Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   11 сарын 02, 2019

Номын тойм - Bad Blood: Худал хуурмагаар дүүрсэн стартапын дэлхийг мэхэлсэн түүх

Сан Францискод энэ жилийн "Сүнсний баяр"-ын хамгийн эрэлттэй өмсгөл нь хар хоолойтой цамц байжээ. Зарим газруудад урт дараалал үүсэж, ихэнх газрууд "Дууссан" гэсэн шошго хадсан байв. Уг нь энэ баяраар ямар нэгэн чөтгөр сүнс, алдартай кино, хүүхэлдэйн дүрийг л хүмүүс сонгодог байхад өдөр тутам өмсдөг энгийн л хувцсыг сонгодог нь ямар учиртай юм бол гэж зарим хүн гайхаж магад. Тэгвэл Цахиурын хөндийд бол энэ цамцыг өдгөө "домог" болтлоо яригдах болсон нэгэн хит болгож, эсрэг талын баатрын дүрээр хоногшуулчихсан учраас ингэж "хаданд гарсан" хэрэг л дээ. Өнөөдөр бид чухам энэ түүхийг өгүүлнэ.

Түүний нэрийг Элизабет Холмес гэдэг. Нүдээ бараг цавчдаггүй гэмээр, гэнэтхэн харвал цочиж ч мэдмээр хурц харц, сонссон хүн эргэлзэм баргил хоолойгоор нь түүнийг дүрсэлж болно. Энэ нь түүнийг итгэлтэй, эрчтэй, хүчирхэг болгодог учир тэр нэгэн үе бараг бүх л тайзыг эзэлж, хамаг сэтгүүлийн нүүрийг чимэж явсанд гайхах зүйл үгүй.

2015 онд Форбес сэтгүүл түүнийг өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн залуу эмэгтэй хэмээн зарлан тунхаглаж, 19 насандаа үүсгэн байгуулсан Theranos нь 9 тэрбум доллараар үнэлэгдэх болов. Эрүүл мэндийн салбарт тэсрэлт хийх учиртай тэдний төхөөрөмжийн ачаар хүн бүрийн тойрч биш туулж гардаг шинжилгээ өгөх "зовлон" хормын төдийд л шийдэгдэх энгийн үйлдэл болох цагийг дэлхий нийт тэсэн ядан хүлээж байлаа.

Гэвч Wall Street Journal-ийн ганцхан нийтлэл л түүний жинхэнэ төрхийг илчилж орхисон юм. Пулицерийн шагналт, алдарт сэтгүүлч Жон Кэррэйругийн жил дамнуулан хийсэн сурвалжилга Цахиурын хөндийн хамгийн ирээдүйтэй стартапыг хормын дотор унагаж орхив. Тэдний технологи түүхий, шийдэл нь тодорхойгүй, тоонууд нь худал, амлалтууд нь хуурамч байсан нь ил болжээ.

Хэн ч ийм зүйл болно гэж бодоогүй байх. Хэргийн эзэн өөрөө ч эцэстээ бүх зүйл ингэж эргэнэ гэдгийг ухаараагүй мэт байлаа.

Тэр 7 насандаа л цаг хугацаагаар аялах машин зохион бүтээхээр шийдэж, тэмдэглэлийн дэвтрээ төвөгтэй зураглал, дүрслэл, шийдлээр дүүргэж байж. 9 настайдаа өөрийнхөө зорилгыг тэрбумтан болно хэмээн тодорхойлсон тэр "Яагаад ерөнхийлөгч биш гэж?" гэсэн хамаатныхаа асуултад "миний дансанд тэрбум доллар байх учраас ерөнхийлөгч надтай гэрлэх болно доо" гэж хариулсан гэдэг. Чухам энэ хариултаар нь л түүний карьерыг тэр чигт нь тодорхойлж болох юм шиг санагддаг юм. Тэр бүгдийг өөрийн болгохыг хүсдэг, тэгэхийн тулд юуг ч хийхээс буцахгүй нэгэн болон өсжээ.

