Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   10 сарын 13, 2019

7 хоногийн тойм: Нобелийн ялагчид + Сансрын Мах + Африкт үйлдвэрлэв

Агуулга:
Нобелийн ялагчид: Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналын эзэд тодорч байна
Сансрын Мах: Израйлын стартап сансарт мах ургуулах туршилтыг амжилттай хийв
Африкт үйлдэрлэв: Руанда компани анхны ухаалаг гар утсаа худалдаанд гаргалаа

Онцлох: Нобелийн шагналтнууд тодорлоо

2019 оны Нобелийн шагналтнууд энэ өдрүүдэд тодорч байна. 1901 онд анх гардуулагдсан уг шагналын ялагчдыг 900 мянган долларын шагнал дагалддаг юм. Одоогийн байдлаар эдийн засгаас бусад бүх салбарын ялагчдын нэр тодорхой болоод байгаа билээ.

Хамгийн эхэнд зарлагдсан физиологи, анагаах ухааны салбарын ялагчдаар Америкийн эрдэмтэн У.Келин, Г.Семенце, Их Британийн эрдэмтэн Сир П.Ратклифф нар тодорчээ. Тэд эсүүд хэрхэн хүчилтөрөгчийн өөрчлөлтийг мэдэрч, дасан зохицох хариу үйлдэл үзүүлдгийг нээсэн юм. Энэ ажил нь цус багадалт, хорт хавдар болон өөр олон төрлийн өвчнийг анагаах үйлсэд чухал нөлөө үзүүлснийг хорооноос онцолжээ.

Харин Физикийн салбарын ялагчаар Америкийн эрдэмтэн Ж.Пиблз, Швейцарын эрдэмтэд Д.Кело, М.Майор нар нэрлэгдлээ. Женевийн Их Сургуулийн судлаачид болох Майор, Кело нарт 1995 онд анхны эксопланет буюу нартай төстэй оддын тойрог замаас нарны аймгийн гадна орших анхны гарагийг олж илрүүлснийх нь төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг олгохоор болжээ. Харин Принстоны их сургуулийн физикч Пиблзийн хувьд орчлон ертөнцийн үүсэл, их тэсрэлтийн үеийн үйл явцын загварчлал зэрэг “сансрын физикийн судлалд хийсэн онолын нээлтүүд”-ээрээ Нобелийн шагналын эзэн болжээ.

Химийн салбарын 2019 оны Нобелийн шагналыг лити-ион баттерей бүтээснийхээ төлөө Ж.Гуденоф (АНУ) , С.Уиттинхэм (Их Британи), Ё.Акира (Япон) нар хүртлээ. Сүүлийн жилүүдэд Нобел хүртэх магадлалтай эрдэмтдийн жагсаалтад тогтмол бичигдсээр ирсэн тэдний бүтээсэн дахин цэнэглэгддэг, хөнгөн бөгөөд авсаархан цэнэг хураагуурыг өдгөө лаптоп, гар утас, ухаалаг төхөөрөмжүүдээс эхлээд цахилгаан автомашинд хүртэл ашиглаж байгаа билээ.

Өнгөрсөн жил зөвлөлийн гишүүнтэй холбоотой дуулианы улмаас шилдгээ нэрлэлгүй өнжсөн утга зохиолын салбар 2 ялагчийг тодруулсан байна. 2018 оны Нобелийн шагналын эзнээр Польшийн зохиолч О.Токарчук, 2019 оны шагналтнаар Австрийн зохиолч П.Хандке нар нэрлэгдлээ. Польш хэлээр уран бүтээлээ туурвидаг, The Books of Jakob, Flights зэрэг зохиолуудаараа алдаршсан О.Токарчук өнгөрсөн жил Man Booker International Prize-ийн эзнээр тодорч байсан юм. Харин 76 настай П.Хандкед Нобел олгох болсныг олон нийт эгдүүцэн хүлээж авч байна. Тэрээр Югославын дарангуйлагч С.Милошевичийн найз байсан бөгөөд түүний явуулсан геноцидийг үгүйсгэсэн утгатай үзэл бодлоо удаа дараа илэрхийлж байсан нэгэн юм.

BBC: Утга зохиолын салбарын ялагчид тодорлоо

Тэгвэл үргэлж олны анхаарлын төвд байдаг Нобелийн Энх Тайвны Шагналтнаар Этиопын ерөнхий сайд А.Ахмед тодорлоо. Өдгөө 43 настай тэрээр хөрш зэргэлдээ Эритреа улстай 20 жилийн турш үргэлжилж, 80 мянган хүний аминд хүрсэн хилийн мөргөлдөөнийг зогсоох энхийн хэлэлцээрийг манлайлан гүйцэтгэснийг шагнал гардуулах хороо онцолсон байна. Өнгөрсөн жил албан тушаалаа хүлээн авснаас хойш хэрэгжүүлж буй улс төрийн болон эдийн засгийн шинэчлэлүүд нь ч шинжээчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ.

