Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   10 сарын 02, 2019

Би хэрхэн ажилладаг вэ? - “Apple” компанийн инженер М.Баттүшиг

Манай өнөөдрийн зочин бол дэлхийн шилдэг инженерүүдийг бэлтгэдэг "MIT"-ийн төгсөгч, алдарт "Apple" компанийн iPhone гар утасны камер хөгжүүлэлтийн багт machine learning, computer vision-ий инженерээр ажилладаг М.Баттүшиг. Тэрээр ердөө 16 настайдаа MIT-ийн онлайн сургалтыг төгсөж, тэгэх тэгэхдээ 150 мянга гаруй оюутнаас хамгийн өндөр оноо аван "дуулиан" тарьж байсныг манай зарим уншигчид санаж буй болов уу. М.Баттүшиг улмаар MIT-д machine learning, хиймэл оюуны чиглэлээр судалгааны ажил хийж, бакалавр, магистрын зэргээ хамгаалсан бөгөөд энэ чиглэлд тэргүүлэгч MIT Infolab-д инженерээр ажиллан, хиймэл оюуны судалгааны ажлуудаа хэвлүүлж байжээ. Одоо тэрээр Apple компанид ажиллахын зэрэгцээ чадварлаг монгол инженерүүдийг нэгтгэн, machine learning-ийн чиглэлээр стартап байгуулахаар зорьж байгаа юм.

Байршил: АНУ, Калифорни муж, Сан Франциско хот
Эрхэлдэг ажил: “Apple” компанийн machine learning (датанаас зүй тогтлыг автоматаар таних аргачлал), сomputer vision (компьютер ашиглан дүрсийг шинэчлэх) инженер
Хэрэглэдэг гар утас: iPhone 11 Pro
Хэрэглэдэг компьютер: MacBook Pro 2018
Сошиал хуудсууд: Battushig Myanganbayar (LinkedIn), Battushig Myanganbayar (Facebook)

ТА ҮНДСЭН АЖЛЫНХАА ХҮРЭЭНД ЯМАР ТЕХНОЛОГИ дээР АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Apple компанийн iPhone-ийн камер хөгжүүлэлтийн баг нь шинэ загвар бүрийн камерын систем, алгоритм дээр ажиллаж, DEPTH estimation буюу гар утасны камераас тухайн орчны 3D мэдээллийг боловсруулах технологийг хөгжүүлдэг. Энэ технологи нь хүний нүдний үйл ажиллагаатай адил горимтой. Энэ хүрээнд би iPhone камерын Portrait mode болон ARKit (Apple ARKit) платформын үндсэн алгоритм дээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, камер дээрх биетүүд хэр их шилжилт хийснийг тооцоолон 2D зургаас 3D мэдээллийг боловсруулдаг гэсэн үг.

Хүмүүс гар утасныхаа камерын өдөр тутмын хэрэглээг мегапикселээр нь хэмжих гээд байдаг. Гэвч өдгөө Apple, Google, Huawei зэрэг технологийн компаниуд гар утасны камерын линзийг ихэсгэх биш, machine learning ашиглан боловсруулалтын алгоритмуудыг сайжруулахад анхаарал хандуулж байна. Ингэснээр камерын урд хүн сууж, хойно нь ширээ байх контекстийг ойлгон, тохиргоо хийх үйл явц нь илүү боловсронгуй болж байна гэсэн үг.

Би Apple компанид орохоос өмнө MIT-гийн “Infolab” группт machine learning хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан. Тус группийн үүсгэн байгуулагч Борис Кац хэмээх профессор бол хүний дуу хоолойг таньж, мэдээлэл боловсруулах Siri, Cortana, Echo зэрэг виртуал туслахын анхны алгоритмыг бүтээсэн хүн юм. Уг нь анх 2010 онд “Nokia” компаниас хөрөнгө оруулалт авч, бүтээлээ танилцуулсан боловч дэмжлэг аваагүй учраас шинжлэх ухааны өгүүлэл болгон сэтгүүлд хэвлүүлсэн юм билээ. Нийтэлснээс нь хойш гурван сарын дараа Apple-аас гаргасан виртуал туслах буюу Siri компани байгуулагдсан түүхтэй. “Infolab” нь өдгөө machine learning хөгжүүлэх чиглэлд хамгийн сүүлийн үеийн судалгаа, шинжилгээг хийж байна. Ингээд харвал миний хувьд гар утасны хамгийн анхны шинэ технологиудыг хөгжүүлсэн газарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа нь азтай хэрэг.

