Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   10 сарын 27, 2019

7 хоногийн тойм: Устгах ажиллагаа + Жолооч харх + Квант тооцоолол

Агуулгын тайлбар:
Устгах ажиллагаа: АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ISIS-ийн лидерийг устгасныг зарлав
Жолооч харх: Эрдэмтэд харханд жолоо барихыг заажээ
Квант тооцоолол: Google квант тооцоолол хийснээ баталлаа

дэлхий дахинд

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Исламын Улс Бүлэглэлийн Тэргүүн Абу Бакр ал-Багдадиг устгах ажиллагаа амжилттай болсныг зарлалаа. Дэлхийн хамгийн аюултай террорист бүлгэмд тооцогдох болсон ISIS-ийг 2014 оноос хойш тэргүүлсэн Багдадигийн байршлыг 2 долоо хоногийн өмнөөс тодорхойлж, улмаар гүйцэтгэх ажиллагааг хатуу протоколын дагуу явуулсныг Трамп онцолсноос гадна ажиллагаанд тал бүрийн туслалцаа үзүүлсэн ОХУ, Туркийн талд талархал илэрхийлсэн байна. Энэ явдлыг 2010 онд Ал Кайдагийн лидер Осама Бин Ладеныг устгаснаас хойших терроризмын эсрэг дайны хүрээн дэх хамгийн том ялалт боллоо хэмээн экспертүүд үзэж байна.

Vox: Багдадигийн үхлээс сурах 5 зүйл

Японы шинэ эзэн хаан Нарухитог хаан ширээнд залах ёслолын ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Уг уламжлалт ёслолд дэлхийн 70 гаруй орны төрийн тэргүүд бүхий нийт 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцсон байна. Арга хэмжээний нийт төсөв 147 сая доллар байсан нь 29 жилийн өмнөх ёслолоос 5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болов. Сонирхуулахад, шинэ эзэн хаан суудалдаа заларсныг тохиолдуулан 550 мянга гаруй хүнд өршөөл үзүүлэх зарлиг буулгажээ.

Расизмын скандалд өртөж, нэр хүнд нь үлэмж унасан ч Канадын ерөнхий сайд Жастин Трюдо парламентийн сонгуульдаа ялалт байгуулж чадлаа. Түүний удирдсан Либерал нам хамгийн олон буюу 156 суудал авсан ч олонх болж чадаагүй учир эвслийн засгийн газар байгуулах даалгавартай болж байна.

Дэлхийн Банкнаас сүүлийн 15 жилийн турш танилцуулж буй "Бизнес эрхлэлтийн тайлан 2020" гарлаа. Бизнес эхлүүлж, эрхлэхэд хамгийн таатай орны жагсаалтыг Шинэ Зеланд, Сингапур, Хонгконг, Дани улсууд тэргүүлсэн байна. Нийт 190 улс бичигдсэн уг жагсаалтад манай улс 81-р байрт бичигдсэн нь өнгөрсөн жилээс 7 байраар ухарсан үзүүлэлт болжээ.

Дэлхийн номер нэг алан хядагчийг АНУ устгав

технологийн ертөнцийн эргэн тойронд

Хиймэл оюуны чиглэлээр ахисан түвшний зэрэг олгох дэлхийн анхны их сургууль 2020 онд Арабын Нэгдсэн Эмират улсад нээгдэх гэж байна. Абу Дабигийн ханхүү Мухаммед бин Заид Аль Нахайяны нэрээр нэрлэгдсэн уг сургууль энэ чиглэлийн дэлхийн топ эрдэмтэд, профессор, инженерүүдийг урьж багшлуулахаас гадна технологийн топ компаниудтай хамтарч, төгсөгчдөдөө магистр, докторын зэрэг олгох аж.

Google анхны квант тооцооллыг амжилттай хийснээ албан ёсоор зарлалаа. Тэд өнөө цагийн хамгийн хүчтэй супер компьютерийн 10 мянган жил гүйцэтгэх тооцооллыг 200 секундэд хийснээ зарласан нь технологийн салбарт тэсрэлт болсон мэдэгдэл байв. Үүнээс өмнө энэ мэдээлэл тараад байсан ч гол өрсөлдөгч IBM-ээс эхлээд үл итгэгчид байсаар байсан билээ.

Германы нисдэг таксины технологи хөгжүүлэгч Lillium анхны туршилтын нислэгээ амжилттай хийснээ зарлалаа. Бүрэн цахилгаанаар ажиллах, нэг цэнэглэлтээр 300 км замыг туулах чадалтай онгоц бүтээж буй тэд 2025 он гэхэд арилжааны нислэгээ үйлдэхээр зэхэж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн тэдний гол өрсөлдөгчдийн нэг Volocopter Сингапурт мөн хүнтэй нислэгээ амжилттай гүйцэтгэжээ.

