Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   09 сарын 16, 2019

Онцлох бизнес: UA Interior Design - Үнэ цэнийг бий болгоно

Энэ удаа бидний онцлох бизнес бол үл хөдлөх хөрөнгө зуучлалаар гараагаа эхлүүлэн өдгөө хөрөнгө оруулалт, интерьер дизайн, мэргэжлийн үнэлгээ зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг болсон UA Properties компани, тэр дундаа тэдний интерьер дизайны салбар юм. Үл хөдлөх хөрөнгийн салбарт дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэх гэж зорьдог тэд үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлоход чухал нөлөөтэй байдаг интерьер дизайны үйлчилгээнд онцгой анхаарал хандуулан, энэ чиглэлд шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх болсон юм. Ингээд UA Design Тeam-ийн захирал, дизайнер О.Солонготой ярилцсанаа толилуулж байна.

Бизнесийн нэр: UA Interior Design
Хаяг: Blue Sky-ийн зүүн урд, Ayud Tower, 1304
Үйл ажиллагааны чиглэл: Интерьер дизайны зураг төслийн үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан: 2018
Үүсгэн байгуулагч: А.Урангоо
Веб: www.uaproperties.mn
Цахим хуудсууд: UA Interior Design (Фэйсбүүк) @uapropertiesllc (Инстаграм)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ЯАЖ ОЛСОН БЭ?

UA Properties буюу манай үндсэн компанийг ихэнх хүн мэдэх байх. Анх үл хөдлөх хөрөнгө (ҮХХ) зуучлалын агентлагийн үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо хөрөнгө оруулалт, интерьер дизайн, мэргэжлийн үнэлгээ гэх мэтээр олон төрлийн бизнестэй болон өргөжин тэлж байна. Ингэж салбарлан хөгжүүлж байгаа үндсэн зорилго нь хэрэглэгчдийнхээ үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөх явдал юм. Сүүлийн 7 жилийн хугацаанд энэ салбарт тууштай ажиллаж, ҮХХ-ийн үнэ өсөх, буурах олон шалтгааныг ойлгосны үндсэн дээр, мөн хэрэглэгчдийн ҮХХ-ийнхөө үнийг өсгөх эрэлт дээр үндэслэн бид энэ салбар бизнесээ эхлүүлье гэж шийдсэн. Үйлчлүүлэгчдийнхээ ҮХХ-ийн үнэ цэнийг нэмэхийн тулд бид интерьер үйлчилгээг санал болгож байгаа. Яг үнэндээ хүн сайхан орчинд амьдрахын тулд заавал шинэ байр авах шаардлагагүй, дассан газрын даавуу зөөлөн гэдэг шиг одоо амьдарч байгаа байраа интерьер дизайны тусламжтай шинэ байр шиг болгох боломжтой.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Үндсэн компани маань зах зээлд амжилттай ажиллаж байгаа тул бидэнд санхүүгийн хүндрэл тулгараагүй. Хүмүүсийн амьдарч ажиллаж буй орчныг болон борлуулж байгаа ҮХХ-өө илүү гоё болгоё гэсэн дэврүүн хүсэл л бидэнд байсан. Интерьерийн компани маань байгуулагдаад эхний хагас жилд л бүх зардлаа нөхөж чадсан. Гэхдээ хөрөнгө мөнгөнөөс илүү чухал зүйл бол сайн дизайнеруудтай баг бүрдүүлэх явдал. Чадварлаг, бүтээлч дизайнерууд маань бидний хамгийн том хөрөнгө оруулалт юм.

ХАМТРАГЧАА ХЭРХЭН ОЛЖ СОНГОСОН БЭ?

Манай компанид ажиллаж байгаа хүмүүс бүгд өмнө нь ямар нэг байдлаар бие биеэ таньдаг байсан. Зүгээр л нэг ажлын зар тавиад нэг нэгнэээ олчихоогүй. Удаан хугацаанд бие биеэ анзаарч, таньж мэдэж, найз нөхөрлөлийн холбоогоо ажил хэрэг болгож чадсан хүмүүс. Урангоо бид хоёр 2015 онд төрсөн ээжүүдийн группийн найзууд. Сургуулиа төгсөөд хоёр ч том компаниас ажлын сайн санал авсан байсан миний хувьд UA компанийн зорилго, үнэт зүйлс минийхтэй нийцэж байсан учраас нэг баг болж, UA Interior компанийг удирдах болсон юм.

ТАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ ДАВУУ ТАЛУУД?

Дэлхийн интерьер дизайны чиг хандлагыг барьж ажилладаг маань манай хамгийн том давуу тал гэж бодож байна. Жишээ нь, та манайхаар рестораны дизайн хийлгэхээр бол Инстаграмд тохируулсан дизайны шийдэл гаргаж ирэхгүй л бол тэр болгон хүн орохгүй. Ердөө нэг л зураг авхуулах гоё хэсэг байхад үйлчүүлэгчид Инстаграмаар дамжуулаад реклам хийгээд өгдөг. Манайх ҮХХ-үүд дээр ажиллаж сурсан компани болохоор хаана ч, юу ч хийлээ гэсэн, үйлчилгээгээрээ үнэлгээг нь өсгөх ёстой гэдэг зорилго тавьдаг. Энэ сэтгэлгээ маань үйлчлүүлэгчдэд манайхыг сонгох шалтгаан болдог болов уу.

Бас нэг давуу тал бол манай бүтээлч багийнхан бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Би өөрөө Монголд цөөхөн байдаг визуал артист (interior visualisation artist) чиглэлээр мэргэшсэн, Autodesk ба Corona Renderer сертификаттай дизайнер. Photoshop програмыг бүр 6 настайдаа нээж үзсэн маань дизайнер болоход нөлөөлсөн гэж боддог. Ер нь багын л зурах дуртай, төгөлдөр хуураар хичээллэдэг байлаа. Мөн орос хэлийг монгол хэл шигээ мэддэг маань ажил мэргэжлийн хувьд дэлхийтэй хөл нийлүүлэн алхахад тусалдаг.

ТАНАЙ ОЙРЫН БОЛОН ХЭТИЙН ЗОРИЛГО ЮУ ВЭ?

Ойрын зорилго гэвэл артистууд, дизайнеруудыхаа бүтээлээр жижиг орон зайг том болгон харагдуулах том хэмжээний декор зургийн бүтээлүүд хийх. Энэ төрлийн бүтээлүүд нь дэлхийн интерьерийн томоохон чиг хандлага болоод байгаа юм. Нэг том зургаар бид айл гэрийн уур амьсгал, орчинг саруулсган, хэмжээг нь хүртэл томруулах боломжтой. Энэ хүрээнд бид маш гоё, том том абстракт зургууд бүтээхийг зорьж байна. Улаанбаатар хотын маань ихэнх байрууд тааз намтай, жижиг цонхтой, унтлагын өрөөний хэмжээ нь жижиг байдаг шүү дээ.

Хэтдээ бол интерьерийн салбарт дангаараа гол тоглогчдын нэг болох зорилго тавиад байгаа.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бизнесийн үнэт зүйл гэвэл баг, хамт олноо хэлнэ. Бас биднийг чадна гэж итгэн зорьж ирдэг үйлчлүүлэгчид маань. Бид өнөөдрийг хүртэл тоо биш чанарыг чухалчилж ирсэн. Зах зээлийн төдөн хувийг эзэлнэ, төдөн зуун ажилтантай болно гэх мэт зорилт тавихаас илүү жижиг зах зээлд чанарыг харуулж чадвал амжилттай явна гэж итгэн ажилладаг. Мөн бүтээлч, мэдрэмжтэй, хурдан ажиллах нь бидний ажилтай баримталдаг зарчмууд.

ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Байгуулагдаад дөнгөж жил болж байгаа болохоор бид үйлчилгээний чанарт төвлөрсөн хэвээр байна. Одоогийн байдлаар орон сууц, оффисын төслүүд дээр зэрэг ажиллаж байна. Австрали улсаас хүртэл бидэнтэй зорин холбогдож, хамтын ажиллагаа үүсгэж байна. Анзаараад байхад, манай салбарт хийгдэх ажлаасаа хамаарсан үнэ тарифын багцын сонголтууд ховор байдаг юм билээ. Бид бүх үйлчилгээгээ тус бүрд нь үнэлээд, яг л хүн меню дээрээс хоолны сонголт хийдэг шиг үйлчилгээгээ санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн хүн яг өөрт хэрэгтэй үйлчилгээгээ боломжийн үнээр хийлгэх нөхцөл бүрдэх юм. Энэ дунд интерьер дизайны иж бүрэн зураг төсөл гаргахаас аваад ҮХХ худалдан авахад зөвлөгөө өгөх, тантай хамт дэлгүүрээр явж тавилга, материал сонгох гэх мэт олон үйлчилгээ багтсан.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ, ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛ?

Ажиллаж амьдрах орчин тойрон, орон зай гэдэг хүний амьдралын чанарт чухал нөлөөтэй байдаг. Интерьер дизайнаар гэр бүлийн уур амьсгалыг хүртэл өөрчилж болдог. Хүмүүс гоё сайхан орчин, тохижилттой газруудаас үйлчилгээ авах нь, байгууллагууд ч интерьер шийдлээр өөрсдийн зэрэг зиндааг тодорхойлох нь нэмэгдсэн байна. Бид энэ төрлийн ажил хийн, эргэн тойрондоо эерэг өөрчлөлт авчирч байгаадаа баяртай байдаг.

Нөгөөтээгүүр, монголчуудад энэ үйлчилгээ харьцангуй шинэ. Үүнээс үүддэг асуудлууд мэр сэр байдаг. Мөн айл гэрүүд гэхээсээ албан байгууллагууд түлхүү үйлчлүүлдэг. Гэхдээ энэ нь бидэнд хийх зүйл их байгаа, манай салбарт боломж их байна гэсэн үг.

ТА БҮХЭН ӨӨРСДИЙН ХЭРЭГЖҮҮЛСЭН ЗАРИМ ТӨСЛИЙН ТАЛААР ХУВААЛЦАНА УУ?

Анхны төсөл маань бидний өөрсдийн оффис байв. ҮХХ-ийн салбарт ажиллагсад цаг минут тутамд мэдээлэл солилцож байх ёстой байдаг тул интерьерээ бид задгай оффисын төлөвлөлтөөр хийсэн. Өөрсдөө сууж ажиллах оффисоо бид хичээж тохижуулсан болохоор манай үүдний шилэн хаалганы цаагуур яваа хүмүүс ямар гоё оффис вэ гэж орж ирэх нь цөөнгүй байдаг.

Үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байхдаа бид Шангри-Ла дахь жимсний шүүсний эко лангууны төсөл дээр ажилласан юм. Энэ лангууны хажуугаар явахад л эрүүл, шинэ жимсний үнэр хамар цоргидог. Шилэн хорго дүүрэн жимс хүний нүдэнд тусаж, түүнийг хэрэглэх хүслийг хүмүүст төрүүлдэг байхаар бодож ажилласан. Үр дүнд нь захиалагч маань хамтарсандаа тун сэтгэл хангалуун үлдсэн шүү. Одоогоор бид Шангри-Ла Молл дахь гурван ч бизнесийн байгууллагатай амжилттай хамтарч ажилласан байна.

Одоогийн байдлаар бидний ажилласан хамгийн том төсөл бол ОБЕГ-ын харьяа Жаргалант сувиллын 1000 м2 интерьерийн, 2.4 га экстерьер ландшафтын ажил. Гүйцэтгэлийн ажлууд нь хийгдээд явж байгаа. Эцсийн үр дүнг нь тэсэн ядан хүлээж байна.

Ер нь ямар ч ажил байлаа гэсэн, бид сэтгэл зүрхээ зориулж ажилладаг. Зарим нэг үйлчлүүлэгч маань бүр танайхаас өөр газартай үр дүнтэй хамтарч ажиллаж чадахгүй юм гэдэг. Энэ нь бидэнд урам өгдөг.

UA Interior компанийн зарим төслийн зургуудаас

18927   9


НИЙТЭЛСЭН:

Nominjargal Batkhuyag

Гэрэл зургийг:

Б.Хатанбаатар




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.