Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   10 сарын 18, 2019

Соёлын биет өвийн талаар мэдвэл зохих зүйлс

Өнгөрсөн түүхийн гэрч бөгөөд дурсгал нь түүх, соёлын биет (хөдлөх ба үл хөдлөх) болон биет бус өвүүд байдаг билээ. Тиймээс улс орнууд соёлын өвөө нандигнан дээдэлж, хайрлан хамгаалж, хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэхэд онцгой анхаарч иржээ. Соёлын өвүүд нь түүх, соёлын төдийгүй эдийн засгийн, сэтгэлгээний гээд олон талын ач холбогдолтой. Саяхан, соёлын үнэт өв болох барилга байшингуудтай холбоотой өрнөсөн үйл явдлаас бид соёлын өвийн талаар илүү сайн мэдээлэлтэй болох, түүнийгээ түгээх сэдлийг авсан юм. Ингээд бидний бэлтгэсэн, соёлын үл хөдлөх биет өвийн тухай хэн бүхний мэдвэл зохих зүйлсийн талаарх нийтлэлийг болгоон уншина уу.

1. БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БААЗ

Манай улсын хувьд соёлын өвүүдийг тоолж бүртгэх, сэргээн засварлах, хадгалж хамгаалах үйл ажиллагааг “Соёлын өвийн үндэсний төв” хариуцан ажилладаг. Хуулийн дагуу соёлын өвийн хэлбэрээс шалтгаалж 3-5 жил тутамд нэг удаа хийгдэх учиртай Соёлын өвийн судалгаа, тооллого хамгийн сүүлд 2014-2015 онд хийгдсэн байдаг бөгөөд судалгааны дүн нь интернетэд нээлттэй бий. Мөн 2017 оноос хэрэгжиж эхэлсэн “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар хот” аяны хүрээнд хийгдсэн ажил болох Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгалын цахим мэдээллийн сан буюу www.ubheritage.mn сайтаас та нэгдсэн мэдээлэл, бүртгэлийг авч болох юм. Одоогоор бүх мэдээлэл нь хараахан орж дуусаагүй байгаа ба энэ ондоо багтаан оруулж дуусгах ажээ.

Мэдээлэл: Улс орон бүрд аливаа түүх, дурсгалын зүйлийг “Соёлын өв” хэмээн үзэх шалгуур үзүүлэлтүүд түүхийн болон соёлын ялгаатай байдлаас хамаарч өөр өөр байдаг аж. Жишээ нь: Үл хөдлөх биет өвийн хувьд Мексик улсад 1522-1900 оны үеийн барилга, Польш улсад дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөх үеийн барилгуудыг соёлын өв хэмээн үзэж, хамгаалалтад авдаг байна. Монгол улсын хувьд 1994 онд батлагдсан “Түүх соёлын дурсгалын зүйлийг хамгаалах тухай хууль”-ийн соёлын өвийн жагсаалтад өөрчлөлт оруулах Эрдмийн зөвлөл байгуулагдан, 1924 оноос өмнө баригдсан дурсгалт барилгуудыг соёлын өвд тооцохоор шинэчилсэн байдаг. Харин одоогийн байдлаар соёлын өвтэй холбоотой ямар нэг асуудлыг Засгийн Газрын 2008 оны 175 дугаар тогтоол, 2014 оны “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн дагуу шийдвэрлэн ажилладаг. Гэхдээ уг хуульд биет өвийг “Соёлын өв”-д хамааруулан үзэх шалгуур үзүүлэлт хангалттай тодорхой биш хэмээн мэргэжилтнүүд үздэг байна.

Харин Азийн Архитекторуудын Холбооноос 50 жил ба түүнээс дээш жил болсон түүх, урлаг, шинжлэх ухаан, соёлын ач холбогдолтой барилгыг соёлын өв гэж үздэг. 2014-2015 онд хийсэн нэгдсэн тооллогыг Соёлын Өвийн Үндэсний Төв судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран уг шалгуур үзүүлэлтийн дагуу хийн, соёлын өв болох барилгуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан ч одоогоор холбогдох яамнаас хараахан батлаагүй байгаа ажээ.