Уг лабораторид ажиллаж байх үедээ би, юу харснаа ойлгон, автоматаар текст хэлбэрт оруулах machine learning алгоритмын тухай судалгааны ажил хэвлүүлж байсан юм. Дараа нь hand gesture recognition буюу гарын хөдөлгөөнийг таних технологи дээр ажиллаж, магистрын судалгааны ажлаа дуусгасан.

ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ? АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Манай ажил гэрээс нэг цагийн зайтай хотод байрладаг учраас өглөө 7.30 цагт босож, 8.10 гэхэд ажлын автобусандаа суудаг. Явах замдаа имэйл шалгах, хариу бичих ажлуудаа амжуулчихдаг. Ингээд компани дээрээ очоод өглөөний цайгаа уугаад ажлаа эхлүүлдэг дээ.

Миний хувьд ямар төсөл дээр, хэнтэй ажиллаж байгаагаас хамааран ажиллах арга барилаа тухай бүрд нь өөрчилдөг гэж хэлж болно. iPhone гар утасны хамгийн сүүлийн загварын камер гэхэд 8000 гаруй инженерийн нэг жил хагасын бүтээл юм. Тиймээс хамт ажиллаж буй хүмүүсийнхээ арга барилд аль болох өөрийгөө нийцүүлж, ажлын цаг ба ажиллах хэв маягийн хувьд уян хатан, "нүүдэлчин" байдлаар ажиллахыг хичээдэг.

Аль болох хүний хийгээгүй шинэ зүйлсийг хийх гэж оролдох нь миний баримталдаг гол зарчим гэж хэлж болно. Тийм ажил надад хамгийн их адреналин өгч, ажлаасаа таашаал авах гол шалтгаан болдог. Илүү шинэлэг, инновацлаг шийдлийг олохын тулд цаг заваа зарцуулж, түүнтэй холбоотой шинжлэх ухааны янз бүрийн өгүүлэл унших юм уу өмнө нь хийж байсан хүмүүстэй уулзаж ярилцах дуртай. Иймэрхүү байдлаар мэдээлэл цуглуулсны дараа шинэлэг шийдэл, шинэ санаа бодож олоход төвлөрдөг.

ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, АПП ТАНЬ ЮУ ВЭ?

Маш олон хэрэгсэл байна даа. Ихэнхдээ код бичиж, хөгжүүлэлт хийдэг учраас MacBook дээрх Magic Window апп-ийг түлхүү ашигладаг. Мөн код бичихэд зориулсан iTerm терминалыг хэрэглэж байна. Түүнчлэн Apple News апп-аас өдөр тутам олон нийтлэл, өгүүлэл уншиж, хэн, хаана юуг зохион бүтээж, ямар шинэ санаа, шийдэл гаргаж байгааг судалдаг.

Харин судалгааны өгүүлэл, нийтлэл уншихдаа iPad Pro дээр PDF Annotator гэх апп-ийг ашиглан, уншиж буй зүйлс дээрээ үзгээр гар тэмдэглэл хийж, нэмэлт текст, зураг зэргийг оруулдаг.

