Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   09 сарын 17, 2019

Хэрэгцээт монгол аппууд #5: Хүүхдүүдэд зориулав

Энэ удаагийн дугаартаа бид монголчуудын бүтээсэн, хүүхдүүдэд зориулсан аппуудыг танилцуулж байна. Хичээл сурлагад хэрэглэх, хүүхдийг хөгжүүлэх буюу хамгаалахад ашиглах энэ 4 апп-ийг та бүхэн сонирхон үзэж, хүүхдүүд буюу дүү нартаа санал болгоорой. 

ХҮҮХЭД БҮРТ

Эцэг эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжил, төлөвшилтэй болгон өсгөхөд онцгой анхаардаг. Нөгөө талд, хүүхдүүд хамгийн түрүүнд аав ээжээсээ үлгэр дууриал авч өсдөг. Тэгвэл эцэг эхчүүд, хүүхдүүийн хоорондын харилцааг хөнгөвчлөх "Хүүхэд бүрт" хэмээх апп байдаг аж. Хүүхдийн хүмүүжил төлөвшил, хөгжил, эрх үүрэг, хамгааллын талаарх ойлголтыг таниулах зориулалттай тус апп нь насны ангиллаар бэлдсэн цогц мэдээллийн сантайгаас гадна шинэхэн эцэг эхчүүдэд зориулсан булантай. Мөн хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлөх сонирхолтой тоглоом, аюулгүйн дүрэм, найз нөхөдтэйгөө харилцах чадварыг сайжруулах, гэр бүлийн уур амьсгалыг халуун дотно болгоход чиглэсэн хийж болох зүйлсийн жагсаалт, өөрийгөө хэр сайн эцэг эх болохоо танихад туслах сорилууд гээд олон сонирхолтой зааварчилгаа, мэдээлэл энд багтжээ.

Татах: Android, iOS

Хүчирхэг охид

Энэхүү апп нь хүүхэд, өсвөр үеийнхэн, залуу эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн бэлгийн халдлага, дарамт, хүчирхийллийг таниулж, түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт өгөн "хүчирхэгжүүлэх" зорилготой. Гэхдээ та зөвхөн охид эмэгтэйчүүдэд зориулсан юм байна гэж андуурав аа. Апп-д хөвгүүдэд болон насанд хүрэгчдэд зориулсан ангиллууд ч бий.

Апп маш энгийн бүтэцтэй бөгөөд нэвтэрч ормогц хамгийн түрүүнд “Хүүхэд бүр бүхий л төрлийн хүчирхийлэл, дарамтаас ангид байх эрхтэй. Айдас түгшүүргүй, аз жаргалтай ирээдүйг бид хамтдаа бүтээнэ” гэсэн уриа харагдана. Үүний дор "3-10 насны охид хөвгүүд", "11-14 насны охид хөвгүүд", "15-18 насны охид", "18-с дээш насныханд" гэх дөрвөн насны ангилал бий. Ангилал тус бүр нь тухайн насны онцлогт таарсан энэ талын мэдлэг, эрсдэлийн түвшинг үнэлэх сонирхолтой сонжоотой. Сонжоо нь дотроо сургууль, гэр, гудамж хэмээн орчноор ангилагддаг бөгөөд эдгээрийг бөглөхийн тулд харгалзах зурган дээр дарна. Үр дүн нь мөн инээсэн буюу бухимдсан царайтай эмэгтэйн зурган дүрслэлийн хамтаар танилцуулагдах болно. Апп-д өнгөлөг зургуудыг ашигласан нь хүүхэд залуучуудыг уйдаахааргүй аятайхан санагдлаа.

Татах: Android, iOS

E-Content

Саяхныг хүртэл сурах бичгийн хүрэлцээгүй байдлаас болж зарим сурагчид хажууд суудаг хүүхдийнхээ номын зургийг авч даалгавраа хийдэг байжээ. Гэхдээ энэ байдал E-content гэх апп гарснаас хойш багассан юм. Учир нь энэ апп-ийг ашиглан 1-12 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичгийг унших боломжтой. Эдгээр номуудыг шууд онлайнаар үзэх буюу татаж аваад интернетгүй орчинд үзэх боломжтой. Апп-д номоос гадна видео хичээлийн хэсэг байдаг хэдий ч жаахан замбараагүй санагдсан. Одоогоор зөвхөн хичээлийн нэрээр нэрлэсэн байгааг хэддүгээр ангийн, ямар сэдэв сонирхож байгаа сурагч судалбал зохих талаар мэдээлэл тавьж сайжруулбал зүгээр санагдав.

Татах: Android, iOS

MATHEMATIC

ЕБС-ийн сурагчдад зориулсан тус апп нь математик, огторгуй, геометрийн томьёо, теором, тодорхойлолт, бодох аргачлал зэргийг хамарсан үндсэн есөн категоритой. Тэдгээр нь тус бүр дотроо илүү нарийвчилсан зааварчилгааг багтаасан ба сурагчдад маш ойлгомжтой, хэрэглэхэд тун хялбар байдлаар оруулжээ. Ерөөс математикийн шинжлэх ухааны томьёоны хураангуй гээд хэлэхэд буруудахгүй. Авч явна гэх бэрхшээлгүй, алга болно гэж санаа зоволтгүй, сурагчдын ухаалаг утсан дээр байвал зохих нэн хэрэгцээт аппуудын нэг юм. Ялангуяа математикаар түлхүү хичээллэдэг, ЭЕШ-д бэлдэж буй хүүхдүүдэд яг тохирно. Харамсалтай нь Android утсан дээр ашиглах боломжгүй аж.

Татах: iOS

6574   0


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Нийтлэлд оролцсон:

Ё.Ичинноров




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.