Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   09 сарын 26, 2019

Мэдүүштэй: Өөртөө цаг гаргая гэвэл тэмдэглэл хөтөл + 5 зочин

Өнөө цагт бид бүхэн технологийн ачаар төрөл бүрийн хэрэгтэй мэдээллийг хурдан шуурхай авч, ажил амьдралаа хөнгөвчлөх болсон. Ингэснээр бид өмнөх үеийнхэнтэйгээ харьцуулахад илүү их цагийг гэр бүлтэйгээ, өөрөө өөртэйгөө өнгөрүүлэх боломжтой байх атал хийх ажил дуусахгүй, элдэв стресс, сэтгэл зүйн асуудлууд улам ч нэмэгдчихсэн юм уу гэмээр. Хэрвээ танд ийм мэдрэмж төрдөг бол өөрөө өөртөө цаг гаргаж, бодол мэдрэмжээ цэгцлэхэд сургадаг тэмдэглэл хөтлөх аргыг санал болгохын ялдамд тэмдэглэл хөтлөгч таван зочинтой уулзуулъя.

Америкийн зохиолч, философич Сюзан Сонтаг нэгэнтээ “Тэмдэглэлийн хуудсуудад бид өөрсдийгөө нээж уудлаад зогсохгүй өөрсдийгөө бүтээн бий болгодог билээ” хэмээн бичжээ. Тэмдэглэл хөтлөх нь боловсрол мэдлэг, нас хүйс, өдөр бүрийг сонирхолтой өнгөрүүлдэг эсэхээс үл хамаарна. Энэ бол өнгөрснөө дүгнэж, өнөөдрөө төлөвлөж, маргаашид бэлтгэж буй хувь хүний тун энгийн дадал юм. Хүний тархи гэдэг бүхнийг санадаг машин биш тул хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том нээлтүүд, үйл явдлууд хэн нэгний тэмдэглэлийн ачаар бидний үед хүрч ирсэн байдаг.

Хүн бүрийн арга барил, сонирхол өөр тул тэмдэглэлийгхэлбэр болоод агуулгын хувьд үй олон янзаар хөтөлж болдог. Өдөр бүрийн төлөвлөлт, болж өнгөрсөн үйл явдлын тэмдэглэл, аяллын болон номын сэтгэгдэл гээд л. Тэмдэглэл ямар ч загвартай байлаа гэсэн, бичиж буй хүндээ бодох, төвлөрөх чанартай цагийг өгч, бодол санаагаа цэгцэлж, өөрийн нөхцөл байдал ба ирээдүйг зөв зүйтэй дүгнэж цэгнэх боломжийг олгодог. Давхар бичгийн чадварыг ч хөгжүүлнэ.

Бид нийтлэлээ уншигчдад илүү өгөөжтэй байлгах үүднээс тэмдэглэл хөтлөөд тодорхой хугацааг өнгөрүүлсэн, бичсэн тэмдэглэл нь өөрийн гэсэн уншигчидтай болсон зочидтой холбогдож,тэмдэглэл хөтлөх дадлыг нь сонирхсон юм.

SANAA'S PODCAST-ИЙН ХӨТЛӨГЧ, БЛОГГЕР Ц.Ариунсанаа

Миний тэмдэглэл хөтөлдөг хэлбэр бол блог. Таван жил гаруй болж байгаа. Эхлээд Blogspot дээр бичдэг байж байгаад хүмүүст уншуулах зорилгоор Medium дээр Монтений сормуус нэрээр бичиж эхэлсэн. Хугацааны хувьд тодорхой давтамжгүй, ихэвчлэн оройн цагаар сатаарахааргүй үедээ лаптоп дээр бичдэг. Бодол санаагаа амжиж буулгахад компьютер дээр бичих нь илүү амар байдаг юм.

Хэлбэрийн тухайд гэвэл, жишээ нь номын тэмдэглэл бичихдээ, номын зохиогч болоод номд хамарсан цаг үеийн тухай судлан товч бичээд, дараа нь өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ буулгадаг. Мэдээж уншиж байх үедээ доогуур нь харандаагаар зурсан хэсгүүдээ эргэж харна. Япон сургуульд хүүхэд бүр номын тэмдэглэл бичихдээ ганцхан эшлэл ашиглаж бичдэг тухай дуулаад, олон эшлэл авахаас татгалзаж, зөвхөн мэдрэмж болоод бодолд ургасан зүйлсээ бичихийг илүүд үздэг болсон. Үүгээрээ онцлог болов уу.

