Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Блог   10 сарын 10, 2019

2030: Таны ширээн дээрх хоолны "хөшигний цаадах амьдрал" юу вэ?

Та ширээ дүүрэн эгнүүлэн тавьсан хоолыг төрөл бүрийн хачир, жимс жимсгэнээр даруулан идэж, аяга кофе уунгаа амттай дессерт зооглочихоод захиалсан хоолныхоо талыг нь үлдээгээд гарахдаа юу боддог вэ? Зоогийн ширээн дээрх хоол, хүнс тэнд очихоосоо өмнө хэчнээн шат дамжлага дамжиж, хэр их зардал гарган таны өмнө ирсэн бол? Тэр бүхнийг тунгаан бодож, таны хоолны сонголт, хэмжээ, түүнээс гарах хог хаягдал зэрэг үйл явц бүрийг эргэцүүлж үзье.

Таны үлдээсэн хоол, хүнс, бидний замбараагүй хэрэглээ ирээдүйн зайлшгүй хэрэгцээ, шаардлага боломжийг хумсалсаар байна. Дэлхийн дахинд өдгөө 2.1 тэрбум хүн илүүдэл жинтэй байгаа төдийгүй энэ хэвээр байвал 2030 он гэхэд хүн төрөлхтний тал нь таргалалттай болох магадлалтай болжээ. Хүн төрөлхтний олон зуун жилийн турш бий болсон материаллаг хэрэгцээ хүний хүслийг улам сэдэлжүүлэхийн хэрээр бид өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлс, идээгүй хоолныхоо үлдэгдлийг хогийн сав руу чулуудсаар уул овоо шиг хог хаягдлыг өдөр тутамдаа бий болгосоор байна.

Тиймээс ХААН Банктай хамтран бэлтгэдэг “2030” цахим товхимлынхоо энэ удаагийн дугаартаа бид тогтвортой хүнс сэдвийг онцолж, эрүүл, хариуцлагатай хүнсний хэрэглээг бий болгох замаар байгальд ээлтэй хэв маягийг түгээхийн ач холбогдол, боломжийн талаар тайлбарлахыг хичээлээ. Эх дэлхийгээ хайрлан, хамгаалахад таны зүгээс оруулах хувь нэмэр идэж, ууж буй хоол хүнсний зүйлсдээ багахан анхаарахаас л эхлэх юм шүү.

ТАйлбарлах нь

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын тоо 9.1 тэрбумд хүрснээр хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдэх тооцоог гаргаад буй билээ. Хүн төрөлхтний оршин тогтнох, өсөж үржих, хийж бүтээх зэрэг амьдралын бүхий л үйл ажиллагааны анхдагч нөхцөл нь хүнс, хоол тэжээл юм. Гэвч дэлхийн түүхэнд өлсгөлөн, тахал, дайн гурав хэдэн сая хүний амийг авч одож, хамгийн тод хар мөр үлдээсэн гэдэг. Хөдөө аж ахуйн уламжлалт нийгэмд тохиосон цаг агаарын таагүй нөхцөл байдал, байгалийн гамшиг нь газар тариаланг сүйтгэн, усанд автуулж, ургац хураалтыг юу ч үгүй болгодог байв. Үүнээс болж хөдөө аж ахуйгаас амьдралаа залгуулдаг олон хүн өлсгөлөнд нэрвэгдэж, амиа алдсан тохиолдол дэлхийн түүхэнд цөөнгүй.

Франц улсад гэхэд 1692-1694 онд нийт хүн амын 15 хувь нь буюу 2.8 сая хүн зөвхөн өлсгөлөнгөөс болж амь насаа алдсан харамсалтай түүхийг туулсан. Харин БНХАУ “Их үсрэлтийн бодлого”-ыг 1958-1962 оны хооронд хэрэгжүүлж, гангийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд газар тариалан эрхлэхийг хязгаарлах болсноор тус улсын түүхэн дэх хамгийн өргөн олныг хамарсан өлсгөлөн нүүрлэж, 15 сая хүн амь насаа алдсан гашуун мөр бий.

Өнөөдөр XXI зуунд өлсгөлөнд нэрвэгдэх аюул өмнөхөөсөө хэд дахин багассан ч илүүдэл жингийн асуудал түүнээс ч илүү асуудал үүсгэх болжээ. Орлого багатай хүмүүс хямд үнэтэй, элсэн чихэр, тосны агууламж өндөртэй бялуу, пицца, бургер зэрэг шим тэжээл багатай хүнсээр хооллож, харин өндөр орлоготой хүмүүс жимс ногоо, органик хооллолтыг илүүд үздэг түүхийн эсрэг ертөнц бий болоод байна. Хачиртай талх, пицца зэрэг эрүүл бус, түргэн хоолны бүтээгдэхүүн нь хүмүүсийн идэх хүслийг өдөөхийн хэрээр илүү их жин нэмэх шалтгаан болдог.

