Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   09 сарын 30, 2019

Онцлох бизнес: Fibo Cloud - Үүлэн технологийг Монголд

Дижитал шилжилт, үүлэн технологи гэх ойлголт өдөр ирэх тусам хүчээ авч, компаниуд энэ чиглэлд ихээхэн анхаардаг болжээ. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа Монголын анхны клауд инноватор компани болох Fibo Cloud-ийг онцолж байна. Тэднийх өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон ICT EXPO-д Айтүүлс Хувьцаат Компанитай хамтран бүтээсэн хамгийн анхны Үндэсний Клауд системийг танилцуулсан билээ. Fibo Cloud нь байгууллагуудад хамгийн хямд зардлаар, үр ашигтай үүлэн технологи ашиглахад нь туслан AWS (Amazon Web Services)-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Ингээд Fibo Cloud-ийн үүсгэн байгуулагчид болох Н.Ганжигүүр, П.Пүрэвбазар, Б.Цэнгүүн нартай ярилцсаныг хүлээн авна уу.

Бизнесийн нэр: Fibo Cloud
Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний парк, 103 тоот
Үйл ажиллагааны чиглэл: Үүлэн технологи
Үүсгэн байгуулагдсан: 2017
Үүсгэн байгуулагч: Н.Ганжигүүр, П.Пүрэвбазар, Б.Цэнгүүн
Цахим хуудсууд: FIBO CLOUD (фэйсбүүк), @fibocloud (инстаграм)
Веб хуудас: www.fibo.cloud

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ТАЛААР ТОВЧ ТАНИЛЦУУЛНА УУ?

П. Пүрэвбазар: Бид хоёр төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Эхнийх нь AWS-ийн зөвлөх үйлчилгээ. Монгол компаниуд нэг үеэ бодвол үүлэн технологийн үр ашгийг ойлгон, өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлсэн байна. Гэхдээ бүрэн хэмжээнд ашиглаж, зардлаа бууруулахын тулд зөвхөн виртуал сервер (VPS) түрээслэхээс илүүг буюу cloud-native дэд бүтцийг үүсгэх хэрэгтэй болдог. Үүний тулд тухайн платформын үйлчилгээнүүдийг мэддэг, архитектур гаргах чадвартай хувь хүн ба компанийн зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй. Харин манайх компани бүрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн энэ үйлчилгээг үзүүлдэг. AWS нь тусламж хэрэгтэй бүх компаниудад хүрч ажиллах боломжгүй учир өөрсдийн APN (Amazon Partner Network)-оор дамжуулан тодорхой сертификат, туршлага бүхий, шаардлага хангасан компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх олгодог.

Н. Ганжигүүр: Үйл ажиллагааны хоёр дахь чиглэлийн тухайд, бид Айтүүлс ХК-тай хамтран Үндэсний клауд системийг гаргаад байгаа. Уг системийн ачаар self-service dashboard буюу хэрэглэгч системийн админд хандаж виртуал сервер үүсгэх, өөрчлөх зэрэгт 3-5 цаг зарцуулдаг байсныг өөрийн хүслээр өөрчлөх боломжтой болгосон. Мөн бидний үүсгэсэн дэд бүтэц дээр нийгэмд хэрэгтэй олон систем нэгдэж, ямар том хэмжээний суурь систем үүсэж байгааг бид ICT Expo 2019 дээр танилцууллаа.

ЯАГААД FIBO ГЭЖ НЭРЛЭХ БОЛСОН БЭ?

Н. Ганжигүүр: Фибоначчийн тоон дараалаллаас болж энэ нэрийг өгсөн. Энэ ойлголт өөрөө явсаар байгаад хорвоо ертөнц дээр байгаа хамгийн жижгээс хамгийн том хүртэлх бүхий л зүйлд байдаг тоон алтан харьцааг бий болгодог. Үүнээс үүдэн бид Фибоначчи гэдгийг товчлон компаниа Fibo гэж нэрлэсэн.

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС, ЯАЖ ОЛСОН БЭ?

П. Пүрэвбазар: Энэ стартапаа байгуулахаас өмнө бид өдөртөө нэг сая гаруй системд хариу өгдөг, Сингапур, Америк, Солонгос, Монгол гээд тив дамнан үйл ажиллагаа эрхэлдэг компанид ажилладаг байлаа. Бид нэг төсөл дээр техникийн шийдлийг нь гаргаад хийх гэтэл манай гүйцэтгэх захирал “Монгол залуучууд чанартай гүйцэтгэлтэй юм хийж чадахгүй. Солонгосоос зөвлөх үйлчилгээ авна” гээд солонгос IT компани оруулаад ирсэн. Бид тэр солонгос компанийн гүйцэтгэлийг ажиглахад бидэнтэй ижил түвшинд л хийж байсан. Тиймээс шууд өөрсдөө төслөө хийж дуусгахаар шийдэн Amazon дээр зүгээр виртуал машин асаах биш, үүлэн технологийн (Cloud) олон сервисийг хооронд нь холбож хийсэн.

