Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   10 сарын 01, 2019

ICT Expo 2019 үзэсгэлэнгээс онцлох 7 бүтээгдэхүүн, үйлчилгээ

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ ICT Expo өнгөрөгч долоо хоногт “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдлаа. “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор 13 дахь жилдээ зохион байгуулагдсан тус үзэсгэлэнд олон байгууллага оролцож, өөрсдийн шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцууллаа. Тэдгээрээс бид энэ удаа долоон бүтээгдэхүүн, үйлчилгээг онцлон танилцуулж байна.

Mobicom – "VOO" OTT үйлчилгээ

Мобиком Корпораци үзэсгэлэнгийн үеэр өөрсдийн цоо шинэхэн бүтээгдэхүүн болох “VOO”-г танилцууллаа. Энэ нь Монголын видео стримингийн салбарт нэг гол тоглогч болох өндөр магадлалтай юм. Тус үйлчилгээ нь ТВ-тэй холбогдох төхөөрөмж болон гар утас, таблетын хувилбараар хэрэглэгчдэд хүрэх бөгөөд Монгол орны хаанаас ч интернетэд холбогдон видео сангийн үйлчилгээ ба телевизийн сувгуудыг үзэх боломжтой ажээ. “VOO”-г ашиглахын тулд ижил төстэй платформуудын адилаар сарын болон жилийн гишүүнчлэлийн эрхийг худалдан авч, контент үзнэ.

Та “VOO” төхөөрөмжийг HDMI оролтоор телевиздээ холбон ухаалаг телевиз болгох боломжтой бөгөөд Google Play Store-оос Facebook, YouTube, Netflix зэрэг хүссэн апп-аа татаж болно. Ташрамд өгүүлэхэд, “VOO” нь 11-р сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ажээ.

ICT Group - Газарзүйн мэдээллийн систем

ICT групп гэр хорооллын хаягжилт, хотын төлөвлөлттэй холбоотойгоор гарч буй төөрөх, буруу газар очих, эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдлын машин буруу байршилд очих зэрэг олон асуудлыг шийдвэрлэх Газарзүйн мэдээллийн системийг үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа. Энэхүү систем нь үндэсний нэгдсэн орон зай, цаг хугацааны дата баазын мэдээллийг газрын зураг дээр дүрслэн, байршилтай холбогдсон олон асуудлын шийдэл болох юм.

Тус газарзүйн мэдээллийн систем нь ирэх 12-р сараас олон нийтэд хүрэх бөгөөд ашиглахыг хүссэн хувь хүн, албан байгууллага үнэ төлбөргүй ашиглах боломжтой аж. Мөн тус системийг ашиглан хүүхдийн байршил, автомашины байршил зэргийг хянах боломжийг бүрдүүлж өгчээ. Тус мэдээллийн системийг монгол залуус япон мэргэжилтнүүдийн заавар, зөвлөмжийн тусламжтайгаар хөгжүүлж байгаа юм байна.

Mongol Chat – Төлбөр, тооцооны шинэ шийдэл

Чат дээр суурилсан төлбөр тооцооны шийдлийг хялбараар шийдвэрлэх Mongol Chat платформыг танилуулж байна. Та Mongol Chat-ийг ашиглан гурван хэлбэрээр төлбөр тооцоо, гүйлгээ хийх боломжтой. Нэгдүгээрт, та бүх банкны төлбөрийн картыг апп-тайгаа холбож, утсан түрийвчээ идэвхжүүлснээр апп-аар дамжуулан ямар нэгэн данс цэнэглэх шаардлагагүй бүх төрлийн төлбөр, тооцоог шимтгэлгүй хийж болно. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй супермаркет, дэлгүүр, лангуу, ТҮЦ, эмийн сан зэрэг 7000 гаруй мерчант, борлуулагч дээр буй QR кодыг уншуулж хялбархнаар төлбөр төлөх боломжтой. Гуравдугаарт, Интерном, Өргөө кино театр, Good Price супермаркетуудад нэвтэрсэн “шидэт” сканнерт өөрийн утаснаас QR кодыг уншуулж төлбөр төлөх боломжтой болжээ. Үүнээс гадна сүүлийн үед тренд болж буй сэдвүүд, үйл явдал, алдартнуудтай холбоотой монгол стикеруудыг апп-даа оруулдаг нь тун аятайхан санагдлаа.