Тэмдэглэл хөтөлснөөр анзаарагдсан давуу тал гэвэл, мэдээж юмс амархан мартагдахгүй. Эргээд уншихад таатайгаас гадна хүмүүст бас унших хүсэл төрүүлдэг юм шиг санагдсан. Сул тал нь хэт их хуулж бичих гээд байдаг тал бий. Ялангуяа өөртөө заавал бичих ёстой гээд үүрэг өгчихөөр дэмий байдаг. Гол төлөв тааваараа, хүслээрээ тэмдэглэхийг хичээдэг.

UNREAD MEDIA-ИЙН ХАМТРАН БАЙГУУЛАГЧ, ЕРӨНХИЙ РЕДАКТОР Д.ГАНЗОРИГ

Оюутан байхдаа блог бичдэг байсан минь яван явсаар хэвлэл мэдээллийн салбарын хүн болоход нөлөөлсөн гэж боддог юм. Одоо бол ихэнхдээ дэвтэр дээр тэмдэглэдэг. Байнга халаасны жижиг дэвтэр чирч, түүн дотроо наадаг цаас наан, яаралтай хийх зүйлсээ бичдэг. Халаасны дэвтэртээ бол уулзалтын тэмдэглэл, санаж байх учиртай зүйлсийг буулгадаг. Үүнээс гадна хоёр ч дэвтэр бий. Нэг дээр нь өдрийн тэмдэглэл бичнэ. Өдөр бүр бичихгүй ч эв нь таарвал бичээд л байхыг боддог. Болсон үйл явдал, үзсэн харсан зүйлс, төрсөн бодол санааны аль алиныг буулгана. Бас сүүлийн үед нэг техниктэй болсон нь жагсаалт үүсгэх. Ухаан нь унших ном, уулзах хүмүүс гэх мэтээр овоо хэдэн хуудасны зайтай жагсаалтууд үүсгээд, бодсон санасан үедээ баяжуулаад яваа юм. Над шиг мартамхай хүнд их зүгээр, цэгцтэй юм билээ. Харин нөгөө дэвтэртээ санууштай мэдүүштэй сонин содон, мэргэн түргэн эшлэлүүдийг сийрүүлдэг юм.

Цахимаар бол Evernote-д тэмдэглэлүүдээ бөөгнүүлдэг. Аливаа бичвэрийнхээ нооргийг Evernote дээр гаргадаг. Өмнө нь ихэнх тэмдэглэлээ Evernote дээр явах гэж үзээд, одоо аналог руу "80 хувь орчихоод" байгаа хэрэг л дээ.

“A YEAR TO REMEMBER” НОМЫН ЗОХИОГЧ, “ГҮМҮДА” БРЭНДИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Н.Хулан

Миний хувьд өдрийн тэмдэглэлээ хүссэн үедээ л бичдэг. Өдөр тутмын хийх ёстой ажил мэтээр бичвэл ид шидээ алдчих юм шиг санагддаг. Харин сэтгэл санаа нэг бол тун таатай, эсвэл уруудаж гундсан үед тухайн мөчийг дурсах гэж буюу өөрөөсөө хариултыг олох гэж бичдэг. Ер нь болсон үйл явдлыг биш, тэндээс мэдэрсэн мэдрэмж, сэтгэгдлүүдээ л буулгадаг юм байна. Үйл явдал гэхээсээ илүү бодлуудын жагсаалт гэх юм уу. Харин онцгой тохиолдолд буюу аялал, шинэ зүйл турших долоо хоног гэх мэт үеэр өдөр бүр бичдэг. Цагийн хувьд ихэвчлэн оройгоор. Бас жил бүрийн төгсгөл, 12 сарын 31-нд "Ирэх жилийн өөртөө" зориулж захидал бичингээөнгөрсөн жилийн захиагаа уншдаг. Ингэснээр нэг жилд өөрийгөө хэр хөгжиж байгааг, хүсэл тэмүүлэл минь хэрхэн бодит болж байгааг, ер нь амьдрал яаж урагшилж байгааг хардаг. Тэмдэглэл гэдэг өөрөө өөртэйгөө ярилцсан, өөрийгөө ятгах үедээ ятгаж, шүүмжлэх үедээ шүүмжилсэн миний хувийн сэтгэлзүйн эмчилгээ юм даа.

Надад дунд сургуульд байхаасаа хойш хөтөлсөн өдрийн тэмдэглэлийн 20 гаруй дэвтэр бий. Хэдийгээр би блог бичдэг, гар утасны Notes дээрээ зарим санаагаа буулгадаг ч гэсэн хамгийн нандин тэмдэглэл маань дандаа л цаасан дээр, гараар бичигдсэн байдаг.

