Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   10 сарын 21, 2019

Онцлох бизнес: iHotel.mn - Амрах, тухлах газраа амархан захиал

Энэ удаагийн дугаартаа зочид буудал захиалгын онлайн платформ болон буудлын удирдлагын систем хөгжүүлдэг iHotel-ийг онцолж байна. Сүүлийн хэдэн жил турш тууштай үйл ажиллагаа явуулж буй тэд саяхан Сингапураас хөрөнгө оруулалт авч, дөрвөн тэрбум төгрөгийн үнэлгээтэй болсон юм. Ийнхүү iHotel.mn оюуны бизнесээр ихээхэн баялаг бүтээж буй сүүлийн үеийн монгол стартапуудыг буухиалж байна. Тус платформд Монголын 250 гаруй зочид буудал, амралтын газрын сонголт бий бөгөөд энэ 12-р сараас 170 мянган гадаадын зочид буудал нэмэгдэхээр болоод байна. Ингээд iHotel-ийн хамтран байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Золбадралтай ярилцсаныг хүлээн авна уу. 

Бизнесийн нэр: iHotel
Хаяг: Central Tower, 13 давхар
Үйл ажиллагааны чиглэл: Зочид буудал захиалгын онлайн платформ
Үүсгэн байгуулагдсан: 2014
Үүсгэн байгуулагч: Б.Золбадрал, С.Эрдэнэбат
Цахим хуудсууд: iHotel.mn (фэйсбүүк), @ihotel.mn (инстаграм)
Веб хуудас: ihotel.mn

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ТАЛААР ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ?

Бид хүн бүрд зориулсан зочид буудал, амралтын газрын онлайн захиалгын платформ ажиллуулдаг. Үүнээс гадна iHotel PMS буюу буудлын удирдлагын бүтээгдэхүүн хөгжүүлдэг. iHotel нь зочид буудлын орлого болон зочдын тоог нэмэгдүүлж, үйлчлүүлэгчдийн зочид буудал болон амралтын газар хайх, захиалах үйл явцыг хялбарчилж өгдөг бүрэн систем юм.

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Анх зочид буудлын зөвлөх үйлчилгээний компани байхдаа буудлууд технологитой харилцах, онлайн болох тал дээр асуудалтай байгааг анзаарсан юм. Энэ орон зайнаас л одоогийн iHotel-ийг байгуулахаар шийдсэн дээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Бид яг сарын өмнө анхны хөрөнгө оруулалтаа авсан. Үүнээс өмнөх таван жилд өөрсдийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж байсан. Анх дан консалтинг компани байсан учир эхэндээ зардал гараагүй. Харин 2017 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлснээр энэ байдал өөрчлөгдөж, их хэмжээний зардал гарах болсон. Энэ үед байраа зарж, хадгаламжаа ашиглан, хөрөнгө оруулалт автлаа үйл ажиллагаагаа үргэлжүүлж байв.

ХАМТРАГЧАА ХЭРХЭН ОЛЖ СОНГОСОН БЭ?

Эрдэнэбат бид хоёр 2008 онд JCI дээр танилцаж байсан. Энэ бизнесийг эхлэхээсээ өмнө зургаан жил нөхөрлөсөн. Манай хүн анх “Зочид буудлын консалтинг үйлчилгээ үзүүлэх боломж байна. Надад гоё хийх зүйлс байна. Хоёулаа газруудаа олоод үйлчилгээ үзүүлье” гэснээр компанийн эхлэл тавигдаж байлаа.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ/ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД?

