Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Тогтвортой хөгжлийн зорилгууд   10 сарын 29, 2019

2030: Хязгаараас давсан хотжилтын хариуцлагыг хойч үедээ үлдээх гэж үү?

Ан гөрөө хийн, ургамал түүж идэн боломжийн аз жаргалтай амьдарч байсан хүн төрөлхтөн 10 мянга орчим жилийн өмнөөс улаан буудай тарих болсноор хөдөө аж ахуйн хувьсгалыг эхлүүлсэн билээ. Газар тариалан эрхлэхийн тулд хүн маш олон цагаар ажиллах шаардлагатай байсан учраас тариан талбайн дэргэдээ бүр мөсөн суурьшихаас өөр зам байсангүй. Энэ нь хүн төрөлхтний амьдралыг үндсээр өөрчилж, өнөөгийн хотжилтын суурийг тавьсан юм. НҮБ-аас мэдээлснээр өдгөө дэлхийн хүн амын тэн хагас нь хот суурин газар амьдарч байна. Гэвч хүн амын төвлөрөл ихсэхийн хэрээр түлш, эрчим хүч, хоол хүнсний хэрэглээ, дэд бүтцийн ажлууд алхам тутамд нэмэгдсэнээр байгаль орчинд үзүүлэх асар олон хор хөнөөлийг дагуулсаар байна. Хүн амын хэт төвлөрлийн улмаас дэлхий дээр сар бүр Нью-Йорк хоттой тэнцэхүйц хот суурин бий болсоор 40 жилийн дараа гэхэд 2.5 тэрбум м2 талбайд байшин, барилга барих хэрэгцээ, шаардлага тулгарах ажээ.

Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг цахим товхимлын энэ удаагийн дугаарт байгаль орчныхоо өмнө хариуцлагатайгаар хотын иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдарч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн ач холбогдлыг тайлбарлах зорилгоор тогтвортой хотжилт сэдвийг онцлон хүргэж байна.

Хотын иргэн таны алхам бүр ирээдүйн хотжилтын дүр зураг, хариуцлагын илэрхийлэл юм шүү.

Тайлбарлах нь

Эрт дээр үед хүмүүс хоол, хүнсээ олж идэхийн тулд байнга нүүдэллэн амьдарч, нутаглах газраа сар, долоо хоног, заримдаа өдрөөр солих нь ч энгийн үзэгдэл байжээ. Нүүлгэлт хариуцсан компани, ачааны галт тэрэг бүү хэл үхэр тэрэг ч байгаагүй учраас хүмүүс зөвхөн гарцаагүй шаардлагатай зүйлсээ л авч явдаг байсан аж. Гэвч удалгүй улаанбуудай тариалж, хоол хүнсээ хатаах, утах, хөлдөөх арга хөгжсөнөөр нэг газраа удаан суурьших боломж бүрдсэн байна. Загас, усны шувууд элбэгтэй далай тэнгис, гол мөрний эргээр хүмүүс байнга оршин суудаг, загасчдын суурин болсон нь хамгийн чухал ажээ. Тийм сууринууд хөдөө аж ахуйн хувьсгалаас өмнө буюу одоогоос 45 мянган жилийн өмнө, Индонезийн арлуудын эрэг дээр анх бий болсон аж.

Хүн төрөлхтөн ийнхүү 10 мянган жилийн өмнөөс хөдөө аж ахуйн арга техникт суралцаж, анх удаа хүнсийг хайх биш өөрсдөө ургуулан бий болгосноор нэг газраа тогтвортой суурьших болсон юм. Үүнийг дагаад хүнсний бүтээгдэхүүнийг ийш тээвэрлэх дэд бүтэц, зам тээвэр, барилга байгууламж бий болж, худалдаа, үйлчилгээ хөгжиж эхэлжээ.

Хөдөө аж ахуйн хувьсгал хүний сэтгэлзүйд нөлөөлсөн шигээ уран барилгын хөгжилд ч нөлөөлжээ. Анчид түүвэрлэгчид өөрсдийн оромжоо зориуд гал тавихаас өөрөөр бараг өөрчилж байгаагүй бол өнөөдөр бид өөрийн гэр орондоо татагдаж, хөршүүдээсээ өөрсдийгөө тусгаарлан хиймэл орчинг бий болгоод байна.

