Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 23, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - Монгол ТВ-ийн дэд захирал, нэвтрүүлэгч С.Чимгээ

Монголын телевизийн салбарын нүүр царай болсон, сор сэтгүүлч/нэвтрүүлэгчийн нэг бол яахын аргагүй С.Чимгээ билээ. СУИС-ийг төгсөн МҮОНРТ-ээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр өөрийн дуу хоолойгоор нийт монголчуудын сэтгэлд хоногшиж, талархлыг хүлээсэн нэгэн. С.Чимгээ нэвтрүүлэгч таван жилийн өмнөөс телевизийн салбарт олон шинэчлэлийг авчирч, манлайлж буй Монгол ТВ-ийн багт нэгдэж, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дэд захирлаар ажиллан, олон сонирхолтой төсөлд гар бие оролцож яваа юм. Та бидний мэдэж байгаачлан, дэлхийн шилдэг контентын монгол хувилбар “Авьяаслаг монголчууд“-ын шүүгчээр ажилласан бөгөөд тун удахгүй өөрийн нэрийн “Чимгээ шоу“-г ням гараг бүрийн оргил цагаар хүргэхээр шаргуу ажиллаж байгаа аж. 

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: Монгол ТВ-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дэд захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 8 Plus
Хэрэглэдэг компьютер: MacBook Air
Сошиал хуудсууд: Saraa Chim (Facebook)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Телевизэд ажилладаг хүмүүс үргэлж оффис дээрээ компьютерын ард суугаад байдаггүй. Гадуур бичлэгэнд явах, эфирт орох, нэвтрүүлэг, мэдээ хөтлөх, хүмүүстэй уулзах гээд олон ажил амжуулдаг учраас миний ажлын хэв маяг маш сонирхолтой, адал явдалтай, давтагдашгүй өрнөдөг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, тогтсон хэлбэрт баригдаж ажилладаггүй. Гэхдээ мэдээж хэрэг ажлын үндсэн арга барил бий.

Телевиз бол харах урлаг учраас миний ажлын өглөө нүүрээ будуулж, үсээ янзлуулахаас эхэлдэг. Энэ хүрээнд үзэгчдэд хүргэх мэдээ, мэдээлэл, контентын агуулгаа судалж, эфирт орохдоо бэлтгэнэ. Ингээд үдээс хойшдоо сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, мэдээллийг редакторлах, нэмж засварлах, өнцгийг нь өөрчлөх тухай ярилцах зэргээр тулж ажилладаг. Бидний ажил тэр чигтээ багийн ажиллагаа учраас бусадтай харилцаж, хамтран ажиллах нь чухал. Мөн төрийн концертоос авхуулаад томоохон чухал арга хэмжээ хөтлөх үед өмнөх өдрүүдэд нь хэлэх үгсээ өөрийн болгох, тайзан дээр бэлтгэл, сургуулилалт хийх, өмсөх хувцсаа бэлтгэх зэрэг нэлээн шогшсон ажлуудтай байдаг даа. Миний хувьд урьд орой нь олон зүйлээ бэлтгэдэг. Бидний ажил олон хүний өмнө ил байдаг тул биеэ зөв сайхан авч явж, үг, үйлдэл бүрээ анхааран, нийгэмдээ үлгэр жишээ болох ёстой гэж боддог.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Бидний ихэнх ажил бичиж найруулахад тулгуурладаг учраас хамгийн наад захын өргөн ашигладаг програм бол Microsoft Word. Техник хэрэгсэл түлхүү ашигладаг хүмүүстэй харьцуулбал миний технологийн хэрэглээ харьцангуй бага гэж хэлж болно. Гэхдээ технологийн эрин зууны өнөө үед ашиглахгүй байх ч аргагүй юм. Боломж гарвал технологийн мэдлэгээ сайжруулах цаг үед ирээд байна.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Хамгийн сайн арга бол ерөөсөө л төлөвлөх юм. Ялангуяа, залуу сэтгүүлчдийн хувьд олон нийтэд хүргэхийг хүссэн сэдэв, асуудлаа олон өдрийн өмнөөс судлан уншиж, толгойдоо бодож явах нь зүйтэй санагддаг. Ажилдаа ирээд өглөөний хурал дээрээ ирээд ямар мэдээ бэлтгэхээ бодож эхлэх нь төлөвлөгөөгүй байгаагийн илрэл юм. Хэрвээ долоо хоногийн өмнөөс юу хийхээ төлөвлөж эхэлсэн бол хүссэн хүсээгүй толгойд бодогдож, цэгцэлж боловсруулах хугацаа гарна. Энэ хэрээр цаг хэмнэж, хийх ажлынхаа гүйцэтгэлийг сайжруулна гэсэн үг.

