. Харин өнөөдөр дэлхий ертөнц тэр чигтээ мэдээллийн орон зай болж, хэн хүссэн нь хэрэгтэй мэдээллээ хаанаас ч олоод уншчихдаг болсон. Ялангуяа залуучууд, багачууд өдөр тутамдаа Фейсбүүк ашиглаж, мэдээллийн хэрэгцээгээ хангаж байна. Миний анзаарч байгаагаар тэнд сайнаасаа илүү муу нь давамгайлсан, үнэн худал нь ч мэдэгдэхгүй зүйлс их гарч, нийгэмд хурдан тархах юм. Энэ хэрээр хүмүүсийн хандлага, хүнлэг чанар алдагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр залуучууд уншиж байгаа мэдээллээ нягталж, шүүлтүүртэй хандах хэрэгтэй.

Бидний үед чанартай мэдээ ховорхон гардаг байлаа. Гарахдаа ихэвчлэн хэн нэгний амжилт ололтыг магтан урамшуулж, сайн талаас нь олонд хүргэхийг зорьдог байсан юм болов уу. Үүний адилаар одоо ч гэсэн залуус минь хүнлэг ёсыг эрхэмлэж, шударга байгаасай гэж хүсэж байна.

Миний хувьд жүдогийн спорт хувь хүний төлөвшилд маань маш эерэгээр нөлөөлсөн юм шиг санагддаг. Наад зах нь шавь нар маань дэвжээндээ гараад, зааландаа орж ирээд заавал ёсолж, багштайгаа мэндэлдэг. Өрсөлдөгчөө хүндэлдэг. Бүх үйл явдал нь олны өмнө шударгаар явагддаг. Энэ бүхнээс тэд амьдралдаа хэрэгтэй зүйлийг олж авч, зөв хүмүүжилд давхар суралцдаг юм. Тэд бол Монголын баялаг. Ерөөсөө баялаг гэдэг чинь алт эрдэнэс бус хүн шүү дээ.

Ерөөс баялаг гэдэг чинь алт эрдэнэс бус хүн шүү дээ.

IV. С.Бадамжав

Орчин цагт хүний хамгийн үнэт зүйл нь эрүүл мэнд болоод байна. Эрүүл байна гэдэг нь эмнэлэгт үзүүлэх, эм тариа хэрэглэх, асаргаа сувилгаа хийлгэхийн нэр биш. Харин хүний өдөр тутмын энгийн үйлдлүүд, эерэг дадал хэвшлээс эхтэй. Хамгийн түрүүнд зөв хооллох нь чухал. Үүнийг хүн бүхэн мэддэг мөртлөө тэр болгон хэрэгжүүлээд байдаггүй учраас дахин сануулъя. Гадуур хооллохоос аль болох зайлсхийгээрэй. Ресторан, кафе, цайны газрууд эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангадаг боловч хоол бэлтгэхэд нь механик ажиллагаа заавал ордог. Наад зах нь, бид гаднаас тодорхой хэмжээний химийн бодисоор зүлгэж, цэвэрлэж, тосолсон төмөр, хуванцар дээгүүр дамжин өнгөрсөн бүтээгдэхүүнүүдийг авч иддэг. Тэгэхээр хүмүүс хоол хүнсээ өөрсдийн гараар бэлтгэн хэрэглэвэл илүү шимтэй бөгөөд эрүүл байх болно.

Хоёрдугаарт, хувцаслалт. Сүүлийн үед залуучууд, ялангуяа охид маш нимгэн хувцаслаж, даарч хөрснөөр өөрөө өөрсдийгөө эрүүл мэндээрээ хохироож байна. Заримдаа би шилбэ, шагай, өвдөг нь ил явж байгаа хүүхдүүдийг хараад өмнөөс нь халагладаг юм. Хүний үе мөч бол маш эмзэг эрхтэн. Тиймдээ ч хүн хөгшрөхөөр хамгийн түрүүнд хөл гар нь өвдөж, маажигнаж эхэлдэг шүү дээ. Сүүлийн үед өвдөг солиулах, хиймэл үе хийлгэх тохиолдол цөөнгүй болсон. Гэтэл залуус тренд хөөж, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь харамсалтай. Тэд ч ялгаагүй нас ахиж, хөгшрөх учраас одооноос л өөрийгөө хайрлаж, хамгаалах нь зүйтэй. Ерөөс хүний эрүүл мэнд ямар байх нь өөрөөс нь шууд хамаардаг.