Сошиал медиагийн хувьд Instagram, Messenger ашиглана. Камерын алгоритм дээр ажилладаг хүний хувьд хүмүүс ямар төрлийн зураг дарж, юу тренд болж байгааг ойлгох нь чухал учраас Instagram идэвхтэй хэрэглэдэг.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Дуртай зүйлээ хийх нь цаг хэмнэх хамгийн сайн арга гэж би хувьдаа боддог. Хүн юманд дугаарлаж зогслоо ч өөрийгөө хүчилж биш хүслээрээ ирж, дуртай зүйлээ хийж буй мэт л байх хэрэгтэй. Цаг хэмнэх гээд өглөө эрт яарч сандран таван цагт босоод явсан хүний өдрийн бүтээмж буурах магадлалтай. Яахав өглөө хоёр цаг хэмнэсэн мэт боловч өдрийн бүтээмжээ унагах магадлалтай учраас бүх зүйлд цаг хэмнэх гээд яарч адгахаас илүү хүссэн зүйлээ хийх нь чухал гэж боддог. Тиймээс зүгээр л дуртай зүйлээ хийж, цаг, минут хором бүрийг аз жаргалтай өнгөрөөх нь зүйтэй болов уу. Тэгж чадвал тархи амарч, хийж буй зүйлээ ч чанартай хийж чадна.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийх ажлаа өнгө өнгийн стикерүүд дээр бичээд монитор доороо наадаг. Тухайн ажлын ач холбогдол, хугацаанаас шалтгаалан улаан, цэнхэр, ногоон өнгийн цаас ашигладаг даа.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Намайг бага байхад аав маань айл болгоны хойморьт байдаг "Эрдэнэт хивс"-ийн үйлдвэрт ажилладаг байсан юм. Монголд өвөл тун хүйтэн байдаг учраас ихэнх айл хивс дэвсэж, дээр нь ширээгээ тавиад гэр бүлээрээ тойрч суудаг. Зарим айл ханандаа өлгөж, гэрээ дулаахан байлгадаг. Ингээд бодоход хивс гэдэг зүгээр л нэг бүтээгдэхүүн мэт боловч тухайн гэр бүлд дулаан мэдрэмж төрүүлж, сайхан уур амьсгал, аз жаргалыг цогцлоох чухал нөлөөтэй байдаг. Тэр бүхнийг хараад би бусдыг аз жаргалтай болгохуйц утга учиртай зүйлс хийдэг инженер болохыг хүссэн. Орчин үед айл болгонд iPhone хэрэглэдэг хүн бий. Дэлхийн дээр өдөрт iPhone гар утсаар нэг тэрбум гаруй зураг дарагддаг. Хүмүүс дуртай, таалагддаг зүйлсээ гэрэл зурагт буулган, аз жаргалтай болж буйг харж, хийсэн бүтээгдэхүүнийг маань хүмүүс таатайяа ашиглаж байгааг мэдрэх нь инженер хүний хувьд хамгийн сайхан зүйл юм даа.

Бэрхшээлтэй тал гэвэл бодит байдал хэзээ ч төсөөлснөөр байдаггүй. Инженер хүн төгс зүйл хийхийг хүсдэг ч хангалттай нөөц, бололцоо байхгүй учраас бүгдийг нь төгс байлгах биш, аль нэг хэсгийг нь илүү сайжруулах сонголттой тулдаг. Machine learning дээр алгоритм хийлээ гэхэд дата нь хангалтгүй байхаас эхлээд олон асуудал гарна.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн хүмүүстэй ажиллаж, тэдний арга барилд тааруулан ажилладаг. Тиймээс би өөрийгөө хүнтэй хамтарч ажиллахдаа сайн болов уу гэж үнэлдэг. Хамтын ажиллагаа гэдэг хоёр талаас бие биеэ өөрчилж, ойлголцох үйл явц учраас өөрийн зүгээс хамтран ажиллаж байгаа хүнээ ойлгож, дэмжихэд тусгайлан их хүчин чармайлт гаргадаг.

ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Юун дээр төвлөрөхөө сонгохын тулд ямар зорилготой вэ гэдгээ тодорхойлох нь хамгийн чухал болов уу. Сүүлийн үеийн гар утасны загварууд machine learning –д тулгуурлан улам ухаалаг болохын хэрээр хэрэглэгчид гоё, сайхан мэдрэмжийг утаснаасаа авах боломжтой болж байна.

Тэгвэл амьд харилцаанаас авах мэдрэмж хаана байна вэ? Технологи хэчнээн хөгжсөн ч амьд харилцааг орхигдуулж болохгүй. Тиймээс технологид хэт автуулахгүйгээр амьд харилцааг үнэ цэнтэй байлгах ямар шийдэл байж болох вэ гэж удаан бодсон. Энэ хүрээнд, ижил сонирхолтой хүмүүс нэгдэн, хялбархан бөгөөд үр дүнтэйгээр уулзаж ярилцах нөхцөлийг бүрдүүлэх технологийн шийдэл дээр баг бүрдүүлэн ажиллаж байна.

