Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 08, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - iKon.mn сайтын ерөнхий редактор Ч. Болортуяа

Өнөөдрийн дугаартаа бид Монголын цахим сэтгүүл зүйн өнгийг тодорхойлж яваа iKon.mn сайтын Ерөнхий редактор Ч.Болортуяаг урилаа. Тэрээр "Өнөөдөр" сонинд сурвалжлагч, GoGo.mn сайтад сэтгүүлчээс Ерөнхий редактор хүртэл ажиллаж байгаад 2013 онд iKon.mn -ийг үүсгэн байгуулалцсан юм. Сэтгүүл зүйн чанарыг ахиулах, ардчиллын бэхжүүлэхийн төлөө зорьдог тэрээр 2017 онд “Цагаан сонголт” хөдөлгөөнийг санаачилж, 2018 онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбогдсон улс төр, төрийн албан тушаалтнуудыг илрүүлэх дата сурвалжилгыг өөрийн багийн хамт хийж байв. Мөн энэ намраас Монгол ТВ-ийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болж, телевизийн салбарт хөл тавиад байгаа юм. Ингээд “Монголын Пулитцер” гэгддэг Ц.Балдоржийн нэрэмжит тусгай шагналыг хүртээд удаагүй байгаа Ч.Болортуяатай хийсэн ярилцлагаа хүргэе.

Байршил: Монгол, Улаанбаатар
Эрхэлдэг ажил: iKon.mn сайтын Ерөнхий редактор, Монгол ТВ телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн хөтлөгч
Хэрэглэдэг гар утас: Samsung Galaxy S10, iPhone 6 plus
Хэрэглэдэг компьютер: iMac, Macbook Pro
Сошиал хуудсууд: Bolortuya Chuluunbaatar (фэйсбүүк), Bolort (твиттер)

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

iKon өглөө бүрийг редакцийн шуурхай хурлаа хийж тухайн өдөр ямар үйл явдлууд болох, ямар сурвалжилга, тодруулга бэлтгэх вэ гэдгээ хэлэлцэж ярилцахаас эхэлдэг. Үүний дараа чухал шаардлагатай уулзалтуудаа үдээс өмнө буюу 11 цагт, нийтлэл, ярилцлага бэлтгэх буюу илүү тухтай уулзах уулзалтуудаа үдээс хойш 14, 15 цагт товлохыг хичээдэг.

Мөн тухайн цаг үед шаардлагатай нийтийн хурал, тодорхой байгууллага, клубийн уулзалтуудад очиж мэдээллийг нэгдүгээр эх сурвалжуудаас сонсох, тэдэнтэй уулзаж, танилцах, санал бодлоо солилцох гэх мэтэд цаг гаргахыг хичээдэг. Түүнээс гадна сэтгүүлчдийнхээ бэлтгэсэн нийтлэл, сурвалжилгыг унших, хянах, чиглүүлэх, ярилцах нь ажлын маань гол хэсгийн нэг. Өөрийн нийтлэл, ярилцлага буулгах, сэдвүүд уншиж, судлах зэргийг өглөө эрт эсвэл шөнө амьтан хүн амарсан хойно хийгээд сурчихаж.

Энэ намраас эхлэн Монгол ТВ телевизийн Нүүдэл шийдэл нэвтрүүлгийг даваа гараг бүрийн 21 цагаас шууд хөтлөх болсон нь ажлын горимд маань багагүй өөрчлөлтийг оруулж байна. Сэдэв судлах, хэлэлцүүлэгт хэн ирэх ёстой вэ, юу асуух вэ зэрэгт ажлын нэгээс хоёр өдрийг зарцуулж байна.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Сэтгүүлчийн хувьд MS Word болон Voice recorder хоёрыг хамгийн их ашиглаж байна. Photoshop дээр ганц нэг зураг засварлах хэрэг гардаг. iKon.mn–ийн хувьд мэдээ, мэдээллээ аль болох график дүрслэлтэй мэдээллээр баяжуулахыг хичээдэг. Бэлэн нээлттэй tool ашиглахаас гадна өөрсдөө програмчилсан шийдлүүдийг ашиглаж байна. BBC, CNN-ын аппуудаас сонордуулга авдаг. Үүнтэй адил боломжийг дотооддоо бий болгох зорилгоор iKon.mn гарыг суулгасан 600 мянган хүнд бид шуурхай, онцгой үйл явдлыг илгээж байна. Арилжааны мэдээ мэдэгдэл огт явуулдаггүй учраас яг онцгой, чухал мэдэгдлийг л илгээж байна.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Олон чиг үүрэг бүхий ажил хийж байгаа учраас төлөвлөх шаардлага гарах юм. Тухайн өдрийн ажлаа ач холбогдлоор нь эрэмбэлээд явахаас өөр замгүй. Тухайн сэдвээр хамгийн сайн мэдээлэлтэй, судалгаатай, мэргэжилтнүүдээс санал, туршлагыг нь сонсож зөвлөлдөх нь цаг хэмнэх сайн арга шиг санагддаг.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн дэвтэр дээрээ хөтлөөд явдаг. Олон хоногийн өмнөөс төлөвлөсөн хурал, уулзалт зэргийг утасныхаа хуанлид тэмдэглэдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ? 