Европын сансрын технологийн тэргүүлэгч компаниудын нэг ArianeSpace 2023 он гэхэд ачаа тээвэр хүргэлтийн зориулалттай пуужинг саран дээр газардуулна гэдгээ зарлалаа. Ariane 6 нэртэй уг пуужин нь 8.5 тонн ачааг тээвэрлэх чадалтай байх бөгөөд ирээдүйд саран дээр хийгдэх дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлын гол тулгуур нь байх боломжтой гэгдэж байна.

Ричмондын их сургуулийн эрдэмтэд хархыг сурган жижиг машин жолоодохыг сургасан байна. Тэд 17 хархыг сарын турш хоол тэжээлийн төлөө хэрхэн орчин нөхцөлдөө дасан зохицож, шинэ үйлдэл хэвшүүлэхэд сургасан нь энэ юм. Энэ туршилт нь сэтгэл гутрал, шизофрен зэрэг өвчнийг эмийн бус аргаар эмчлэхэд тустай хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм.

Жолооч хархнууд

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Францын тансаг зэрэглэлийн брэндийн сүлжээг эзэмшигч LVMH Нью Йоркт төвтэй, дэлхий даяар 300 гаруй дэлгүүртэй Tiffany & Co-г худалдан авах санал хүргүүлжээ. Америкийн зах зээлд нэвтрэх стратегийн хүрээнд тэд зах зээлийн үнээс 20 хувиар илүү буюу 14.5 тэрбум долларын саналыг тавьсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. LVMH-ийн харьяанд Louis Vuitton, Christian Dior, Fendi, Givenchy зэрэг брэндүүд багтдаг билээ.

2006 оноос хойш Nike-ийг удирдсан М.Паркер 2020 оны 1-р сараас үүрэгт ажлаасаа буух болсноо зарлалаа. Түүний орыг eBay-ийн CEO-оор ажиллаж байсан Ж.Донахое залгах болсон байна. Үүнтэй зэрэгцэн тэдний гол өрсөлдөгчдийн нэг Under Armour-ийн үүсгэн байгуулагч К.Планк 23 жилийн турш хашсан гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгөх болсноо зарласан юм. Nike, Under Armour аль аль нь энэ жил түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээндээ хүрээд байгаа билээ.

Японы SoftBank дундын оффисын сүлжээ WeWork-ийн 80 хувийг эзэмших боллоо. WeWork оны эхээр 47 тэрбум доллараар үнэлэгдэж, улмаар IPO хийх хүсэлтээ гаргасан ч компанийн засаглалын асуудлаас болж бүтэлгүйтэн, улмаар ердөө 8 тэрбум доллараар үнэлэгдэх болсон юм. Үүсгэн байгуулагч А.Ньюманн 1.7 тэрбум доллараар өөрийн дийлэнх хувьцаагаа зарж, удирдах зөвлөлд саналын эрхгүй, ажиглагчийн статустайгаар үлдэж байгаа гэнэ.

Америкийн батлан хамгаалах салбарт клоуд үйлчилгээ үзүүлэх тендерт Microsoft ялалт байгууллаа. 10 тэрбум доллараар үнэлэгдэх уг гэрээ нь клоуд зах зээлийн дүр зургийг өөрчлөх ч нөлөөтэй хэмээн экспертүүд үзэж байсан нь энэ мэдээний цар хүрээг тодорхойлно. Google, Intel, Oracle зэрэг бүх томчууд өрсөлдсөн уг тендерт Amazon илүүрхэх өндөр магадлалтайд тооцогдож байсан билээ.

Цахиурын хөндийн хамгийн нөлөөтэй эрхмүүдийн нэг Дон Валентин 87 насандаа таалал төгслөө. Atari, Apple гэсэн хожмоо өөрсдийн салбарыг тэр чигт нь өөрчилсөн компаниудад анхны хөрөнгө оруулалтаа хийж, улмаар Sequoia Capital-ийг үүсгэн байгуулсан түүнийг "венч хөрөнгө оруулагчдын загалмайлсан эцэг" хэмээн тодотгодог нь санамсаргүй хэрэг биш. Д.Валентин Cisco, Electronic Arts, Oracle зэрэг компаниудыг босгоход "онцгой" хувь нэмэр оруулсанд тооцогддог бөгөөд Sequoia нь Google, Youtube, Paypal, Instagram, Whatsapp зэрэг стартапуудад эхэн үед нь хөрөнгө оруулж, өдгөө 1.4 триллион долларыг удирддаг томоохон сан болоод байгаа билээ.

WSJ: Дон Валентины дурсгалд

LVMH + Tiffany = Мөрөөдлийн хослол

энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Хойд Америкийн бокс оффисын тэргүүн байрын төлөөх ширүүн тулаанд "Joker" илүүрхэж, өнгөрсөн долоо хоногийн лидер "Maleficent"-ийн урд, 1-р байранд эргэн бичигдлээ. Дэлхий даяар 849 сая долларын орлого цуглуулсан "Joker" түүхэн дэх хамгийн ашигтай R-Rated кино болж, Deadpool-ийг гүйцсэн нь мөн онцлох амжилт байв. Үүнээс гадна тус кино энэ жил гурван долоо хоногийн турш чартыг тэргүүлсэн "Avengers: Endgame", "Glass"-ийн дараах ердөө гурав дахь бүтээл болж байгаа юм. 3, 4-р байрт "Addams Family", "Zombieland 2" тус тус жагсжээ.