Бид бага зардлаар өндөр бүтээмжтэй систем бүтээхэд анхаарч хийсэн болохоор хоёр зуун долларын өртгөөр сард сая гаруй хүн үйлчлүүлдэг систем бүтээж чадсан. Тиймээс бид олон улсын зах зээлд гарах гэж байгаа монгол компаниудад зориулсан ийм үйлчилгээ гаргая гэж шийдсэн юм. Үүний дараа ийм консалтинг компани болоод аль үүлэн технологийн хамтрагч болох вэ гэдгээ шийдэх хэрэгтэй болсон. Тэр үед ихэнх компаниуд жилийн төлбөрийг нь төлөөд л болчихоор амархан байсан бол Amazon Web Services ганцаараа биднээс сертифкат, enterprise төсөл хийсэн туршлагын тайланг хүссэн. Өөрсдийгөө соримоор санагдсан учраас бид AWS-ийг сонгож хамтрах болсон юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

П. Пүрэвбазар: Бид гурав өөрсдөөсөө бага хэмжээний хөрөнгө нийлүүлэн эхэлж байлаа. Удалгүй ICT группээс урьдчилсан шатны хөрөнгө оруулалт авсан. Бид ирэх жил Зүүн Өмнөд Азийн зах зээлд гарах бэлтгэлээ базааж, эхний шатны хөрөнгө оруулалтаа босгохоор төлөвлөж байна.

ХАМТРАГЧАА ХЭРХЭН ОЛЖ СОНГОСОН БЭ?

Б. Цэнгүүн: Бид математикийн 11 дүгээр сургуулийн нэг ангийн гурван найз. Найзууд хамтарч бизнес үүсгэн байгуулах тохиолдол их байдаг нь хамтрагчид нэгнээ танин мэдэх хугацааг товчилж буй хэрэг юм болов уу.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ/ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД?

П. Пүрэвбазар: Монголчууд сүүлийн дөрвөн жил дижитал шилжилтийн талаар их ярьж байна. Гэхдээ зам тавихгүйгээр хөгжил ярих боломжгүй шиг бидэнд дижитал шилжилт хийх суурь технологиуд хэрэгтэй байгаа юм. Үүнийг хөгжүүлэхгүйгээр дижитал шилжилт хийх гэж оролдвол хэрэглэгчид очих суурь технологи, програм хангамж нь үнэтэй тусаж, үйлчилгээ үнэтэй байсаар л байх болно. Монголд жилд 800 гаруй тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, програм хангамжийг оруулж ирж байна. Харин бид энэ зардлыг хэмнэхүйц програм хангамжийг бий болгохоор эхний ээлжинд Айтүүлс ХК болон Үндэсний Дата Төвтэй хамтран ажиллаж байна.

ЯАГААД КОМПАНИУД ҮҮЛЭН ТЕХНОЛОГИД ШИЛЖИХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Н. Ганжигүүр: Amazon дээр зуун хувь тулгуурладаг Netflix шиг компаниуд олон байдаг. Эдгээр компаниуд технологийн бусад томоохон дата төв бүхий компаниуд шиг дата төв үүсгэж, адилхан чадварлаг инженерүүд ажиллуулж, ижил цалин өгөх чадвартай. Гэхдээ тэд чаддаг хүмүүст нь чаддаг зүйлийг нь даатган орхиж, өөрсдийн үндсэн бизнест анхаардаг. Тэр компаниудад сервертэй зууралдаж, тог цахилгаан, тоног төхөөрөмж ажиллах хүчин хайхын оронд аль хэдийн бий болсон байгууллагад юмаа даатган, бага зардал гаргах нь ашигтай. Энэ давуу байдлыг олж харсан компаниуд үүлэн технологи руу ихээр шилжиж байна.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

П. Пүрэвбазар: Ойрын зорилго бол Монголын энэ их импортын бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээнд орлохуйц бүтээгдэхүүн хийж, Монголд үүлэн технологи хөгжих суурь дэд бүтцийг бүтээх явдал байна.

