Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   09 сарын 19, 2019

Монголд анх удаа: "НордАрт" олон улсын үзэсгэлэнд гарсан шилдэг бүтээлүүдээс

Бидний амьдралд буй сайн сайхан зүйлс хэн нэгний гараар дамжин бий болж, оршин байгаа нь дамжиггүй. Нүдэнд үзэгдэж, гарт баригдах бодит зүйлсээс авхуулаад гоо зүй, оюуны таашаалд хөтлөх урлаг хүртэл хүний л бүтээл.Тэгэхээр хүн бол бүтээгч амьтан бөгөөд агуу бүтээл эзнийхээ нэр алдрыг дуурсган,хэдэн зууныг дамжин мөнхөрч, одоо цагт таашаагддаг.

Гайхалтай уран бүтээлчид бүтээлээрээ дамжуулж дотоод ертөнцөө таниулахыг зорьдог. Өөрөөр хэлбэл, бүхий л урлагт ямар нэгэн өгүүлэмж бий. Түүнээс нь сэтгэлээ сэргээж, эрч хүчээ сэлбэн, гоо зүйн таашаалыг мэдэрдэг хүмүүс урлаггүйгээр амьдралыг төсөөлж ч чаддаггүй. Энэ нь тэдний хувьд дэндүү уйтгартай бөгөөд тэдний ачаар урлаг мөнхөд оршин байдаг билээ.

Жил бүр Европт зохион байгуулагддаг НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд манай улсын уран бүтээлчид оролцсоор даруй дөрвөн жил өнгөрчээ. Энэ хугацаанд тус үзэсгэлэнд улсаа төлөөлөн оролцсон 60 уран бүтээлчийн анхны нэгдсэн тайлан болох “Хөрстөд оршихуй: Хүршгүйтэй учрахуй” үзэсгэлэн энэ өдрүүдэд “MN17 Art Gallery”-аас үзэгчдэд хүрч байгаа юм байна. Урлагийг шимтэн сонирхдог хэн бүхэнд нээлттэй тус үзэсгэлэнтэй танилцаж, зарим уран бүтээлчтэй ярилцсанаа эшлэн хүргэе.

Уран барималч А.Очирболд

“Уран бүтээлч хүн аливаа бүтээлийг зуун хувийн гүйцэтгэлтэй хийж дуусгана гэж байдаггүй. Харин тухайн бүтээлийг өөрийн хэмжээнд тултал хийснээ мэдрэх үед зүгээр л орхидог. Тиймдээ ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр миний бүтээлүүд сэдэв болон хийцийнхээ хувьд илүү баяжиж, шинэчлэгдсээр ирсэн. Яг л амьдрал шиг.”

“Ухамсар” уран баримал, ган

Ухамсар бол өвс шиг ургадаг. Тэр хэрэгцээт шим бодисоо байгалиас авч, юунд ч саад болохгүйгээр эгц дээш тэмүүлдэг. Хүн төрөлхтөн ухамсраар амьдардаг.

Зураач Б.Бадрал

“2007 онд бүтээлдээ адууны сүүл ашиглах санаа төрснөөс хойш мэргэжлийн будаг хэрэглэхээ больсон. Адуу ихэвчлэн бараан юм ууцайвар зүсмийн харагддаг ч яг дэргэд нь очоод сүүлийг нь бариад үзэхэд солонгын долоон өнгө дотор нь бий. Түүнийг нь өөрөө боловсруулаад, байгалийн өнгөөр бүтээлүүдээ чимдэг.”

“Сэрэхүй” холимог техник, морины дэл, сүүл

Бодол санааг боомилсон хүлээс тасарч, чангаас чанга хашхирахыг, тэртээх чинад өөд тэмүүлэхийг тэсгэлгүй хүснэ. Бодол сэхээрч, бие сэрж, би тасралтгүй урсах эрчим рүү тэмүүлнэ. Энэ л миний цаг, энэ л миний төрх, энэ л миний сэрэлт. Би айсуй.

Уран бүтээлч Э.Халиунаа

“Уран бүтээлч хүн төсөөллийн ертөнцөө ямар ч материал, эд зүйлээр дамжуулан ил гаргаж болно. Зураач хүн зуралгүйгээр баримлаар ч уран бүтээл хийх боломжтой.Ерөөсөө урлаг бол чөлөөт илэрхийлэл.”

”Халдваргүй” инстоляци, хамхуул, даавуу

Бүх зүйл нэгээсээ нөгөө рүү тэмүүлдэг. Нэг хоолойноос гараад нөгөө хоолой руу урсдаг. Хорвоо ертөнцийн юмс үзэгдэл цикл орон зайд буй.

Зураач У.Нарбаясгалан

“Урлаг бол хүний чин сэтгэлийн илэрхийлэмж буюу сэтгэлээс урган гардаг бодит зүйл. Үүнийгээ илэрхийлэхийн тулд оюун санаа, бодол сэтгэхүй, мэдрэмж гээд бүхий л ур чадвараа гаргаж,эцэст нь хүн маш ихээр ядардаг. Хэчнээн ядарсан ч тэр болбүтээлийн минь амтыг мэдрүүлсэн хамгийн сайхан мөчүүдийн нэг байдаг.”

“Дотоод үйлдэл” видеоинстоляци

Аливаа зүйлийн доторх процессийг мах машиндах үйл явцтай зүйрлэж болно. Магадгүй бидний оюун санаа, тархин дахь үй түмэн бодол өөр хоорондоо шахцалдан, бужигнах нь энэ болой.

Уран барималч У.Одмаа

“Урлаг нь хүнд амьд оршин буйн мөн чанарыг мэдрүүлдэг. Энэ дэлхийд урлагийн орон зай үгүй бол амьдрал туйлын хатуу, харгис, зэрлэг байх байсан болов уу.”

“Би дотроо байна” керамик инстоляци

Хөдөлгөөн өөрөө тэнцвэр. Хүн дотоод мөн чанараа гадагш илэрхийлэхийн зэрэгцээ эргэн тойрноосоосайн, муу бүхнийг мэдэрч, сэтгэлдээ шингээдэг.

Уран барималч Д.Батхолбоо

“Олон улсын үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж, гадаадынхантай туршлага солилцох бүрд Монголын дүрслэх урлагийн хөгжил дэлхийд үнэлэгдэх болсон нь илт мэдэгддэг. Харин гаднынхнаасялгарах нэг зүйл нь манай зарим уран бүтээлч нүүдэлчин ахуй, өв соёл, байгалийн тансаг дүр дүрслэлийг бүтээлдээ илүү шингээж, орчин үетэйгээ хослуулдаг.

Хөрөг, керамик

Эмэгтэй хүний гоо сайхан.

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ё.Ичинноров

Гэрэл зургийг:

Б.Хатанбаатар

Хандалт / Сэтгэгдэл:

5259   0

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.