Олны өмнө ил гардаг бидний хувьд урьд орой нь хувцсаа сонгож, бэлдэхээс авхуулаад бэлтгэх ажил олон бий. Тэгэхгүй бол маргааш нь албаны, амины ажлууд давхцаад их цаг алддаг. Ийм давчуу нөхцөлд ажилладаг хүн хийх ажлаа сайн төлөвлөхгүй бол бүх ажлууд овоороод эмх замбараагүй болох талтай. Тиймээс би өмнөх өдрүүдэд нь бүх бэлтгэлээ базааж, хийх ажлын төлөвлөгөөгөө цэгцтэй гаргадаг. Энэ нь цаг хэмнэхээс гадна ажлын бүтээмжид ч асар их эерэг нөлөөтэй.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Гар утасны Notes дээр хийх ажлын жагсаалтаа гаргахад амар байдаг. Мөн ширээний календарь дээр тэмдэглэл хөтлөх дуртай. Он дуусахын алдад шинэ календарь хүнээс бэлгэнд авах юм уу өөрөө хайж байгаад таалагдсанаа аваад ширээн дээрээ тавьчихдаг юм. Ухаалаг гар утас, компьютерын хэрэглээ тийм ч өргөн болоогүй байх үед ширээний календарь дээрээ л хамаг төлөвлөгөө, ажлуудаа бичдэг байлаа шүү дээ. Одоо үед гар утсан дээрээ тэмдэглэх нь хавьгүй амар болжээ. Гэхдээ олон жилийн турш хөтөлсөн календариудаа эргээд харахад их сайхан дурсамж болж үлдсэн байна.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Ажлын хувьд бичвэр, нийтлэлийг сайн редакторладаг болов уу. Өмнө нь “Гялбаа” сэтгүүлд ерөнхий редактороор ажилладаг байсан маань нөлөөлсөн байх. Мөн хүмүүст тохирсон зөвлөгөө өгөхдөө гайгүй гэж боддог. Гэхдээ хүнийг хүсээгүй байхад нь зөвлөгөө өгөх хэрэггүй. Харин тэр хүн хүссэн тохиолдолд би чин сэтгэлээсээ сайхан зөвлөгөө өгч чадна.
Эмэгтэй хүний хувьд айлын том болоод ч тэр үү, гэрийн ажлыг сайн хийдэг гэж хэлж болно.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Телевизийн салбар бол тэр чигтээ багийн хамтын ажиллагаа учраас нэг хүн дангаар зүтгээд амжилтад хүрнэ гэдэг боломжгүй. Тэр утгаараа олон янзын хүмүүстэй харилцаа тогтоож, эвийг нь олохыг шаарддаг харилцааны нарийн ур чадвар бүхий ажил юм. Ой мод урттай, богинотой байдаг шиг аливаа багт янз бүрийн хандлага, үзэл бодолтой хүмүүс байх учраас тэр бүхэнтэй зохицон ойлголцож, уран бүтээл гаргах ёстой. Тиймээс зөвхөн ажлын талбарт гэлтгүй хувийн амьдралдаа ч бусадтай сайн харилцаа тогтооход ажил маань эерэг сайнаар нөлөөлдөг гэж боддог.

