Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   09 сарын 22, 2019

Юваль Ноа Хараригийн "21 Lessons for the 21st Century" номын тухай

Иерусалимын Еврейн их сургуулийн түүхийн профессор Юваль Ноа Хараригийн цуврал номууд хэвлэгдсэн цагаасаа л шуугиан тарьж, дэлхийн 30 гаруй оронд 15 сая гаруй хувь борлогдоод буй. Тэрбээр 2014 онд хэвлүүлсэн “Sapiens” номдоо хүн төрөлхтний өнгөрсөн түүх рүү өнгийсөн бол 2015 оны “Homo dues” номдоо бидний ирээдүйн талаарх төсөөлөл, магадлалыг бичсэн билээ. Тэгвэл өнгөрсөн онд хэвлүүлсэн “21 lessons for the 21st century” номд одоо тохиож буй үйл явдлаас бид юуг суралцаж, чухалчлах ёстойг онцолсон юм. Орчин үед хүн төрөлхтний санааг зовоож буй терроризм, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан, технологи зэрэг олон асуудлын алинд нь бид илүү анхаарал хандуулах хэрэгтэй вэ? Тэдгээрээс хамгийн хүнд сорилт, хамгийн чухал асуудал нь юу вэ? Ирээдүйн үр хойчдоо бид юу заах шаардлагатай вэ? зэрэг асуултын хариуг бид энэ номоос авах болно.

Номын тухай 

Зохиогч Юваль Ноа Харари энэхүү номдоо түүхийн болон философийн олон эргэцүүлэл, таамаглалыг 21 чухал сэдэвт хуваан тайлбарлажээ. Тухайлбал, либерал үзэл, их өгөгдөл (big data), хиймэл оюун (AI), шашин шүтлэг, цагаачлал, терроризм, дайн тулаан, худал мэдээлэл, боловсрол зэрэг 21 чухал сэдвийг түүх, шинжлэх ухаан, нийгэм, эдийн засаг, философийн өргөн хүрээнд задлан шинжлэх аж. Энэ хүрээнд хүн төрөлхтний ирээдүйд улам хурцдаж болох асуудлыг онцлон, өөрийн таамаглалыг тун ойлгомжтой, үндэслэлтэйгээр тайлбарласан нь иймэрхүү сэдвийг хөндөх бусад номоос эрс ялгарч чаджээ.

Хэлэх гэж буй санаагаа бөөрөнхийлж тойруулалгүйгээр шулуухан өгүүлж, зарим глобал асуудлын шалтгаан, үр дагавруудыг нууж хаалгүйгээр шүүмжлэн бичсэн нь зарим орны улс төр, нийгмийн нөхцөл байдалд эмзэгээр тусаж, ОХУ-д гэхэд түүний номыг хэвлэх эсэх нь эргэлзээтэй болсон удаатай. Зохиогчийн хувьд номоо олон хувь борлуулахаас илүүтэй бичсэн баримт, тайлбаруудаа олон хүнд хүргэх нь чухал байсан учраас зарим жишээ, тайлбарыг өөрчлөн ОХУ-д хэвлүүлсэн байдаг.

Түүнээс гадна Иран улсад гэхэд түүний номыг олон зуун мянган хувиар хууль бусаар худалдаалж, зарим араб хэлтэй орчуулагчид Исламын шашин, Мухаммедтай холбоотой зарим тайлбар хэсгийг хасах буюу өөрчлөхдөө зохиогчоос зөвшөөрөл аваагүй байсан аж. Зохиогчийн хувьд энэ мэт соёлын ялгаатай байдал, хандлагаас үүдэн “21 Lessons for the 21st Century” номыг хэвлэхдээ бага зэргийн өөрчлөлт, нэмэлт мэдээллийг оруулсан байна. Тухайлбал, англичуудад зориулсан хувилбар дээр хөл бөмбөгийн талаарх жишээг түлхүү оруулсан бол АНУ дээр сагсан бөмбөгийн талаар бичсэн байх жишээний. Англид хэвлэсэн хувилбар дээр тухайн улсын түүх, газар зүйн талаарх олон жишээ багтаасан бол Турк, Хятадын хувилбар дээр Азийн орнуудын соёл, түүхийн тухай нэмэлт мэдээллийг оруулжээ.

бидний ирээдүйг ИХ ӨГӨГДӨЛ, Хиймэл оюун хэрхэн өөрчлөх бол? 

Эрт дээр үеийн хүмүүс өөрсдийгөө араатан амьтнаас хамгаалахын тулд айх, уурлах сэтгэл хөдлөл гарган, түргэн шаламгай шийдвэр гаргадаг байсан билээ. Тэгвэл 21 дүгээр зуунд бид тийм мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандах нь хэр тохиромжтой бол? Зохиогчийн бичсэнээр бидний сэтгэл хөдлөл, мэдрэмжээр шийдсэн бүхэн хиймэл оюунтай харьцуулахад ухаалаг бус шийдвэр болох магадлалтай. Учир нь, биотехнологи, мэдээллийн технологи улам хөгжихийн хэрээр хүмүүсийн мэдрэмжийг уншиж, ойлгож, юу бодож, мэдэрч байгааг нь мэддэг болох боломжтой гэнэ. Ингэснээр бидний өмнөөс шийдвэр гаргаж, хэнтэй гэрлэх, ямар ажил эрхлэх, юу сурах зэрэг чухал асуудлын хариултыг гаргах боломжтой болох нь. Үүний хамгийн энгийн жишээ бол Фэйсбүүк, Инстаграмын алгоритм хэрэглэгчдэд таалагдаж болох контент, мэдээллийг санал болгож буй үйл явц юм.

