Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   11 сарын 02, 2019

Амжилттай компани байгуулах нь #2: Татвар болон Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх нь

Өөрийн санааг бодитоор хэрэгжүүлэн компаниа байгуулах хүсэлтэй хэн бүхэнд зориулан бид цувралаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмж хүргэж буй. Цувралын эхний нийтлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хуулийн этгээдээр хэрхэн бүртгүүлэх талаар оруулсан бол энэ удаа байгуулсан компаниа татвар төлөгчөөр болон нийгмийн даатгалын хэлтэст хэрхэн бүртгүүлэх талаарх мэдээлэл хүргэе.

1. Яагаад татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой вэ?

Хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлнэ гэдэг нь төсвийн бүрдүүлэлтээр дамжуулан нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй хэрэг бөгөөд үүнээс гадна улсын эдийн засгийн, санхүүгийн үнэн бодит мэдээллийн баазыг бий болгох, тэрхүү мэдээлэлд үндэслэн зөв бодлого, зохицуулалт гаргахад чухал нөлөөтэй юм.

2. Бүртгүүлэх үйл ажиллагаа, бичиг баримтын бүрдүүлэлт

Хуулийн этгээд нь улсын бүртгэлийн гэрчилгээгээ гарснаас хойш 14 хоногийн дотор харьяа дүүргийнхээ татварын хэлтэст очиж, татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй. Иймд татварын газар, хэлтэст бүртгүүлэхээр очихдоо эдгээр бичиг баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлэн очих хэрэгтэй юм.

Зөвлөгөө: Түрээсийн гэрээний хувьд, өөрийн ажлын байргүй байгаа тохиолдолд компанийн гэрчилгээн дээрх хаяг нь үүсгэн байгуулагчийнхаа иргэний үнэмлэхийн хаягтай таарч байх ёстой байдаг. Мөн үүсгэн байгуулагчаас өөр хүн бүртгүүлэх гэж байгаа бол тухайн компанийг албан ёсоор төлөөлж байгааг, тухайн байгууллагад ажилладаг болохыг тодорхойлсон итгэмжлэл бүхий байгууллагын албан бичигтэй очих хэрэгтэй. Үүнээс гадна бүртгэл хариуцсан байцаагч танай компанийг татвар төлөгчөөр бүртгэсний дараа компанийн нэр дээр хувийн хэрэг үүсгэдэг тул эргэж гаралгүйгээр ажлаа дуусгая гэвэл ойролцоох бичиг хэргийн дэлгүүрээс нүхэлдэг, нуруутай хавтас аваад ороорой.

Зарим байгууллагууд улсын бүртгэлийн гэрчилгээгээ авмагцаа буюу татвар төлөгчөөр бүртгүүлэхээсээ өмнө баримт бичиг дээрх мэдээллээ өөрчилсөн тохиолдол байдаг. Энэ үед татвар төлөгчөөр бүртгүүлэхийн тулд багагүй бичиг цаас цуглуулах ажилтай болдог тул улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсны дараа аль болох өөрчлөлт, шилжилт хийлгүйгээр татварын газартаа бүртгүүлбэл зохилтой.

Мэдээлэл: Татвар төлөгчөөр бүртгүүлэх үйл явцад та ямар нэгэн хураамж, төлбөр төлөхгүй. Мөн үүсгэн байгуулагч нь очиж байгаа бол иргэний үнэмлэхтэйгээ, өөр хүн очиж байгаа бол итгэмжлэлтэйгээ байхад заавал тамга байх шаардлагагүй байдаг. Гадаадын хуулийн этгээдийн төлөөний газар байгуулж байгаа бол харьяа дүүргийнхээ татварын хэлтэст, харин төлөөлөгчийн газар байгуулж байгаа бол заавал Нийслэлийн татварын газар, Гадаадын иргэн харьяатын албанд бүртгүүлж, гэрчилгээгээ авна.

