Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   10 сарын 22, 2019

Techworm: Дунд ангийн сурагчдын бие даан бүтээсэн 7 апп, тоглоом #2

Дэлхийд өрсөлдөх чадвартай мэдээлэл технологийн 10,000 инженерийг бэлтгэх зорилготой Нест Академи нь дунд сургуулийн сурагчдад веб болон гар утасны апп, гар утасны тоглоом бүтээх, тэдгээрийн загвар дизайныг мэргэжлийн түвшинд бүтээх чадваруудыг олгодог. Тус академийн төгсөгч хүүхдүүдийн бие даан бүтээсэн апп-уудаа танилцуулах “Demo Day 2019” өдөрлөг энэ сарын 15-нд болж өнгөрсөн юм. Сурагчид сурсан мэдсэнээ ашиглан доорх апп-уудын санааг гаргахаас эхлээд код бичих, загвар дизайныг гаргах гээд бүхий л зүйлсийг бие даан хийжээ. Ингээд ирээдүйд инженер, дизайнер болох гараагаа эхлүүлсэн авьяаслаг сурагчдын бүтээлүүдтэй танилцацгаая.

Эдгээр апп, тоглоомууд нь App Store, Google Play дээр хараахан тавигдаагүй тул зургийн доор байгаа линкээр нэвтрэн турших боломжтой юм. Мөн гар утсаараа туршиж үзвэл илүү тохиромжтой.

XYЯ баг - Англи үг цээжилдэг апп

Гадаад хэл суралцахад алхам тутам шинэ үг цээжлэх шаардлага тулгардаг. Харин энэхүү асуудлыг хялбархан шийдвэрлэх англи үг цээжилдэг апп-ийг XYЯ багийнхан бүтээжээ. Тус багийн бүтээсэн апп нь бусадтай холбогдож, англи үгийг зугаатай, сонирхолтой байдлаар хялбар цээжлэх боломжийг олгох ажээ.

Энэ төрлийн бусад аппуудтай харьцуулахад энгийн, ойлгомжтой бүтэцтэй бөгөөд өөрийн сошиал хуудсаар нэвтрэн орж, multiplayer буюу найзтайгаа хамтарч суралцах байдлаар шинэ үгийг сурах аж. Мөн сүүлийн үед ихэнх аппуудад нэмэгдэж буй “Dark Mode” горимыг агуулсан байна.

Апп-ийг туршиж үзэх

CodeChef баг - Chef апп

“Өнөө орой ямар хоол хийх вэ?” гэсэн асуулт бидэнд байнга л тулгарч байдаг. Codechef багийнхан энэ асуудлыг хөнгөвчилж, хоолны сонголтыг хялбар болгох үүднээс хоолны материалуудыг сонгож, түүгээр ямар амттай хоол хийх боломжтойг санал болгодог Chef апп-ийг бүтээжээ.

Тус апп нь цаашдаа хүнсний дэлгүүр болон супермаркетуудтай хамтран хоолны орцуудыг хаанаас, ямар үнээр авах боломжтойг харуулах цэсийг нэмэх хэтийн зорилтыг тавьжээ. Түүнчлэн хүнсний материалуудаа гэртээ хүргүүлэн авах боломжийг ч тэд олж харсан байна.

Апп-ийг туршиж үзэх

Voluna баг - Voluna апп

Сайн дурын ажлыг хүмүүс янз бүрийн шалтгаанаар хийдэг. Зарим нь зүгээр л буян үйлдэх гэж, харин нөгөө хэсэг нь хүмүүстэй танилцах гэж, шинэ чадварт суралцах гэж, гадаадын их дээд сургуульд материалаа бүрдүүлж илгээх гэж өөрийн нөөцийг бусдад зориулдаг. Гэхдээ олон хүн сайн дурын ажлын өргөн боломжуудын тухай түр бүр мэддэггүй.

Та Voluna апп-аар дамжуулан өөрийн оролцох боломжтой сайн дурын ажлууд ба клубийн мэдээллийг нэг дороос авах боломжтой бөгөөд бараг л сайн дурынхны “Facebook” гэж нэрлэж болно. Апп-ийг цаашид хөгжүүлэхдээ залуу "инженерүүд" өөрсдийн сонирхлоор нэгдэн групп үүсгэх, түүгээрээ дамжуулан клубт элсэх боломжийг олгох гэнэ.