Эрүүл байх нь хүний өдөр тутмын энгийн үйлдлүүд, эерэг дадал хэвшлээс эхтэй.

V. С.Цацралт

Биднийг залуу байхад нийтийн бүтээн байгуулалтаар эх орноо хөгжүүлнэ хэмээн социализмд итгэж, уриа лоозон өргөж явдаг байлаа. Харин одоо үүний эсрэгээр хүн болгон дор бүрнээ хөдөлмөрлөж, амьдарч байна. Гэтэл зарим эцэг эх өөрийнхөө бага насны үе шиг санаж, хүүхдүүддээ хэтэрхий их зааж, амьдралд нь хөндлөнгөөс оролцох гээд байдаг. Ингэхийн оронд хувь хүнийх нь эрх чөлөөг хангалттай эдлүүлэх хэрэгтэй. Залуучууд өөрсдийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг ойлгочихсон цагт аяндаа сайхан амьдрал руу хөтлөгдөөд л явна. Миний эргэн тойронд яг энэ жишгээр сонирхлоо хөгжүүлээд, амжилттай яваа залуус маш олон байна. Би тэднээс гэрэл гэгээ, дараагийн үеийн итгэл найдварыг олж хардаг. Заримдаа бүр “Ийм байвал ч болж байна шүү” гэж боддог юм.

Мэдээж хэрэг ахмадуудын сэтгэлд нийцэхээргүй дутагдалтай тал залуучуудад бий. Гэхдээ тэднийг буруушаахаас илүүтэйгээр насандаа тохирсон зүйлийг хийж буйгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн залуу насандаа л хүссэн зүйлээ туршиж, алдаа оноотойгоо учирдаг шүү дээ. Гэхдээ нэг зүйлээ удаан үргэлжлүүлж болохгүй. Таалагдахгүй бол тэр дор нь орхих хэрэгтэй.

Анзаараад байхад миний үеийн зарим хүмүүс залуу насандаа их том зорилго тээж, зөвхөн түүнийхээ төлөө хөдөлмөрлөж, олон нийтийн зугаа цэнгээний ажлаас хаширлаад хойш суучихсан мөртлөө хөгширсөн хойноо тэрийгээ хийх гээд байдаг. Тэгэхээр бид тодорхой цаг үед хийх ёстой, мэдэх ёстой зүйлсээ биелүүлдэг байх нь чухал. Хүн нэг л амьдарч байгаа дээрээ өөрийн хүссэн зүйлээ хийж, жаргаж үхэх хэрэгтэй биз дээ. Алдаж онох байх шүү дээ. Алдаагүй амьдралын загвар гэж юу байх вэ.

Хүн тодорхой цаг үед биелүүлэх ёстой хүссэн зүйлээ хийж үзэх хэрэгтэй. Алдаж онох байх шүү дээ. Алдаагүй амьдралын загвар гэж юу байх вэ.

VI. Н.Лхагва

Миний хувьд нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул, усыг харж, баясан маш их эрч хүч авдаг. Тэр үед эх орноороо бахархах, нэг ширхэг өвс, ургамлыг нь ч хайрлаж, нандигнах сэтгэл эрхгүй төрдөг юм. Тэгэхээр би залуусыг Монгол орноороо аялж, аймаг сумуудтайгаа танилцаж, хөдөөний ахуй амьдрал яаж өрнөдгийг мэдээсэй гэж хүсдэг. Хотод төрж өссөн зарим хүүхэд таван хошуу малаа ч ялгаж таньдаггүй. Энэ нь тэдний буруу биш. Харин хүүхдээ нялх балчраас нь хөдөө гадаа дагуулж яваагүй, өв соёлоо хэлж сургаагүй эцэг эхийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Тиймээс залуу ээж аавууд өөрсдөө эх орноороо аялж, зугаалан, үр хүүхдээ монгол ахуй соёлдоо сургаж, тэднийхээ үлгэр дуурайлал нь байгаасай. Ядаж л зуны амралтаар нь хөдөө явуулан ажилд сургаж, цагаан идээ идүүлбэл бие бялдар, эрүүл мэндэд нь нэн хэрэгтэй дээ.