3. E-tax сайтаар нэвтрэн орох

Бүртгэл хариуцсан байцаагчид татвар төлөгчөөр бүртгүүлсний дараа, таны бүртгүүлсэн холбоо барих хаягаар Татварын цахим систем буюу е-tax сайтад нэвтрэх эрх бүхий нэр, нууц үгийг өгдөг. Энэ үед таны хийх ёстой ажил бол сайт руу нэвтэрч “Миний мэдээлэл” хэсэг дэх мэдээллээ шалгаад “Тийм” товчыг дарж бүртгэлээ баталгаажуулах юм. Ингэснээр татвар төлөгчөөр бүртгүүлэх үйл явц гүйцнэ гэсэн үг. Сайт дээрх бүртгэлийн мэдээллээ баталгаажуулаагүйн улмаас мэдээлэл нь бүрэн оролгүй үлдэх явдал багагүй гардаг байна.

4. Цахим буюу тоон гарын үсэг авах

Хуулийн этгээд болсны дараа танай байгууллага борлуулалтын орлогоосоо шалтгаалан тодорхой давтамжтайгаар тайлан хийж, илгээх хэрэгтэй болдог. Тайлангаа явуулахын тулд e-tax сайт дээрх бүртгэлээ ашиглан тоон гарын үсэг авах хүсэлтээ илгээгээрэй. Тоон гарын үсгийг авснаар e-tax.mn сайтыг ашиглан татвар, тайлантай холбоотой хүсэлт, өргөдлүүдээ цахимаар илгээх, хариу авах, бүртгүүлэх боломжтой болох юм.

Зөвлөгөө: Тоон гарын үсэг бүхий файл нь тун эмзэг тул флаш дискэндээ өөр файл хадгалахгүй байвал сайн. Мөн 2gb-аас дээш багтаамжтай флаштай байхыг зөвлөе.

5. Ebarimt-ийн POS машин авах

Хэрвээ танай байгууллага худалдаа, үйлчилгээ явуулах бол дараагийн алхам нь цахим төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмж буюу ПОС терминал ePOS үйлчилгээг өөрийн системтэй холбож суурилуулах. Байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэл, онцлог, эргэлтийн хөрөнгийн хэмжээ зэргээс хамаарч олон төрлийн програм, төхөөрөмжүүдээс өөрт тохирсон сонголтыг хийж болдог. Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо нь энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудыг нэгтгэсэн байдаг тул нэг дороос мэдээлэл авах бүрэн боломжтой. Бүх л үзвэр, үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэлүүд үйл ажиллагаандаа цахим төлбөрийн баримт хэвлэх төхөөрөмжийг нэвтрүүлж, нээлттэй, ил тод, шударга байдлаар ажиллахыг эрмэлзээрэй.

6. Нэмэлт мэдээлэл 

-Дүүрэг бүрийн татварын хэлтсүүд тогтмол давтамжтайгаар үнэ төлбөргүй, нээлттэй сургалт зохион байгуулдаг бөгөөд сургалтын зараа сайтаараа дамжуулан мэдээлдэг.

-Мөн долоо хоног бүрийн даваа гарагт 14:40 цагаас MGL 88.3 радиогоор Татварын Ерөнхий Газраас таван минутын товч тодорхой мэдээг өгдөг.

-Тухайн байгууллага орон тоо цөөнтэй буюу нягтлангүй бол тайлант хугацааны үеэр гэрээт нягтлан хөлслөхийг зөвлөж байна. Тайлан, тооцоотой холбоотой зүйлсийг мэргэжлийн хүнд даатгах нь ирээдүйд үүсэж болох олон хүндрэл, бэрхшээлээс хамгаалж чадах юм шүү.

-Хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлсэн л бол тухайн байгууллагыг хариуцах орлогын байцаагчтай болдог. Орлогын байцаагчтай хамтран ажиллаж, мэдээлэлд илүү ойр байснаар татвар, хураамжтай холбоотой боломжуудыг цаг алдалгүй ашиглаж, ямар нэг эрсдэл, асуудлаас сэргийлэх боломжтой.

7. Анхаарах зүйлс 

-Юуны өмнө компаниа байгуулж, татвар төлөгчөөр бүртгүүлсэн бол татварын тайлангаа цаг тухайд нь хариуцлагатайгаар өгч байх хэрэгтэйг сануулъя. Энэ нь хамгийн хохиролгүй, ирээдүйн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж өгдөг юм шүү.

