Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   10 сарын 07, 2019

Онцлох бизнес: G Deluxe Hotel & Resort - Тансаг байгаль, тухтай орчин

Хөндөгдөөгүй тансаг байгальд, өндөр зэрэглэлийн үйлчилгээ, тав тух бүхий зочид буудал, амралтын газар алжаалаа тайлах боломжийг олгодог газар хэр олон бол? Жуулчны мэдээллийн төвөөс гаргасан судалгаагаар бол Улаанбаатар хоттой ойрхон үйл ажиллагаа явуулдаг, ийм зэрэглэлийн зочид буудал цөөн байдаг. Энэ удаагийн дугаартаа танд ийм боломжийг санал болгох, салбартаа үлгэр жишээ G Deluxe Hotel & Resort-ийг онцолж байна. Ингээд G Deluxe-ийн үүсгэн байгуулагч Д.Ариунтай ярилцсаныг хүлээн авна уу. 

Бизнесийн нэр: G Deluxe Hotel & Resort
Хаяг: БЗД, Гачуурт тосгоноос хойш, Шар хоолой, Даваатын ам
Үйл ажиллагааны чиглэл: Зочид буудал, амралтын газар
Үүсгэн байгуулагдсан: 2012
Үүсгэн байгуулагч: Д.Ариун
Цахим хуудас: G Deluxe Hotel and Resort (фэйсбүүк)
Веб хуудас: www.gdeluxe.mn

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

Энэ миний сонирхол төдийгүй зах зээлийн эрэлттэй холбоотой. Би Швейцар улсад олон жил ажиллаж, амьдарсан юм. Тэр үед жилд хоёроос гурван удаа гаднын жуулчдад хөтөч хийн эх орондоо авч ирдэг байлаа. Ингэхдээ тэдэнд аль болох өөрсдийн бахархал болсон онгон дагшин байгалийн сайхныг үзүүлж, бас тав тухтай амраахыг хичээдэг байсан. Даанч сэтгэлд нийцсэн амралтын газар тэр бүр олдохгүй. Нэг бол ариун цэвэр муу, нэг бол амтгүй хоолтой, нэг бол дуу чимээ ихтэй гээд асуудал их гарна. Дээрээс нь би өөрөө Швейцарт зочид буудлын менежментээр суралцаж, дадлага туршлагатай болсон хүн шүү дээ. Тийм болохоор асуудалд бүр нарийн хандана. Үүнээс болоод би өөртөө "Монголд ирэхээрээ заавал олон улсын стандартад нийцсэн хотоос холгүй нам гүм амралтын газартай болно" гэж амлаж байсан юм. Тэгээд 2012 онд эх орондоо ирээд хуучин Говь компанийн амралтын газрыг худалдан авч, ихээхэн хэмжээний хөрөнгөөр засаж сайжруулан гурван одтой зочид буудлын хэмжээнд хүргэсэн дээ. Тухайн үед дөрвөн одтой буудлын стандартыг авах боломжтой байсан хэдий ч, интернет одоогийнх шиг өргөн хүрээтэй байгаагүй учир гурван одтой буудлын стандартыг хангасан. Одоо бол манайд интернет, суурин утас, кабель гээд бүгд бий.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Анх БиДиСек ҮЦК ХК-тай хамтран хөрөнгө оруулалтаа босгож байсан. Эднийх аялал жуулчлалын томоохон компаниудад хөрөнгө оруулалт хийж байсан арвин туршлагатай газар. Миний санааг дэмжин хөрөнгө оруулсанд нь би их талархаж явдаг. Үүнээс гадна тухайн үед гэр бүл, найз нөхөд минь их дэмжсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Бид тансаг зэрэглэлийн буудалд байрлангаа үзэсгэлэнт байгалийн нам гүмд амарвал хэчнээн сайхан байх талаарх төсөөллөө бодит болгон G Deluxe-ийг байгуулсан. Тиймээс манай хажууханд рашаан ундарч, жимс эмийн ургамал ургаж, эргэн тойрон ой модоор хүрээлэгдсэн байдаг. Дотоод орчны хувьд мэдээж хүмүүсийн тав тухыг хангахад их анхаарч бүхий л зүйлээ сонгосон.

Мэдээж үйлчлүүлэгчдэдээ хамгийн эрүүл, биед ашиг тустай, амттай хоол хүнсээр үйлчлэхэд онцгой анхаардаг. Доторх тохижилт, хоолны амт зэрэг бүхий л жижиг деталиудаа нарийн анзаарч байж, үйлчлүүлэгчдэд таатай сэтгэгдэл үлдээнэ шүү дээ.