Цахиурын хөндийд стартап байгуулна гэдэг олимпын наадамд очоод, нэг төрөлд нь шигшээд үлдсэнтэй л адил. Тэнд хамтдаа оргилд нь гарах хүсэлтэй, чадварлаг монгол инженерүүд олон байгаа учраас тэдэнтэй хамтран ажиллаж, зорьсон бүхнээ босгохын төлөө ажиллаж байна. Монголоос 10 спартап компани Цахиурын хөндийд очоод, тэндээс аль нэг нь unicorn буюу тэрбум давсан үнэлгээтэй компани бий болох боломж бий. Тэгж чадвал улс орныхоо хөгжлийг нэг алхам урагшлуулж, түүхийн шинэ хуудсыг нээх болно.

Түүнээс гадна хүн үндсэн ажлынхаа хажуугаар өөр зүйл хийж, тархиндаа бага зэрэг амсхийлт өгч байж илүү бүтээлч байх боломжтой гэж боддог юм. Миний хувьд хүний бичсэн зүйлийг machine уншаад, алдааг нь тодорхойлж, хэр сайн бичсэнийг нь үнэлдэг технологи хөгжчихвөл маш хэрэгцээтэй санагддаг юм. Сүүлийн үед хүмүүсийн бичих ур чадвар муудаж байгаа тухай их ярьдаг. Юу бичихийг нь санал болгодог технологи байвал тухайн хүн илүү сайжрах боломжтой хэмээн үзсэн учраас үүнтэй холбоотой төсөл дээр ажиллаж байна.

ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?

Ном бол нэг хүний л аливаа асуудалд хандах өнцөг учраас миний хувьд ном уншихдаа маш болгоомжтой ханддаг. Аливаа сэдэв, асуудлын талаар янз бүрийн эх сурвалжтай нийтлэл, өгүүлэл уншин, олон талын мэдээллийг цуглуулж боловсруулсныхаа дараа л аль нэг зохиогчийн номыг барьж уншихыг илүүд үздэг.

Өөрөөр хэлбэл, би өөрийн өнцөг, үзэл бодлыг бий болгохын тулд аль болох номоос хамааралгүй байхыг хичээдэг. Machine Learning –ийн талаар дөрвөн ном уншлаа гэхэд дараа нь яг тэр дөрвөн номоос авсан мэдээллийнхээ хүрээнд л бодож, сэтгэнэ. Хүний тархи уншсан мэдээллээ автоматаар хадгалдаг учраас тийм үед шинэ зүйл бодож олох хэцүү.

Миний хувьд одоогоор хүмүүс хоорондын таатай, үр дүнтэй харилцааг бүрдүүлэхийн тулд юу хэрэгтэй талаарх янз бүрийн өгүүлэл уншиж байна. Мөн АНУ, БНХАУ-ын худалдааны дайнтай холбоотой асуудлыг сонирхон судалж байгаа.

Бас хааяа кино үзнэ. Гэхдээ тийм ч их биш. Миний хувьд “Big Fish” хэмээх кинонд хамгийн дуртай. Тус кинонд нэг аав хүүхдэдээ орой бүр бодит амьдралаас давсан хэтрүүлэгтэй үлгэр ярьж өгдөг байсан тухай гардаг. Аавынх хэлсэн бүх зүйлс хэтрүүлэгтэй байсан ч ярьсан зүйлс нь үнэний ортой болж таардаг. Амьдралыг яг байгаагаар нь буюу бодитоор хүлээж авах нь өөрөө маш уйтгартай. Тийм болохоор амьдралд фантаз хэрэгтэй гэсэн санааг уг киноноос авсан даа. Юмыг яг байгаагаар нь хүлээж аваад байвал өөр өнцгөөс харж, түүнээс шинэ санаа ургуулж чадахгүй. Харин яаж өөр байлгах вэ, хэрхэн сайжруулах вэ гэдэг талаас харж, фантазлах хэрэгтэй болов уу гэж боддог.

Та зан чанарын хувьд ДОТОГШОО ТАЛДАА ЮУ, НЭЭЛТТЭЙ ТАЛДАА ЮУ?

Миний бодлоор хүн болгон ярих дуртай. Хүн бусдад өөрийн юу бодож байгааг илэн далангүй илэрхийлж чадвал, цаад хүмүүс нь ч итгэл үнэмшилтэй болж, өөрийн талаар ярихад бэлэн болдог. Гол нь юу ярьж, ямар асуулт асуухаас л шалтгаална. Код бичиж буй инженерээс хийж байгаа технологийг нь асуух юм бол тэр инженерээс илүү яриа хүн олдохгүй дээ. Надаас асуулт асуувал би илэн далангүй яриа өрнүүлэх дуртай.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?