Стэнфордын их сургуульд суралцаж байхдаа тэр Theranos-ийг байгуулжээ. 19-р зууны дунд үед Унгараас цагаачилж Америкт ирсэн өвөг эцэг нь одоо ч алдартай брэнд хэвээр буй Fleischmann's Yeast-ийг үүсгэн байгуулж байсан бол эцэг нь эрчим хүчний томоохон компаниудын нэг асан Enron-ий дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Тиймдээ ч түүнд энтрепренерийн замыг сонгох нь тийм ч хол зүйл байсангүй. Гэр бүлийнхэн нь ч үргэлж өндөр хүлээлт тавьдаг, тэр хэрээр итгэдэг байсан учраас анхны хөрөнгө оруулалтыг нь огтхон ч эргэлзэлгүй хийсэн хэрэг.

Элизабет зүүнээс айдаг тухайгаа, тэр нь ганцхан дусал цусаар иж бүрэн шинжилгээ хийдэг төхөөрөмж олох сэдлийг төрүүлсэн гэдгээ хэд хэдэн удаа дурдсан байдаг. Гэхдээ хайртай авга ахынх нь гэнэтийн үхэл түүнд ямар нэгэн зүйл буруу байгааг ухааруулсан аж. Хорт хавдартай болсон гэдгээ дэндүү хожуу ухаарсан авгад нь тогтмол хяналтад байж, хурдан бөгөөд хямдхан аргаар биеэ хянах боломж байсан бол үйл явдал огт өөрөөр эргэх байсныг тэр мэдэрсэн юм. Ганцхан хором юутай ч харьцуулшгүй үнэтэй байдаг өвчтөнүүдэд тэр шинэ боломж олгохыг хүсжээ. Түүний төхөөрөмж үнэхээр л хувьсал хийхээр нөлөөтэй байсанд эргэлзэх хэрэггүй.

Ганцхан л асуудал байсан нь түүний технологи огт ажиллахгүй байв.

Дүрслэлийн эх сурвалж: Bloomberg

Хенри Киссинжер, Билл Клинтон, Карлос Слим, Руперт Мюрдок, Ларри Эллисон, Уолтоны гэр бүлийнхэн. Түүхэн дэх хамгийн алдартай дипломатч, Америкийн хамгийн алдартай ерөнхийлөгч, нэгэн үе дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байсан Мексик тэрбумтан, хамгийн том медиа сүлжээг атгаж буй могул, технологийн салбарын хамгийн амжилттай энтрепренерүүдийн нэг, Уолмартыг эзэмшигч гэр бүл. Эдгээр хүмүүсийг юу нэгтгэдэг вэ?

Та хариултыг нь сонсоод итгэхгүй ч байж магад.

Тэд бүгд Элизабетийн хохирогчид. Намтар, замналыг нь харвал хэр баргийн зүйлд хууртахааргүй, нугарахааргүй, бас хөөрөхөөргүй хүмүүс. Гэвч тэд бүгд ямар нэгэн байдлаар түүнтэй холбогдож, танилцуулгад нь уярсандаа бүр удирдах зөвлөлд нь сууж, хамгийн том хамгаалагч нь болж, түүгээр ч зогсохгүй бөөн мөнгөөр хөрөнгө оруулсан эрхмүүд юм.

Энэ номонд Элизабет өөрийн болон гэр бүлийн харилцаа холбоогоо ашиглаж, мөн бусдыг ятган итгүүлэх онцгой чадвараараа хэрхэн 1.4 тэрбум долларыг босгож, үндэстэн дамнасан корпорациудтай түншлэл үүсгэж чадсаныг өгүүлдэг нь сонирхолтой. Түүнд итгэсэн хөрөнгө оруулагчид 600 сая долларын хохирол амссан тухай мэдээ сүүлд гарсан байдаг.