Хөдөө нутгаар аялж, эх орноо танин мэдээсэй

VII. Д.БАДАРЧ

Миний хувьд залуусын анхаарвал зохих хэдэн зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, залуучууд өөрийгөө таних хэрэгтэй. Ингэхийн тулд юунд илүү сонирхолтой, ямар ур чадвартайгаа олох нь чухал. Улмаар амжилтад хүрэх нь илүү хялбар бөгөөд тийм ч урт хугацаа шаардахгүй. Хэрвээ яаж өөрийгөө таних вэ гэж гайхаж байгаа бол энэ талаар судлаад үзээрэй. Маш олон тест, дасгал бий. Тэдгээрийг ашигласнаар өөрийнхөө талаар 100 хувь биш ч гэлээ, тодорхой хэмжээний төсөөлөл, таамаглалтай болно.

Хоёрдугаарт, хэн нэгний нөлөөнд авталгүйгээр, өөрийн ухамсраар амьдралынхаа зорилгыг тодорхойлох ёстой. Ингэхдээ хугацаанаасаа хамаарч ойрын, хэтийн гэх мэтээр сайтар төлөвлөх хэрэгтэй. Гуравдугаарт, англи хэл сур. Бидний цөөхөн монголчууд эх хэлээрээ дэлхийн долоон тэрбум хүнтэй яагаад ч харилцаж чадахгүй. Тиймээс залууст гадаад хэл сурахаас өөр сонголт байхгүй. Дөрөвдүгээрт, системийн боловсрол эзэмш. Энэ нь аливаа зүйлийг том зургаар нь харж, бүхэлд нь сайжруулж, чанаржуулахыг хэлж байгаа юм. Жишээлбэл, хүний бие өвдөхөд ганцхан шалтгаан байдаггүй. Эсрэгээрээ хүнийг эдгээхэд ганцхан эрхтэнг нь эмчлээд зүгээр болох асуудал биш. Бүх эрхтэн хоорондоо холбоо хамааралтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг шүү дээ. Яг үүн шиг нийгэм ч гэсэн бүхэлдээ систем юм. Тэнд буй элемент бүрийн хоорондын харилцан үйлчлэлийн үр дүнд нийгэмд илүү шинэчлэл, дэвшил гарч ирдгийг залуучууд ойлгох хэрэгтэй.

Угаас дэлхий нийтээр боловсролын салбарт системийн бодлогыг баримталж, парадигмийн шилжилт хийгээд эхэлчихсэн. Манайх ч гэсэн илүү оройтохоосоо өмнө энэ шилжилтийг хийж, боловсролын салбараа өөрчлөх цаг болсон. Энэ хэвээрээ чанаргүй удвал бид хойч үеийнхнийгээ л хохироож байгаа хэрэг. Нөгөө талаас, одоо цагт хүн өөрөө л хичээж сурахаас биш дээр үе шиг багшаар хичээл заалгаад сурдаг үе өнгөрсөн. Өөрийгөө хөгжүүлэхэд хангалттай, чөлөөтэй орон зай та бүхэнд нээлттэй байна. Хэрвээ англи хэлтэй бол энэ асуудал бүр ч амар болох буюу хүссэн бүхэн чинь өмнө чинь байна гэсэн үг.