Ажил мэргэжлийн шаардлагаар салбар бүрийн төлөөллүүдтэй танилцах боломж гардаг. Мөн боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор салбар бүрийг хамарсан хөтөлбөр, сургалтуудад боломжоороо хамрагдахыг хичээдэг. Энэ бүгдээс ажиглаж байхад мэргэжлийн онцлогоос хамаарч сэтгүүлчид аливаа зүйлд дүн шинжилгээ хийх, асуудлыг олон талаас нь харах чадвар нь хөгжсөн байдгийг анзаарч ажигласан.

Нөгөө талаар би ч, iKon-ийн хувьд ч бусдыг дуурайх бус бусдаас өөр буюу шинэлэг байхыг аль болох эрмэлздэг. Ингэхийн тулд асуудлыг олон талаас харах, онцгой шийдэл эрэлхийлэх шаардлагатай. Эцэст нь санаж бодсон контентоо нийтэлчихээд сууж байх нь хамгийн сайхан мэдрэмж.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хэвлэл мэдээлэл бол том хүч. Дөрөв дэх засаглал гэдэг шүү дээ. Үнэхээр мэргэжлийн түвшинд ажиллаж чадвал олон зүйлийг өөрчлөх боломжтой. Харин буруу ашиглавал ямар олиг байх вэ. Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн тодорхой ажлууд дээр боломжийн үр дүн гарсан гэж боддог. Жишээ нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Цагаан сонголт” буюу хуулинд байгаа боломжийг олон нийтэд сануулах ажлыг зохион байгуулснаар 100,000 сонгогч “Цагаан сонголт” хийсэн байдаг. Дахиад 10,000 хүн “Цагаан сонголт” хийсэн бол нэр дэвшигчид өөрчлөгдөх байлаа шүү дээ.

Дараа нь бид шилэн данс, бүртгэл.мн, хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг нээлттэй өгөгдлүүд дээр анализ хийж ЖДҮ-гийн асуудлыг гаргаж тавьсан. Дата майнинг хийж баримтууд гаргаж ирсэн нь тухайн үедээ сэтгүүл зүйн салбарт шинэлэг зүйл байлаа. Улмаар энэ нь Засгийн газрыг огцруулах нэг үндэслэл болж одоо УИХ-ын тараах ёстой гэсэн талын тэргүүлэх шалтгаанд нэрлэгдээд явж байна. Энэ онд бид Боловсролын тэгш бус хүртээмжийг бууруулах, Боловсролын реформыг эхлүүлэх талаар санаачилга гаргасан хүмүүстэй хамтран нийтлэл, сурвалжилга бэлтгэж байна.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Боловсролын сэдвийнхээ хүрээнд өнгөрсөн хавар, зун ерөнхий боловсролын асуудлаар багагүй нийтлэл, сурвалжилга бэлтгэсэн. Энэ хүрээнд бид боловсролын салбарын төсөв хуваарилж, бодлогыг хянадаг УИХ-ын гишүүдийн хүүхдүүд ямар сургуульд сурч байна вэ гэдгийг хүртэл нийтэд гаргаж тавьсан.

Энэ сэдэв мэдээж үргэлжилнэ. Цаашлаад бид их, дээд сургуулийн чанарын асуудлаарх ярилцлага, нийтлэл рүүгээ энэ долоо хоногоос орж байна. Монгол Улсын хувьд их, дээд сургуульд хамрагдалтын үзүүлэлтээр WEF тайлангаар 140 орноос 29-р байрт жагсаж байгаа ч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр адагт нь буюу 139-рт гэсэн судалгаа байна. Тэгэхээр бид ерөнхий боловсролын сургуулийн боловсролын чанараас гадна одоо их, дээд сургууль руу орж байна гэсэн үг.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Хамгийн сүүлд “Ноён Гантай өнгөрүүлсэн 100 хоног буюу Би түүнээс юу сурсан бэ?” гэх уншигчдын гарт хараахан хүрээгүй байгаа номын анхны уншигчдын нэг боллоо. Ноён Ганы тухай сонирхолтой ном хэвлэлтэд гарсны дараа уншихыг санал болгоё.