Дэлхий дахинд

Сүүлийн 60 жилд тохиогоогүй хүчтэй хар салхи Японыг дайрч, 9 хүний аминд хүрэн үлэмж хэмжээний хохирол учрууллаа. Хагибис нэртэй уг хар салхи 225 км/цагийн хурдтайгаар дайрсан тул орон даяар онц байдал зарлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан байна. Үүний улмаас 1000 гаруй нислэг цуцлагдан, Токиод явагдаж байсан Регбигийн ДАШТ болон Ф1-ийн гран при хойшлогджээ.

NBA-ийн Хьюстон Рокетс клубын менежер Д.Мори Хонгконгийн тэмцэгчдийг дэмжсэн утгатай жиргээг өөрийн хуудсаар тараасан нь Хятадад ихээхэн шуугиан дэгдээж байна. Үүний улмаас NBA-ийн Хятадад хийж байсан аялан тоглолтын хөтөлбөр цуцлагдаж, CCTV шууд дамжуулалтаа ч зогсоох шийдвэр гаргасан байна. Хятадад дижитал стримингээр тоглолт дамжуулах эрхийг 1.5 тэрбум доллараар худалдан авсан Tencent ч хамтын ажиллагаагаа түр зогсоож байгаагаа мэдэгджээ. NBA-ийн комиссар А.Силвер "тоглогчид болон багийн дуу хоолойгоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах боломжгүй" хэмээн мэдэгдсэн нь бүр ч нэрмээс болж, зөвхөн Хьюстон төдийгүй нийт NBA-г бойкот хийх хөдөлгөөн идэвхжиж эхэлжээ.

CNBC: Бараг бүх Хятад түншүүд нь NBA-ээс зайгаа барьж, гэрээгээ цуцалж байна

Дэлхийн Эдийн Засгийн Форум 2019 оны "Дэлхийн Өрсөлдөх Чадварын Тайлан"-гаа танилцууллаа. 12 үзүүлэлтээр гаргадаг жагсаалтыг Сингапур улс тэргүүлж, өмнөх жилийн лидер АНУ-ыг ардаа хийсэн байна. Нийт 141 улс багтсан энэхүү жагсаалтад манай улс 102-р байрт бичигджээ.

WEF: "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019"

Шингэн хүнсний салбарын тэргүүлэх компаниудын нэг Carlsberg байгаль орчинд ээлтэй шинэ савлагаа туршиж байгаагаа зарлалаа. Копенгаген хотноо явагдаж буй "World Mayors Summit"-ийн үеэр тэд полимер агуулаагүй, 100 хувь органик, цаасан савлагааны технологийг 2015 оноос хойш хөгжүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Үүний өмнөхөн өөр нэг гигант Unilever 2025 он гэхэд бүх хуванцрын хэрэглээгээ халах төлөвлөгөөгөө танилцуулаад байсан юм.

Цаасан савлагаатай шар айраг уух уу?

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Хавайд байрлах Субару телескопийн тусламжтайгаар Санчир гарагийн 20 шинэ дагуул сарыг олж илрүүлснээ одон орончид зарлалаа. Ингэснээр Санчир гараг нарны аймагт хамгийн олон буюу нийт 82 дагуултай болж байгаа юм. Өмнө нь Бархасбадь гараг 79 дагуултайгаар нарны аймагт тэргүүлдэг байсан билээ.

Германы автомашин үйлдвэрлэгч Porsche тансаг зэрэглэлийн нисдэг машин үйлдвэрлэх төслийг эхлүүлснээ зарлалаа. 2025 оныг зорилгоо болгосон уг төсөлдөө тэд Boeing-тэй хамтарч байгаа бөгөөд шинэ загвар нь цахилгаан хөдөлгүүртэй байна гэдгээрээ онцлогтой аж.

Израйлын хүнсний технологийн стартап Aleph Farms сансарт мах ургуулах туршилтыг амжилттай хийснээ зарлалаа. Тэд дэлхийгээс 399 км-ийн зайд орших Олон Улсын Сансрын Станцад 3D биопринтерийг ашиглан махаа гаргаж авсан байна.

Алдарт тэрбумтан Р.Брэнсоны үүсгэн байгуулсан Virgin Orbit 2022 он гэхэд 50 орчим кг-ийн жинтэй жижиг хэмжээний сансрын төхөөрөмжийг Ангараг гараг луу илгээнэ хэмээн мэдэгдлээ. Тэд Польшийн их сургуулиуд болон StatRevolution нэртэй стартаптай хамтран түншлэл үүсгэж уг төслөө хэрэгжүүлэх аж. Энэ хооронд Элон Маскийн SpaceX NASA-тай хамтран 2020 оны эхний хагаст багтаан нисгэгчтэй хөлөг сансарт илгээх төлөвлөгөөтэй байгаагаа зарлажээ.