Энэ түүх "өөдөө шидсэн чулуу өөрийн толгой" дээр гэдэг үгийг өөрийн эрхгүй санагдуулна. Түүнд асуудал үүсэж байгааг, болохгүй зүйл их байгааг сануулж, анхааруулж байсан хүн зөндөө байв. Компанийн засаглал, дотоод үйл ажиллагаа, соёлын асуудлаа гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлаж, нууцын зэрэглэлтэйд тооцдогоос нэгээс илүү жил "тэсдэг" ажилтан бараг байгаагүй нь хэний ч анзаараагүй зүйл. Айдас хүйдэс дагуулсан компанийн соёл тодорхойгүй байдал үүсгэж, асуулт тавьсан хүн бүрийг "там" мэт нөхцөлд оруулдгийг нь уншаад дотор сэртхийм. Бүр уур ч хүрмээр. Бас яаж ийм удаан тэссэн байна аа гэж гайхмаар. Стартап эхлүүлж буй энтрепренерүүд, баг ахлах болсон шинэхэн менежерүүдэд заавал уншиж, заавал сургамж авах учиртай үйл явдал.

Элизабетийг эмэгтэй Стив Жобс хэмээн өргөмжлөхөд хамгийн ихээр баярлаж байсан хүн нь тэр өөрөө байв. Шүтээнээ дууриаж шүүгээгээ нэг л хувцсаар, өнөөх хоолойтой цамцаар дүүргэж, байнга өмсөх болжээ. Жобсын хөдөлгөөн, хэлдэг үгс, харизма, алсын хараа, бүр адайр аашийг нь хүртэл өөртөө наах гэж тэр оролдсон. Сургуулиа хаясныг нь мартъя. Бүр оффисын тохижилтоо хүртэл түүнээс санаа авч засаж байсан гээд л бод.

Гэвч тэр "галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө" гэдэг шиг л хөглөж орхисон.

Хувийн амбиц, хувийн нэр алдрыг эхэнд тавьж, гол чигээ, өөрийг нь төдий зэрэгт хүргэсэн бүхнээс холдох нь юунд хүргэдгийг Холмесийн түүх танд ямар ч нэмэлт хачиргүй харуулах болно. Зохиолч зарим тохиолдолд хэт нэг талыг барьсан мэт санагдаж магадгүй. Холмесийн сэтгэгдэл энэ номонд огт байхгүй. Гэхдээ тэр өөрийнхөө "бусдыг мэхлэх" гэж зохиосон үлгэрт өөрөө ч үнэхээр итгэж байсан мэт санагддаг. Өөр нэг шүтээнийнхээ нэрээр буюу "Эдисон" гэж нэрлэсэн төхөөрөмжийнхөө демог үзүүлэхдээ урьдчилж бэлдсэн зохиол тоглуулах, 100 мянган долларын орлогыг 100 сая гэж засаж бичих зэргээр нэг хууралт нь нэлээд хэдэн хууралт болж, сүүлдээ чөтгөрийн тойргоосоо гарч чадахгүй ч болчихсон мэт.

Магадгүй тэр өөрийн хийж буй зүйлд хэт итгэчихсэн, бүр дэндүү улайрчихсан суутан байж мэднэ. Түүнд ахиад багахан цаг л хэрэгтэй байсан ч байж магад. Эсвэл тэр зүгээр л сэтгэцийн эмгэгтэй нэгэн ч байсан юм шиг. Бээжинд солилцооны хөтөлбөрөөр явахдаа танилцсан, 19 насаар ах дурлалт залуу Санни нь ч сөргөөр нөлөөлөөд байсан юм шиг. Бүр багаасаа мэдрэх болсон дарамт нь, алдах эрхгүй мэт карьер нь, хэт төгс гэж санагдуулах амжилтууд нь түүнийг сохроосон ч байж магадгүй.

Бодит үнэнийг магадгүй тэр өөрөө л хэзээ нэгэн цагт ил болгох учиртай юм шиг. Эсвэл өөрөө ч будилчихсан төөрч яваа юм билүү.