Бид iTools дээр л гэхэд програм хангамж, лицензийн зардлыг нь наян хувь бууруулж чадсан. Зүүн Өмнөд Азид ч гэсэн энэ төрлийн үйлчилгээ шаардлагатай байгаа олон компани байгаа. Тиймээс бид дараагийн зах зээлээ хилийн цаана харж байна. Манай алсын зорилго бол энэ дэд бүтцээ барин олон улсын компаниудад хүрч үйлчлэх.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

П. Пүрэвбазар: Бид анхнаасаа хурдан их мөнгө олоод, гурав хувааж авъя гэж бизнесээ эхлүүлээгүй. Бид үүлэн технологи хөгжих суурь технологийг Монголд хөгжүүлэх гэж, олон улсад монгол залуус гарч чаддаг юм байна гэдгийг харуулах гэж, хүүхэд залуусыг зоригтойгоор IT-ийн мэргэжил сонгодог болоосой гэсэн зорилгуудыг давхар агуулж байсан. Үүнийхээ төлөө олон зүйлсийг хийдэг. Бид Hub Innovation Center-т эвент хийхээс гадна боломж олдвол МУИС дээр оюутнуудад лекц уншдаг. Мөн бид iTools-тэй хамтран Nest академийн хүүхдүүдэд зуун виртуал санах ойн компьютер гарган, үүлэн технологийг дунд сургуулиас ашиглах, дурлах боломжийг бүрдүүлэхэд нь хувь нэмрээ оруулаад байна.

Н. Ганжигүүр: Бизнесийн маань үнэт зүйл бол баг. Нэг инженер бэлтгэхэд Монгол улс дунджаар 90 сая төгрөг зарцуулдаг. Гэтэл тэр инженерүүд нь Монголдоо ажиллахгүй байх асуудал элбэг. Тиймээс гадагшаа чиглэж буй хүний нөөцийн энэ урсгалыг буцаан эх орон руугаа хандуулмаар байна.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

П. Пүрэвбазар: Одоо бид Айтүүлс ХК-тай хамтарсан Үндэсний Клаудаа хэрхэн бусад стартап болон байгууллагуудад суурь систем болгох талаар, бас нэмэлтээр хүний царай таних технологи, Cloud GIS зэрэг системүүдийг нэвтрүүлхээр ажиллаж байгаа. Бас байгууллагуудын дата төвийн лицензийн зардал, хүний нөөцийн асуудлыг шийдэх тал дээр анхааран зөвлөх үйлчилгээгээ хийж байна.

Н. Ганжигүүр: Мөн хувийн сонирхлын хүрээнд үүлэн технологийн (Cloud) инженерүүдийн коммюнитиг өргөжүүлэх үүднээс олон сонирхолтой зүйлс хийхээр төлөвлөж байна. Монголд үүлэн технологийн салбарыг хөгжүүлэхийн тулд бүх түвшинд анхаарал тавих шаардлагатайгаас гадна технологийн мэргэжилтнүүд хүчээ нэгтгэх шаардлагатай. Үүний хүрээнд AWS User Group of Mongolia-ийн зүгээс байгууллагууд өөрсдийн платформын архитектурыг танилцуулж, асуудлуудыг хэрхэн шийдсэнээ хуваалцдаг цуврал эвентийг 2 дахь удаагаа хийх гэж байна. Өмнө нь бүхий л зүйлийг компанийн "know-how" гээд нууцалдаг байлаа шүү дээ. Харин одоо компаниуд эхнээсээ инженерчлэлийн арга барилаа нээлттэй хуваалцдаг болсонд салбарын мэргэжилтнүүд ам сайтай байгаа. Ташрамд дурдахад уг группийн гишүүд болсон инженерүүд энэ оны нэгдүгээр сараас эхлэн тогтмол уулзалт зохион байгуулдаг болсон. Мөн Монгол улс Amazon-д албан ёсоор бүртгэгдсэн Азийн 17 дахь улс болсон юм. Биднийг дагаад технологийн салбарт чиглэл бүрийн коммюнити үүсч байгаад баяртай байдаг. Бидний эхлүүлсэн зүйлс эхнээсээ үр дүнгээ өгч байна гэсэн үг.

ICT EXPO 2019-Д ОРОЛЦСОН ТАЛААРАА ЯРИАЧ?