Монголд телевизийн урлаг үүсэж хөгжөөд 52 жил болж байна. Монгол ТВ-ийн хувьд 10 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа ч телевизийн салбарын түүхэнд шинэ хуудас нээж, олон улсад нэр хүндтэй контентуудыг эх орондоо нэвтрүүлэн, дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгүүдийн ард нэр төртэй гарсан. Цаашид ч телевизийн салбар хэвлэл мэдээллийн чухал хэрэгслийн нэг байна гэдэгт итгэдэг. Өнөө үед бид сошиал медиа гэх мэдээллийн ямар ч шүүлтүүргүй, ёроолгүй том далайгаас шүр сувдыг нь ч, хог новшийг нь ч, есөн шидийн зүйл авч байна. Харин телевиз бидэнд хэрэгтэй мэдээ мэдээлэл, мэргэжлийн түвшинд бэлтгэсэн олон хүний бүтээлийг хүлээн авах боломжийг олгодог онцлогтой.

Цаашид хурдацтай өөрчлөгдөж буй нийгэмд сэтгүүлчид олон талт харилцаатай байж, хаана, хэнтэй ч уулзсан уян хатан байж чаддаг байх хэрэгтэй болов уу. Гэхдээ зарим сэтгүүлчид хэт олон зүйл рүү үсчээд оромдох гээд байх шиг санагддаг. Аль болох нэг салбарын гүнзгий ойлголттой болж, мэргэших нь зүйтэй. Тэгэхгүй бол юм бүхнийг мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй сэтгүүлчид дэндүү олон болчих вий гэж санаа зовдог.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Манай телевиз маш сайн төлөвлөгөөтэй, алсын хараатай ажилладаг. Бид цөөн контентоор үзэгчдийг уйдаахыг хүсдэггүй учраас аль болох шинэ, сонирхолтой контент, уран бүтээлийг ар араас нь бэлтгэж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хичээдэг.

Монгол ТВ-ээр ирэх сараас эхлэн миний хөтлөх явуулах “Чимгээ шоу" нэвтрүүлэг албан ёсоор олон нийтэд хүрэх гэж байна. Одоогоор эхний улирлын нэвтрүүлгийн зураг авалтуудаа үргэлжлүүлэн, үндэсний контент болгохоор ажиллаж байна. Энэ бол миний 24 жилийн өмнө телевизийн салбарт анх хөл тавьж эхэлсэн үеэсээ мөрөөдсөн ажил юм. Үүнд манай телевизийн хамт олон ихээхэн хүч хөдөлмөр, хөрөнгө гарган ажиллаж байгаа. Нэвтрүүлгийг ням гарагийн үдэш бүр оргил цагаар хүргэх тул үзэгчид гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт суугаад үзэхэд таатай байх болов уу.

Шоу нэвтрүүлэгтээ салбар болгонд амжилттай яваа олны танил хүмүүсээс авхуулаад нийгэмдээ чухал ач холбогдолтой ажил хийж байгаа ч эгэл даруухан, чимээгүйхэн яваа, мөн бусдад үлгэр жишээ болж, баатарлаг үйлс бүтээж буй эрхмүүдийг урьж оролцуулах учраас үзэгчдийг урмаар тэтгэж, эрч хүч, урам зориг өгнө гэж найдаж байна.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

С.Баярын "Жаран хоног. Жарны бутархай" номыг уншиж дуусгаад байна. Одоогийн залуустай харьцуулахад манай үеийнхэн номд дурласан хүүхдүүд байжээ. Биднээс ахмад үеийнхэн бол харьцуулшгүй их ном уншдаг байсан. Сургуулийн маань орос багш нар хаана ховор, нандин ном байна, түүнийг олж авч уншдаг номын жинхэнэ хорхойтнууд байж. Тийм хүмүүс бидний хүмүүжүүлсэн учраас хүүхэд насаа ном уншиж өнгөрүүлээгүй гэвэл алдас болох биз ээ. Орос ардын үлгэрүүд, Монголын сонгодог уран зохиолуудаас авхуулаад том, зузаан номуудыг эргүүлж тойруулан, өөрсдөө номон дотроо “амьдардаг” байлаа шүү дээ.