Бид үйлчлүүлэгч болон харилцагч байгууллагуудынхаа аль алинд нь олон давуу тал олгодог. Харилцагчийн талаас эхэлье. Зочид буудлууд одооны бизнесийн загвараараа удаан хугацаанд оршин тогтноход бэрх болсон. Чиг хандлагын өөрчлөлт, технологийн хөгжил зэргээс болж хүмүүс Airbnb болон түүнтэй төстэй сайтуудыг ашиглан айлд хоноглох, байр түрээслэх аргуудыг түлхүү ашиглаж байна. Иймд бид буудлуудад ухаалаг менежмент санал болгож, бизнестээ инновац шингээн удаан орших боломжийг олгож байгаа юм. Бас бид консалтинг үйлчилгээгээрээ олон үйлчлүүлэгчийг татаж өгдөг.
Үйлчлүүлэгчдэд олгож буй гол давуу тал бол ерөөсөө л амьдралыг нь хялбарчлах. Буудлын мэдээлэл авахдаа нэг бүрчлэн Google-ээс хайж, амралтын газрууд руу залгах байсан бол бид энэ бүх мэдээллийг нэг дор тавьж, тэндээсээ үнэгүй захиалах боломжийг олгож байгаа юм.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Бидний ойрын зорилго бол Филиппин, Вьетнам, Пакистан улсын зах зээлд гарах. 2028 он гэхэд Азийн орнуудын зэх зээл одоогийнхоос хоёр дахин томорч, Европынхоос өргөн болох төлөвтэй байна. Иймд бид Азийн найман орны зах зээлийг онилсон байгаа. Алсын зорилгын хувьд бид хамгийн сайн боломжуудыг шүүрч, хаа хүрч чадахаар байна, тэр хүртлээ л зүтгэнэ дээ.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Манай компанийн үнэт зүйл бол инновац ба сорилт байдаг. Бид юу ч хийсэн түүндээ инновац шингээн шинэ зүйл гаргаж ирэхийг хичээдэг. Тиймээс маш олон сорилттой тулгардаг. Гэхдээ сорилт бүрдээ шантралгүй алдаанаасаа суралцаж, түүнийгээ өсөлт гэж харж ажилладаг. Тиймээс үргэлж “Challenge, Learn, Growth” гэх үгсийг баримталж ажилладаг. Бидний баримталдаг зарчим бол “үйлчлүүлэгч хаан, хамтрагч хатан”. Үйл ажиллагааны онцлогоос хамаарч бид үргэлж хоёр талт харилцаанд ордог. Жишээлбэл хэрэглэгч захиалгаа цуцаллаа гэхэд мөнгөө буцааж авахыг, буудал төлбөрөө авахыг бодно. Энэ үед бид үйлчлүүлэгчээ нэгдүгээрт тавьж, дараа нь буудлын эрх ашгийг боддог онцлогтой.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Яг одоо ihotel.mn сайт маань шинэчлэгдэж байгаа. Үүгээр харагдах байдлын хувьд өөрчлөгдөж, үйлчлүүлэгчийн сэтгэгдэл хэсэг, урамшууллын онооны систем нэмэгдэж орно. Энэ систем нэвтэрснээр үйлчлүүлэгчид анхны захиалга, давтан захиалга, найзуудаа урих зэрэгт хөнгөлөлт эдэлнэ. Мөн зөвхөн Монголын биш дэлхийн бусад орнуудын захиалгыг авдаг болж байна. Энэ шинэ хувилбар 12-р сарын сүүл юм уу нэгдүгээр сарын эхээр олны хүртээл болно. Эхний ээлжид 170 мянган буудлын захиалга шууд авах боломжтой байгаа. Ингэснээр зөвхөн Монголын сайт биш, олон улсын сайт болох эхлэл тавигдаж байгаа юм. Бас бид буудлын удирдлагын систем дээр сүүлийн зургаан сарын турш ажиллаж, бэлэн болгоод байна. Одоо буудлууддаа түгээх, нэвтрүүлэх тал дээр анхаарна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Эерэг тал нь бид олон жуулчинд аялах боломж олгодог. Саяхан тайлангаа үзтэл манай захиалагчдын 41 хувь нь гадаадын үйлчлүүлэгчид байсан. Тэд дандаа Улаанбаатар хотоос гадна буюу хөдөө орон нутагт өөрсдийн гэсэн онцлогтой буудал, амралт захиалсан байв. Энэ нь эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байгаа.

Мэдээж хэрэг бэрхшээлтэй тал бий. Энэ нь ихэвчлэн үйлчлүүлэгчтэй холбоотой байдаг. Дөрвөн ортой гэр захиалаад наймуулаа орох ч гэдэг юм уу, зарчмын гэмээр зөрчлүүд гардаг. Гэхдээ бид асуудлыг хөгжил гэж харж, үүнд таарсан шийдлүүд хайдаг.

ЗОЧИД БУУДЛУУДАД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ УРИАЛАХ ВЭ?

Аялал жуулчлалын салбар асар хурдтай өөрчлөгдөж байна. 2018 оны байдлаар дэлхий дээрх нийт буудал захиалгын 51 хувь нь онлайнаар хийгдсэн байсан. Энэ тоо дахиад ч өсөх хандлагатай байгаа. Тиймээс буудлуудыг онлайн шилжилт хийхийг уриалж байна.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН ЗАРИМ СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?

Сүүлийн үед зочид буудлууд, амралтын газруудаас эерэг сэтгэгдэл олноор ирж байна. "Танайх анзаарагдалгүй их олон зочин авчирсан байна” гэх мэтээр бидэнд талархлаа илэрхийлнэ. Манайх аяллын компаниуд шиг нэг зэрэг олон жуулчин аваачихгүй ч, тогтмол бага тоогоор аваачдаг болохоор жилдээ хоёр зуу гаруй зочны захиалга өгдөг юм байна. Харин үйлчлүүлэгчид маань манай дэлгэрэнгүй мэдээлэл өгдөгт их дуртай байдаг. Учир нь бид вебсайт дээрээ тухайн газрын тавилга хэрэгсэл, санал болгодог үйлчилгээ, хоол унд, ажилчдын гадаад хэл, үйлчилгээний төв, орны хэмжээ гээд байж болох бүх зүйлсийг багтаахыг хичээдэг.

21190   5


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Б.Хатанбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.