2. ХАМГААЛЖ, ХАДГАЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монгол Улс 1990 онд “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц”-д нэгдэж байжээ. Үүнээс гадна "Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах Венецийн Харти" зэрэг олон улсын олон баримт бичигт нэгдэн оржээ. Тэгэхээр бид НҮБ, ЮНЕСКО-ийн гишүүн орны хувьд түүх дурсгал, соёл өвийн асуудалд тун хүндэтгэлтэй хандах амлалт, үүрэгтэй байх нь.

Энэ тал дээрх ойрын жишээнүүдээс хуваалцъя. ОХУ түүх соёлдоо ихээхэн хүндэтгэлтэй ханддаг. Тэд алдарт Эрмитажын музейг улсын төсвөөр санхүүжүүлэн, мэргэжлийн багийн удирдлага дор 2000-2010 онд урт хугацаанд сэргээн засварлаж байжээ. Цаг уур, хөрсний онцлогийн хувьд барилгын насжилтанд үзүүлэх нөлөө нь манай оронтой харьцуулахад хэд дахин хүнд гэгддэг. Мөн саяхны дуулиант үйл явдлын нэг бол Франц улсын Парисын Эх Дагинын Сүмийн зарим хэсэг галд өртсөн явдал юм. 850 гаруй жилийн түүхтэй уг сүмийг Франц улсын засгийн газар сэргээн засварлахаа мэдэгдэж, үүнтэй холбогдуулан олон нийтээс хөрөнгө босгосон билээ. Хэдийгээр сүмийг анхны төрх байдлыг нь алдагдуулалгүй сэргээн засварлахын тулд урт хугацаа шаардлагатай ч францчууд мөнгө, цаг хугацаа чухал бус, түүх соёлоо хадгалан авч үлдэх нь хамгийн чухал гэдгийг онцолсон.

Улаанбаатар хотын хувьд, Монголын анхны архитектурч Б.Чимэд гуай хотын төлөвлөлтийг хийхдээ “Сүхбаатарын талбай орчим, түүнээс баруунтаа Улсын Их Дэлгүүр, урагшаа Энхтайван Найрамдлын гүүр хүртэлх төлөвлөлтүүд нь нийлээд уран барилгын цогцолбор үүсгэхийн тулд онцгой анхаарсан ажил юм” хэмээж байжээ. Нэг барилгын сүүдэр нөгөө дээрээ тусдаггүй, хүний төлөө бүтээн босгосон “Азийн цагаан дагина” байсан үеийн хот төлөвлөлт одоо нэгэнт алдагдсан ч иргэд бид алдаанаасаа суралцан цаашдаа түүхэн барилга байгууламж, дурсгалт газруудыг хайрлан хамгаалахад онцгой анхаарах учиртай.

Б.Чимэд гуайн зурсан таталбар зургууд

3. ОЛОН НИЙТЭД ҮЙЛЧЛЭХ БАЙДАЛ

Даяаршил, мэдээллийн хурдын нөлөөгөөр улс орнуудын өнөөгийн төсөв бүрдүүлэлтэнд аялал жуулчлалын салбар чухал байр суурь эзлэх болжээ. Улс орнууд өөрсдийн соёлын өвөө хадгалж хамгаалаад, өнгөлж тордоод, дагавар үзвэр үйлчилгээнүүдийг хөгжүүлснээр эдийн засгаа эргэлтэнд оруулж, улс орныхоо сурталчилгааг ухаалгаар хийдэг. Бээжинд очвол Хориотой хотоор орж хааны ордонтой танилцах хэрэгтэй, Москвагийн Большой театрыг үзүүштэй гэх мэтээр хот, газар бүрд үзвэл зохих, хийвэл зохих зүйлс гэж бий. Эдгээр газруудад олон нийтэд сайн үйлчилж, хэрэгцээт мэдээллээр хангадаг.