Netflix хэрэглэгчид дундаа аккоунтаа хуваалцдаг жишгийг хязгаарлахыг хүсэж байна. Жил бүр 2.3 тэрбум долларын "боломжит" орлогоо алдаж буй байдлаа засахын тулд тэд хэрэглэгчдийн IP-г бүртгэх, аккоунтаас нэвтрэх төхөөрөмжийг хязгаарлах зэрэг дэс дараатай арга хэмжээг авах аж. Сонирхуулахад, тэд зөвхөн контент хөгжүүлэлтэд зориулж 2 тэрбум доллар шинээр босгох болсноо зарлажээ.

2024 онд Парис хотноо явагдах Зуны Олимпийн наадмын албан ёсны лого ил боллоо. Зохион байгуулагчид алтан медаль, Олимпийн бамбар болон Францын ард түмний илэрхийлэл болсон Марианне дүрийн уруулыг ашиглан логогоо гаргасан гэнэ. Үүнээс гадна түүхэнд анх удаа Олимп болон Паралимпийн наадам нэгдсэн логотой болж байгаагаараа мөн онцлогтой юм.

Их Британийн алдарт хамтлаг Coldplay шинэ цомгийн тов болон дууны жагсаалтаа зарлалаа. Ингэхдээ тэд Уэльсийн нэгэн орон нутгийн сонины зарын хэсгийг ашигласан нь тун өвөрмөц арга байв. "Everyday Life" нэртэй уг цомог нь 11-р сарын 22-нд гарах бөгөөд 2015 оны "A Head Full Of Dreams"-ээс хойших анхны цомог нь болох учиртай юм.

Алладин, Синдбад, Алибаба зэрэг алдартай дүрүүдийг багтаасан "1001 шөнийн үлгэр"-ийн контентын ертөнц үүсэх гэж байна. "Lionsgate", "Summit"-ийг удирдаж, Холливудын хамгийн хүчирхэг захирлуудын нэг болсон Эрик Фэйгийн үүсгэн байгуулж буй Picturestart уг төслийг удирдах бөгөөд зөвхөн киноноос гадна тоглоом, телевизийн цувралууд бүтээх гэнэ.

алдалгүй унших арван мэдээ

Variety: Оскарт өрсөлдөгчдийг шинжихүй
Магадгүй тааж нэрлэхэд эрт байх. Гэхдээ аль хэдийн хүчтэй өрсөлдөгчдийн нэрс тодорчээ. Joker, The Irishman, The Aeronauts-аас эхлээд Endgame, Cats, Dark Water хүртэл

Techcrunch: Э.Маскийн "оддын жиргээ"
Э.Маскийн өөр нэг төсөл тун удахгүй "хөөрөх" гэж байна. Тэр дэлхийг хямд интернетээр хангах Starlink-ийн сүлжээг ашиглан анхны жиргээгээ илгээлээ

Recode: Amazon-ий "багахан" орлого
Амазон энэ долоо хоногийг базаахгүй байдлаар өнгөрүүлэв. Тайлан тийм ч сайн гарсангүй. Пентагоны тендерийг ч алдав. Бэйзос 6 тэрбумын хохирол амслаа

CNBC: Зукербергийн зорилго
Фэйсбүүкийн лидер энэ долоо хоногийн Вашингтонд өнгөрүүлэв. Либра, нууцлал, дата. Түүний туйлын зорилго юу вэ?

BBC: Brexit-ийн эргэн тойронд
Европын Холбоо Британид 3 сарын хугацаа өгч, Борис Жонсон 12 сард сонгууль хийхийг хүсэж байна

The Week: Tesla-ийн үсрэлтийн нууц юу байв?
Шанхайд үйлдвэрээ нээж буй цахилгаан машин үйлдвэрлэгч хөрөнгө оруулагчдадаа гэнэтийн бэлэг илгээв

FB: Facebook News-ийг танилцуулах нь
Фэйсбүүк контент бүтээгчидтэй хамтарч, танд хамгийн үнэн, шуурхай мэдээллийг хүргэхийг хүсэж байна

CNN: Чингэлэг дотроос 39 иргэний цогцос олджээ
Хятад, Вьетнамаас Их Британи руу хууль бусаар нэвтрэх гэж оролдсон иргэдийг хэн ийм байдалд хүргэв?

Nikon: Small World уралдааны ялагчид
Бидний эргэн тойронд орших гайхамшигт "бяцхан ертөнцөөр" хамтдаа аялцгаая

The Verge: Тим Күүк Хятадын Их Сургуульд
Apple-ийн босс Цинхуа Их Сургуулийн зөвлөх багийг ахална

9600   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.