Тариачид хоол хүнсний нөөц бий болгосноос гадна зам тээврийн салбарт шинэ дэвшил гарснаар улам олон тооны хүн нэг дорж амьдрах боломжтой болж, эхлээд том тосгод, дараа нь хотууд бий болж, эцэст нь тэр бүгд нийлээд шинэ хаант улс, худалдааны сүлжээ болон нэгджээ.

Гэвч 100 жилийн өмнө 10 хүн тутмын хоёр нь хотод амьдардаг байсан бол өнөөдөр дэлхийн 7 тэрбум хүний хагас нь хот суурин газарт суурьшжээ. 2030 он гэхэд дэлхийн арван хүн тутмын зургаа нь хот суурин газарт амьдрах тооцоо бий. НҮБ-аас 2014 онд хийсэн судалгаагаар дэлхий дахинд хот суурин газарт амьдарч буй хүмүүсийн 80 хувь нь ДЭМБ-аас гаргасан агаарын чанарын стандартаас дор хаяж 2.5 дахин их бохирдолтой нөхцөлд амьдарч байна. Хүн амын тоо энэ хэвээр өссөөр байвал 2050 он гэхэд хүн төрөлхтний 70 хувь нь хот суурин газарт амьдрах ажээ.

Дэлхийн хотууд нийт газар нутгийн ердөө гуравхан хувийг эзэлдэг хэдий ч нийт эрчим хүчний хэрэглээний 60-80 хувийг зарцуулж, нийт хүлэмжийн хийн 75 хувийг бий болгож байна. Тиймээс НҮБ-аас дэлхийн улс орнуудыг хүн амын хэрэглээний тогтвортой хангамжийг бий болгох, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон, эрүүл хотыг бий болгохыг уриалсаар байгаа.

Манай улсад гэхэд 70 жилийн өмнө нийт хүн амын 20 хувь нь хот суурин газарт амьдардаг байсан бол өдгөө 70 хувь болж өсчээ. Өнөөдөр нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзэлж буй Улаанбаатар хотод улсын хүн амын тал нь суурьшиж байна. Хот руу чиглэсэн хурдацтай шилжилт хөдөлгөөн нь ажилгүйдэл, замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон асуудлыг ар араасаа дагуулж, өдөр ирэх бүр хүн амьдрахад таатай бус болсоор буйн хамгийн тод жишээ болоод байна. Түүгээр зогсохгүй бусад хот, суурин газрын хөгжлийг зогсонги байдалд хүргэж байгаа учраас хотжилтыг улс орон даяар тэнцвэртэйгээр хөгжүүлэх, нэг хотод төвлөрсөн хэт их ачааллыг бууруулах тусгайлсан арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай юм.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн институтийн захирал Л.Ану-Үжин

Чиг хандлага

Хятадын жирийн нэг үйлдвэрийн ажилчин эмэгтэй өглөө зургаан цагт гэрээсээ гарч, олон хүн шигүү суурьшсан бөглүү гудамжаар явсаар ажилдаа ирэн 10 цагийн турш нэгэн хэвийн үйлдлээ давтаж, дөрвөлжин байшин дотор ажиллана. Ажлаа тараад буцаад л өөр нэг дөрвөлжин байшинд очиж бүгнэ. Харин 30 мянган жилийн өмнөх Хятадад амьдарч байсан түүвэрлэгч бүсгүйн хувьд өглөө нар мандмагц босч, өдөржингөө байгальд цагийг өнгөрөөн жимс, ногоо түүж идэн, нөхдийнхөө хамтаар ойгоор тэнүүчилж, оройдоо хүүхдээ асарч тойглон өнгөрөөнө. Хүн төрөлхтний амьдралын хэв маяг яагаад ингэтлээ өөрчлөгдөх болов?