Аав маань ч ном их уншдаг байсан нь нөлөөлсөн болов уу. Тухайн үед аавыг дуурайж уншсан Ж.Пүрэвийн “Манан Будан”, Ш.Шажинбатын “Элс, цас” зэрэг Монголын сор болсон романууд одоо ч санаанаас гардаггүй. Ингэж номд дурласны үр дүн, өгөөж нь одоог хүртэл гарсаар байдаг.

Өнөөдөр монгол хэлээрээ алдаагүй зөв бичиж, найруулах нь жижиг биш асуудал болж, нэг үгийг хэдэн янзаар бичдэг болжээ. Тэдгээрийн аль нь зөв болохыг хэл шинжлэлийн эрдэмтэд, холбогдох байгууллагууд ойлгомжтой, хүртээмжтэй таниулан тайлбарлахгүй бол энгийн иргэд ялгаж салгах аргагүй төөрөлджээ. Ялангуяа, орчин цагийн залуус номоос илүү интернетэд шимтэх болсон үүнд их нөлөөлж байх шиг байна. Учир нь интернетэд олон хүн өөрсдийн дураар бичээд явчихдаг шүү дээ.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байх үедээ хөгжим сонсдоггүй. Гэхдээ хааяа зөөлөн, намуухан хөгжим сонсох таатай байдаг. Ер нь ажиллаагүй үедээ ч бараг хөгжим сонсохоо больж. Чимээ шуугиан ихтэй тайзан дээр хөтлөлт хийх тохиолдол багагүй гардаг учраас аль болох чимээ багатай, намуухан орчинд байхыг хүсдэг болоод байна.

Залуу байхад машиныхаа хөгжмийг чанга дээр нь тавиад, тухайн үед тренд болж буй сүүлийн үеийн дуу, хөгжмийг сонсоод явах тун ч их кайфтай байдаг сан. Одоо тэгэхээ больсон нь нэг бодлын харамсалтай санагддаг юм. Хөгжим сонсоод түүнээс кайф авч, аз жаргалыг бүрэн мэдэрдэг байсан тэр үеэ одоо ч санагалзсаар байдаг. Гэвч миний бие физиологи хүлээж авахгүй “аяархан болгочих” гэдэг дохио өгдөг болж. Тиймээс одоо намуухан боса нова хөгжим сонсоод, аяга кофе ууж суух нь аятайхан санагддаг болоод байна даа.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Introvert буюу дотогшоо төрлийн хүмүүсийг өмнө нь зожиг, ганцаардмал мэтээр тодорхойлж, сөрөг талаас нь тайлбарладаг байсан бол өнөө үед тэдгээр хүмүүсийн онцлог шинж чанаруудыг судалж, олон талаас нь тайлбарлах болжээ.

Би бол дотогшоогоо талдаа хүн. Аль болох цөөн хүнтэй, намуун, буйдхан орчинд өөрийгөө илүү мэдэрч, эрч хүчтэй, аз жаргалтай болдог юм. Энэ төрлийн хүмүүс олон хүнтэй газраас илүү гэртээ ирээд аз жаргалыг мэдэрдэг бол нээлттэй хүмүүс гэрээсээ гарч, олны дунд орохдоо дуртай байдаг талтай. Тиймээс ажлаас бусад үед ихэвчлэн гэртээ гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхийг илүүд үздэг.

Гэхдээ мэдээж ажлын онцлогоос шалтгаалан ажил дээрээ аль болох нээлттэй, уян хатан байхыг эрмэлзэнэ. Бусдыг ойлгож, зохицож ажиллах нь чухал ур чадвар гэж боддог.

ТАНЫ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ ЯМАР ВЭ? ЭРҮҮЛ МЭНД, ГОО САЙХАНДАА ХЭРХЭН АНХААРАЛ ХАНДУУЛДАГ ВЭ?