Microsoft-ийн энэ сард худалдаанд гаргах шинэ кэйборд буюу компьютерийн гар Office-ийн тусгайлсан товчоос гадна эможи сонгоход зориулсан нэмэлт товчтой байх гэнэ. Тус кэйборд bluetooth-ээр ажиллах бөгөөд 49 доллараар зарагдах юм. Бусад үйлдвэрлэгчид Windows-д зориулан ижил үйлдэл хийх эсэх нь тодорхойгүй байна.

Porsche + Boeing = Нисдэг Порше

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Байр, буудлын өрөө түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Oyo Softbank тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас 1.5 тэрбум долларын санхүүжилт татснаар зах зээлийн үнэлгээ нь 10 тэрбум доллар боллоо. Өнгөрсөн жил Хятад, АНУ-ын зах зээлд нэвтэрсэн тэд өдгөө 80 оронд 1.2 сая өрөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ингэснээр тэд Paytm, FlipKart-ийн дараа бичигдэх, Энэтхэгийн гурав дахь үнэ цэнтэй стартап болж байгаа билээ.

Хэрэглэгчийн гаргасан үг, үсгийн болон дүрмийн алдааг шалгагч технологи хөгжүүлэгч Grammarly 1 тэрбум долларын үнэлгээтэй юникорн компани боллоо. 90 сая долларын шинэ санхүүжилт татсан тус стартап 2009 онд Украйны Киев хотноо байгуулагдаж байсан юм. Grammarly-г өдгөө 20 сая хүн ашигладаг гэнэ.

Руанда улсын Мара Групп "Африкт үйлдвэрлэв" шошготой хамгийн анхны ухаалаг утсыг худалдаанд гаргалаа. Андройд үйлдлийн систем дээр ажиллах утас нь 130, 190 долларын үнэтэйгээр зарагдана гэнэ. Тэд зах зээл дээр хамгийн хямд буюу 37 долларын үнэтэй утсыг нийлүүлж буй Самсунгийг гол өрсөлдөгчөө гэж тодорхойлсон ч чанар болон дотоодын үйлдвэрлэгчийг илүүд үзэх хэрэглэгчдийг онилж байгаа гэнэ.

Facebook-ийн хөгжүүлж буй криптовалют Libra-г дэмжих нэгдлээс Visa, MasterCard, EBay, Stripe зэрэг компаниуд гарч байгаагаа зарлалаа. Өнгөрсөн долоо хоногт PayPal тэднийг орхисны дараагаар Facebook хамгийн хүчтэй, стратегийн хамтрагчдаа бараг бүгдийг нь алдаж байгаа нь энэ. Хууль сахиулагчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад буй Libra ирэх долоо хоногт түншүүдийн жагсаалтаа албан ёсоор шинэчлэн танилцуулна гэнэ.

The Verge: Яагаад Libra-г бүгд орхих болов?

Оросын Google гэгдэх Yandex ухаалаг гэр ахуйн тоног төхөөрөмжийн зах зээлд нэвтэрч, Station нэртэй брэндийг хөгжүүлж буй. Тэд Алиса нэртэй ухаалаг туслахтай нь зохицон ажиллах чадалтай шинэ төхөөрөмжүүдээ зарлалаа. 60 доллараар борлуулагдах эдгээр төхөөрөмжүүд нь гэрийн ухаалаг хэрэгслүүдээ удирдах, дуу тавих, асуултад хариулах зэргээр ажиллах чадалтай гэнэ.

Танилц, Mara Z!

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

"Joker" 50 сая долларын борлуулалтын орлогоор Хойд Америкийн бокс оффисыг 2 дахь долоо хоногтоо тэргүүллээ. Тэдэнтэй хүчтэй өрсөлдөөн үзүүлэх байх хэмээгдэж байсан "The Addams Family" 30 сая долларын орлогоор 2-р байрт бичигджээ. В.Смитын залуу үеийн дүрийг компьютер график ашиглан гаргаж авсан гэдгээрээ онцлогтой "Gemini" 19 сая долларын орлогоор 3-т жагслаа. Алибабагийн санхүүжүүлсэн тус киноны нийт төсөв 130 сая доллар байсан аж.

2020 оны Оскарын шагнал гардуулах ёслолын "Шилдэг гадаад кино"-ны төрөлд нийт 93 улс бүтээлээ илгээж өрсөлдөх болсон нь дээд амжилт боллоо. Монгол улсаас найруулагч Д.Эрдэнэбилэгийн "Хийморь" бүтээл шалгаруулалтанд оролцож байгаа юм. 12-р сарын 16-нд шилдэг 10 киног нэрлэх бөгөөд Оскарт нэр дэвших бүтээлийг 1-р сарын 13-нд зарлах гэнэ.

