Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   10 сарын 28, 2019

Онцлох бизнес: Whitex - Дурсамжаа хэвлэ

Ухаалаг утасны хөгжил, хүртээмжтэй байдлын ачаар бид аз жаргалтай хором мөч бүрээ зургаар баталгаажуулах боломжтой болсон билээ. Харамсалтай нь бидэнд дурсамжаа хадгалах боломж ихсэх тусам үнэ цэнийг нь үл тоон, нэг л мэдэхэд тэдгээрийг мартах буюу устгасан байх нь элбэг болж. Иймээс бид энэ удаа танд дурсамжаа хэвлэн авч үлдэх боломжийг олгох Whitex-ийг онцолж байна. Тэд инстаграмаас, гар утаснаас хүний оролцоогүйгээр хурдан шуурхай зураг угаах photo booth ажиллуулдаг. Whitex өнгөрсөн оны ICT Expo-оос эхлэн олон хөгжмийн фестиваль, томоохон арга хэмжээнд үйлчилгээгээ дэлгэжээ. Ингээд Whitex-ийн үүсгэн байгуулагч Б.Чингүүнтэй ярилцсаныг хүлээн авна уу.

Бизнесийн нэр: Whitex
Хаяг: БГД 1-р хороо, 71 байр
Үйл ажиллагааны чиглэл: Гэрэл зураг, автомат технологи
Үүсгэн байгуулагдсан: 2018
Үүсгэн байгуулагч: Б.Чингүүн, Б.Хатанбаатар, Э.Мөнхжин
Цахим хуудсууд: @whitexfilm (инстаграм), WHITEX (фэйсбүүк)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Whitex бол шинэ технологи ашиглан зураг хэвлэх үйлчилгээг photo booth-ийн тусламжтай үзүүлдэг байгууллага. Бидний гол зорилго бол технологи ашиглан хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, цагийг хэмнэх. Бизнесийн санаагаа санаандгүй байдлаар олсон. Би өнгөрсөн жил Москвад аялж явахдаа photo booth-тэй төстэй нэг төхөөрөмжтэй таарсан юм. Тэр үедээ зүгээр л хэрэглэж үзээд “давгүй шүү” гээд өнгөрсөн. Харин дараа нь Монголд ирээд зураг хэвлэх газруудад олон дутагдал байгааг анзаарсан л даа. Удаан очерлож хүлээх, заавал хүнд зургаа харуулж угаалгах, тогтсон үнэ ханшгүй дураараа тоо хэлэхийг сонсох гээд л. Тиймээс хүмүүсийн цагийг хэмнэх, аятай тухтай үйлчилгээ авах энэ санааг сэдсэн юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Гэр бүлийнхэндээ бизнес санаагаа танилцуулж арван хоёр сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл аван Whitex-ийг эхлүүлсэн. Тэгээд амласан хугацаанаасаа хавьгүй эрт төлж чадсан шүү (инээв).

ХАМТРАГЧДАА ХЭРХЭН ОЛЖ СОНГОСОН БЭ?

Манай Whitex-ийнхэн бүгд зурагт дуртай, бүр хайртай хүмүүс. Бид сонирхлоороо нийлсэн найзууд.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД?

Манай төхөөрөмжөөр өөрийн инстаграм хуудаснаас, төрөл бүрийн #хаштагаас, гар утасны галлеригаасаа зураг угаалгаж болохоос гадна шууд селфи хийн хэвлэх боломжтой. Ингэхдээ хэн нэгэнд зургаа харуулж, харилцах шаардлагагүй, өөрөө өөртөө үйлчлэх юм. Зургийг хэвлэхдээ хүссэн тоо хэмжээгээрээ, инстаграмд нийтлэгдсэн өдөр, авсан лайкаа харуулж, эсвэл элдэв хүрээ (frame) нэмсэн ч болно. Мөн утаснаас зураг оруулахад элдэв холболт ашиглахгүйгээр шууд QR код уншуулдаг давуу талтай.
Зургийн чанарын хувьд дөрвөн давхар бүрэлттэй гэдгээрээ онцлог. Тиймээс өнгөө удаан хадгалдаг, хурууны хээ гардаггүй, усанд нордоггүй, хугарч нугардаггүй давуу талтай.