Үйлчлүүлэгчдэдээ тусгайлан үйлчилгээ үзүүлэх тал дээр өөрсдийгөө сайн гэж боддогоо бас онцолмоор байна. Өөрөөр хэлбэл тухайн хүмүүст тохирсон, уян хатан бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохыг зорьдог. Жишээ нь хоолны цаг, санал болгох хоол хүнс уян хатан.

Манайд бас биллиард, теннис, караоке, сагс, воллейболын талбай гээд хийх зүйл олон бий. Мөн бид жил бүр амрагчдаа уриалан мод тарих аян зохион байгуулахын сацуу эргэн тойрондоо нэг ч хог байлгаж болохгүй гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна.

танай зорилтот үйлчлүүлэгчид? 

Манайх гурван өөр зорилтот үйлчлүүлэгчид хандсан үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, гэр бүл болон жирэмсэн эхчүүд юм. Монголд агаарын бохирдол асар өндөр түвшинд байдгаас шалтгаалан хүүхдүүд гэлтгүй томчууд ч гэсэн цэвэр агаарт гарч уушгиа "цэвэрлэх" шаардлагатай байдаг. Тиймээс манай буудлын өрөөнүүдэд өвлийн улиралд удаан хугацаагаар байрлахаар захиалга өгсөн үйлчлүүлэгчдэд бид тусгай хөнгөлөлт үзүүлдэг. Амрагчид манайд байх хугацаандаа ууланд алхах, ховор цэцэг жимс түүх гэх мэт биед хэрэгтэй зүйлсийг хийж болохын зэрэгцээ бага насны хүүхдүүдээ монгол ахуй соёл, уламжлалыг шингээсэн тоглоомын буланд тоглуулах боломжтой. Мөн хосуудад зориулсан, үл мартах дурсамжийг бий болгох боломжтой романтик өрөө ч бий.

Хоёрдугаарт, G Deluxe-ийн үйлчилгээний гол цөмд сургалт болон бүх төрлийн эвентүүд багтдаг. 30-50 хүний иж бүрэн тохижилттой хурлын заалууд, тоног төхөөрөмж нь аль ч түвшний хурал арга хэмжээг зохион байгуулах бүрэн боломжтой. Манайхаар тогтмол үйлчлүүлдэг ХХБ, Оюу толгой, Дэлхийн зөн зэрэг гадна дотнын нэр хүндтэй олон байгууллага бий. Манайх дархан цаазат Хан Хэнтийн үргэлжлэл Хүүш хайрханы бэлд байдаг тул нэн ховор шувууд, ан амьтан байдаг. Тиймээс манайд гадна дотнын олон шувуу судлаач тогтмол ирж зураг авалт, судалгаа хийн манайхаар үйлчлүүлдэг.

Гуравдугаарт, найз нөхдөөрөө яваа хүмүүс. Бид "амралтанд яваад ядарчихлаа" гэдэг үгийг халж, хүмүүст жинхэнэ тав тух, амар амгаланг мэдрүүлэх зорилготой. Тиймээс үнэхээр л амрахаар ирсэн хүмүүс манайхыг зориорой гэж зөвлөж байна.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Бид ойрын төлөвлөгөөндөө хүчин чадлаа нэмэгдүүлж шинээр усан сан байгуулах, нэмэлт хэрэгслүүд авахаар тусгаад байгаа. Цаашид G Deluxe Hotel and Resort нь түлхүү гэр бүлүүд, гаднын жуулчдад чиглэсэн амралт ба аяллын үйлчилгээг санал болгохоор ажиллаж байна. Учир нь манайх дархан цаазат Хан хэнтийн үргэлжлэл болох Хүүш хайрханы бэлд байрладаг болохоор байгалийн хөндөгдөөгүй өнгө төрхтэй. Энэ нь дотоодын төдийгүй гаднын аялагчдын анхаарлыг ихэд татдаг. Манайд гэр бүлүүд, найз нөхдөөрөө яваа хүмүүс, уулаар аялагчид, дугуйгаар аялагчид, экстрим аялагчид, ATV UTV унагчид, мөн бясалгал иогоор хичээллэгч хүмүүс их ирдэг. Тиймээс бид аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Ерөнхийдөө миний хувьд бизнес болон амьдралдаа баримталдаг хэд хэдэн гол зарчим байдаг.
Нэгдүгээрт, аливаад шударга бөгөөд ёс зүйтэй хандах. Хоёрдугаарт, хамтран ажиллаж буй хүмүүсийнхээ санал санаачилгыг анхааралтай сонсох. Гуравдугаарт, үргэлж шинийг эрэлхийлэх. Эцэст нь, бүхнийг чин сэтгэлээсээ хийх.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Хамгийн сайхан нь харилцагчийн сэтгэл ханамж. Үйлчлүүлэгчид чин сэтгэлээсээ манай байгалийн сайхан, үйлчилгээ, ая тухыг магтах үед, төлсөн мөнгөндөө зуун хувь сэтгэл ханамжтай үйлчлүүлээд гарах үед тэдэнд баяр баясал, аз жаргал өгч чадсандаа их баярладаг.

Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл ажлын ачаалал буюу цаг нарын асуудал байдаг. Энд өглөө 8 цагт ажилдаа ирээд 17 цагт тарна гэж үгүй. Ажлын онцлогоос хамаараад шөнийн цагаар, амралтын өдрүүдэд, баяр наадмын үеэр ч ажиллана. Мөн манайтай ойр зугаалга хийж яваа хүмүүс байгаль орчин бохирдуулах, мод огтлох, хог тарих асуудал их гаргадаг. Тиймээс манайх эргэн тойрондоо тогтмол мод тарих, хог цэвэрлэх нэмэлт ажил хийдэг.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Хүрээлэн буй орчны тохижилт, амрагчдын ая тухтай байдлыг хангах ажлуудыг хийгдэхээр төлөвлөөд байна. Жишээ нь, усан бассейн, саун, массаж, гаднаа ил гал тогооны хэсэг. Мөн амрагчид өөрсдийн гараар мах шарах, шорлог, стейк хийх боломжтой амралтын бүсийг байгуулахаар төлөвлөөд байгаа. Мөн гаднаа усан оргилуур, цэцгийн мандал шинээр байгуулах, хүүхдийн тоглоомын талбайг сайжруулах зэрэг ажлуудыг хийхээр бэлтгэж байна. Манай бизнесийн гол цөм нь үйлчилгээ тул үйлчилгээний чанарыг улам бүр сайжруулах, үүний тулд ажилтнуудын өдөр тутмын үйлчилгээний стандарт, соёл, харилцаа зэрэгт байнга анхаарч ажиллаж байгаа. Мөн байгууллагын зүгээс үйлчилгээний ажилчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт, харилцааны соёлын сургалт зэргийг тогтмол явуулж байна.

ТА БҮХНИЙ G-DELUXE ДАХЬ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Өглөө 6:30 цагт босоод тухайн өдрийн амрагчдын өглөөний цайг бэлтгэнэ. Өглөөний цайг бэлтгэхдээ ихээхэн ач холбогдол өгдөг. Учир нь хүн тухайн өдөр хамгийн түрүүнд мэдрэх амт, сэтгэл ханамжийг өглөөний цайнаас авдаг гэж боддог. Үйлчлүүлэгчдийн өглөөний цайгаа амтархан ууж, гэр бүл, найз нөхдөөрөө аз жаргалтай инээхийг харах сайхан байдаг. За тэгээд өдөр хоолны бэлтгэл, оройн хоол, бусад цэвэрлэгээ гээд ажил дундрахгүй шүү дээ. Мөн ажилчдынхаа ажил, үүргийг шалгана, цэвэрлэгээ, ариун цэврийг хамгийн сайн байлгах үүднээс байнга хяналт тавина.

ИЖИЛ ТӨРЛИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Ихэнх амралтын газрууд байгаль орчинтойгоо ойрхон үйл ажиллагаа явуулдаг. Үүнийгээ дагаад байгаль орчноо бохирдуулах нь түгээмэл. Зохион байгуулалтгүй аяллууд их байдаг нь ч байгаль орчинд халтай байдаг. Явж явж бидний хамгийн гол үнэт зүйл бол байгаль орчин шүү дээ. Тиймээс байгаль орчиндоо ээлтэй байж, онгон дагшнаар нь хадгалахад өөр өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулцгаая гэж уриалъя.

ЗАРИМ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?

Манайд ихэвчлэн хүмүүс гэр бүлээрээ амрах гэж ирдэг. Тэд байгалийн сайханд, хотын шуугианаас нам гүм орчинд, гэр бүл, хайртай дотнын хүмүүстэйгээ амрахыг чухалчилдаг. Байгаль, нам гүм орчин, тав тухтай байдал. Эдгээр үгс манай байгууллагын илэрхийлэл. Манай амралтад амарсан үйлчлүүлэгчид сэтгэл өндөр үлддэг. Тиймдээ ч талархлын үгсийг харамгүй хэлдэг юм. Бараг 7 хоног бүр манайд ирж амардаг байнгын үйлчлүүлэгчид ч олон бий. . Мөн герман, европ жуулчид ирэн, ууланд гарч байгалийн сайхныг бахдахдаа Wunderbar буюу гайхалтай гэж дуу алддаг шүү.

11025   5


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Б.Хатанбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.