Төгсгөлийн оронд

Энэ номыг уншиж дуусахад сэтгүүл зүйд итгэх итгэл маань дахин хүчтэй сэргэсэн юм. Ж.Кэррэйру эрэн сурвалжлах ажиллагаагаа нэгэн даруухан блоггерийн эргэлзсэн асуултаас эхлүүлж, цаашлах тусмаа улам төвөгтэй, улам адармаатай болох нүх рүү уначихсан хэрэг. Гэхдээ түүнийг дэмжих баг, хамтрагчид байсан нь цагаан атаархал төрүүлмээр. Theranos Америкийн хамгийн алдартай хуулийн фирмийг хөлсөлж, янз бүрийн явуулга, санаанд багтамгүй сүрдүүлэг тэргүүтэй бохир аргуудыг ашигласан ч түүнийг мохоож чадаагүй.

Үүнтэй холбоотой өөр нэг бахдал төрүүлсэн түүх нь Р.Мюрдокийн тухай байв. Fox News, Sky, 21st Century, The Times, The Sun зэрэг топ брэндүүдийг багтаасан үндэстэн дамнасан медиа эзэнт гүрэн News Corp-ийг үүсгэн байгуулагч, 88 настай тэрбумтны талаар ихэнх газар л "сөрөг" мэдээлэл гардаг юм. Төрийн тэргүүд, олигархиудтай найз нөхдийн харилцаатай тэр өөрийн мэдлийн сувгуудыг ашиглан ард иргэдийн тархийг угааж, манипуляц хийдэг гээд л олон мэдээг та ч сонссон байх.


Өөрийнх нь мэдэлд харьяалагддаг Wall Street Journal Элизабет Холмесыг нэгмөсөн "үгүй хийх" цуврал сурвалжилга бэлтгэн бэлэн болгож байхтай зэрэгцэн Р.Мюрдок Theranos-д хөрөнгө оруулахаар нэгэнт шийдээд байжээ. Элизабет зориуд яг энэ цагийг тааруулан түүнийг онилсон эсэхийг мэдэхгүй ч WSJ-ийн редакцын цацах мэдээ компанийн нэр хүндэд нөлөөлж магадгүйг тэр тогтмол сануулсаар байсан гэдэг. Гэвч Мюрдок "хэрвээ худлаа хуурмаг, хөгийн мэдээ байвал манай редакторууд угаасаа нийтлэхийг зөвшөөрөхгүй. Тэгээд ч би редакцын ажилд оролцдоггүй, эрх чөлөө, эрх мэдлийг нь өгдөг" гэсэн байр сууриндаа үнэнчээр зогсжээ. Кэррэйру болон түүний багийнханд, түүний харьяанд ажилладаг мянга мянган сэтгүүлчдэд, дэлхий даяарх сая сая мэргэжил нэгтнүүдэд энэ мэдээ ямар их урам зориг, цааш улам эрчтэй ажиллах сэдлийг өгсөн бол гэхээс бүр ч их сэтгэл хөдөлнө.

Үр дүнд нь Мюрдокийн оруулсан 125 сая долларын хөрөнгө оруулалт ганцхан долларын үнэтэй болсон юм. Гэхдээ түүнийг зүгээр санамсаргүйгээр медиа могул болчихоогүйг, зарчим гэдэг ямархан үнэ цэн дагуулдгийг энэ жишээ уншигчдад сануулна.

Харин Элизабетийн хувьд юу болж өнгөрөв? Түүний 4.5 тэрбум долларын хөрөнгө ямар ч үнэгүй болж, өр шир, нэхэмжлэхдээ дарагдсан компанийнхаа дампуурлыг зарлахаас өөр аргагүй болов. Шүүхээс хорих ял оноох нь цаг хугацааны л хэрэг болсон мэт дуулдана.

Нэгэн үе охидын үлгэрлэх шүтээн нь, Цахиурын хөндийн урдаа барих нүүр царай нь байсан тэр одоо Халловины баяраар хувирдаг эсрэг талын баатар болж орхисон нь гунигтай.

10310   4


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.