Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 30, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - ICG группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал

Энэ удаагийн дугаартаа зөвлөх үйлчилгээний салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг ICG группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргалыг урилаа. 10 гаруй жилийн хугацаанд, 70 гаруй байгууллагад зөвлөхөөр ажилласан тэрээр сүүлийн жилүүдэд технологид суурилсан санхүүгийн бизнест хүч үзэн, төрийн үйлчилгээг цахимжуулах үйл явцад манлайлан оролцож буй. Түүний хамтран үүсгэн байгуулсан "Гэрэгэ Системс" компани нь төрийн үйлчилгээг технологи ашиглан хүртээмжтэй хүргэх Гэрэгэ платформыг улс даяар нэвтрүүлж байгаа юм. Зочин маань Европын хамгийн эртний, нэр хүндтэй их сургуулиудийн нэг болох Хайделбергийн их сургуульд хөгжлийн эдийн засагч мэргэжлээр суралцсан бөгөөд суурь мэргэжлээ орчин цагийн технологийн чиг хандлагатай хоршуулан бизнесийн салбарт амжилттай ажиллаж байна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: ICG Группийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, "Гэрэгэ Системс" компанийн хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone 11, Samsung Galaxy
Хэрэглэдэг компьютер: суурин Dell, iPad Pro 2
Сошиал хуудсууд: Enkhjargal Natsagdorj (Facebook), Enkhjargal Natsagdorj (LinkedIn)

ТА АЖЛЫН ГАРААГАА ХЭРХЭН ЭХЛҮҮЛСЭН БЭ? ХӨГЖЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ БОЛСОН ШАЛТГААН?

Намайг 1990 онд дөнгөж оюутан болох гэж байхад МУИС-д Германы инженерийн бэлтгэл (ГИБ) анги байлаа. Тухайн үед хүүхэд болгоны мөрөөдөл байсан энэ ангид 500 хүүхэдтэй өрсөлдөн шалгарсан ч 1990 онд баруун, зүүнээрээ хуваагдсан Герман улс эргэн нийлсний улмаас Зүүн Герман руу оюутан явуулдаг тэр хөтөлбөр байхгүй болсон юм. Гэхдээ л Герман явах хүслээ тээсэн хэвээр байсан учраас МУИС-ийн Олон улсын харилцааны ангийг герман судлалаар дүүргээд, Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-ны тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэн Европын хамгийн эртний, шилдэг их сургуулиудын нэг болох Хайделбергийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцах болсон юм.

Тухайн үед Дэлхийн Банк, НҮБ зэрэг олон улсын байгууллагад ажиллах нь хамгийн нэр хүндтэй, өндөр цалинтай ажил байсан учир тийм газар ажилладаг хүн болох зорилгоор хөгжлийн эдийн засгийг сонгосон. Уг нь докторын зэрэг хамгаалахаар явсан ч Монголын 1990-ээд оны боловсролын систем Германд хангалтгүй байснаас гадна эдийн засгийн чиглэлээр төгсөөгүй учраас эхнээс нь ул суурьтай үзэхээр шийдсэн. Ингээд бакалавраас эхлэн магистр, докторын сургалтад нийт долоон жилийг зориулсан даа. Судалгааны ажлаа хийж байх явцдаа олон улсын байгууллагын төслүүд дээр зөвлөхөөр ажиллаж, энэ чиглэлээр нэлээн сайн мэргэшсэн гэж хэлж болно.

Оюутан байхад ХБНГУ-д манай улсаас Ерөнхийлөгч юм уу Ерөнхий сайд айлчлах үед албан уулзалт, бизнес группийн хэлмэрч хийхийн хажуугаар олон мундаг хүнтэй танилцаж, танилын хүрээгээ ч тэлсэн. Ингээд 2004 онд Монголд түр хугацаанд ирэхдээ MCS компанид зөвлөхөөр орж, үйл ажиллагаанд нь гар бие оролцож эхлэхэд бизнесийн салбар сонирхолтой санагдаж, Дэлхийн Банкинд ажиллахаас ч илүү татагдах болсон юм.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Миний хувьд багаасаа аливааг цэгцтэй хийх гэж хичээдэг байснаас гадна Германд олон жил суралцсан учраас сахилга баттай, төлөвлөгөө, зохион байгуулалттай ажилладаг гэж хэлж болно. Жижигхэн ажилд ч төлөвлөгөө, тайлан авч цэгцтэй байхыг эрмэлздэг. Олон ажлын ард гарахын тулд хувийн зохион байгуулалт, сахилга бат сайтай байж, багийн гишүүдэд ажлаа зөв хуваарилах нь чухал байдаг.