Орчин үеийн хотын иргэд бид амьдарлынхаа 90 хувийг байшин дотор өнгөрүүлж, байгалийн салхи, нарны гэрэл, цэвэр агаараас улам холдох болжээ. Хот гэдэг хүмүүсийн нэгдэл учир хүн төвтэй, хүмүүсийн амьдралын хэрэгцээ, шаардлагуудыг цогцоор нь харж түүнийг байгальд ээлтэйгээр зохицуулан төлөвлөх нь хамгийн чухал юм.

Өдгөө дэлхийн өнцөг булан бүрд байгальд ээлтэй, тогтвортой хотын хөгжлийг бий болгохоор зорих болжээ. “Arcadis” компани жил бүр гаргадаг Дэлхийн хамгийн тогтвортой хотын 2018 жагсаалтыг Английн Лондон хот тэргүүлж, Шведийн Стоколм, Германы Эдинбург удаалжээ. Жагсаалтыг гаргахдаа тухайн хотын хүн ам, байгаль орчин, эдийн засаг гэх үндсэн гурван үзүүлэлтийн тогтвортой хөгжилд үзүүлж буй нөлөөгөөр харгалзан үзсэн байна.

Лондон хот нь тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд хотын төвөөр дизель хөдөлгүүртэй автомашиныг бүрэн хориглохоор болсон юм. Тус хот 20 дугаар зуунд агаарын бохирдлын улмаас олон мянган иргэнээ алдсан гашуун түүхээ санаж, хотын төвийн замын хөдөлгөөнд орсон дизель хөдөлгүүртэй автомашин ба жижиг таксинуудаас өндөр татвар авч эхэлснээр замын хөдөлгөөний ачааллаа 30 хувиар бууруулжээ. Германы Хамбург хотын хувьд 2030 он гэхэд нийт газар нутгийн 40 хувийг явган хүн болон дугуйтай зорчигчдод зориулан өөрчилж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн зэргийг барихаа мэдэгдсэн билээ. Мөн насжилт өндөртэй дизель хөдөлгүүрт автомашиныг зарим гудамжинд зорчихыг хориглоод буй юм.

Мөн Норвегийн нийслэл Осло хотын удирдлага 2020 оноос хотын төвийг ямар ч хувийн тээврийн хэрэгсэлгүй бүс болгохоо зарлаж, 2050 он гэхэд газ, нүүрс, түлш зэрэг агаарт хортой бодисын хэрэглээнээс бүрэн татгалзахаар зорьж буй аж. АНУ-д гэхэд үйлчилгээний зориулалттай 200 байшин “Net zero” стандартыг нэвтрүүлж, цахилгааны эх үүсвэрээ сэргээгдэх эрчим хүчээр шийдээд байна.

Зөвлөгөө

Хүн ам олноор төвлөрөн суурьших хотжилт нь XXI зуунд хүн төрөлхтөний эрүүл мэндийг тодорхойлогч үндсэн хүчин зүйл болно хэмээн эрдэмтэд үздэг. Учир нь, хотжилттой холбоотойгоор хүн ам хэт шигүү суурьшсанаар хүн амын өвчлөл нэмэгдэж, амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлэх эгнээнд багтаж буй юм. Тиймээс хотын иргэн бүр өөрсдийн өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчилж, өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө дараах зөвлөгөөг хэрэгжүүлэхийг уриалж байна.

  • Гэртээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглан, нүүрснээс үүдэлтэй эрчим хүчний хэрэглээгээ бууруулах;
  • Хорт хий ялгаруулдаг автомашинаас татгалзаж, зуны улиралд унадаг дугуй унах;
  • Амьдарч буй орчиндоо ногоон байгууламж бий болгож, мод, цэцэг тарих;
  • Аль болох агаар салхинд гарж, байгальтайгаа ойр байх;
  • Хотын ногоон хөгжилд зориулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжиж, хувь нэмрээ оруулах;

Цахим товхимолд бүртгүүлэх: http://2030.mn

8398   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ш.Цогзолмаа

Креатив директор:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.