Sony тоглоомын хорхойтнуудын хамгийн дуртай төхөөрөмжүүдийн нэг PlayStation-ий шинэ хувилбар 2020 оны эцсээр худалдаанд гарах болсныг албан ёсоор зарлалаа. Шинэ хувилбар PlayStation 5 нэртэй байх бөгөөд удирдлага нь илүү мэдрэмтгий, уян болсныг онцолжээ. 2013 онд анх гаргасан PS4 дэлхий даяар 100 сая илүү хувь борлуулагдсан гэнэ.

Wired: PlayStation 5-ийг илүү гүн ухах нь

Их Британи, Франц, Испани зэрэг 9 оронд борлуулагддаг EuroMillion лото тоглоомын түүхэн дэх хамгийн том ялагч өнгөрсөн долоо хоногт тодорчээ. Ялагч 170 сая фунтийн шагналын эзэн болсон нь өмнөх дээд амжилтыг 9 саяар ахиулсан хэрэг болсон байна.

Алдарт Call of Duty-ийн гар утасны хувилбар нээлтийн долоо хоногтоо 100 сая удаа татагдаж, түүхэн дээд амжилт тогтоолоо. Нийт таталтын 17 хувийг АНУ-ын хэрэглэгчид бүрдүүлсэн байна. Тоглоомын мобайл хувилбарыг Хятадын Tencent хөгжүүлсэн бөгөөд Хятадад хараахан нээлтээ хийгээгүй байгаа юм. Сонирхуулахад, эхний долоо хоногтоо PUBG 26.3 сая, Fortnite 22.5 сая удаа тус тус татагдаж байжээ.

Ингээд ч болоогүй ээ, Call of Duty-ийн шинэ бүлэг 10-р сарын 25-нд нээлтээ хийнэ шүү!

алдалгүй унших арван мэдээ

BBC: Марвел Комикс 80: Дампуурлаас домог хүртэл
Iron Man, Captain America, Hulk-ийг бидэнд бэлэглэсэн Марвел Комикс 80 нас хүрлээ.

Lifehacker: Project Gem-ийн талаар бидний мэдэх бүх зүйлс
Андройдыг бүтээгч А.Рубины Essentials магадгүй "гаж" санагдах, энгийн утаснаас хавьгүй урт боловч нимгэн шинэ утасны концепц хөгжүүлж байна.


Reuters: Саудын Араб гэрлээгүй хосуудыг нэг өрөөнд хоноглохыг зөвшөөрөв
Энгийн, гэхдээ "том" өөрчлөлт!

Gates Notes: Яагаад би ирээдүйг зөгнөх боломжтой гэж бодож байна вэ?
Билл Гэйтс энэ жилийн Professor Hawking Fellowship-ийн эзнээр тодорч, энэхүү илтгэлийг Кэмбрижийн Их Сургуульд тавьсан байна. Урам зориг бэлэглэж, итгэл төрүүлэх үгс.

CNN:
Байгальд ээлтэй загварын асуудал
Тогтвортой хөгжилд нийцсэн, байгальд ээлтэй, хүрээлэн буй орчинд мэдрэмжтэй зэрэг түлхүүр үгс загварын салбарт ч хүч түрэн орж ирэх болов. Гэхдээ...

Techcrunch: Pixel-ийн эвентээс бид юу хүлээх вэ?
Google ирэх долоо хоногт шинэ утсаа танилцуулна. Энд бидний мэдэх бүх зүйлс бий.

BBC: Гэрээгүй Brexit боломжтой юу?
Борис Жонсоны засгийн газарт 20 хоног үлдэв. Тэр Европын холбоотой тохиролцож чадах болов уу?

Retail Dive: Blockbuster-ийг хэн "устгав"?
Apple+-аас өмнө, Нефтликсээс ч бүр түрүүн Blockbuster контентын зах зээлд ноёлж байв. Гэхдээ түүх яагаад буруугаар эргэв?

Vox: Түүхэн дэх хамгийн агуу гимнастикчтай танилц!
Түүний нэрийг Симоне Байлз гэдэг. Тэр дэлхийн аваргад 5 дахь жилдээ дараалан үнэмлэхүй төрөлд аваргалж, 6 жил ялагдал амсаагүй явна.

The Verge: Яагаад цахилгаан дугуй тээврийн ирээдүй вэ?
Нисдэг машин, жолоочгүй машин, цахилгаан автобус, нисдэг такси, скүүтерийн аль нь ч биш. Харин цахилгаан дугуй нийгмийг аварна.

9691   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.