Тавдугаарт, их түүхээ судалж, алдаа онооноосоо суралц. “Хүн ямагт урагшаа харж амьдрах ёстой. Гэхдээ амьдралыг ойлгоё гэвэл түүхээ эргэн хар” гэдэг үг бий дээ. Бид бусад улс үндэстнүүдээс юугаараа илүү, юугаараа дутуу явж ирснийг хүн бүхэн мэдэх хэрэгтэй. Энэ нь монголчуудын бусдаас ялгарах онцлог болно. Ялгаатай байдал нь өрсөлдөх чадвартай байна гэсэн үг. Өдгөө даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд улс орон бүр өөр өөрийн онцлогийг хадгалж үлдэх гэж хичээж байгаагийн нэг шалтгаан нь үүнтэй холбоотой

Залуучууд их түүхээ эргэн харж, алдаа онооноосоо суралцах хэрэгтэй. Тэнд бидний бусдаас ялгарах онцлог бий. Ялгаатай байдал нь өрсөлдөх чадвартай байна гэсэн үг.

VIII. С.НАРАНГЭРЭЛ

Эцэг эхчүүдийн хувьд үр хүүхдээ хайрлан хамгаалж, зөв хүмүүжүүлж, эрүүл саруул өсгөж, тэдэндээ үлгэр дуурайлал болж, сайн боловсрол эзэмшүүлж, эх оронч сэтгэлгээг суулгаж, ирээдүйд сайн хүн болох суурь төлөвшлийг нь бүрдүүлж өгөх нь хамгийн чухал үүрэг юм. Гэвч энэ үүрэг алдагдсанаас болж зарим залуусын хандлага нийгэмд сөргөөр нөлөөлж байна. Жишээлбэл, гудманд зөрж өнгөрөх төдийд шүлсээ хаяж байгаа залуу хүнийг хараад надад “яана даа” гэмээр санагддаг юм. Үнэхээр сэтгэл өвддөг. Тэр ч бүү хэл, аль хэдийн насанд хүрчихээд ээж аав, эмээ өвөөгийнхөө тэтгэврээр амьдардаг хүмүүс олон байна. Уг нь ажил хөдөлмөр эрхэлбэл амьдрал аяндаа өөдөлдөг шүү дээ.

Социализмын нэг давуу тал нь хүн бүр ажил хийдэг байсан. Бидэнд цалингаасаа аав ээждээ илүүчилж өгөх ухаан цаанаасаа л суучихсан байсан. Гэхдээ ардчилал бий болсноор энэ бүхэн үгүй болж, “байсан юм байхаа больсон” юм шиг санагддаг. Үүнээс улбаалан нэг хэсэг Монголд ажилгүйдэл нүүрлэж, иргэд маш олноор гадагш
явж байсан үе бий. Магадгүй тухайн үед аав ээжээсээ хол өссөн хүүхэд өнөөдөр хүмүүжлийн доголдолтой иргэн болж төлөвшсөн байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс эцэг эхийн анхаарал халамжаас шалтгаалж хүүхдийн ирээдүйд хэн болох нь тодорхойлогддог гэдгийг залуучууд сайтар ойлгох хэрэгтэй. Өдөр бүрийн энгийн үйлдлүүд чинь л тэдэнд үлгэр дуурайлал болно.

Ажил хөдөлмөр эрхэлбэл амьдрал аяндаа өөдөлдөг шүү дээ.

IX. М.ДАЛХАА

Манай байгууллагын ажилчдын ихэнх нь залуучууд байдаг юм. Миний хувьд тэдэнтэйгээ хамтарч ажиллах их дуртай. Анзаараад байхад одооны залуус бидний залуугийн үетэй харьцуулшгүй чөлөөт сэтгэлгээтэй, эцэг эх, багш нараасаа хараат бус, хурдтай, аливаа зүйлийн цаадахыг аль хэдийн олоод харчихдаг, техник технологийн өндөр мэдлэгтэй зэрэг олон давуу талтай болжээ. Энэ нь хүн гэгч амьтан өөрчлөгдөөд байгаад бус, нийгмийн хөгжлийн ялгаанаас ихээхэн хамаарч байгаа хэрэг. Жишээлбэл, биднийг бага байхад багш нар сурагчдаа чихдэж авчраад, хичээл заадаг байсан бол одоо цагт сурвал сур, үгүй бол явж болно гэсэн хандлагатай болсон. Хуучин цаг шиг мөнгө төгрөг, эд баялагт баригдаж санаа зовох асуудал ч багассан. Хэрвээ чи ажил эрхэлдэг л бол орон сууцаа лизингээр авчихна, цалингийн зээлд хамрагдана, хөнгөлөлт урамшуулал эдэлнэ гэх мэт олон боломж бий. Ерөөсөө орчин үед хэн бусдаас илүү сэргэлэн, санаачлагатай байна, тэр хүн хүссэн бүхнээ хийж сайхан амьдрах асар их боломжтой болжээ.