Энэ хүрээнд АНУ-д гэхэд нийт хүн ам нь дэлхийн бусад орны өлсгөлөн хүмүүсийг тэжээхэд шаардлагатай хөрөнгөнөөс илүү их мөнгийг зөвхөн хоолны дэглэм барихад зарцуулж байна. Хүмүүс эхлээд хэт их идчихээд дараа нь дэглэм барих хоол хүнс худалдан авч байгаа нь эдийн засагт хоёр дахин орлого оруулж буй боловч байгаль орчин, хүний эрүүл мэндэд төсөөлөхийн аргагүй олон сөрөг үр дагавар тээж байгаа юм.

Тэгвэл нөгөө талд өнөөдөр 850 сая хүн хоол тэжээлийн дутагдалтай, өлсгөлөн амьдарч, нэг тэрбум гаруй хүн ундны усны гачигдалтай байна. Хүн амын өсөлт, байгалийн нөөц баялгийн зүй зохисгүй ашиглалт, агаар, орчны бохирдол зэргээс улбаалан XXI зууны хүн төрөлхтний өмнө хүний бие махбодид аюулгүй, эрүүл мэндэд хоргүй, физиологийн хэрэгцээнд нь нийцэхүйц хоол, хүнсний хангамжийг шийдвэрлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага ийнхүү тулгарч байна.

Өдгөө дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгаралтын 11 хувийг хоол хүнс үйлдвэрлэл болон түүний тээвэрлэлт үүсгэдэг. Тэдгээр хоол, хүнсний гуравны нэгийг хог хаягдал болгон байгальд хаясаар байна. Энэ нь бид жил бүр гурван тэрбум хүнийг хооллоход хангалттай хүрэлцэхүйц буюу 1.3 тэрбум тонн хоолыг хаягдал болгодог гэсэн үг юм.

Тиймээс тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хариуцлагатай хэрэглээг дэмжих зорилтын хүрээнд “2030 он гэхэд жижиглэн худалдааны болон хэрэглээний түвшинд нэг хүнд ногдох дэлхийн хүнсний хаягдлыг хоёр дахин багасгаж, үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн тогтолцоотой холбоотойгоор гарах хүнсний алдагдал, түүний дотор ургац хураалтын дараах алдагдлыг бууруулах” зорилго тавьсан билээ.

"Монголын Мөрөөдөл" ТББ-ын тэргүүн Б.Урангоо

чиг хандлага

Өдгөө Австрали улсын иргэн бүр жилд 361 кг хүнсний хаягдал бий болгодгоороо дэлхийд хамгийн цамаанд тооцогдож байна. Харин БНХАУ болон Грек улсын нэг хүн жилд 44 кг хүнсний хаягдал үүсгэдгээрээ хамгийн бага үзүүлэлтэд багтжээ.

Хөгжингүй орнуудад хамгийн их хаягддаг таван хүнсний тоонд талх, сүү, төмс, бяслаг, алим ордог бол хөгжиж буй болон буурай орнууд хүнсний тээвэрлэлт, хадгалалтын горим хангаж чадаагүйгээс хүнсийг муутгаж, хаягдал болгох тохиолдол түгээмэл байгаа юм. Тухайлбал, манай улсын хувьд хүнсний голлох бүтээгдэхүүн болох хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа нь хэрэглэгчдийн гар дээр иртлээ тээвэрлэлт, хадгалалт, ялгалт, хүргэлтийн явцад 22-35 хувийн хаягдлыг бий болгодог.

Дэд бүтцийн асуудлаас гадна өнөөгийн байдлаар манай улсын насанд хүрсэн хүн амын талаас илүү буюу 54.4 хувь таргалалттай байна. Эрүүл бус хооллолт нь зөвхөн Монголд гэлтгүй олон улсад тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Энэ хүрээнд дэлхийн улс орнуудад тогтвортой хүнсний хэрэглээ, эрүүл, шим тэжээлтэй хооллолтыг бий болгох зорилготой олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, Дани улс 2012 оноос хойш хүнсний хог хаягдлыг бууруулах зорилготой шат дараалсан олон ажил, компанит ажил өрнүүлсээр таван жилийн дотор хүнсний хог хаягдлаа 25 хувиар бууруулан, хэрэглээ өндөртэй Европын орнуудад үлгэр жишээ болсон юм.