Сүүлийн жилүүдэд зөвлөх үйлчилгээнийхээ цар хүрээг өргөжүүлэн, одоо хэрэгжүүлж буй төслүүдийнхээ 80 гаруй хувийг олон улсын байгууллагуудтай урт хугацаанд хамтран ажиллах байдлаар гүйцэтгэж байна. Бид 2010 оноос хойш 70 гаруй байгууллагын 100 гаруй төсөл дээр зөвлөхөөр ажиллажээ. Харин сүүлийн хоёр жилд өөрсдийн хамгийн том төсөл болох "Гэрэгэ" дээр ихэнх цагаа зарцуулж байна. Ирэх жилээс бизнесийнхээ үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрт оруулж, технологид суурилсан финтек ба дан санхүүгийн чиглэлийн бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

"Гэрэгэ Системс" компанийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн олон төрлийн үйлчилгээг технологийн шийдэл ашиглан иргэдэд хүргэх зорилгоор өнгөрсөн онд байгуулагдсан. Олон бизнес дээр зөвлөхөөр ажиллах явцад өөрийн гэсэн бренд бүтээгдэхүүнтэй, олон хэрэглэгчтэй бизнес эрхлэх нь чухал болохыг ойлгож, нөхрийнхөө үүсгэн байгуулсан "Гэрэгэ Системс" компанийн үйл ажиллагаанд ханцуй шамлан орсон гэж хэлж болно.

Манайд сүүлийн жилүүдэд финтек компаниуд бий болж, ухаалаг утсанд зориулсан олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Гэвч хотын захад амьдардаг, гэр хорооллын амьжиргаа тааруу иргэд тэр бүхнийг ашиглаж чадахгүй ард хоцрох эрсдэл байгаа. Ухаалаг гар утасгүй, интернетэд холбогдоогүй олон мянган иргэн байна. Тиймээс Гэрэгэ Киоск, Гэрэгэ Пос машинаар дамжуулан иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг хүн бүрд тэгш олгохоор зорьж байна.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Ажил дээрээ ирээд хамгийн түрүүнд нээдэг програм гэвэл Thunderbird, Evernote, ажлын дотоод сүлжээ болох ERP систем. Thunderbird дээр имэйл шалгах, хариу бичих ажлуудаа хийдэг бол Evernote апп дээр бүх төлөвлөлтүүдээ хийж, ERP систем дээр ажилтай холбоотой бүх мэдээллээ солилцдог. Мөн уулзалтад оролцохдоо Awesome Note апп-ийг ашиглаж уулзалтын тэмдэглэлээ iPad дээр тэмдэглэдэг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би нэгэнт оффис дээрээ ирсэн бол аль болох орж, гарахгүйгээр дотоод ажлууд дээрээ төвлөрөхийг хичээдэг. Хоёрын хооронд ганц ажил амжуулахын төлөө гадагш гарч цаг алдахыг хүсдэггүй учраас гарах ажлуудаа нэг бүтэн өдөр бөөнддөг. Тухайлбал, даваа гарагийг компанийн дотоод хурал, уулзалтуудад, мягмар гарагт өрөөндөө төвлөрч суухад, лхагва, пүрэв гарагийг гадуур явах ажлуудад зарцуулах маягаар ажилладаг. Харин баасан гарагт ихэвчлэн өрөөндөө суун бичиг баримт, төслүүдээ засаж янзлах, утсаар ярих гэх мэт тухайн долоо хоногтоо хийж гүйцээх ёстой зүйлсээ хийдэг. Ажлын өдрүүдэд аль болох үдээс өмнө цагийг өөртөө зориулснаар илүү бүтээмжтэй байж чадна гэж боддог. Мөн зарим зүйлсийг хийж чадах хүнд нь даалган өгснөөр цаг хэмнэж болно.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

