Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   09 сарын 23, 2019

Онцлох бизнес: Zoma Kitchen & Bar - Байгальд ээлтэй үйлчилгээ, биед шимтэй амт

Тогтвортой хөгжлийн зарчмуудыг үйл ажиллагаандаа шингээн хэрэгжүүлдэг бизнесийн байгууллагуудын тоо нэмэгдсээр байна. Тэдгээрийн нэг бол тун саяхан Улаанбаатар хотын маань зүрхэн тушаа нээгдсэн Zoma Kitchen & Bar юм. Тус ресторан эд материал, тавилгынхаа 60 хувийг дахин ашигласан материалаар шийдсэн бөгөөд ресторанаас гарсан хог хаягдлаа бүрэн дахин боловсруулахад анхаарч ажилладаг аж. Үйлчилгээний хувьд Zoma өглөөгүүр кофе шоф, өдөртөө бистро, үдээс хойш хамтын оффис, оройдоо ресторан буюу коктейл баар болон хувирдаг. Эрүүл амттай хоол болоод байгальд ойртуулах орчноороо сайшаалыг тань хүлээх Zoma Kitchen & Bar-ийн үүсгэн байгуулагч Н.Болормаа, салбарын захирал П.Мөнхсайхан, ерөнхий тогооч Д.Батжаргал нартай ярилцсанаа өнөөдөр хүргэе.

Бизнесийн нэр: Zoma Kitchen & Bar
Хаяг: Blue Sky-ийн урд, Meru Tower, 1 давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Ресторан
Үүсгэн байгуулагдсан: 2019
Үүсгэн байгуулагч: Н.Болормаа
Менежментийн баг: П.Мөнхсайхан, Д.Батжаргал
Цахим хуудсууд: ZOMA Kitchen & Bar (Фэйсбүүк), @zoma_kitchen_bar (Инстаграм)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ЯАЖ ОЛСОН БЭ?

Н.Болормаа: Бизнесээ эхлүүлэхээс өмнө би Энержи Ресурс ХХК-д компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр ажилладаг байсан. Энэ ажлаасаа тогтвортой хөгжил ба нийгмийн хариуцлагын мөн чанар, хэм хэмжээг тодорхой хэмжээгээр ойлгож авсан гэж боддог. Хүмүүсийн хэрэглээ, дадлаас үүдэлтэй байгаль орчны доройтол өнөөдөр том асуудал болоод буйд би ихэд сэтгэл зовниж явдаг. Иймд, өөрийн компанийн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг аль болох бууруулж, байгаль орчинд үзүүлэх ул мөрөө багасгая гэсэн зорилт тавьсан. Хариуцлагатай бизнес эрхлэх нь манай байгууллагын үнэт зүйлсийн нэг.

Сүүлд байгуулсан ZOMA рестораныхаа тавилга, эд хэрэгслийн 60 хувийг дахин ашигласан/боловсруулсан материалаар шийдсэн. Байгаль орчинд ээлтэй ресторан бий болгох нь нэг талаар миний өөрийн хувь хүний хүсэл сонирхол, ажлын туршлага, үнэт зүйлтэй салшгүй холбоотой гэж ойлгож болно. Нөгөө талаар, бид Шангри-Ла худалдааны төвд түргэн хоолны газар ажиллуулдаг байсан ч түрээслүүлэгч талтай үүссэн үл ойлголцлын улмаас гэрээгээ сунгаж чадаагүй юм.

Бид ресторанаа нүүлгэх хэрэгтэй болсон. Гурван жилийн турш багагүй хөрөнгө оруулалт хийж, маш их хөдөлмөр шингээж босгосон бизнесээ хаах нь тун харамсалтай байсан тул дахин ашиглаж болох бүх зүйлсээ ашиглаж, янзалж тордоод цоо шинэ ресторан нээх санаа төрсөн юм. Ажилтнуудаа ч гэсэн ажлын байртай нь үлдээсэндээ тун баяртай байгаа.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Н.Болормаа: Бид хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт гурав дахь жилдээ үйл ажиллагаа эрхэлж байна. Zoma бол манай дөрөв дэх төсөл. Өмнөх төслүүд маань амжилттай хэрэгжиж байгаа учраас банкны зүгээс бидэнд зээл олгоход төвөгтэй байгаагүй байх. Дахин онцлоход Zoma төсөлдөө бид дахин ашиглалтыг онц сайн хэрэгжүүлсэн болохоор харьцангуй боломжийн хөрөнгө оруулалт хэрэг болсон гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

ХАМТРАГЧАА ХЭРХЭН ОЛЖ СОНГОСОН БЭ?