Энэ хүрээнд тэд 2017 онд нийслэл Копенхагендаа илүүдэл хоол хүнсийг хямд үнээр худалдаалах эсвэл хандивлах зорилготой “Wefood” супермаркет байгуулсан билээ. Энэхүү супермаркетыг нээснээр жилд 700 мянган тонн хүнсийг хог хаягдал болгохоос сэргийлэх боломжтой хэмээн үзсэн юм. Супермаркет, ресторануудад илүү гарсан хоол, хүнсний үлдэгдлийг буяны газарт хандивлах, амьтны тэжээл, бордоо болгоход ашиглах зэрэг дахин боловсруулж байгаа ажээ. Мөн Франц улс 2015 онд дэлхийд анх удаа илүүдэл хоол, хүнсээ хандивлахгүйгээр хог хаягдал болгосон супермаркетуудад хариуцлага тооцож, шийтгэл ногдуулах тухай хуулийг албан ёсоор баталсан билээ. Түүнчлэн Их Британид “Love Food, Hate Waste” хэмээх компанит ажил өрнүүлснээр хүнсний хаягдлаа 21 хувиар бууруулж чадсан түүхтэй.

Харин АНУ-д Техас муж ресторан, дэлгүүрийг хүнсний илүүдэл хог хаягдал гаргахгүйгээр хандивлах, бордоо болгох, фермерүүдэд өгөх зэрэг дахин боловсруулсан байхыг шаардаж, хуульчилж өгсөн төдийгүй 100-2000 мянган ам.доллар хүртэлх мөнгөн торгууль ногдуулж эхэлсэн юм. Ийнхүү дэлхийн улс орнууд хүнсний тогтвортой, хариуцлагатай хэрэглээг бий болгохын тулд Засгийн газрын хэмжээнд хүнсний хог хаягдлыг бууруулах, эрүүл, шим тэжээлтэй хооллох стратеги баталж, дэлгүүр, ресторан зэрэг олон нийтийн газруудад хүнсний хог хаягдлыг бууруулахад шат дараалан арга хэмжээ аван, иргэдэд энэ талаарх ач холбогдлыг ойлгуулан, мэдлэг олгох компанит ажил өрнүүлсээр байна.

Олон нийтийн сүлжээнд хүнсний хог хаягдлаа бууруулсан жишээ, үйл явдлууд тренд болж, хүмүүсийн сэтгэл зүйд хэрэгцээндээ таарсан хүнс хэрэглэх нь зүйтэй гэсэн ойлголтыг маш сайн төрүүлж чаджээ. Харин хөгжиж буй орнуудын хувьд юун түрүүнд дэд бүтцийн хөгжлийг сайжруулах, хүнсний үйлдвэрлэлийн процессыг боловсронгуй болгох нь чухалд тооцогдож байна. Энэ хүрээнд тээвэрлэлт, зөөвөрлөлтийн зөв горим, хөргөлтийн систем бүхий зориулалтын агуулах, зоорь, хортон шавьжтай тэмцэх, зам тээвэр, ложистикийн сүлжээ байгуулан хүнсний хог хаягдлыг бууруулах алхам хийх шаардлагатай байгаа юм.

Та дуртай хоол, амттанаа идэж болно. Гэхдээ бусдыг, байгалиа, өөрийгөө хайрлаж, хариуцлагатай, хэтрүүлэггүй идье. Хайртай бүхэндээ ирээдүйг үлдээе.

ЗӨвлөгөө

Бид хоол хүнсний хаягдлаа багасгаж, хариуцлагатай хэрэглээ бий болгосноор өөрийнхөө эрүүл мэнд төдийгүй байгаль орчноо хайрлахад оруулж буй том хувь нэмэр болох болно. Тиймээс хүн бүр амьдралын чухал хэрэгцээ болсон хооллолтдоо анхаарч, эрүүл амьдралын хэв маягийг бий болгох 8 зөвлөгөөг хүргэж байна.

  • Долоо хоногт нэг удаа цагаан хоол идэж, хүлэмжийн хий ялгаруулдаг махны хэрэглээгээ багасгахыг хичээх
  • Гэр бүл болон найз нөхдөдөө хэтрүүлж таваглахаас зайлсхийх. Хэмжээг зохистой байлгахын тулд жижиг аяга, таваг ашиглах
  • Элсэн чихэр, давс, өөх тос ихтэй хоолноос аль болох татгалзаж, эрүүл, шим тэжээлтэй хүнсний ногоо, жимс жимсгэнэ түлхүү идэх
  • Юу худалдан авахаа сайтар төлөвлөсөн жагсаалт гаргаж, ухаалаг бодитой худалдан авах хийх
  • Зуны улиралд өөрсдөө хүнсний ногоо, жимс жимсгэнээ тариалах
  • Өдөр тутмын хэрэглээндээ тохирсон бага хэмжээтэй хөргөгч хэрэглэх
  • Худалдаж авсан хүнсний бүтээгдэхүүнээ хадгалах горим, зааврыг сайн унших
  • Хаягдлаа бүртгэж, төгрөгөөр хэмжих гээд үзээрэй

Цахим товхимолд бүртгүүлэх: 2030.mn

3641   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ш.Цогзолмаа

Креатив директор:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.