iPad ашиглан Evernote апп дээр бүх хийх ажлуудаа ангилаад төлөвлөдөг. Манайх төслүүдийнхээ менежментийг Asterisk Technologies компанийн "Odoo" ERP систем дээр хийж гүйцэтгэдэг. Тиймээс Google Calendar дээр уулзалт, хурлын товоо зоодог бол ERP-ийнхээ календарь дээр "Гэрэгэ Системс"-тэй холбоотой гадаад, дотоод уулзалтуудыг төлөвлөдөг. Үндсэндээ цаас, дэвтэр ашигладаггүй л болж байгаа юм.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Би өөрийгөө аливаа ажлыг удирдан зохион байгуулах, бусадтай харилцаа тогтоох, багаар ажиллахдаа сайн гэж боддог. Өнөө үед аль ч компанид soft skills буюу хүмүүстэй ойлголцох, харилцах ур чадвар чухал болсон. Сүүлийн үед карьерын зөвлөхүүд өөрийн давуу талыг илүүтэй ашиглах боломжтой ажлуудыг хийх хэрэгтэй гэж зөвлөдөг болоод байгаа шүү дээ.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Дижитал технологийн бизнес модель нь уламжлалт бизнесийнхээс хавьгүй өөр байдаг. Уламжлалт бизнес нь богино хугацаанд өгөөжөө өгөх боломжтой байдаг бол IT-ийн бизнес 3-5 жилийн хугацаанд ч ашиггүй явах нь бий. Гэхдээ урт хугацаандаа уламжлалт бизнесийн хэзээ ч бий болгож чадахааргүй хэд дахин нугалсан өндөр ашгийг авчрах боломжтой байдаг.

Би өмнө нь корпорейт бизнес хийх буюу цөөн тооны харилцагч байгууллагуудтай түлхүү ажилладаг байсан бол IT бизнест орсноос хойш хэрэглэгчид рүү чиглэсэн жижиглэн, тогтмол орлогод төвлөрөх болсон. Энэ нь ч илүү амар юм шиг санагдсан. Ер нь хүн ямар нэг бизнес хийх гэж байгаа бол тухайн бизнесийн модель өөрийн тань ажиллах арга барилд тохирох эсэхийг харгалзан үзэх хэрэгтэй болов уу. Бусадтай хамтын ажиллагаа үүсгэхдээ би дажгүй сайн хэдий ч өдөр бүр янз бүрийн хүмүүстэй уулзаж, дараагийн төсөл буюу шинэ ажлыг хайж явахын оронд мэдлэг, туршлагаа ашиглан өөрийн гэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, тэрийгээ олонд хүргэх нь надад илүү тохиромжтой санагдах болсон шүү.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоогоор технологид суурилсан санхүүгийн бизнесээ өргөжүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. "Гэрэгэ Системс"-ийн хөгжүүлсэн Гэрэгэ платформ нь нийтэд хүрэх олон “гар"-тай. Түүний нэг болох Гэрэгэ киоск машиныг Улаанбаатар хотын 50 байршилд 80 гаруй тоогоор байршуулж, улсын бүртгэл, лавлагаанаас авхуулаад автомашины торгууль, татвар төлөх, хот хоорондын нийтийн тээврийн тасалбар захиалах зэрэг төрийн олон үйлчилгээг цахимаар хүргэж байна.

Мөн Гэрэгэ киоскийн жижигрүүлсэн хувилбар буюу ГэрэгэПос төхөөрөмжийг
21 аймгийн 300 гаруй сум болон Улаанбаатар хотын 161 хороонд Гэрэгэ киоск болон Гэрэгэ пос машиныг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Уг ажлын эхлэл болгож хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймгийн Чингис хотын Улсын бүртгэлийн хэлтэст Гэрэгэ киоск машинаа байршууллаа. Ингэснээр орон нутгийн иргэд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас үзүүлдэг олон төрлийн үйлчилгээг авч, төлбөрийг нь Гэрэгэ киоскоор, ирэх сараас Гэрэгэ посоор төлөх боломжтой болж байна.

Түүнээс гадна Азийн Сантай хамтран Улаанбаатар хотын алслагдсан хороодын иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээ болон санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг ойртуулах төслийн хүрээнд хороон дээрээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ захиалан, Гэрэгэ пос машин ашиглан төлбөр тооцоогоо шууд хийх үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна. Улсын бүртгэлд бүртгүүлэн, иргэний үнэмлэхээ авч чадаагүй айл өрхийн гишүүд төрийн халамж, тэтгэвэр, тэтгэмж зэргийг хүртэж чаддаггүй тул энэ үйлчилгээгээр дамжуулан хороон дээрээс иргэдэд бүртгэлтэй холбоотой архив, лавлагааны мэдээллийг олгож, банк явалгүйгээр Гэрэгэ пос машинд картаа уншуулаад л төлбөр тооцооны асуудлыг цогцоор нь шийдэх боломжийг олгож байгаа юм.