Жишээ нь, саяхныг хүртэл түүхэнд хамгийн их орлого олсон кинонд тооцогдож байсан "Avatar"-ийн Пандора гарагийн зураг авалтыг хийсэн Жанжиажиэ хэмээх газрыг Хятад улс аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, ойн хүрээлэн, шилэн лифт, агаарын дүүжин зам, шилэн гүүр зэрэг аялагчдын сонирхлыг татахуйц олон үйлчилгээ, бүтээн байгуулалтаар баяжуулан, үнэ цэнийг нь улам бүр өсгөжээ. Үүний сацуу байгалийн унаган өнгө төрх, экосистемийг алдагдуулахгүй байх үүднээс аялагчдад сайтар бэлтгэгдсэн хөтчийг санал болгох буюу дурсгалт газрыг үзэж сонирхохдоо заавал дагаж мөрдөх заавар, зөвлөмжийг хялбар ойлгохуйц байдлаар хүргэдэг байна.

Харин манай улсын хувьд энэ талын үйлчилгээ тун тааруу гэж хэлэхэд буруудахгүй. Ганц Монгол улсын ч биш, дэлхийн палеолитын үеийн түүх соёлын үнэт өв болох Ховд аймагт байрлалтай алдарт Хойд Цэнхэрийн Агуйн сүг зургуудын тал нь бүдгэрч, арилж үгүй болоход ойрхон болсон гээд олон нийтэд ойлголт өгөх, шаардлага тавих, соёлын өвийг хайрлаж хамгаалахад хойрго хандаж буй асуудлууд цөөнгүй. Тэгэхээр, холбогдох буюу мэргэжлийн байгууллагууд, гагц түүх соёлын дурсгал, байгалийн үзэмжээр хүмүүсийг татах нь хангалтгүй, түүнийг зөв зүйтэй, хангалттай хэмжээний мэдээлэл, үйлчилгээтэй хослуулахад онцгой анхаарах хэрэгтэй болов уу.

Их Тэнгэрийн Амны хадны сүг зураг

4. УНШИГЧДАД ӨГЧ БУЙ УРИАЛГА

Мэдээлэл хайж байх явцад, иргэдийн тэр бүр мэддэггүй, хэрэгжүүлдэггүй хэдэн зүйлсийг анзаарснаа онцолъё.

Хэрвээ та түүхэн ач холбогдолтой буюу иргэн, аж ахуй нэгжийн харьяалалд байхад тохиромжгүй, хамгаалалтанд байвал зохимжтой газрын талаар (булгийн эх, түүхэн үйл явдал болсон газар гэх мэт) мэддэг бол Нийслэлийн Газар Зохицуулалтын Албанд мэдээллээ бичгээр өгснөөр, тухайн газрыг бүртгэлд оруулан хэн нэгний өмчлөлд шилжүүлдэггүй ажээ. Өөрөөр хэлбэл иргэд бидэнд төрийн байгууллагуудтай хамтран түүх соёлынхоо төлөө энгийн бөгөөд чухал ажлыг бодитоор хийх бүрэн боломж байдаг аж.

Мөн соёлын өвийн талаар сайн мэддэггүй улмаас түүхийн ач холбогдолтой эд өлгийн зүйлс, барилга байгууламжийг “Хувийн өмч” гэх хандлагаар авч үзэн, хууль бусаар улсын хил давуулах, нураан сүйтгэх зэргээр санамсаргүй зөрчилд холбогдох явдал олон гардаг гэнэ. Иймд та түүх соёлын хувьд үнэ цэнтэй эд зүйлстэй харьцдаг бол мэргэжлийн байгууллагаар зэрэглэлийг нь тогтоолгож, бүртгүүлэх хэрэгтэйг сануулъя. Он жилүүдийн салхинд гандаж элдэгдэхгүй юмс гэж үгүй. Гагцхүү хамгаалал, арчилгаа, сэргээн засварлалтын үр дүнд бид өнгөрсөн түүхийг өнөөдөртэй холбох соёлын дурсгалыг бахдан биширч, оюун мэлмийгээ баясгаж байдаг билээ.

Нийтлэлийн зарим мэдээллийг Монгол Улсын зөвлөх архитектор, доктор 3.Оюунбилэгийн тавьсан илтгэлээс авсан болно.

16299   0


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Г.Оюунлхам




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.