Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   10 сарын 27, 2019

“Харизм” номын тухай

Энгийн үгээр хэлбэл, бусдыг өөртөө татах чадварыг "харизм" гэж хэлж болно. Хүмүүсийн харизмыг төрөлх чанартай холбох нь түгээмэл байдаг ч энэ бол сурч, хөгжүүлж болдог "чадвар" хэмээн "Харизм" номыг зохиогч мэтгэжээ. Манлайллын чиглэлийн нэр хүндтэй мэргэжилтэн Оливия Фокс Кабэйн энэхүү номоо "Соронздон татах урлаг буюу шинжлэх ухааныг эзэмших нь" хэмээн тодотгосон. Та нөлөөллөө нэмэгдүүлж, ятган үнэмшүүлэх чадвараа хөгжүүлье гэвэл одоо танилцуулах "Харизм" номд анхаарлаа хандуулаарай.

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

Оливиа Фокс Кабэйн нь Харвард, Иел, НҮБ, Fortune 500-д багтагсад зэрэг өндөр түвшний байгууллагуудад уригдан сургалт, илтгэлт тавьдаг мэргэжилтэн юм. Тэрээр Forbes сэтгүүлд тогтмол нийтлэл бичдэг бөгөөд өгүүллүүд нь New York Times, Bloomberg, BusinessWeek, Wall Street Journal зэрэг нэр хүндтэй медиануудад нийтлэгдэж байжээ. Франц, Америкийн иргэншилтэй Оливиа дөрвөн хэлийг төгс эзэмшсэн нь судалгааны ажилд нь их хэрэг болдог ажээ. Мөн Францын засгийн газарт гадаад худалдааны зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан хамгийн залуу хүн юм.

НОМЫН ТУХАЙ

Харизмт зан төлөв нь харилцаж буй хүндээ анхаарлаа бүрэн хандуулах, халуун дотно мэдрэмж төрүүлэх, хүчирхэг байх гэсэн гурван шинжээр илэрдэг байна. Эдгээр нь бидний ухамсарт үйлдэл болон ухамсрын бус хүчин зүйлсээс хамаардаг аж. Бусад хүмүүс хэн нэгний өөрөө ч анзаардаггүй биеийн хэлэмжийг аль хэдийн анзаарч байдаг. Заримдаа бид хэн нэгэнтэй ярилцаж байхдаа шал өөр зүйлийн тухай бодоод, нэг л төвлөрч өгдөггүй. Эсвэл нөгөө хүн маань биднийг огт анзаарахгүй, үл ойшоож, сонсож буй мэт дүр эсгэх үе ч гардаг шүү дээ. Энэ тохиолдолд хэн хэн нь бие биеэ хуурамч гэж бодохын зэрэгцээ өөрсдийгөө чухал хүн биш юм гэсэн төсөөлөл авдаг. Ийн буруу ойлголцох нь тэр хүнтэй дахин харилцан зөвшилцөж, өөртөө үнэнч байлгах боломжгүй болж буйн илрэл бөгөөд харизмтай хүн болох оролдлогоо бүтэлгүйтүүлж буй хэрэг аж. Гэвч харизм нь хүний төрөлхийн мөн чанар биш учраас яг л хэл сурч буй мэтээр суралцаж, дадал болгох боломжтой. Тэгэхээр харизмтай болохыг хүсэж байвал хамгийн түрүүнд ямар ч завгүй байсан, хүмүүст анхаарлаа бүрэн төвлөрүүлэн харилцаж дадаарай.

Эргэн тойрондоо нөлөө бүхий байх, халуун дотно мэдрэмж төрүүлэхийн тулд бусадтай эелдэг харилцах учиртай. Бид ийм л хүмүүст татагддаг шүү дээ. Ингээд бодохоор харизм нь хүний дотоод сэтгэлээс гардаг байх нь. Хэрвээ танд ямар нэгэн таагүй зүйл тохиолдож, сэтгэл санаа зовниж байгаа бол энэ бүхэн биеийн хэлэмжээр илэрч, өөрийгөө буруугаар илэрхийлэх магадлалтай болдог. Үүнийг харизмд тулгарах саад бэрхшээлийн нэг хэлбэр гэж болно.

Харизм нь дотроо олон янз байдаг аж. Жишээлбэл, дэлхий дахинаа үлгэр жишээ хүмүүс болох Мартин Лютер Кинг, Стив Жобс, Жанна Арк нар биеэ авч яваа байдал, нүүрний хувирал, дуу хоолой, биеийн хэлэмжээрээ олон нийтэд урам зориг, итгэл найдвар төрүүлдэг нь зохиогчийн үзэж буйгаар алсын хараатай харизмт шинжид хамаардаг байна. Харин Далай лам, Тераза эх, Диана гүнж зэрэг алдартнууд эелдэг харизмт төрөлд багтана гэнэ.

Иймд та улс төр, бизнес, эдийн засаг гээд ямар нэг салбарт манлайлах хүсэлтэй бол өөрийн зан чанар, зорилго, нөхцөл байдлыг харгалзан харизмын тохирох хэв маягийг сонгох хэрэгтэй юм. Эсвэл өөр өөр хэв маягийг хослуулан ашиглах ч боломжтой. Ингэснээр аливаа зүйлд илүү уян хатан хандаж, өөртөө итгэлтэй байж чадна.

ХАРИЗМЫН ЗАРИМ ДАСГАЛУУД

Анхаарлаа бүрэн хандуулах

Цаг хэмжигчээ нэг минут дээр тохируулаарай. Нүдээ аниад дараах гурван зүйлийн нэг дээр төвлөрнө үү.

1. Дуу чимээ: ойр орчинд чинь ямар чимээ гарч буйг анхаарч сонс.
2. Амьсгал: амьсгалах явц тань хамрын хөндий, цээжээр хэрхэн явж байгааг мэдэр.
3. Хөлийн хуруу: хөлийн хуруундаа анхаарлаа төвлөрүүлээрэй.

Таагүй байдлыг хүлээн зөвшөөрөх

1. Таагүй мэдрэмж төрөх нь байдаг л зүйл гэдгийг ойлгоорой.
2. Таны бишрэн шүтэж явдаг хүмүүст ийм мэдрэмж бас төрдөг гэдгийг санаарай.
3. Олон хүнд энэ мэдрэмж төрж байгаа мэт бодоорой. Яг энэ цаг үед олон хүн таагүй зүйл мэдэрч байгаа бөгөөд та ердөө л тэдний нэг.

Сайн сонсогч байх

Дараа хүнтэй ярилцахдаа яриаг нь таслахгүйг хичээгээрэй. Нөгөө хүндээ харин яриаг тань таслахыг зөвшөөрч, хариултаа нэгээс хоёр секунд азнаж байгаад хэл. Ингэхдээ хэлсэн зүйл нь танд ямар сэтгэгдэл төрүүлснийг царайгаараа илэрхийлээрэй.

Сэтгэл ханамж авах

1. Таны дургүйг хүргэж байсан нэг хүнийг бодоорой.
2. Хоосон цаас аваад тэр хүнд хэлсэндээ харамсаж явдаг зүйлсээ бичээрэй. Гараараа бичихээ мартав аа.
3. Бүх бодлоо цаасан дээр буулгасны дараа захиагаа хажуудаа тавиарай.
4. Тэгээд шинэ цаасан дээр нөгөө хүнээ юу гэж хариулаасай гэж хүсэж байна тэрийгээ бичээрэй.
5. Дасгалыг илүү үр дүнтэй байлгахын тулд захидлыг долоо хоногт хэд хэдэн удаа уншаарай.

5529   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ё.Ичинноров




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.