Н.Болормаа: Бизнесийн маань үйл ажиллагаа өргөжихийн хэрээр ганцаараа бүх салбаруудаа удирдан зохион байгуулж, өдөр тутмын үйл ажиллагааг нь хянан зохицуулахад амаргүй болсон. Иймээс бүтцийн өөрчлөлт хийж, салбар бүрийг хариуцан ажиллах хүмүүстэй болж байгаа. ZOMA рестораны захирлаар П.Мөнхсайхан маань ажиллах болсон. Мөнхсайханы хувьд өөрийгөө дайчилж хөгжүүлдэг, салбартаа ихийг хийж бүтээх чадамжтай залуу. Тиймээс хамтран ажиллах санал тавьсан. Ер нь хамтран ажиллах менежментийн багийн гол гишүүдээ сонгохдоо үнэт зүйл нэгтэй, цаашид хамтдаа хөгжих хүсэлтэй, бие даан ажиллаж чаддаг, санаачилгатай, мөн хамгийн чухал нь өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг хүмүүсийг сонгодог.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

П. Мөнхсайхан: Үйлчилгээний хувьд бид мультифункциональ буюу зай талбайгаа олон төрлөөр ашиглах зарчим баримталж байгаа. Өглөөдөө кофегоор үйлчилдэг кофе шоп, өдөртөө ойр хавийн оффисын ажилтнууд өдрийн зоогоо иддэг бистро, үдээс хойш хамтын оффисоор ашиглах боломжтой ажлын таатай орчин, харин оройдоо ресторан болон коктэйл баар болж хувирдаг байхаар төлөвлөсөн. Удахгүй нээгдэх эрүүл хүнсний дэлгүүрийнхээ зарим бүтээгдэхүүнийг Zoma дээрээ мөн худалдаалах зорилготой байгаа. Бас нэг онцлог нь манайх Монголын анхны “амьд” ханатай ресторан юм. Маш их тоосжилттой, өвөлдөө агаарын бохирдол ихтэй хотод амьдарч байгаа болохоор үйлчлүүлэгчдээ манайд орж ирээд хүчилтөрөгчөөр амьсгалан, сайхан тайвширч, амраасай гэж хүсэж ийм орчинг бүрдүүлсэн.

Рестораны үйлчилгээний төрөл гэвэл Cozy Casual Dining гэж хэлж болно. Гэртээ орж ирсэн юм шиг мэдрэмжийг төрүүлэх найрсаг дотно үйлчилгээ, байгальд байгаа мэт тайван амгаланг өгөх орчин бол бидний нэрийн хуудас.

Д.Батжаргал: Хоолны үйлдвэрлэл талаасаа эрүүл, шинэ, амттай хоол гаргахыг зорьдог. Ялангуяа боловсруулалт дээр их анхаардаг. Амтлагч гэхэд л элдэв химийн найрлагагүй, дан ургамлын найрлагатайг нь сонгож ашигладаг. Хоолны цэсний хувьд аль болох олон янзын хүмүүст зориулсан төрөл бүрийн хоол санал болгодог. Жишээ нь эрүүл хооллодог хүмүүст тэнцвэртэй таваглалтын зарчмын дагуу гаргасан будда боулууд, жин хасаж буй хүмүүст кето дэглэмийн хоол гардаг. Тун удахгүй, амралтын өдрийн Brunch цэсийг гаргахаар шамдан ажиллаж байна.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Н.Болормаа: Манай “Рөүт Катеринг” ХХК нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбартаа үргэлж шинийг санаачлагч байж, үйл ажиллагаагаараа жишиг стандартуудыг сайжруулан, нийгэмдээ үнэ цэн бий болгох зорилгыг анхнаасаа тавьсан. Салбарынхаа хөгжилд өөрийн гэсэн хувь нэмэр, зүг чигийг бий болгохыг бэлгэдэн Route буюу чиглэлийг заах гэсэн утга агуулгатай нэрийг компанидаа өгсөн юм. Цаашид бид хамтрагч ААН-үүд болон үйлчлүүлэгч нартаа байгальд ээлтэй амьдрах хэв маягийг таниулан сурталчлах, тэдний мэдлэг ойлголтыг сайжруулах, мөн хувь хүн төдийгүй байгууллагууд дор бүрнээ өөрсдийн дадлыг өөрчлөн хариуцлагатай байхыг уриалан, энэ чиглэлд манлайлан ажиллахаар төлөвлөж байна.