“Чимгээ шоу" нэвтрүүлэгт бэлтгэхийн тулд өглөө 5 цагт босоод 6 гэхэд гэрээсээ гарах шаардлагатай байдаг. Учир нь ажилдаа эрт очиж нүүр будалт хийлгэж, үсээ янзлуулах хэрэгтэй, мөн замын түгжрэлээс зайлсхийж байгаа юм. Өглөө эрт гараад орой 22-23 цагийн үед зураг авалтаа дуусгаад харих үе ч бий. Би ер нь эрт босож, бүгдийг амжуулах гэж хичээдэг юм. Ямар сайндаа багадаа хичээлээсээ хоцрохгүйн тулд өөрөө өөрийгөө хуурч ханын цагийн зүүгээ урагшлуулчихдаг байж билээ. Одоо юм л бол ханын болон бугуйн цагаа байн байн шагайхгүйгээр явж чадахаа байжээ. Амьдрал минь хором мөчөөр хэмжигддэг юм шиг л явна.

Ийм нөхцөлд олны өмнө ажилладаг эмэгтэй хүний хувьд жингээ барьж, зөв хооллохоос эхлээд эрүүл мэнддээ анхаарал тавихгүй л бол болохгүй. Дөнгөж 18 настай залуу бүсгүй биш учраас сайн нойр авахгүй бол амархан ядрах гээд байдаг талтай. Тиймээс нойр, хоол, хөдөлгөөн гэсэн гурван зүйлд анхаарал хандуулж чадвал гаднаасаа ч, дотроосоо ч гэрэлтэж, эрч хүчтэй байна гэж боддог юм.

Түүнээс гадна өнөөдөр бид эрүүл мэндэд яаж нөлөөлөхийг нь мэдэхгүйгээр асар олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон байна. Технологи эрчимтэй хөгжиж буйн хэрэг юу билээ, хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийхээ мэдээллийг хэдэн товч дараад л интернетээс авч байх хэрэгтэй санагддаг. Өөрөөр хэлбэл амт чанар, найрлагыг нь сайн судалж, хооллолтондоо хяналт тавих нь зүйтэй. Жишээ нь миний ширээн дээр байгаа “Активиа” таргийг гэхэд жилийн дөрвөн улиралд цэвэр шингэн сүүгээр бүрдэг юм билээ. Хоол боловсруулах, шингэц сайжруулахад тустай, хамгийн сайн ашигтай бактери агуулсан био иогурт тул өдөр тутам дуртайяа хэрэглэдэг болоод байгаа.

Мөн болж өгвөл долоо хоногтоо 2-3 удаа дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байх хэрэгтэй. Миний хувьд фитнесст тогтмол явж дадаагүй. Тэрийгээ завгүй гэдэг үгээр л халхлах юм (инээв). Гэхдээ эрүүл чийрэг байх үүднээс фитнесст тогтмол явах ёстойгоо ойлгоод л байгаа.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хамт ажиллаж буй телевизийнхээ залуусаас хамгийн их эрч хүчийг мэдэрдэг. Манайд өвөл зунгүй, өдөр шөнөгүй шаргуу ажилладаг мундаг залуус олон бий. Тэднийг харах бүрдээ би эрч хүчээ алдаж болохгүйг мэдэрдэг юм. Элдэв шалтгаан, гомдол тоочихгүйгээр хоёргүй сэтгэлээр ажилладаг хүмүүс миний эргэн тойронд байдаг учраас хүссэн, хүсээгүй тэдний хэмнэлийг дагаад ядарч байна, хэцүү байна гэж хэлэх эрхгүй болдог юм. Телевизийн удирдлага маань залуусаа зөв зүйтэй ажиллуулж, сайн чиглүүлдэг болохоор ийм эрч хүчтэйгээр олон ажлын ард гарч чаддаг болов уу.