Ер нь бичсэнээр бүх зүйлсийн хариулт олддог. Бүх хариулт бидний дотор бий. Гаргаж ирэх арга нь л бичих юм. Бид толгой дотроо бодохдоо бүтэн өгүүлбэрээр, дэс дараалалтайгаар сэтгэдэггүй учраас бүх бодлоо буулгаж бичсэний дараа аливааг арай өөрөөр харж эхэлдэг гэж боддог.

Dylan’s Cinemates хуудасны админ DYLAN 

Dylan’s Cinemates (Best Scenes from Movies) фэйсбүүк хуудсыг хөтөлж эхэлснээс хойш 4 жил өнгөрчээ. Эхэндээ өдөрт ямар нэгэн байдлаар бичвэр оруулдаг байсан бол сүүлийн хоёр жилд цагт баригдаж бичдэгээ больсон. Бичиглэлийн хэлбэр талаасаа ямар нэгэн онцгой гойд зүйл байхгүй ч оройдоо их юм бодогддог болохоор энэ үед ихэвчлэн бичнэ.

Хуудсаа хөтөлж эхэлснээс хойш давуу тал ч, сул тал ч гарч ирсэн. Сул тал нь үргэлж бодоод бичээд л байхаар бодит амьдрал дээрх хүн маань хэт дотогшоо, гүн бодолд автсан болчихдог юм байна лээ. Тийм болохоор заримдаа хэсэг завсарлага авч, хувийн амьдралаа идэвхтэй өрнүүлдэг. Давуу тал нь өөрийн дуу хоолойг бусдад тодорхой хэмжээгээр хүргэх боломж нээгдэж, хүрээлэлтэй болж, үүнийгээ дагаад бичвэрийн чанартаа анхаарч, аль болох алдаагүй бичихээр мэрийж, уншдаг хүмүүсийн өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлах болсон.

Киноны сэтгэгдлүүдээ киног үзсэний дараа, яг тухайн үеийн мэдрэмждээ тулгуурлан, сэтгэл хөдлөлөө шингээж бичихийг хичээдэг. Бичиж байх үедээ киноныхоо таалагдсан хэсгийг төсөөлж, тэр хэсгийн хөгжмийг сонсоно. Аль болох үнэн зөв, хэтрүүлэггүй байхаар бичихийг хичээдэг дээ. Мөн өөрийн сонирхлоор энэ хуудсыг хөтөлдөг, мэргэжлийн кино шүүмжлэгч биш гэдгээ дурдах нь зөв байх.

“YESURA”ФЭЙСБҮҮК ХУУДАСНЫ АДМИН Б.Ариунзаяа 

Багаасаа л өдөр бүрийн үйл явдлыг бичдэг өдрийн тэмдэглэлтэй байлаа. Харин одоо ажилтай холбоотой зүйлсийг л тэмдэглэлийн дэвтэр дээр бичдэг. Ноорог цаас үргэлж авч явдаг. Толгой дахь ажлуудаа цэгцэлж, ойлгомжтой, системтэй болгоход заавал гараараа бичээд, дахин дахин харах нь тус болдог юм шиг санагддаг. Шалтгаангүй сараачиж, зурах ч зүгээр шүү,би дуртай... (Мэдээж ноорог цаасан дээр.) Арилгахад амархан, хадгалж хуваалцахад ч хялбар учраас гар утас, нөүтбүүк дээрээ бас бичих дуртай.

Мөн өдрийн тэмгдэглэл гэхээс илүү, амьдралаас сурч, мэдэрч байгаа зүйлсээ хуваалцдаг @Yesura хэмээх блог хуудсыг хөтлөөд тав орчим жил болж байна. Долоо хоногтоо 1-2 бодрол маягийн зүйл бичихийг хичээдэг. Хөнгөн бөгөөд хөгжилтэй, зорилго тээсэн бичвэрүүдээ богино байлгахад давхар анхаарснаар оюуны гимнастик багагүй хийх болсон шүү! Бичиж тэмдэглэх дадал намайг мөн ч их хүмүүжүүлж, бас хөгжүүлж байна даа, найзууд минь.

Тэмдэглэл хөтөлнө гэдэг бодож байгаагаас тань хялбар бөгөөд зугаатай зүйл гэдгийг та бичиж эхлээд л удалгүй ойлгох болно. Тэмдэглэлээр дамжуулан өөртөө цаг гаргаж, өөртэйгөө ярилцаж байгаарай.

13375   2


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Г.Оюунлхам




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.