Орчин үед хэн бусдаас илүү сэргэлэн, санаачлагатай байна, тэр хүн хүссэн бүхнээ хийж сайхан амьдрах асар их боломжтой болжээ.

 X. Л.Чаминчулуун

30-аад жил багшилж буй өөрийн туршлагаас харахад хамгийн түрүүнд багш хүн оюутнууддаа мэдээлэл өгч, тодорхой хэмжээний хандлагыг бий болгодог. Улмаар тухайн хүүхэд төлөвшиж эхэлнэ. Ийнхүү өөрийн гэсэн төлөвшилтэй болсон хүний мэдлэгийн хүрээ нь ямагт өргөжиж, түүнийгээ мэргэжил болгон суурьшуулдаг. Үүний дараа, хүн мэргэжилдээ гаршаад, өөрийн болгоод ирэхээр энэ хорвоод төрснийхөө ач буяныг хариулж эхэлдэг.

Миний анзаарснаар, 2000-аад оноос хойших хүүхдүүдийн энэ бүхнийг хүлээж авах, ойлгох сэтгэл зүй өөр өөр болж эхэлсэн нь тэдний суурь хүмүүжил тааруухан байгаатай холбоотой байж мэднэ. Тэгэхээр эцэг эх, дунд сургуулийн багш нар хүүхдийн хүмүүжилд нэлээд анхаарах ёстой болж байгаа юм. Эс аваас их сургуулийн багш нарт энэ үүрэг оногдож, маш их цаг хугацааг алддаг.

Гэсэн хэдий ч, миний хувьд сайн багшийн оюутан сайн сурч төгсдөг учраас чадах чинээгээрээ хичээдэг юм. Угаас багш хүний зорилгочадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршдог. Яагаад гэвэл чадварлаг мэргэжилтнүүд хаана ч очсон монгол хүн гэдгээ баттай хамгаалж чадна шүү дээ. Нэг ёсондоо, хорвоод мэндэлсэн хэн бүхэн чаддаг зүйлээ хийж бүтээн, хүн болж төрснийхөө ач буяныг заавал хариулах ёстой. Өөрөөр хэлбэл, ямарваа бүтээлийг үр хойч, эх орондоо үлдээх учиртай гэсэн үг. Энэ нь тэдний хувьд мөнхрөл юм.

Хорвоод мэндэлсэн хүн бүхэн ямарваа бүтээлийг үр хойч, эх орондоо үлдээх учиртай. Энэ чинь л мөнхрөл юм шүү дээ.

Залуучууд ахмадын үгээ сонсож, тэдний алдаа оноо, эрдэм мэдлэг, амьдралын туршлагаас суралцаж, биедээ ачлалтай, хүндэтгэлтэй ханддаг байгаасай.

Дээд үеийнхнийхээ дуу хоолойг сонсоцгооё, бүгд ойлголцож хамтран амьдаръя хэмээн уриалахаар бид энэхүү нийтлэлийг бэлтгэлээ. Цаашид энэхүү контентийг цувралаар хүргэх учраас уншигч та бүхэн өөрийн түүхээ хуваалцахыг хүсвэл #10ертөнц10өнцөг гэх түлхүүр үгийг ашиглан сошиал хуудсандаа постлоорой.

ЦУВРАЛЫН Өмнөх дугаарыг унших

GEN Z: 10 ертөнц, 10 өнцөг

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ё.Ичинноров
Б.Хатанбаатар

Гэрэл зургийг:

Ё.Ичинноров

Хандалт / Сэтгэгдэл:

19666   11

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.