Б. Цэнгүүн: Бидэнд iTools-тэй хамтарсан Үндэсний Клауд гэх платформоо ICT EXPO-ийн нээлтийн үгийн дараа танилцуулах боломж олдсон. Энэ маань зөвхөн виртуал машин үүсгэх дэд бүтцийн тухай яриа биш. Бид үргэлжлүүлэн үндэстнийг хамарсан блокчейний “Жамуха”, орон зайн мэдээллийн Cloud GIS гэх системүүдээ гаргана. Үүнийг ашиглан хот төлөвлөлтийн замбараагүй асуудлыг цогцоор шийдэхийг зорьж байна. Бидний хийж байгаа систем дээр тулгуурлан олон бизнес хөгжих боломжтой. Жишээ нь Amazon S3-д тулгуурлан Dropbox гэх компани гарч ирсэн шиг бид бусад технологийн компаниуд хөгжих үндсэн суурийг Монголдоо бэлдэж байгаагаа танилцуулсан зэргээр маш өргөн хүрээнд оролцсон.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Н. Ганжигүүр: Эерэг давуу тал нь бид шинэ зүйл хийж байна. Үүнээс хэрэглэгчид маань бидний ажлын үр дүнг мэдрэн бодит үр дүнд хүрч, хэмнэлтээ хийж чадаж байна. Бас олон залуус бидэнтэй нэгдэн ажиллаж, энэ төслүүдээс их зүйл сурч байна. Бидний ирээдүйд итгэж нэг ажилтан маань Япон явах гэж байснаа энд үлдэж Монгол компанийг дэлхийд гаргах үйлсэд хувь нэмрээ оруулахаар болсон.

Бэрхшээлтэй тал гэвэл, шинэ юм хийх угаасаа л хэцүү байдаг. Олон улсад үүлэн технологи шинэ зүйл байхаа болиод удсан ч Монголд хэвээрээ л байна. Тухайлбал энэ чиглэлээр анх үйл ажиллагаа явуулж байсан “Nebula” компани зах зээл маань бэлэн биш байна гэх шалтгаанаар 25 сая долларын санхүүжилт авсан ч дампуурлаа зарлаж байсан түүх бий. Энэ нь шинэ зүйлийг хүмүүст таниулж мэдүүлэх хэцүү гэдгийг харуулж байгаа юм. Манай компани дан ганц апп бүтээж, сүлжээний дэд бүтэц тавьдаг бус, бүгдийг нь хамарсан үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бидэнд өндөр хүчин чадалтай сервер, хүний нөөц шаардлагатай. Дата төвийн бизнес болохоор зүгээр л хоёр залуу гараашид сууж байгаад хийчихдэг эд биш.

энэ ЧИГЛЭЛИЙН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Н. Ганжигүүр: Amazon-ий технологи хариуцсан захирал Вернер Вогелс "Ирээдүйд бид код бичихгүй, зөвхөн бизнес логик л бичнэ" гэж хэлсэн байдаг. Энэ нь юу вэ гэвэл уламжлалт загвар буюу бүх шатны хөгжүүлэлтийг бид өөрсдөө хийх шаардлагагүй болох буюу бэлэн шийдлүүдийг нийлүүлж, бүтээгдэхүүн болгоод хурдан хугацаанд зах зээлээ түрүүлж эзлэхийг яриад байгаа юм. Эдгээрийг техникийн олон шатны мэдлэг бүхий үүлэн технологийн мэргэжилтнүүд л гүйцэлдүүлж чадна. Харин зөвхөн код бичих зэрэг зөвхөн нэг төрлийн чадвартай мэргэжилтнүүд үүлэн технологийн компаниудад хааяа нэг суурь шийдэл хийхээс өөр ажилгүй болж хөдөлмөрийн зах зээлээс шахагдах болно.

П. Пүрэвбазар: Өнөөдөр Монголын ихэнх чадварлаг залуучууд Япон, Америк руу зорьж байгаа учраас Fibo гэлтгүй бүхий л компаниуд дараагийн дижитал шилжилтийг хийх, бүтээгдэхүүн, дэд бүтцийг нь хөгжүүлэх, авч явах боловсон хүчний хомсдолд ороод байна. Өөрсдийн чадварыг дэлхийн хэмжээнд үнэлүүлж, гэр бүлээ утаагүй эрүүл аюулгүй орчинд амьдруулахаар зорьж байгаа залуучуудыг буруутгахын аргагүй. Учир нь AWS анхан шатны сертификаттай инженер жилдээ 300 сая төгрөгийн цалин авч байна шүү дээ. Гэхдээ бид энэ чадварлаг залуусаа гадаадын компаниудад алдахгүйн тулд өөрсдийн зүгээс тодорхой хэмжээнд анхаарч байгаа. Fibo зөвхөн Монголд үйл ажиллагаа явуулах бус дэлхийн хэмжээний шийдэл хийхийг зорьж байгаа гэдгийг юун түрүүнд онцолмоор байна. Тиймээс бид ажилд орж байгаа хүн бүрт AWS сертификат авах боломж олгон, байгууллагын зүгээс бэлтгэх цаг гарган өгч, эхний шалгалтын төлбөрийг чөлөөлдөг. Бид арван сертификаттай инженер бэлтгээд найм нь Цахиурын хөндий руу явсан ч, хоёр нь үлдэх юм бол бидний зорилго бүтнэ.

32995   3


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Б.Хатанбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.