Мөн бөөний худалдаачдад зориулан гар утас болон банкны пос-ыг нэгтгэсэн ГэрэгэПос төхөөрөмжийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Ингэснээр НӨАТ баримт өгдөггүй зах, худалдааны төв, тэр байтугай ТҮЦ-үүдэд хүрч ажиллах шийдэлтэй болох юм. Энэ ажлыг маань Татварын албанаас дэмжиж байгаа. Үүний үр дүнд далд эдийн засагт эргэлдэж буй бэлэн мөнгийг багасаж, улсын төсөвд төвлөрөх татварын орлогыг нэмэгдэнэ гэж итгэж байна.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжээ нэмэхтэй холбоотой буюу хувь хүний хөгжлийн номуудыг өмнө нь түлхүү уншдаг байлаа. Харин сүүлийн хоёр жил шинэ төрлийн бизнес эрхэлж буйтай холбоотойгоор технологийн бизнесийн номуудыг сонирхон уншдаг болоод байна. IT-ийн бизнес нь орлогын хэлбэр, бүтэц, хөрөнгө оруулалтаа нөхөж буй байдал, ажилтнуудын ажиллах арга барилаас аваад олон зүйлээрээ уламжлалт бизнесээс маш өөр. Тиймээс энэ онцлогийг мэдэрч ажиллахын тулд өөрийгөө задлах, сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй болсон. Тухайлбал, Цахиурын хөндий дэх компаниудын үүссэн, бэрхшээлийг давсан, амжилтад хүрсэн түүхээс ихийг суралцаж байна.

Ихэвчлэн англи хэл дээр уншдаг тул хэвлэмэл номоос илүү iPad дээр унших, бас сонсох боломжийг олгодог Scribd, Audible зэрэг апп-уудыг ашиглаж байна. Сүүлд уншсан номуудаас гэвэл, хурдан өсөж хөгждөг IT бизнесийн онцлогийн тухай бичсэн, LinkedIn-ий үүсгэн байгуулагч Рид Хоффманы "Blitzscaling: The Lightning Fast Path to Building Scaleups" ном тун өгөөжтэй санагдсан. Энэ номд технологид суурилсан бизнес яагаад ийм хурдан өсөлттэй байдаг, ийм компанийг хэрхэн удирдах тухай бичсэн байна лээ. Мөн технологийн бизнест хэрхэн хөрөнгө босгох, юунд анхаарах тухай өгүүлсэн, Цахиурын хөндийн шилдэг хөрөнгө оруулагчдын нэг Бэн Хоровицын "The Hard Thing About Hard Things" ном таалагдсан, энэ чиглэлд мэдлэгээ нэмэх хүссэн хүмүүст санал болгоё.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Ажил дээрээ ирээд шууд л Youtube-ийг нээдэг. Ихрийн ордныхон олон үйлдлийг зэрэг хийх чадвартай гэдэг дээ. Ер нь юм хийж байх үедээ хөгжим сонсох юм уу зурагтаар мэдээ хардаг. Германд байхад орой 22 цагт радиогоор миний сонсох дуртай 1980-аад оны намуухан дуунууд явж эхлэх үед ширээнийхээ гэрлийг асаагаад, судалгааны ажлуудаа бичээд суудаг байв. Хүүхэд байхдаа сонсож байсан Oldies, Softrock жанрын Chicago, BeeGees, Toto, Alan Parsons Project зэрэг хамтлаг дуучдыг одоо ч сонсох дуртай.

Харин яг төвлөрч ажиллах үед намуухан жазз тавих таатай байдаг юм. Ээжийн маань дүү нар намайг хүүхэд байхад тухайн үеийн барууны хит дуунуудыг өдөржин пянз тоглуулагч, магнитофоноор эгшиглүүлдэг байсан нь намайг хөгжимд дурлуулсан байх.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Би тийм ч эртэч хүн биш. Бүх насаараа л өглөө эрт босдог хүн болох гэж мөрөөдөж явна (инээв). Германд сурч байхдаа өглөө 8-9 цагийн хооронд аажуу уужуу босоод хичээлдээ явдаг байлаа. Монголд ирээд хувийн бизнес эрхлэх болсон тул цагт хавчигдалгүй, өөрийн хэв маягаар ажилладаг болсон. Гэхдээ бага насны хүүхдүүдтэй учраас өглөө 7-8 цагийн үед босдог. Германд байхад судалгааны чухал ажлуудаа орой 22 цагаас шөнийн 01 хүртэл хийдэг байлаа.