ГОЛОМТ БАНК – Ухаалаг банкны шинэчлэл

Голомт банк мөн төлбөр тооцооны хялбар шийдлийг нэвтрүүлэх хэд хэдэн үйлчилгээг танилцууллаа. Тухайлбал, гар утас, сошиал хаягууд зэрэг энгийн мэдээллүүдийг ашиглан шилжүүлэг хийх боломжтой Social Pay апп-д хэд хэдэн шинэчлэл, нэмэлтүүд оржээ. Уг апп-ийг ухаалаг хэтэвч хэлбэрээр ашиглан, кино тасалбар захиалах, дата, нэгж авах, хэрэглээний төлбөр төлөх, автомашины торгууль төлөх зэрэг олон төрлийн төлбөр тооцоог хялбар хийхээс гадна, касс дээр QR код уншуулан төлбөр төлөх, ПОС дээр QR код уншуулж түргэн шуурхай гүйлгээ хийх боломжтой болжээ.

Мөн тус банк Ухаалаг банк, Интернет банкиндаа хэд хэдэн шинэчлэл хийжээ. Та “Миний санхүү” цэсийг, өөрийн орлого, зарлага, гүйлгээ бүрийг автоматаар ангилан, нарийвчлан харуулах ухаалаг хөтөч болгон ашиглах боломжтой юм. Үүнээс гадна гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ хамтарсан төсөв гаргаж, хэрэглээгээ хянаж болох аж.

ITStore.mn – Технологийн барааг нэг дороос

Технологийн бүхий л бүтээгдэхүүнийг нэг дороос түргэн шуурхай худалдан авах боломжтой ITStore.mn онлайн дэлгүүр үзэсгэлэнгийн үеэр нээлтээ хийлээ. ITStore нь Dahua, Canon, Dell зэрэг технологийн тэргүүлэгч олон брэндийн бараа, бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр борлуулдаг. Тэдний үзэсгэлэнгийн үеэр борлуулж байсан машины дугаар таних систем, зогсоолын автоматжуулсан систем, царай таних систем, ахисан түвшний хамгаалалтын систем зэрэг олон дэвшилтэт бүтээгдэхүүн хэрэглэгчдийн анхаарлыг татаж байсан юм.

Тус онлайн дэлгүүрийн давуу талыг онцлоход, бараа бүтээгдэхүүнийг нь онлайн лизингээр худалдан авах боломжтой. Банкин дээр очих шаардлагагүйгээр зарим шаардлагатай мэдээллээ өгч, иргэний үнэмлэхээ илгээснээр таны лизинг ердөө таван минутын дотор банкны ажилтнаар шийдвэрлүүлдэг гэнэ.

Chatbot.MN - Таны бизнесийн туслах

Хиймэл оюун бүхий машин сургалт (machine learning)-д суурилсан бизнесийн туслах Chatbot.mn олон хэрэглэгчийн анхаарлыг татаж байлаа. Аливаа бизнест хэрэглэгчдэд цаг алдалгүй мэдээлэл өгөх нь чухал бөгөөд амаргүй асуудал байдаг. Харин энэ асуудлыг монгол залуусын бүтээсэн Chatbot.mn платформын тусламжтайгаар хямд зардлаар, төвөггүй, хурдан шийдэх боломжтой ажээ.

Энэхүү платформын тусламжтайгаар хэрэглэгчийн асуусан зүйлийг латин болон крилл бичвэрээс утгачлан ойлгож, тохирох үйлдлийг хийдэг, дотоодын төлбөр тооцооны хэрэгслээр төлбөр авах боломж бүхий бүх төрлийн чатбот, автомат хариулагчийг бүтээж болох ажээ.

ODO Order - Захиалгын системийн хялбарчлах шийдэл

ODO захиалгын систем нь бүтээгдэхүүн нийлүүлэгч ба борлуулагчийн хооронд гүүр болох үйлчилгээ үзүүлдэг. Захиалгын систем нь борлуулалт, төлбөр тооцоо, сурталчилгаа, хямдрал, урамшуулал, харилцагчийн удирдлага, борлуулалтын менежмент зэрэг борлуулалт, дистрибьютерийн компаниудад хэрэгтэй олон боломжийг агуулсан цогц систем юм.

Дижитал шилжилт хийх нь өндөр зардалтай, зөвхөн том компаниудын хийдэг зүйл гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэхүү захиалгын систем нь Монголын бүх хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээний төв, тэдэнд бараа нийлүүлэх сонирхолтой бүх үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хялбар байдлаар дижитал шилжилт хийх боломжийг олгох гэнэ.

17445   1


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Б.Лхагвацэрэн

Гэрэл зургийг:

Б.Хатанбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.