Мөн бидний бас нэг эрхэм зорилго бол ажилтнуудаа сэдэлжүүлэх замаар зорилготой, зүтгэлтэй залуу, хойч үеийг бий болгох. Бид улсаа хөгжүүлнэ гэж том том зүйл ярьж суухаас илүүтэй өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж, ядаж дэргэдээ байгаа гэр бүлийн гишүүд, найз нөхөд, ажилтнууддаа нөлөөлөх боломжтой юм. Энгийнээр хэлбэл, өөрсдөө зөв байн залуучуудад үлгэр дууриал үзүүлэх, уриалах, улмаар эрхэлж буй бизнесээрээ дамжуулан нийгэмдээ эерэг хандлага, нөлөөллийг бий болгох бүрэн боломжтой гэж би үздэг. Манайд залуучууд ажиллахаар орж ирээд хувь хүний хувьд өөрийгөө нээж, хөгжиж, тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байгааг харах нь хамгийн урамтай байдаг.

П. Мөнхсайхан: Нэмж хэлэхэд, орчин үеийн залуусын сонголт эрүүл хооллолт болчихоод байгаа. Тиймээс бидний ойрын болон хэтийн зорилго бол үйлчлүүлэгчдийнхээ сонголтыг ямагт хүндэтгэн, эрүүл мөртлөө амттай хооллох боломжийг олгох явдал юм.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Н.Болормаа: Бид дараах таван зарчмыг ажилтнууддаа дадал болгон хэвшүүлэхийг зорьж ажилладаг. Нэгт, аливаад хариуцлагатай, шударга бөгөөд ёс зүйтэй хандах. Хоёрт, өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх. Гуравт, үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зарчмуудыг тусган, байгаль орчиндоо ээлтэй ажиллах. Дөрөвт, үргэлж шинийг санаачлан, ажилдаа чин сэтгэлээсээ хандах. Тавд, аливаа ажлыг хийсэн шиг хийн, бусдадаа үлгэрлэх. Эдгээр зарчмуудыг ажил амьдралдаа хүн хэвшүүлж сурснаар хувь хүн өөрийн ирээдүйг гэгээлэг сайхнаар бүтээж чадна.

М.Батжаргал: Хоол үйлдвэрлэлийн хувьд бид хүнсний эрүүл ахуйн стандартаа тогтмол сайжруулан ажиллахыг хичээдэг. Бүх зүйл стандартын горим, технологийн дагуу хийгдэх ёстой. Хоолыг буруу технологитой хийвэл хоол биш хор болох тул бид ажилтнуудаа байнга сургаж ажиллахыг чухалчилдаг.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

П.Мөнхсайхан: Миний хувьд анх Монет ресторанд зөөгчөөр ажилд орсноос хойш зохион байгуулагч, менежер гэх мэт зургаан албан тушаал хашиж, улмаар үйл ажиллагаа хариуцсан захирал болж байлаа. Энэ хооронд мэргэжлээрээ ажиллах, гадагшаа явах гээд олон боломж гарсан ч энэ салбартаа дурлан ажилласаар байна. Надад энэ салбарт ажиллахад хамгийн их таалагддаг зүйл бол харилцаа. Зүгээр л оффист суугаад байхгүй, байнга хүнтэй харилцаж, хөдөлгөөнтэй байх нь сайхан санагддаг. Өөрөө ч ихийг сурч авдаг.

Хэцүү бэрхшээлтэй тал гэвэл ажлын ачаалал буюу цаг нарын асуудал байдаг. Өглөө 9 цагт ажилдаа ирээд 18 цагт тарна гэсэн зүйл байхгүй. Ажлын онцлогоос хамаараад шөнийн цагаар, амралтын өдрүүдэд, баяр наадмын үеэр ч ажиллана. Амаргүй шүү. Ер нь рестораны бизнес ажиллагаа ба ачаалал ихтэй, төвөгтэй нарийн үйл явц байдаг.