-Тайлан явуулах үеийн хамгийн том алдаа нь НӨАТ-ын болон ААНОАТ-ын тайлангууд нь зөрдөг асуудал. ААНОАТ-ын тайлангаа Х буюу үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдээлсэн ч, НӨАТ-ын тайлан дээрээ гүйлгээтэй байх (жишээ нь, нэхэмжлэх хуудас гаргах) гэх мэт тохиолдолд тухайн тайлан буцаагддаг гэдгийг анхааруулъя.

-Татварын тайлангаа e-tax.mn сайтаар явуулсны дараа нь заавал сайт руу эргэн орж, тухайн тайлан ямар төлөвт байгааг шалгаж байх хэрэгтэй. Тайлангийн асуудалтай ихэнх байгууллагуудын гаргадаг алдаа нь тайлангаа явуулаад л тэр чигт нь шалгалгүй орхидог явдал. Иймд явуулсан тайлангийнхаа зөвшөөрөгдсөн, эсвэл алдаатай (дахин явуулах шаардлагатай) болсон эсэхийг шалгаж хэвшээрэй.

-Ebarimt-д нэгдээгүй, цаашлаад борлуулалтын орлогоо нуусан тохиолдолд борлуулалтын орлогын хоёр хувиар торгодог.

8. Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх 

Компаниа байгуулсны дараа албан ёсоор ажилтан авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан, цалинжуулахаар болсон бол харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлж, даатгуулах хэрэгтэй. Даатгуулахад шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлэн очиж бүртгүүлээд, Шимтгэлийн цахим системд нэвтрэх нууц үгээ авч, цаашдаа нийгмийн даатгалын тайлангуудаа цахимаар илгээх юм. Шимтгэлийн цахим системд ажилтнуудынхаа регистрийн дугаар, овог, нэрийг оруулахад л улсын бүртгэлийн мэдээлэлтэй холбогддог тул та сар бүр нийгмийн даатгалын хэлтэс дээр тайлангаа авч очилгүй зөвхөн 7б ба 8 дугаар маягтуудаа хэвлэн очиход хангалттай.

9. 2020 оны 01 сарын 01-нээс мөрдөгдөж эхлэх хуулийн онцлох/зарим өөрчлөлтүүд

Татварын ерөнхий хууль, ААНОАТТХ, ХХОАТТХ-ийн шинэчилсэн найруулга 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан билээ. Одоо мөрдөгдөж буй хуулиар бол хуулийн этгээд улиралд нэг тайлан буюу жилд 4 тайлан өгдөг байсныг, борлуулалтын орлого нь жилийн 50 саяас ихгүй (бичил болон жижиг бизнес эрхлэгчид) бол жилд нэг л удаа тайлан өгөхөөр болгосон гэх мэт татвар төлөгчдөд таатай, бодитой заалтууд оржээ.

Мөн одоогоор сар бүрийн цалингийнхаа 24 хувийг (компаниас 12.5 хувь, ажилтнаас 11.5 хувь) нийгмийн даатгалын санд хуримтлуулдаг бол ирэх оноос 25 хувь (компаниас 13 хувь, ажилтнаас 12 хувь) болж нэмэгдэж байгаа юм.

Эдгээр хуулиуд тун удахгүй буюу 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхлэх юм.

10. Уншиж танилцвал зохих хуулиуд 

1. Татварын ерөнхий хууль (Одоо мөрдөгдөж байгаа)
2. Татварын ерөнхий хууль (2020 оны 1 сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх)
3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (Одоо мөрдөгдөж байгаа)
4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2020 оны 1 сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх)
5. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (Одоо мөрдөгдөж байгаа)
6. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (2020 оны 1 сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх)
7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
8. Нийслэл хотын албан татварын тухай хууль
9. Нийслэл хотын албан татвар ногдуулах төлөх, тайлагнах аргачлал
10. Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн ба хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журам
11. Нийгмийн даатгалын тухай хууль
12. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай

6266   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Г.ОЮУНЛХАМ
Б.ХАТАНБААТАР




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.