Гэхдээ зөгнөлт кинон дээр гардаг шиг роботууд дэлхийг эзэлж, хүн төрөлхтний эсрэг босох тухай хэт өрөөсгөл төсөөлөлд умбахаас илүүтэй хиймэл оюун, роботыг буруу аргаар ашиглавал нийгэмд хор уршиг тарих магадлалтайг сайтар бодох хэрэгтэй гэжээ. Тиймээс шинэ технологи, хиймэл оюунд маш их хөрөнгө зарцуулж байгаа шигээ бид өөрсдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгож, EQ-гээ хөгжүүлэхийг чухлыг онцолсон байна.

Өдгөө дэлхийн дахинд их өгөгдөл бүхий л салбарт хамгийн чухал капитал болсон. Хэн их дата цуглуулна, тэнд илүү эрх мэдэл бий гэдэг. Тиймээс бид мэдээллийг хэрхэн хуваарилах, хэн эзэмших ёстойг одооноос эхлэн бодох ёстой учраас дата мэдээлэл бол улс орны газар нутгаас илүү ач холбогдолтой зүйл болно хэмээн тодотгожээ. Гэхдээ “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс номын зарим хэсэгт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Их өгөгдөл хэчнээн хөгжлөө ч улс орны газар нутгаас илүү ач холбогдолтой гэж бодохгүй байна. Хүн төрөлхтөнд газар нутаг бол хэзээд хамгийн чухал, үнэ цэнтэй зүйл хэвээр байна гэдэгт итгэдэг. Ялангуяа, дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрэх үед хамгийн чухал асуудлын нэг болох болно” хэмээсэн юм.

Ийнхүү орчин үед дата мэдээлэл гэдэг улсын орны үнэлж баршгүй нөөц баялаг болохын хэрээр худал мэдээллийг түгээх, хүлээн авах асуудлыг орхиж болохгүй ажээ. Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа л хэдэн мянган жилийн турш худал мэдээллийг хүлээн авч, дамжуулж ирсэн. Ерөөсөө л бид асар их худал хуурмаг мэдээлэл, зохиомол түүхэн дунд амьдарч буй юм. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп гэхэд сонгуульд ялалт байгуулснаас хойш 6000 удаа худал мэдээлэл түгээсэн болохыг тогтоосон аж. Тиймээс худал мэдээлэлд хууртахгүй байх хамгийн сайн арга бол уншигч, хэрэглэгчийн хувьд өөрсдөө боловсрох нь хамгийн чухал болохыг дурджээ. Мэдээллийн эрин үед бид шаардлагатай мэдээллээ цуглуулах, ялгах, боловсруулах ур чадварт суралцахгүй бол алхам тутамдаа хуурамч мэдээний хохирогч болох магадлалтайг энэ номд анхааруулсан байна.

Тэгэхээр энэ их мэдээллийн дунд бид нухацтай, бүтээлч сэтгэлгээ болон бусадтай харилцах, хамтран ажиллах ур чадвараа хөгжүүлэх нь ирээдүйд өрсөлдөөний талбарт тэсэж үлдэх хамгийн боломжит арга ажээ. Гэхдээ хамгийн гол нь, хүн төрөлхтөн өөрсдийгөө ойлгож, судлах хэрэгтэйг номын сүүлийн хэсэгт өгүүлдэг. Өөрөөр хэлбэл, бидний амьдрал 10-20 жилийн дараа хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй, юу тохиолдох нь таамаг төдий байгаа үед юунд ч, хэнд ч хэтэрхий найдахгүй байхыг зөвлөсөн нь сонирхолтой. “Том хүмүүс, технологи алинд нь ч битгий найд. Бүх зүйл хэтэрхий тодорхой биш байна. Өөртөө л найдаж, өөрийгөө ойлго” хэмээн энэхүү номоо дуусгажээ.

Хүн төрөлхтөн үргэлж аз жаргалтай, урт удаан, эрүүл амьдралыг хүсэж мөрөөдөж, асар олон саад бэрхшээлийг туулж ирсэн. Хэрвээ шинжлэх ухааны хөгжлийн нөлөөгөөр хүн ажил хийж, хоол хүнс хэрэглэж, хувцаслах шаардлагагүй болбол бидэнд өглөө бүр босох ямар утга учир, шалтгаан үлдэх вэ? Энэ асуултын хариултыг Юваль Ноа Харари мэдээж хангалттай өгч чадахгүй. Ер нь хэн ч одоохондоо тодорхой хариулт өгч чадахгүй л болов уу даа.

4358   1


НИЙТЭЛСЭН:

Tsogzolmaa Shofyor

Нийтлэлд оролцсон:

О.Бүтэд




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.