Хөгжим сонсдоггүй. Юм сонсмоор санагдвал ихэнхдээ Youtube руу ороод гоё хоолойтой профессорын лекц тавьчихдаг. Хийж буй зүйлээсээ түр сатаарах үед мэддэг математикийн тэгшитгэл ярьж байхыг сонсох сонирхолтой шүү.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Хаана содон үзэл бодолтой хүн байна, тэнд л байна даа. Ажиллаагүй үедээ хүмүүстэй уулзаж, тодорхой сэдвээр ярилцахыг хүсдэг. Хүн болгоны аливааг харах өнцөг өөр, тэр бүхнээс олон зүйлийг ойлгож мэдэж авдаг учраас би аль болох хүмүүстэй ойр байж, ярилцах дуртай.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Хийж буй зүйлсийг минь бусад хүмүүс ойлгож, дэмжиж, хүлээж авах нь хамгийн сайхан мэдрэмж. Тэрэн шиг их эрч хүч өгдөг өөр зүйл байхгүй юм шиг санагддаг. Өнөөдөр хэн ч байсан гэсэн, ганцаараа юм хийгээд олигтой үр дүнд хүрнэ гэж байхгүй. Бүх зүйл хамтын ажиллагаа болсон учраас бусадтай хамтран ажиллахад онцгой анхаарал хандуулж, чармайж явна. Тийм ч учраас хамтрагч маань миний санааг ойлгож дэмжихэд их урам авдаг юм байна.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би багадаа аавдаа “Орой ирээд унтахын хооронд өглөө ороо хурааж яах юм бэ?” гэж хэлж байсан юм. Тэгэхэд аав “Ор хураана гэдэг жижиг зүйл мэт байж болно. Гэхдээ ороо хураах арчаагүй байвал өөрийгөө болон бусдыг яаж аз жаргалтай болгох вэ. Энэ чинь ор хураах асуудал биш, өөрийгөө дайчлах л тухай асуудал юм шүү дээ” гэж хариулсныг санадаг. Хүмүүс ер нь жижиг сажиг асуудлыг нэг их тоолгүй хаядаг. Гэвч асуудал жижигдээ биш, жижигхэн асуудлыг ч тоож анхаарах хандлагад байдаг юм байна гэдгийг сайн ойлгож авсан. Аавын хэлсэн тэр үгс оюун санаанд тодхон үлдэж, ирээдүйн карьерт минь хүртэл нөлөөлсөн шүү.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ ВЭ?

Залуу байхын хамгийн сайхан нь толгойд үргэлж явж байдаг "Дараа нь юу хийх вэ?" гэх ханаагүй бодол байдаг. Бид өнөөдөр хамтарч ажиллахгүй л бол болохгүй цаг үед амьдарч байгаа учраас хамтдаа юу хийх вэ, түүний дараагийнх нь юу байх вэ гэдгийг байнга бодож явах хэрэгтэй болов уу.

Орчин үед монгол залуучууд бидэнд дата мэдээлэл, ур чадвар дутах гэх мэт асуудал бараг байхгүй болсон тул Монголд буй олон чадварлаг залуу инженер нэгдэн Цахиурын хөндийг зорьж, өрсөлдөхүйц спартапуудыг байгуулан, энэ салбарын оргилд гараасай гэж хүсэж байна. Одоо бие бие рүүгээ хараад, дараа нь юу хийх вэ гэж байнга бодож, хамтдаа урагш зүтгэе гэж уриалъя.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Хүний санаанд ороогүй зүйлсийг хийж, бүтээж “хайрцагнаасаа” гарахыг хичээдэг хүмүүсийг уривал сонирхолтой болов уу. Уншигчийн хувьд балетчин, хөлбөмбөгчин, уран нугараач зэрэг өөр салбарт мэргэшсэн хүмүүсийн ажиллах арга барилтай танилцахыг хүсэж байна.

НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Гэрэл зургийг:

Б.Хатанбаатар

Хандалт / Сэтгэгдэл:

31483   5

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.