М.Батжаргал: Хоол хүнс хүнийг асар их аз жаргалтай болгодог. Өглөө юу иднэ, өдөр юу иднэ, бүгд аз жаргалд нөлөөлдөг. Тиймээс хүний аз жаргалыг бүтээлцэж байгаадаа баяртай байдаг даа.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Н.Болормаа: За, миний хувьд яг одоогоор бизнесээ системчлэх тал дээр түлхүү анхаарч байна. Энэ ондоо багтаан компанийнхаа хүний нөөц болон санхүү бүртгэлийн тогтолцоог сайжруулах, автоматжуулах, цалин урамшууллын системээ шинэчлэх, цаашид нэг хүнээс хамаардаггүй тогтолцоог бүрдүүлэхээр төвлөрөн ажиллаж байна. Ирэх ондоо үйлдвэрлэл үйлчилгээгээ стандартчлах, дотоод сургалтын системээ сайжруулах ажлууд дээр илүү төвлөрөн ажиллана гэж төлөвлөсөн.

"Хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбоо"-той хамтран ресторанаас гарсан бүх хог хаягдлаа ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргүүлэх ажлыг эхлүүлээд явж байна. Энэ маань бидний хэрэгжүүлж буй байгаль орчны менежментийн системийн эхлэл юм. Үүний амжилттай хэрэгжих гол нөхцөл нь дотоод сургалт байдаг. Тиймээс ажилтнууддаа байгаль орчны сургалтыг үе шаттай орохоор төлөвлөөд байгаа. Яагаад энэ асуудалд хүн бүр анхаарах ёстой юм, бид юу хийж чадах вэ гэдгийг сургалтаар таниулж, хүн бүр дор бүрнээ дадлаа өөрчлөх нь чухал. Эндээс сурсан зүйлсээ манайхан ойр тойрныхонд хуваалцаж, нийгэмд нөлөөлөх боломж бүрдэнэ.

П. Мөнхсайхан: Ерөнхий тогооч бид хоёр одоо шинэ менюн дээр ажиллаж байна. Үндсэн, өглөөний цайны, өдрийн хоолны, амралтын өдрийн, хүүхдийн, тэмдэглэлт өдрийн гээд төрөл бүрээр гаргана. Энэ бүр дээр зураг авалт, дизайны ажлууд явагдаж байгаа. Манайх одоохондоо туршилтын менютэй байгаа юм. Үүгээр үйлчлүүлэгчид ямар хандлагатай байгааг, юу сонирхож байгааг тодорхойлдог. Мөн ZOMA маань нээгдээд удаагүй байгаа болохоор ресторанаа таниулах, үйлчлүүлэх сэдэл төрүүлэх зорилготой маркетингийн ажлууд дээр мөн төвлөрч байна. Цаашид өөрсдийн салбартай холбоотой сонирхолтой контентууд хийхээр төлөвлөсөн байгаа.

ТАНЫ ГАЛ ТОГООН ДАХЬ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

М.Батжаргал: Өглөө ирээд хамгийн түрүүнд бүх бараа материал, бэлтгэлээ үзэж харна. Хүмүүсийнхээ ажлыг шалгана, дотоод хяналтаа хийнэ, зав зайгаараа шинэ цэс дээрээ ажиллана, судалгаа хийнэ, хоорондоо санал солилцоно. Тэгээд орой 10 цагт цэвэрлэгээ ариутгал хийснээр гал тогооны ажил өндөрлөнө дөө. Бидний нэрлэж заншсанаар сервисийн үеэр буюу өдөр 12:00-14:30, орой 18:00-21:00 цагууд бол захиалгын дагуу хоол гаргах ид ачааллын үе байдаг. Манай рестораны хувьд гал тогооны хамгийн ачаалалтай цаг бол өдөр цайны цаг. Энэ үеэр буюу ердөө л хоёр цаг орчмын хугацаанд 80-100 орчим хоол гаргах нь ч бий. Нэг ёсондоо зогсоо зайгүй ажилладаг үе л дээ.

Миний хувьд гурван гал тогоо хариуцаж ажилладаг болохоор наашаа цаашаа салбар хоорондоо их гүйнэ ээ. Өвдсөн болон чөлөөтэй ажилтнаа орлоно, шинэ хүмүүсээ сургаж дадлагажуулна. Ер нь компанийнхаа үйл ажиллагаатай холбоотой бүхий л ажилд гар бие оролцоод явдаг болохоор их сонирхолтой, хөдөлгөөнтэй байдаг.

ЗАРИМ үйлчлүүЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦВАЛ?