ХААНААС WHITEX-ИЙН ЗУРГИЙН АВТОМАТ МАШИНЫГ ОЛОХ ВЭ?

Манайх ихэвчлэн байгууллагуудад түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Ер нь томоохон хөгжмийн фестивал, эвентүүд, баярын арга хэмжээн дээр манайхтай таарах болов уу. Бид анх ICT Expo 2018-оор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Тэрнээс хойш Intro Electronic Music Festival, Playtime-д оролцож Unitel, KFC, Pizzahut, LendMN, CallPro, UB Comedy Club, MCS групп зэрэг газруудтай хамтран ажилласан.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Одоо хийж буй үйл ажиллагаа, үйлчилгээгээ нэмэгдүүлж улам чанаржуулж сайжруулах нь ойрын зорилго. Хэтдээ бол бусад улсуудад бараа бүтээгдэхүүнээ гаргах том зорилго өвөрлөж байгаа. Энэ ажлаа эхнээс нь хийж хэрэгжүүлээд явж байна.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Нэгдүгээрт, бид дараагийн photo booth төхөөрөмжөө бэлдэж байгаа. Энэ төхөөрөмж дээр зургаа зөвхөн инстаграмаас биш фэйсбүүкээс хэвлэх боломжтой болгосон. Хоёрдугаарт, WHITEXSYS гэх дизайнерууд зориулсан, онлайн худалдааны сайтуудад зориулсан үйлчилгээг таниулахаар ажиллаж байна. Энэ нь бараа бүтээгдэхүүний зургийг 360 градусаас эргүүлж харах боломж олгодог үйлчилгээ юм. Ebay, Amazon-ийн ихэвчлэн ашигладаг энэ технологийг бид Монголдоо хийж байна. Удахгүй энэ үйлчилгээгээ албан ёсны эрхтэйгээр Amazon дээр байршуулах болно. Гуравдугаарт, бид Whitex Production-аараа “Airag” энтертэйнмент сувагаар соёлыг түгээх, соён гэгээрүүлэх зорилгоор сонирхолтой контентууд бүтээж байгаа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Баг, хамт олон маань манай гол үнэт зүйл. За тэгээд мэдээж энэ бизнест эелдэг найрсаг харилцаа их чухал. Харилцагч, үйлчлүүлэгчээ сэтгэл ханамжтай байлгаснаар бид урт хугацаандаа амжилттай ажиллаж чадна. Мөн шинэ сонирхолтой, бүтээлч санааг хэрэгжүүлэхийг гол баримталдаг.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Энэ төрлийн бизнесийг эрхлэхэд олон шинэ боломж, сонирхолтой хүмүүстэй таардаг нь хамгийн сайхан. Зургийн автомат машин маань хүмүүст нандин дурсамжаа хадгалж үлдээх боломжийг олгодог нь урамтай байдаг. Бодоод үз л дээ. Бид олон зураг авч, их хэмжээний файл хадгалдаг. Харамсалтай нь ихэнх нь цагийн эрхээр устаж, мартагддаг шүү дээ. Харин аав, ээжүүдийн маань 20, 30 жилийн өмнөх зургууд байсаар л байдаг. Энэ бол хэвлэмэл зургийн үнэ цэнэ юм.Бэрхшээл гээд байх зүйл байхгүй дээ. Дуртай зүйлээ хийж байгаа болохоор асуудал гарвал шийдээд л явдаг.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЗАРИМ СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?

Харилцагч болон үйлчлүүлэгчид маань сэтгэл хангалуун байдаг. Ихэнх хүмүүс ийм шинэ төрлийн технологи ашиглаж байгаадаа баяртай байдаг. Яг одоо санаж байгаа хэн нэгний хэлсэн сэтгэгдэл гэвэл Юнителтэй хамтарч ажиллаж байхад "Ийм насны хүүхдүүд өөрсдийн гэсэн шинэ технологи оруулж ирээд, түүнийгээ бизнес болгоод явж байгаагаар бахархаж байна" гэсэн шүү.

8989   3


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Б.Хатанбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.