Үүний өмнө С.Баяр гуайн “бутархай”-г уншсан юм байна. Яг одоо Сингапурын хөгжлийн нууц номыг эхлүүлчихсэн явж байна. Бас л боловсролын сэдэвтээ нэмэр болгох зорилготой.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Ажиллаж байх үедээ огт хөгжим сонсдоггүй. Харин гэртээ бол хөгжмөө чангалаад сонсох дуртай. Элвис Преслигийн дуунуудыг хэзээд ямар цагт ч сонссон сэтгэл сэргэдэг.

ТА ЗАН ЧАНАРЫН ХУВЬД ИЛҮҮ ДОТОГШОО ТАЛДАА ЮУ, НЭЭЛТТЭЙ ТАЛДАА ЮУ?

Нээлттэй байхад (extrovert) суралцаж буй дотогшоо хүн (introvert) гэж бодож байна.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Хэвийн үед 12-1 цагийн үед унтаж 7 цаг өнгөрөөд босдог. Ажил ихтэй үед уг горим өөрчлөгдөнө.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Гэртээ буйдан дээрээ хөгжим сонсоод ном уншаад хэвтэх дуртай. Харамсалтай нь ийм цаг хомс. Амралтын өдрийг нөхөр, хүүхдүүдтэйгээ салхинд гарч өнгөрүүлэх мөн хамгийн сайхан амралтын нэг байдаг.

Боловсролын тэгш бус байдал эдийн засагт хэрхэн нөлөөлдөг талаар судлах зорилгоор СЭЗИС-д элссэн. Баасан, бямба гарагийг номын дуу сонсож өнгөрөөх нь.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Гэр бүл, найз нөхөд, ажил…

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Чухал шийдвэр гаргахдаа өөрөө хариултаа олсон ч эргэлзээ байвал нөхөр, мөн аавтайгаа зөвлөлддөг. Багаасаа аавтайгаа элдэв сэдвээр маргаж, мэтгэлцэж, ярилцаж ирсэн маань санаа бодлоо чөлөөтэй, итгэлтэй илэрхийлж байх үндэс болжээ гэж боддог.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЖ ЗӨВЛӨХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Залууст төдийгүй бүх насныханд урам зориг, итгэл найдвар өгөх зорилгоор сүүлийн 6 жил “Өглөөний хүн” ярилцлагыг салбар бүрийн мэргэжилтнүүдтэй хийж ирсэн. Энэ ярилцлагыг орон нутагт багшилж байсан нэг залуу багш сурагчдадаа хэвлэж авчраад уншуулдаг байсан тухайгаа өөрийн биеэр ярихад үнэхээр хүүхэд, залууст ийм урам зориг өгч, үлгэр дуурайл болох хэн нэгний түүх их хэрэг болдог юм байна даа гэж ойлгож байв.

Бусдын түүх, туршлагыг бид мэдэж, сонсож, сонирхон, шохоорхож байх нь маш их ухаарлыг хайрладаг. Хүн төрөлхтөн бие биеэсээ ч суралцсаар ирсэн. Гэхдээ энэ нь бусдыг заавал дуурайж, тэдэн шиг бол гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл хүн болгон давтагдашгүй. Өөрийгөө олно, би өөрийгөө хайж байна гэх ойлголт түгээмэл байдаг. Үнэндээ хүн өөрийгөө эрж хайх биш, бүтээх гэж оролдох нь илүү барьцтай байх.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Тухайн улс үндэстний хамгийн чухал салбар бол боловсрол байдаг. Бидний хамгийн чухал зүйл бол ирээдүй хүүхэд багачууд мөн гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тиймээс энэ салбарын судсыг атгаж буй багш хүнийг уривал сонирхолтой юм уу. Ялангуяа хамгийн их ачаалал ногддог гэдэг цэцэрлэг юм уу бага ангийн багш байвал зүгээр юм уу.

НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor

Гэрэл зургийг:

Б.Уугансүх

Хандалт / Сэтгэгдэл:

41250   2

Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.