П. Мөнхсайхан: Эерэг сэтгэгдлүүд олноор ирж байгаа. Үйлчлүүлэгчид маань яг энэ төрлийн үйлчилгээгээр цангасан байсан мэт санагдсан. Өдрийн сет хоол дөрвөн сонголттойгоор гарч байгаа. Үүний хоёр нь эрүүл болон дэглэмийн хоол. Гэтэл хүмүүсийн 80 хувь нь энэ хоёр төрлийн хоолыг сонгож байна. Үйлчлүүлэгчдийн маань ихэнх нь орчин үеийн, эрүүл амьдралын хэв маяг бүхий соёлтой, боловсролтой залуус байдаг. Хамгийн гоё сэтгэгдэл гэвэл нэг гадаад үйлчлүүлэгч “Шив шинэ ногоотой, эрүүл хоолны сонголттой, байгальд ойрхон мэдрэмж төрүүлдэг ийм гоё газар Монголд нээгдсэнд баяртай байна. Энд олон ресторанд орсон ч танайх хамгийн гоё концепттой газар байна” гэсэн шүү.

ИЖИЛ ТӨРЛИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХАНДАН ЮУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

П. Мөнхсайхан: Байгаль орчиндоо ээлтэй байя. Амны цаас, шүдний чигчлүүр, сав суулга гэх мэт бүхий л эд материалдаа дахин боловсруулж болохуйцыг нь сонгон хэрэглэцгээе. Огт хэрэглэхгүй байх нь угаасаа боломжгүй ч аль болох байгаль орчинд үлдээх сөрөг ул мөрөө багасгацгаая .Тэгээд хамгийн гол нь эрүүл чанартай хоол хүнсээр стандартын дагуу үйлчилцгээе ээ гэж уриалъя.

М.Батжаргал: Хүнсний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Аль болох чанартай, шинэ материалаар хоол хийж хүний биед шимтэй хоол үйлдвэрлэцгээе. Ресторануудыг хог хаягдлаа ангилан боловсруулалтад өгөөсэй гэж хүсэж байна. Хэрэглэсэн тосоо савангийн үйлдвэрт, цаасаа нойлын цаасны үйлдвэрт өгч байя.

Н.Болормаа: Улс оронд маань шийдэх шаардлагатай олон асуудал бий. Бид нийгмийнхээ эмзэг асуудлуудыг зүгээр хараад өнгөрөлгүйгээр шийдвэрлэхэд гар бие оролцдог, бүтээлч залуу үе байх ёстой гэж боддог. Хоолны газар нээсэн ч бусдаас ялгарч, ямар нэг асуудлыг шийдсэн шинэлэг үйлчилгээг үзүүлэх ёстой болов уу. Бусдынхаа амжилттай яваа бизнесийг орчин, меню, юутай хээтэй нь хуулбарлаад байлгүй өөрсдөө гоё санаа бодож, судалж олоод хэрэгжүүлбэл салбараа хөгжүүлэхэд ч хувь нэмэртэй. Эерэг өрсөлдөөн бий болж байж салбар маань хөгжинө, үр дүнд нь хэрэглэгчид хожих болно.

Хүний нөөцөө бүрдүүлэхдээ ч бэлтгэсэн, сургасан хүнийг нь “урвуулах” биш, өөрсдөө цаг, хөрөнгө, сэтгэл зарцуулаад энэ салбарт сайн боловсон хүчнийг бий болгоосой гэж хүсэж байна. Хандлага муутай, суурь хүмүүжил тааруу хүмүүс байгууллагаас байгууллага хэсэж явдгаас зарим бизнесүүд хохирч үлддэг. Энэ тал дээр мөн компаниуд хамтарч ажиллан, мэдээлэл солилцож байвал ажил унагаж “хэсүүчлэн явдаг” нөхдийн хор хохирлыг багасгах бүрэн боломжтой. Арай завтай болохоороор энэ тал дээр багагүй ажлуудыг санаачлан хийхээр төлөвлөсөн, бусад маань дэмжинэ байх гэж найдаж байна.

Эцэст нь хэлэхэд, залуу хүмүүс зоригтой, эрсдэлтэй алхам хийж чаддаг байхад алдах зүйл үгүй гэж боддог. Бүх юм болохоо байгаад нурлаа, бүтэлгүйтлээ гэхэд үүсэн гарах хамгийн муу нөхцөл байдлыг төсөөлөөд үзээрэй. Тэр нөхцөл байдлыг нэгэнт хүлээн зөвшөөрчихвөл айх юмгүй шүү дээ.

9150   4


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Б.Хатанбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.