Би саяхан БНСУ-д олон улсын хуралд явахдаа тархины үйл ажиллагаа шалгадаг төхөөрөмж зүүж үзсэн юм. Иог, бясалгал хийдэггүй ч миний тархины үйл ажиллагааг хэвийн, стресс багатай, тайван, хангалттай унтаж амардаг юм байна гэж оношилсон. Өдөр бүр эрч хүчтэй, идэвхтэй байдаг шалтгаан минь хангалттай нойр авч унтдагтай маань холбоотой болов уу.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Хүүхдийн тоглоомын газар, дэлгүүр, кафе гээд Улаанбаатар хотод хүүхдүүдийг зугаацуулах хөөрхөн газар хаана байна, тэнд л хүүхдүүдээ дагуулаад явж байх болов уу. Амралтын өдрүүдэд хүүхдүүдээ гадуур зугаалуулж, юм үзүүлж, секц дамжаанд нь явуулж, цагийг хамт өнгөрөөдөг. Орой бас аль болох оройтохгүйг хичээж, унтахаас нь өмнө нь цөөн цаг ч болов хамт байхыг хичээдэг.

Орой болгон хоол хийж амждаггүй ч найз нөхөд, хамаатан саднууд гэрт зочлох үед сайхан ширээ засаад, амттай хоол хийн дайлж цайлах дуртай. Бусдыг баярлуулах сайхан байдаг юм.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Би ажилдаа маш дуртай. Өдөр бүр ажлаасаа эрч хүч, урам зориг авдаг. Зарим хүн workaholic гэдэг үгийг ажлаас өөр юу ч мэддэггүй хүн гэх мэтээр ойлгоод байдаг. Уг нь зөв утгаараа бол ажлаасаа таашаал авдаг хүнийг хэлдэг. Би тийм төрлийн хүн юм шиг байгаа юм.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би эмээ дээрээ өссөн учраас эрт биеэ даасан гэж хэлж болно. Тиймээс хэн нэгнийг дуурайн, заавар, зөвлөгөө сонсохоос илүүтэй өөрийгөө сонсох буюу багийн гишүүдтэйгээ ярилцах байдлаар голдуу шийдвэр гаргаж ирсэн. Гэхдээ мэдээж надаас олон жилийн туршлагатай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн зөвлөгөөг сонсолгүй яахав. Аливаа компанийг амжилттай удирдахын нууц нь ерөөс өөрөөсөө мундаг хүмүүстэй ажиллах гэж хэлж болох байх. Би авьяаслаг, чадалтай хүмүүстэй ажиллах дуртай. Тэднийг сонсож, хамтарч ажилладаг.

Германд сурч байхад төв телевизийнх нь нэртэй хөтлөгч эмэгтэй нэвтрүүлгээ дуусгахдаа сайхан инээмсэглээд “Alles wird gut” буюу монголоор “Бүх юм сайхан болно” гэж хэлдэг байсныг нь одоо ч санаж, өөдрөг явдаг юм. Мөн Уинстон Черчиллийн “Хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч бүү бууж өг” гэсэн үг бий. Бизнес эрхэлж яваа хүмүүст алдаж, онох үе олон бий. Амжилтад хүрсэн хүмүүс бүгд л тууштай, тэвчээртэй байж олон бэрхшээлийн ард гарсан байдаг. Ихээхэн өрөнд орж, гарцгүй болсон мэт байдалд орсон ч яаж ийгээд бизнесээ босгох чадалтай, хаттай хүнийг л жинхэнэ бизнесмен гэдэг болов уу.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

"Be Persistent" буюу гүргэр бай гэж хэлмээр байна. Бодсон санасан зүйлээ бүтээхийн төлөө зүтгээд л байх хэрэгтэй. Хэчнээн гоё санаа байгаад шантраад байвал юунд ч хүрэхгүй. Мөн залуу хүний хувьд ямар ч нөхцөлд шударга бусаар амжилтад хүрэх замыг сонгож болохгүй. Өөрөө хөдөлмөрлөж, сурч, туршлага хуримтлуулж, зорилгодоо хүрэхийг хичээгээрэй. Технологи өнөөдөр бидэнд асар их боломжийг олгож байна. Банкны хүү өндөр байна гэж гомдоллох хэрэггүй, ЖДҮ-гийн зээл олдохгүй байна гэж уурлах хэрэггүй. Болгоё гэвэл болж л таараа.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

МУИС-д элсэн ороод, сангийн аж ахуй явах ачааны машин дээр зэрэгцэн суугаад танилцаж байсан миний багийн найз Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, МУИС-ийн философи, шашин судлалын тэнхимийн багш, профессор Янжинсүрэнг санал болгоё. 30 настайдаа докторын зэргээ хамгаалж, буддын философиор мэргэшсэн Монголын цөөхөн философич эмэгтэйчүүдийн нэг тул ярилцахад маш сонирхолтой байна байх.

НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Гэрэл зургийг:

Б.Уугансүх

Хандалт / Сэтгэгдэл:

46848   6

Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.