Мэдээж хийж буй ажлаасаа маш их урам зориг авдаг. Дуртай ажлаа хийн, түүнийгээ үнэлүүлж, бусдад эергээр нөлөөлж байгаагаа мэдрэх таатай сайхан байдаг. Заримдаа би ямар сайхан ажил хийдэг юм бэ гэж дотроо баярлан бодно. Ажлаа ял үүрч буй мэт биш, дурлаж хайрлаж хийнэ гэдэг хэчнээн их аз жаргалтай гэж санана. Тиймээс залуу хүмүүсийн дургүй ажлаа хийж байгааг харах харамсалтай санагддаг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Ээж, аавын хэлсэн үгс л сэтгэл хамгийн тод үлддэг дээ. Анх сонсоход нэг чихээр ороод нөгөө чихээр гараад өнгөрөх мэт болдог ч нас ахих тусам хэлсэн үгс нь орой руу ордог болж. Ээж маань “Хэрэв чадахгүй бол чадахгүйгээ шулуухан хэлж бай” гэж хэлж байсныг мартдаггүй. Ер нь ээжийн минь хэлсэн үгс миний амьдралын гол чиг шугам болж, би одоо хүүхдүүддээ дамжуулан зөвлөдөг.

МҮОНРТ-д Цэрмаа гээд маш сайн найруулагчтай ажилладаг байлаа. Тун хатуу, зарчимч хүн. Би тухайн үед нэг их загнуулж байгаагүйг бодоход тавьсан шаардлагад нь овоо нийцэж байсан юм болов уу гэж боддог юм. МонголТВ-д ороод удаагүй байхад над руу нэг удаа залгаад “Чамайг хүнтэй ярилцлага хийж байхыг чинь телевизээр харлаа. Гоё харагдаж байна. Гэхдээ чи ярилцаж байгаа хүнээ сайн сонс” гэж хэлсэн. Олон үггүйгээр, товч бөгөөд тодорхой хэлсэн тэр зөвлөгөө маш үнэ цэнтэй санагдаж билээ. Мэдээний ярилцлагын үеэр богино хугацаанд үзэгчдэд хамгийн чухал мэдээллүүдийг өгөхийг зорьдог учраас бэлдсэн асуултаа бүгдийг нь асуух гээд яаравчлаад байсан хэрэг. Харин нөгөө хүнээ илүү сайн сонсоод, ярьсан зүйлээс нь дараагийн асуултаа лавшруулан асуух хэрэгтэйг тэр хүн надад цөөхөн үгээр ойлгуулсан даа.

Өөр нэг зөвлөгөө. Би МҮОНТ-д ороод удаагүй байхдаа Ардын зураач Л.Намхайцэрэн гуайн хүү Н.Ганбат найруулагчийн бэлтгэдэг “Урам” нэвтрүүлгийг хөтөлдөг байлаа. Ганбат ах бол ном, сонин байнга уншдаг, манай телевизийн хамгийн оюунлаг хүмүүсийн нэг байв. Тухайн үед намайг ном сайн уншиж байгаарай, ийм ном унших хэрэгтэй шүү гээд л зөвлөнө. Энэ мэтчилэн ахмад хүмүүсийн зөвлөгөөг сайн сонсдог байх нь зүйтэй санагддаг. Тэр хүмүүст амьдралын агуу их туршлага, мэдлэг бий. Уншсан ном багатай хүн байсан ч туулсан амьдралын туршлага арвин байгаа нь ойлгомжтой.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Залуустаа хандаж хэлэхэд амьдралаа анхнаас нь маш сайн төлөвлөж, хариуцлагатай байгаарай л гэж хэлье. Тэгж чадвал амьдрал тэртээ тэргүй жамаараа үргэлжилнэ. Хариуцлагагүй, төлөвлөгөөгүй байвал хэзээ ч хүссэн амьдралдаа хүрч чадахгүй. Тиймээс наад захын жижигхэн зүйл дээр ч хариуцлагатай, төлөвлөгөөтэй байгаарай. Тэгж чадвал уулыг эргүүлж, усыг эрчлүүлж чадна, амьдралын хэв маяг тань ч эрүүл, зөв, бүтээмжтэй байх болно.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Энгийн, эгэл даруухан, чимээгүйхэн яваа хэрнээ нийгэмдээ үнэ цэнэтэй, чухал ажил хийн, бусдад үлгэр жишээ болж буй эрхмүүдийг урьж оролцуулаарай гэж хүсье.

НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Гэрэл зургийг:

Б.Уугансүх

Хандалт / Сэтгэгдэл:

44974   6

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.