Апп-ийг туршиж үзэх

Paccies баг - Paccies тоглоом

Бид бүгдийн бага насандаа тоглож байсан PacMan тоглоомын орчин цагийн хувилбар буюу дөрвөн тоглогч хоёр багт хуваагдаж, эсрэг багийн сүнснээс зугтан оноо цуглуулах зарчим бүхий тоглоомыг Paccies багийнхан бүтээжээ. PacMan тоглоомыг өмнө нь ганцаараа тоглодог байсан бол Paccies нь насны хязгааргүйгээр, багаараа тоглох боломжийг олгоно.

Тоглоомын дараагийн хөгжүүлэлтэд үе сонгох, хоорондоо харилцах, тоглогчдыг эрэмбэлэх зэрэг цэсүүдийг нэмэхээр төлөвлөсөн байна.

Тоглоомыг туршиж үзэх

Lozers баг - Zavatar веб

Та Lozers багийн инженерүүдийн бүтээсэн Zavatar веб-ийг ашиглан монгол агуулга бүхий 200 гаруй хувцас хэрэглэлээс сонгон өөрийн цахим дүрийг бүтээж, түүнийгээ зураг болгон хадгалах боломжтой ажээ. Тус багийнхан вебэд байршсан бүх хувцас, хэрэглэлээ өөрсдөө зурж бүтээсэн нь сонирхолтой.

Өөрсдийн гэсэн дүрийг бүтээх монгол апп, веб өмнө нь байгаагүй бөгөөд энэ орон зайг нөхөж чадах үндэсний төрх бүхий дүрийг Zavatar-аар дамжуулан хийж болно. Тус веб нь цаашдаа хувцас, хэрэглэлийн тоогоо арвижуулж, хөдөлгөөнтэй болгох талаас нь хөгжүүлэлт хийх аж.

Апп-ийг туршиж үзэх

Dream Path баг - Way Home тоглоом

Сүүлийн жилүүдэд дунджаар 897 хүүхэд зам тээврийн осолд өртөж, тэдний 46 нь нас барж, 851 нь эрүүд мэндээрээ хохирдог гэх харамсалтай статистик байдаг. Эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн 22.4 хувь нь хүндэвтэр, хүнд хэлбэрийн гэмтэл авдаг байна. Харин Dream Path багийнхан дүү нартаа тоглоомоор дамжуулан замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдээлэл өгөхөөр Way Home тоглоомыг бүтээжээ.

Гол дүрийн эмэгтэй, эрэгтэй дүрүүд гэртээ харих замдаа тулгарч буй аюул, саадыг давж, гэртээ аюулгүй, болгоомжтой харих ямар боломж байгааг эрэлхийлдэг ажээ. Тус тоглоом нь текстэн мэдээллээс илүүтэй тоглох явцдаа шинэ зүйлсэд суралцах нөхцөлийг бүрдүүлж, монгол хэв шинж, агуулгыг бүх насныханд зориуан багтааж өгснөөрөө онцлогтой болжээ.

Апп-ийг туршиж үзэх:

Тоглоомыг туршиж үзэх

Astionas баг - Enigma Box тоглоом

Өөрийн дүрийг асуултанд хариулах аргаар хайрцган дахь хувцас, хэрэглэлээр гоёх, хувцаслах агуулга бүхий апп-ийг Astionas багийнхан бүтээжээ. Энэ нь бусад төрлийн асуултанд хариулдаг энгийн тоглоомуудтай харьцуулахад өөрт шаардлагатай зүйлсийг бодитоор буюу шинэлэг байдлаар олж авдгаараа онцлогтой.

Та өөрт шаардлагатай хайрцгийн онгойлгохын тулд олон төрлийн асуултанд хариулах шаардлагатай. Мөн асуултын хариултыг мэдэхгүй бол олж болох өөр арга замыг сонгож, мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй болдог байна.

Апп-ийг туршиж үзэх

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД

Techworm: Дунд сургуулийн сурагчдын бие даан бүтээсэн 9 апп

23441   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Лхагвацэрэн

Гэрэл зургийг:

Б.Хатанбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.